Жолоочийн хариуцлагын даатгал нэмэгдүүлэх ЖУРАМ ҮЙЛЧЛЭХГҮЙ

Б.Гантуяа | Zindaa.mn
6 цагийн өмнө

Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийг нэмэгдүүлэх журам энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр, жолоочийн хариуцлагын даатгал 40 хүртэл хувиар нэмэгдсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байна.

Тэгвэл дээрх журмыг хүчингүй болгосон талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдэгдсэн бөгөөд он гарснаас хойш нэмэгдүүлсэн үнээр даатгал хийлгэсэн иргэд мөнгөө буцааж, нэхэмжлэх эрхтэй гэсэн юм.  

Харин тус журмын тухайд удаа дараа дүрэм зөрчиж байсан, эрсдэлтэй  жолооч нарт дээрх даатгалын нэмэгдэл хамааралтай байсан гэдгийг албаныхан мэдээлж байна.

Тодруулбал, жолооч сүүлийн нэг жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасан, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хурдыг хэтрүүлж, зам тээврийн осол гаргасан, замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл, замын тэмдэг тэмдэглэл, гэрлэн дохио, зохицуулагчийн дохиог зөрчин осол гаргасан, замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн үедээ зам тээврийн осол гаргасан бол өндөр хэмжээний даатгалын хураамж төлөхөөр тусгасан байжээ.

Шинэчлэгдсэн журмын талаар Санхүүгийн зохицуулах хорооноос “Санхүүгийн зохицуулах хорооноос жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэгжих журмыг баталдаг.

Нэг ёсондоо хариуцлагатай жолоочийн даатгалын хураамж буурч, хариуцлагагүй жолоочийн даатгалын хураамж нэмэгддэг.

Жолоочийн даатгалын ангилал тус бүрээр үнэ нэмэгддэг учир тогтсон мөнгөн дүн хэлэх боломжгүй. Шинэ журмаар бид хариуцлагатай, хариуцлагагүй жолоочдыг хянах боломжтой болж байгаа юм"  гэдэг тайлбарыг өгсөн юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top