Сүүлийн үед дэлхийн олон улс үндэстний спорт тоглоомууд манай улсад орж ирэх болсон нь хүүхэд залуусыг чөлөөт цагаа зөв өнгөрөөх сайхан боломжийг олгоод байгаа билээ. Тэгвэл энэ удаад Японд үндэсний тоглоом болтлоо хөгжөөд байгаа Кэндама тоглоомын спортын холбооны гишүүн Имада Хирому гэдэг хүн Хирошима хотоос Монголд иржээ. Тэрбээр Улаанбаатар хотод Кэндама тоглоомын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж түрүүлсэн нэг хүнийг Японд аваачин олон улсын тэмцээнд оруулах гэнэ. Өдгөө 65 настай боловч яг л 50 шүргэж яваа гэмээр ануухан харагдаж байгаа нь Кэндама тоглоомоор байнга тоглосоны ач буян гэж өгүүлэх түүнтэй ярилцсанаа сийрүүлье.
-Юуны өмнө танай оронд болсон байгалийн гамшигт олон хүн амиа алдсанд эмгэнэл илэрхийлье. Монгол орны тухай сэтгэгдлээ хуваалцаач?
-За баярлалаа, сайхан сэтгэлтэй олон монголчууд бидэнд тусалж байгаад баяртай байна. Би Монголд анх удаа биш, 16 дахь удаагаа ирж байна.Хамгийн анх 1994 онд Монголд ирж байсан юм. Би Монголд хайртай олон ч сайхан найз нөхөдтэй болсон. Энэ удаа Монголд Кэндама тоглоомын спортыг хөгжүүлэхийг дэмжиж ажиллахаар ирлээ.
-Кэндама тоглоомын үүсэл хөгжлийн талаар ярина уу.
Анх 1920-иод оны үед хэсэг япончууд энэ тоглоомыг Францаас Японд авчирч жаахан өөрчлөөд одоо бараг Японы үндэсний тоглоом болтлоо хөгжсөн. Япончуудын 80 шахам хувь нь энэ тоглоомоор тоглох дуртай.
-Та энэ тоглоомыг анх хэзээнээс тоглож эхэлсэн бэ?
-Би одоогоос 19 жилийн өмнө буюу 1992 оноос тоглож эхэлсэн л дээ. Анхандаа чаддаггүй байлаа. Уйгагүй их хичээллэж байнга тоглосны хүчинд сайн сурч авсан юм. Их амархан мэт санагдах боловч тоглоод ирэхэд их хэцүү шүү. Ер нь байнга тоглох нь биеийн эрүүл мэнд хийгээд сэтгэл санааг тогтворжуулдаг сайн тоглоом.
-Та энэ тоглоомыг Япон үндэсний тоглоом болтлоо хөгжсөн гэж ярилаа. Зэрэг дэв гэж байдаг уу?
-Тиймээ, 1-12 хүртэл дантай. Олон тэмцээнд түрүүлэн амжилттай оролцох тусам дан нь өсдөг. Японд 9-10 дантай сая гаруй хүн бий.
-Та ямар дантай вэ?
-Би 7-р зэргийн дантай. Өөрөөр хэлбэл, дээрээсээ дөрөвдүгээр байранд байна гэсэн үг. Гэхдээ миний хувьд энэ их том амжилт. Монголоор бол улсын начин гэж хэлж болно.
-Японы Кэндамагийн холбоо хэдэн гишүүнтэй вэ?
-Хамгийн том нь Японы Үндэсний Кэндамагийн холбоо. Мөн бүх хот, мужид Кэндамагийн холбоо бий. Хэдэн гишүүнтэй гэдгийг би сайн мэдэхгүй гэхдээ, Японы ард түмэн тэр чигээрээ хөгшин залуугүй тоглодог шүү.
-Бүх нийтээрээ тоглодог гэж үү?
-Тиймээ. Японы бүх сургуулиудын сургалтын программд Кэндамагийн хичээл орсон байдаг. Японы Ерөнхий сайд өдөр болгон тоглодог./инээв/ Ер нь найман наснаасаа эхлэн тоглож эхэлнэ гээд бодчих. Түүнээс ч бага наснаасаа тоглож болно.
-Энэ тоглоомоор тоглох нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх үү?
-Тиймээ. Нэн ялангуяа ширээний ард их суудаг, байнга бичиг цаастай ноцолддог хүмүүс тогловол их хэрэгтэй. Ер нь ажлын завсарлагааны үеэр, хөгшин настай гэлтгүй, бүх насныхан тоглох нь эрүүл мэндэд тустай шүү. Тархины эд эсийг сэргээж, биеийн алжаалыг сайн тайлдаг тоглоом.
-Таныг энэ тоглоомоо дэлхийн олон орноор сурталчилсан гэж сонссон?
-Би Монголоос гадна Африк тивийн Алжир, Мозамбек, Кенни, Танзани зэрэг орнуудаар явж сурталчилсан. Ер нь тэндэхийн хүмүүс тун их сонирхож тоглож байсан. Мозамбек улсад бүр Кэндамагийн холбоог хүртэл байгуулаад ирсэн.
- Кэндама тоглоомын тэмцээн Монголд анх удаа зохион байгуулагдаж байна уу?
. Жил болгон Монголд болдог. Энэ жил би Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн хүүхдийг Японы Осака хотын Олон улсын Кэндамагийн тэмцээнд оруулах төлөвлөгөөтэй байгаа. Олон монгол хүүхдүүд оролцох байх гэж бодож байгаа.
