Үе үехэн хүний аминд хүрч олныг сэртхийлгээд авдаг Налайхын уурхайг хаах санал гарчээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн судалгаагаар Налайхын уурхайд сүүлийн долоон жилд 204 осол гарсан байна. Үүнээс 99 иргэн амиа алдаж, 34 хүн хүндээр бэртэж, 71 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан гэх тоо гарсан. Эдгээр осол аюулгүй орчинд ажиллах нөхцөл бүрдээгүйгээс болж байгаа бөгөөд Налайхын уурхайн гүнд ажиллаж байгаад амь насаа алдах тохиолдол байнга гарч байгаа тул уг уурхайг хаах шаардлагатай гэсэн саналыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргаад байгаа юм байна. Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй уурхайнуудын аманд бэхэлгээ хийгээд ч нурахгүй гэх баталгаа байхгүй. Энэ нь цаашид нурангид хүний амь үрэгдэнэ гэсэн үг. Мөн уурхайн гүнд хэд хэдэн газар гал гараад байгаа юм. Хэрэв дээрх гал төмөр замын доогуур хөндийлөн ухсан газар луу орвол төмөр зам нурах аюултай. Мөн өндөр хүчдэлийн доогуур ч гэсэн хөндийлөн ухсан байгаа гэнэ. Иймд хаахаас өөр арга байхгүй бөгөөд одоогоор Налайхын уурхайд мянга гаруй хүн ажиллаж байгаагийн ихэнх ажилчид нь 18-40 насны залуус. Эдгээр хүмүүсийн хувьд Засгийн газраас анхаарал хандуулахгүй бол Налайхын уурхайн мянга гаруй ажилчид хаачих вэ?
Д.Сэндэр
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )