“Буянт-Ухаа” нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах боломжийг хэлэлцэж байна

Я.Болор | Zindaa.mn
36 минутын өмнө

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын буюу орон нутгийн нислэгийн үйл ажиллагаанд ашиглах боломжийн асуудлыг төрийн байгууллагуудын түвшинд хэлэлцэж байна.

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2026 оны есдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар дотоодын нислэг, агаарын тээврийн салбарын хүртээмжтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, “Буянт-Ухаа” нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг байгуулах талаар санал гаргасан байна.

Мөн 2026 оны есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүтэй хийсэн уулзалтын үеэр дотоодын нислэгийг “Буянт-Ухаа” нисэх буудалд хариуцуулах боломжийн талаар санал дэвшүүлсэн.

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 455 дугаар тогтоолоор олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал болон тогтоогдсон бөгөөд ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой болон тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар үйлчилгээ зэрэг иргэний нисэхийн үйл ажиллагаанд ашиглах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Холбогдох эрх зүйн зохицуулалт бүрдэж, шаардлагатай шийдвэрүүд гарсан тохиолдолд тус нисэх буудал нь дотоодын нислэгийг хүлээн авч, үйлчлэхэд шаардлагатай аэродром, дэд бүтэц, нислэгийн болон зорчигч үйлчилгээний бэлэн байдал хангагдсан, нислэгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах бүрэн боломжтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top