Энэ парламентад НАЙДАЛТГҮЙ боллоо

Б.Сэцэн | Zindaa.mn
16 минутын өмнө

Ерөнхий сайдын тодорхойлсон дуусдаггүй яриа хаанаас эхэлсэн бэ гэдэг асуулт өөрийн эрхгүй төрнө. Ер нь байна аа, дуусдаггүй яриа телевизийн студиэс бус парламентын танхимаас эхэлсэн юм шүү дээ. Түүхэндээ таван намын оролцоотой 126 гишүүнтэй парламентаас найдах юм ер нь алга. Тэд спикэр тонгорч, засгаа гурван ч удаа хавирлаа. Өөр юуг ч үл хийв. Төсөвтэй тусгалгүйгээр цалин нэмчихсэн нь дарамт болоод сох дутсан төсвөө уул уурхайгаа ноолж төлөх гэж байна. Бүтээлч мэтгэлцээн бус хөмсөг зангидаж нэгнээ доромжлохоос цааш хэтэрсэнгүй. Бүр сүүлдээ парламентын танхимд хэрэг ярьж, нэгнээ дарамталдаг болтлоо доош орсон. Парламент үнэн хэрэгтээ сөрөг хүчний оролцоотой Ардын намын төв аппарат болж хувирлаа. Эрүүл ухаантай хэдээ нэр хоч өгөөд намын ах нар нь сэвж байх жишээтэй. Бүр сүүлдээ төрийн сайд нь захиалж байж хэрэг тохох хүртлээ ялзарсан. Цэц хууль зөрчсөн гэдгийг нь хүлээн зөвшөөрчихсөн төрийн түшээ ичихгүй инээгээд, Төсвийн ажлын хэсгийнхнийг загнаад намжирдаж байна. Гурван шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон этгээд хүртэл эдийн засгийн судалгааг лекц уншлаа гэж гөрдөж сууна.

Түүхэндээ 126 гишүүнтэй болсон энэ парламент спикерээ тонгорч, засгаа хавирахаас өөр юуг ч үл хийв.

Мега төсөл нэртэй мега мөрөөдөл энэ танхимаас л эхтэй. Би, чи дээрээ тулаад байгаа зодоон ч энэ танхимаас л эхтэй. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болохгүй гэдгийг өчигдөр шөнө дөл болтол хэлэлцсэн. Энэ хуулийн алдаа завхрал, данхар төр, инфляцын пуужиндалт, тодотгол нэртэй томдотгол ч энэ танхимаас эхтэй. Геополитикийн тодорхойгүй байдал гэж чамин шошго хадаад өөрсдийгөө өмөөрч болох ч эрх баригч, сөрөг хүчний тодорхойгүй байдал, тогтворгүй шийдвэрүүд л өнөөгийн улс төрийн гортиг татаад, нийгмийн төрхийг бүтээсэн юм.

Төсвийн тодотгол “аймаар” гэдгийг тэнэг хүн хараад ч ойлгоно. Тэртээ тэргүй хоёр оронтой тоо руу орчихсон, дэлхий даяар инфляцын эрсдэл өндөр байгаа энэ цаг үед төсөв ингэтлээ тэлэх нь эрсдэлтэй. Өөрийнхий хоолойг боож байгаатай л ижил. Тодотгол нэртэй томдотголоор төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг болж ДНБ-ний 2%-д хүрнэ. Бүтээлч үйлдвэрлэлийн ямар ч үнэргүй, хоёр хөршөөсөө экспорт, импортын хараат Монгол Улсын төсвийн зарлагын бүтэц энэ тодотголоор урсгал зардал руу бүрэн шилжинэ.

Төсөв иргэдийн амьжиргааны дарамтыг бууруулж байгаа гэж таая. Гэвч Аудит нь, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь инфляц 13% хүрсэн үед цалийнгийн зардлыг нэмэгдүүлэх нь нийлүүлэлтийг сайжруулах арга хэмжээг сааруулж, эрэлтийг өдөөх эрсдэлтэй гэж дүгнэчихээд байна. Гэтэл парламент нь яав. Та, биднийг төлөөлж буй намын батлахтай “дарга” ангийнхан яав. Үнэндээ өчигдрийн 7 цагийн хуралдаан дээр хүнд хэрэгтэй юм юу ч ярьсангүй. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлт рүү л ноцоод баримт судалгаагүй юм хийгээд хэрэггүй гэж эрхэм гишүүд гөрдөцгөөж байна. Дээд шүүхээр гэм буруутай нь тогтоогдчихсон Ардчилсан намын гишүүн хүртэл эдийн засагчийн илтгэлийг лекц тавилаа гэж бухимдаж байна. Эдийн засгийн бодит тоо ярихын оронд Н.Учралаа өмгөөлж, алга нижигнүүлэн ташицгааж байна. Бүр зарим нь тодотгол ер нь ирнэ дээ гэж хэлж байлаа гэж Ванга мэт өөрсдийгөө сэтгэцгээж байна. Гэтэл яасан гээч бодит тоо, эдийн засгийн онол, төсвийн сахилга бат, иргэдийн бодит байдлыг ярьж байгаа “амьтан” нэг ч алга. Сөрөг хүчнийхэн ч хэт зүүний үзэл баримтлалтай нам шиг популист юм яриад сууж байна. Инфляцын бодит эрсдэл байгаа гэдгийг эдийн засагч нь хэлээд байхад л инфляц яг хэзээ буух вэ гэж гудамжны асуулт тавиад сууж байна. Бензин шагалж, спирт найруулдаг үйлвэрийн эзэн авгай хүртэл “намайг эгч ээ гэл ээ” гэж субъектив хандлага ч гаргаж байна. Юу дуулдаг нь мэдэгдэхгүй нэг дуучин нөхөр гишүүн болж ирээд үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхаад сууж байна. 

Бүтээлч шүүмжлэл, эрүүл мэтгэлцээн алга. Эдийн засгийн бодит судалгаа, эрүүл шүүмжлэлд ер нь л дургүй юм. Эрх ашгийн төлөө намын даргаа ч их налах юм. Сөрөг хүчнийхэн ч бодит факт ярихаас илүүтэй Ардын намын "пиар"-ын баг шиг л ажиллах юм. Үндэсний эвслэ, ХҮН, ИЗНН-г бүр ярих ч юм биш. Арай эрүүлээр хандсан залуу гишүүд рүүгээ шүлсээ үсчүүлэн дайрч, хөмсөг зангидах юм.

Н.Учрал парламентын спикер байхдаа “Рояаль” академи шиг болгосон энэ парламент өдгөө Ховдын нэг сумын Иргэдийн хурлаас ч дор юм ярьж сууна.

Төсвийн тодотгол энэ хэвээрээ батлагдах нь гарцаагүй боллоо. Ардын намын бүдүүн бүлэг улсаа биш Н.Учралаа наллаа. Зодоонд аль ч талд нь ороогүй гишүүд ямар ч гэсэн ирэх сонгуульд мандат авч чадахааргүй болж байх шиг байна. Энэ хооронд мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ, инфляц өснө. Цалин, тэтгэвэр нэмэгдсэн ч төгрөгийн бодит худалдан авах чадвар саарна. Хэмнэлт нэртэй найр төсвийн бодлогыг ямар ч байсан өөрчлөхгүй нь. Сонгуулийн өмнөх усалгаа амжилттай хэрэгжиж болох ч улсаараа намаг шалбааганд үлдэх нь тодорхой боллоо. “Орлого, зарлага тойрсон популист талцлаа хойш нь тавь...” гэснээс харвал төсвийн тодотгол батлагдах нь тодорхой гэж уншигдахаар байна. Ямар ч байсан Ардын намынхан төсөв дээрээ нэгдэж. Гэвч тэд улс орны биш, намын эрх ашиг дээрээ нэгджээ гэж уншигдахаар байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top