Өвлийн улиралд машинаа хэрхэн бэлдэх, жолоодлогын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар Автотээврийн үндэсний газраас зөвлөмж хүргэж байна.
Өвлийн дугуй

Өвлийн улиралд зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь замын халтиргаа, гулгаа байдаг. Иймд та автомашиныхаа дугуйг өвлийн нөхцөлд тохирох эсэхийг урьдчилан шалгах шаардлагатай. Түүнчлэн "дөрвөн улирлын" гэх тодотголтой дугуй нь өвлийн тусгай дугуйг орлохгүй гэдгийг анхаарна уу. Дугуйн хийн даралт хэт сул эсвэл хэт чанга байх нь замтай барьцах чадварыг сулруулж, халтиргааг нэмэгдүүлдэг тул хийн даралтыг үйлдвэрлэгчийн зааврын дагуу тогтмол тохируулж хэвшихийг зөвлөж байна.
Аккумулятороо шалга

Автомашины аккумуляторын ашиглалтын стандарт хугацаа ихэвчлэн 3-5 жил байдаг бөгөөд хэрэв цоо шинэ биш бол өвлийн улирал эхлэхээс өмнө техникийн бэлэн байдлыг нь шалгах зайлшгүй шаардлагатай. Хүйтний эрч чангарах үед аккумулятор багтаамжаа 20-50% хүртэл алддаг төдийгүй, царцсан хөдөлгүүрийг эргүүлж асаахад зуны улирлаас 2-3 дахин их ачаалал шаарддаг байна. Иймд аккумулятор ачаалал даахгүй асахгүй байх эрсдэлээс сэргийлж, намар, эрс хүйтрэхээс өмнө амжиж солихыг зөвлөж байна.
Хөргөлтийн шингэнийг шалгах

Автомашины хөргөлтийн шингэний үндсэн үүрэг нь хөдөлгүүрийг хэт халалтаас хамгаалах болон хүйтний улиралд хөлдөхөөс сэргийлэхэд оршдог. Жолооч нар хөргөлтийн шингэнийг сонгохдоо зөвхөн хөлдөх хэмийг голчлон анхаардаг нь өрөөсгөл юм. Чанаргүй эсвэл тохироогүй шингэн ашиглах нь хөдөлгүүрийн эд ангийг зэврүүлэх, системд өнгөр тогтоох, улмаар усны насосны сэнсийг гэмтээх үндсэн шалтгаан болдог.
Түүнчлэн, зах зээлд буй улаан, ногоон зэрэг өөр өнгөтэй хөргөлтийн шингэнүүд нь химийн өөр бүтэцтэй тул хооронд нь хольж ашиглахыг хатуу хориглоно. Автомашиныхаа техникийн зааварт тусгагдсан, үйлдвэрлэгчийн баталгаат шингэнийг хэрэглэхийг зөвлөж байна.
Шил арчигч

Автомашины шил арчигчийг ашиглалтын нөхцөлөөс хамааран 18-24 сар тутамд шинэчилж байх нь зохимжтой. Шил арчигч муу ажиллах нь өвлийн улиралд үзэгдэх орчныг хязгаарлаж, зам тээврийн осол гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Шил арчигчийн сойз нь резинэн материалаар хийгддэг тул хуучирсан тохиолдолд хүйтэнд уян хатан чанараа алдаж, хатуурч хагардаг бөгөөд цас, мөсийг цэвэрлэх боломжгүй болдог байна.
Үүнээс гадна, хэт хүйтрэхээс өмнө зуны шил арчигчны шингэнийг өвлийн, хөлддөггүй шингэнээр сольж хэвших нь системийг хөлдөж гэмтэхээс сэргийлэх чухал ач холбогдолтой юм.
Хаалганы бариул, түгжээ, шилийг тослох

Өвлийн огцом хүйтрэлт болон замын хөдөлгөөний явцад хаалганы түгжээ, цонхны резинэн завсраар чийг орж хөлдөх тохиолдол түгээмэл байдаг. Үүнээс үүдэж түлхүүр эргэхгүй байх, хаалганы бариул болон шил зуурах зэрэг хүндрэлүүд үүсдэг байна. Эдгээр эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд хүйтний эрч чангарахаас өмнө автомашины хаалганы бариул, түгжээ, цонхны чиглүүлэгч резинийг силикон суурьтай тослогч шингэнээр (Silicone spray) шүршиж тослох шаардлагатай. Энэхүү арга нь металл болон резинэн эд ангийг чийгнээс хамгаалж, гацалт үүсэх эрсдэлийг бууруулдаг бөгөөд автомашины эдэлгээг уртасгах чухал ач холбогдолтой юм.
Хангалттай хэмжээний шатахуунтай байх

Өвлийн огцом хүйтрэлтийн үед автомашины шатахууны саванд чийг хуримтлагдаж, улмаар түлшний системд ус орох эрсдэл эрс нэмэгддэг. Температурын хэлбэлзлээс шалтгаалан савны дотор хананд үүссэн чийг буюу усны дусал нь шатахуунаас хүнд жинтэй тул ёроолд нь тунаж үлддэг байна. Энэхүү тунасан ус нь шатахуун дамжуулах хоолой руу орж хөлдвөл хөдөлгүүрт хүрэх түлшний урсгалыг хааж, автомашин асахгүй байх техникийн сааталд хүргэдэг. Энэхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд жолооч нар өвлийн улиралд автомашиныхаа шатахууныг тогтмол хагасаас дүүрэн хэмжээнд барьж байхыг зөвлөж байна. Саванд хангалттай хэмжээний шатахуун байх нь агаарын эзлэхүүнийг багасгаж, чийг хуримтлагдах процессыг сааруулах үндсэн бөгөөд үр дүнтэй арга юм.
Тосоо солих
Хүйтний улиралд агаарын хэм унаснаас шалтгаалан автомашины моторын тос өтгөрч, царцах үзэгдэл ажиглагддаг. Өтгөрсөн тос нь хөдөлгүүрийн ажиллагааны явцад эд ангиудыг хангалттай хэмжээнд тосолж амжихгүй тул хөдөлгүүрийг асаах эхний секундүүдэд механик элэгдлийг эрс нэмэгдүүлдэг байна.
Энэхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд өвлийн улиралд зуурамтгай чанар багатай, бага хэмд урсах чадвар өндөртэй тосыг сонгож хэрэглэхийг зөвлөдөг. Тосны стандартын Winter (Өвөл) буюу "W" индексийн үзүүлэлтийг харгалзан, өөрийн автомашины үйлдвэрлэгчийн зааварт нийцсэн өвлийн зөв тосыг сонгох нь хөдөлгүүрийн найдвартай ажиллагаа болон насжилтыг уртасгах чухал ач холбогдолтой юм.
Ремень болон трубк
Автомашины хөдөлгүүрийн ремень болон хөргөлтийн системийн патрубкуудыг (резинэн хоолой) дунджаар 50,000 км тутамд тогтмол шалгаж, техникийн бэлэн байдлыг хангахыг зөвлөдөг.Агаарын хэм унах үед резинэн материалын бүтэц өөрчлөгдөн хатуурч, механик ачаалал даах чадвар нь буурснаар илүү хэврэг болдог байна. Үүний улмаас өвлийн улиралд ремень сунаж тасрах, патрубк цуурч хагарах зэрэг техникийн саатлууд түгээмэл гардаг. Энэхүү эрсдэл нь хөдөлгүүрийн үндсэн эд ангиудад ноцтой гэмтэл учруулах аюултай тул эрс хүйтрэхээс өмнө резинэн эд ангиудын элэгдлийг шалгуулж, шаардлагатай тохиолдолд шинэчлэхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )