Төв аймгийн Сэргэлэн суманд хятадууд уран олборлосон уу

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 28


    Цөмийн зэвсгийн гол түүхий эд болох ураны олборлолт Монголд хяналттай байна уу?  Энэ асуудлаар бид олон удаа ярилцаж мэтгэлцсэн хүмүүс. Харин амьдрал дээр байдал ямар байгаа бол. Дорнодын Марданы ураны уурхайг оросууд дахин ашиглах тухай яриа гарч байна. Их аварга Д.Дагвадорж хүртэл тэнд олборлолтын лицинз хөөцөлдөөд явж байна гэсэн сураг дуулдсан. Гэтэл хажуухан хаяанд Улаанбаатараас ердөө 60 км-ийн зайд Төв аймгийн Сэргэлэн суманд хятадууд хууль бусаар уран олборлож байсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ ноцтой асуудлаар манай сурвалжлагч Төв аймгийн Сэргэлэн сумыг зорилоо. Сурвалжлах хэсэг Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын тамгын газрын дарга С.Ганчимэг, тус сумын Засаг дарга Г.Мэндсайхан болон аймгийн Мэргэжлийн хяналтын албаны байгаль орчны улсын ахлах байцаагч А.Мөнхтулга нартай уулзжээ. Харин сумын Засаг дарга энэ ноцтой мэдээллийг шууд няцаасан боловч тус сумын Тамгын газрын дарга С.Ганчимэг болон Байгаль орчны улсын ахлах байцаагч А.Мөнхтулга нар манай сурвалжлагчийн асуултанд хариулсан юм.
    Сэргэлэн сумын ЗДТГ-ын дарга С.Ганчимэг:
“Одоогоор манай суманд алтны олборлолт хийх зөвшөөрөлтэй 11 аж ахуйн нэгж бий. Эдгээр аж ахуйн нэгж, компаниуд зохих зөвшөөрлөө авч ажиллаж байгаа. Одоогоор олборлолтын үйл явц түр зогсоод байна. Харин Улаан ордны газар Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани 2008 оны дундуур блокны үйлдвэр байгуулах нэрийн дор хар тугалганы үйлдвэрлэл явуулах гэж байсныг бид зогсоосон. Зохих журмын дагуу зөвшөөрлийн бичгийг нь хураан авч тус компанийн объектийг битүүмжилсэн. Энэ байдлаас болж уран олборлож байна гэсэн мэдээлэл гарсан байх. Хар тугалга, мөн урантай адилхан хортой. Хүний биед сөргөөр нөлөөлнө. Хөрс, усанд амархан уусдаг. Долдугаар  зөрлөгийн орчим байдаг тэр үйлдвэр дээр их хэмжээний аккумлятор хураасан байсныг бид лацдаж битүүмжиллээ” гэж ярьсан юм.

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын албаны Байгаль орчны улсын ахлах байцаагч А.Мөнхтулга:
 “Бидэнд ийм мэдээлэл ирээгүй байна. Хэрвээ ирсэн бол бид шалгана. Уран олборлоно гэдэг маш ноцтой асуудал. Харин долдугаар  зөрлөгийн орчим Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэр бий” хэмээн ярилаа. Ямартаа ч бид энэхүү ноцтой мэдээллийн мөрөөр сурвалжиллаа.  Хэрвээ УБ хотоос 60-хан км зайд уран олборлож байвал аюулын харанга дэлдэнэ гэсэн үг.  Уран бол цөмийн зэвсэг хийх гол түүхий эд бөгөөд цөмийн цахилгаан станцад бас ашигладгийг бид бүхэн мэднэ. Ураныг олборлохдоо тусгай хамгаалалтын хувцас өмсдөг боловч хүний ДНК-д маш сөрөг нөлөө үзүүлдэг ажээ.
Д.Жаргалсайхан. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top