-Таныг Японы нэгэн хотод Кэндамагийн холбоо байгуулсныг мэдсэн?
-Би Хирошима хотын Их сургуулийн Кубота Домаки хэмээх Кэндамагийн холбоог үүсгэн байгуулсан хүний нэг.
-Монголчууд Кэндамаг хэр зэрэг сурсан байна вэ. Ер нь бусад орны хүмүүсээс ялгагдах ялгаа онцлог бий юу?
-Монголчуудад би 16 жилийн өмнөөс зааж эхэлсэн болохоор эртнээс дэлгэрсэн гэж хэлж болно. Анх “Тэмүүжингийн андууд” гэдэг асрамжийн газрын хүүхдүүд сурч байсан. Ер нь монгол хүүхдүүд их авьяастай. Африкийн хүүхэд, залуус нь их удаан сурч байхад, Монголын залуус хүүхдүүд маш хурдан сурдаг онцлогтой.
-Танд монгол шавь нар олон бий биз?
-Олон шавьтай. 16 жилийн өмнө Кэндама сурч байсан жаахан хүүхэд өнөөдөр Цагдаагийн академийн сонсогч болчихсон явж байхтай нь таарсан. Өөрөө ч Кэндама тоглоомоо орхиогүй байгаад нь би их баярласан шүү.
- Кэндамагийн Монгол Улсын аваргад түрүүлсэн хүүхдийг ямар зардлаар авч явах вэ. Байрлах байр, хоол, унааны асуудлыг яаж шийдсэн бэ?
-Би уралдаан тэмцээн зохиоход нь туслах үүрэгтэй. Уг тэмцээнийг шүүж, тэгээд сонгон шалгаруулалтаар авна. Бүх зардлыг Осака хотын Кэндамагийн холбоо хариуцаж байгаа.
-Хэдэн төгрөгний зардал гарах бол?
-Багаар бодоход 200 орчим мянган иен буюу монгол төгрөгөөр гурван сая орчим болж байгаа. Мөн тухайн хүүхдийг харгалзах болон орчуулга хийх хүнийг хамт авч явна.
-Таныг хараад байхад тун их хөнгөн шингэн, залуу харагдах юм. Энэ Кэндама тоглоом тоглосны ач буян уу?
-Би одоо 65 настай. Дандаа хүүхэд залуустай хамт байж байнга ажилладаг болохоор тэр залуу хүүхдүүдийн халуун дулаан эрч хүчтэй энергийг авсан байх л даа./инээв/ Надад нас ахиж хөгшрөх зав олддоггүй ээ.
-Настай хүмүүс Кэндама тоглосоор байгаад залууждаг юм биш биз дээ.
-Тийм ээ /инээв/. Би ямар ч байсан үхэн үхтэлээ энэ тоглоомыг хаяхгүй. Надад эрч хүч асар их аз жаргал бэлэглэдэг болохоор тоглохгүй жаахан удахаар байнга үгүйлээд байдаг юм.
-1945 онд Хирошима хот дээр атомын бөмбөг дэлбэрэхэд таныг ээжийнхээ гэдсэнд байсан гэж ярьдаг. Тэр үеэр аав тань амь үрэгдсэн байна. Энэ ч утгаараа таныг “Энх тайвны төлөө аян”-д нэгдсэн гэж сонссон?
-Би хүүхэд байхдаа ээжээсээ энэ бүхнийг дуулаад аавыгаа их үгүйлэн санадаг байсан. Намайг залуу байхад цөмийн бөмбөгний хор хохирол ерөөсөө арилдаггүй байсан. Хирошима хотын ихэнх хүмүүст ямар нэгэн байдлаар удамшиж янз бүрийн өвчин хууч тусах явдал түгээмэл байлаа. Энэ бүхнийг бодолцож үзээд би дайны эсрэг Японы “Энх тайвны төлөөх аян”-д сайн дураараа нэгдэн, гишүүн болж одоо 40 гаруй жил тэмцэж байна. Кэндама тоглоом маань ч дэлхийн олон түмнийг нэгтгэж, дайн дажингүй амар жимэр амьдрах амьдралын төлөө зохих үр дүнгээ өгч байгаа гэж боддог.
-Монгол хүүхдүүд оюун ухаан, бие бялдрын хувьд хэр чадамжтай вэ?
-Япон хүүхдүүдээс хамаагүй илүү оюуны болон бие бялдрын өндөр чадамжтай. Япон хүүхэд Кэндама тоглоомын анхны техникийг 10 минутад сурч байхад монгол хүүхдэд ердөө дөрөвхөн минут зарцуулдаг гэсэн миний тооцоо бий. Энэ Кэндама тоглоомыг дэлхийд таниулах их аянд монгол хүүхдүүд тэргүүлэх байх гэж боддог шүү.
-Монгол Улсын аварга шалгаруулах Кэндамагийн тэмцээн хэзээ эхлэх вэ?
-Тун удахгүй буюу энэ сарын 27-нд Баянзүрх дүүргийн 53-р дунд сургуульд 10 цагт Монгол улсын аварга шалгаруулах Кэндамагийн тэмцээн эхлэх гэж байна. хэрвээ танд лавлах зүйл гарвал 99250532 дугаарын утсаар холбоо бариарай.
Д.Жаргалсайхан. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )