Монгол орон ардчиллын замыг сонгосонтой хамт орж ирсэн олон зүйлийн нэг нь яахын аргагүй ломбард. Дунд буюу түүнээс доогуур амьдралтай ихэнх хүмүүсийн байнгын найдвартай хэрэглээ гэж үзэж болно. Алт, мөнгө, хивс, цахилгаан бараа, гар утас гээд төрөл бүрийн зүйлсийг барьцаалан зээл авдаг төдийгүй сүүлийн үед пүүзний ломбардууд үүсээд байна. Бидэнд л сонин санагдаж байгаа болохоос биш гадны зарим оронд пүүз түрээсийн газар, ломбард зөндөө гэнэ шүү. 10-р хорооллын “Номин” -гийн хоёрдугаар давхарт Zoom shop, “Нарантуул” захын хажуу, 25-р эмийн сан, нэгдүгээр хорооллын 32-р байрны дэргэд пүүзний ломбардууд үйл ажиллагаа явуулж байна. Дээрх ломбардууд пүүзний элэгдэл, үйлдвэрлэгдсэн он, брэндээс хамаарч 5-50 мянган төгрөгийг 50- 30 хувийн хүүтэй зээл олгодог. Хэрэв тухайн пүүз нь шинэвтэр, гамтай цэвэрхэн өмссөн, брэндийнх байвал 80, 90 мянга хүртэл төгрөгөөр ч үнэлдэг аж. Үйлчлүүлэгчдийн дийлэнхийг ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан, залуус эзэлнэ. Өдөр ирэх бүр үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд ломбардны хажуугаар хуучин пүүзний наймаа хийдэг гэнэ. Түүнийг нь халаас нимгэнтэй ч брэндийн пүүз хайсан нэгэн авна. 300-500 мянган төгрөгийн үнэтэй пүүзний хуучин нь энд 100-160 мянган төгрөгөөр зарагддаг. Ломбард ажиллуулдаг хүмүүс пүүзний чанарыг танихдаа гаргууд учир ихэвчлэн ориг, тэр дундаа NBA-гийн шилдэг оддын өмсдөг нэртэй брэндийн пүүзүүдийг ломбарданд авах юмуу, худалдан авдаг. Ломбардныхаа талаар ерөөсөө сурталчилгаа хийгээгүй, харин үйлчлүүлсэн залуус л бусдадаа ийм зар түгээсээр байна.
Д.Сэндэр Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )