“Анод”-ын удирдлагуудад 10 жилийн ял төлөвлөжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 28



Хоёр жил гаруй шуугиан дэгдээсэн “Анод” банкны удирдлагууд удахгүй шүүхээр ял сонсох гэж байна. Олон хохирогч, холбогдогчтой энэ хэргийг хуульд нийцүүлэн шалгах гэж эрүүгийн цагдаагийнхан шар махтайгаа хатах шиг л болов. Эдийн засгийн, ялангуяа банкны талаархи мэдлэг сулхан цагдаа нар бизнесийн луйврын том гаруудтай халз тулсан болохоор ингэж их цаг хугацаа зарцуулах нь арга ч үгүй биз. Дундуур нь будлиан хутгагчид ч чамгүй олон байсан гэдэг. “Монгол газар”-ын Мянганбаяр гэхэд л хэд хэдэн банк дамжуулан их хэмжээний мөнгө зээлдээд баахан шалгуулсан. Гэвч цагдаагийнхан голыг нь олж, буруутай эзэд дээр нь ял төлөвлөхөд бэлэн болгожээ. “Анод”-ын гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранз, Н.Даваа нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт хэргийг шилжүүлсэн юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн 150-ийн 3, 148-ын 4, 156-ын 3-т заасны дагуу ял төлөвлөхөөр болсон гэнэ. Эдгээр заалтууд нь бусдын эд хөрөнгийг завших, залилан мэхэлж авах, банкны тухай хууль тогтоомж зөрчин их хэмжээний хохирол учруулахад оноодог ял юм байна. Шүүхээр үүний дагуу шүүн хэлэлцээд дээд тал нь 10 хүртэл жил хорих ял оноох ажээ. Тэдний дотроос Э.Гүр-Аранз нь 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө нэлээд их хэмжээний мөнгийг банкнаасаа гаргаад эргүүлж төлөөгүй байсан байна. Мөн мань эр бусад томоохон зээлдэгч нарт зуучлах үүрэг гүйцэтгэн дундаас нь мөнгө тоншиж байсан гэнэ.

О.Баяр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top