Аль Пачино: Кино урлаг амьдралын том ухаан

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 27

“Загалмайлсан эцэг” кинонд тоглож алдаршсан нэрт жүжигчин Аль Пачино Холливудын нэгэн сэтгүүлд ярилцлага өгчээ.

Сицили цустай бардам жүжигчин 1940 оны дөрөвдүгээр сарын 25-нд Нью-Йорк хотод Рок болон Сальватор Пачиногийн цор ганц хүү болон мэндэлжээ. Аль Пачиног хоёр настай байхад эцэг эх хоёр нь салснаар бяцхан хүү ээж, өвөө, эмээгийн хамт амьдрах болжээ. Алдарт жүжигчний өвөө эмээ хоёр нь “Загалмайлсан эцэг” кинонд гардаг Италийн Корлеоне тосгоноос гаралтай хүмүүс байв.

Аль Пачино 1967 оноос эхлэн Бостоны “Чарльз” театрт дагалдан жүжигчнээр орж, долоо хоногийн 125 ам.доллар олдог болов. Хоёрхон жилийн дараа тэрбээр Нью-Йоркийн “Бродвэй” театрт туслах дүр бүтээж эхэлжээ. Харин дэлгэцийн урлагт 1971 оноос хөл тавьж, ердөө нэг жилийн дараа кино ертөнцийн хамгийн дуулиант “Загалмайлсан эцэг” киноны гол дүрийг бүтээсэн аж.

 

-Итали-Америкийн кино урлаг, телевизийн бүтээл бодит амьдралаас зөрөөд байх шиг санагддаг?

 

-Итали-Америкийн кино гэдгийг Та тайлбарлаад өгөхгүй юу. Италичууд бид энд 100 гаруй жил амьдарч байна. Тэгэхээр Итали-Америкийн кино гэдэг чинь Америк урлаг юм биш үү. Урлагийг гажуудуулсан уу гэвэл гажуудуулсан. Учир нь америкт байгаа италичуудын дийлэнх нь хагас америк болсон байна. Харин би бол зуун хувь итали хүн. Бүр нарийндаа бол сицили цустай хүн.

 

-1970-аад оныхтой харьцуулахад кино бизнесийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай болсон байна. Тэгэхээр ямарваа нэгэн зүйлд эрсдэлгүй болсон нь мэдээж?

 

-Ямарваа нэгэн зүйлийн хувьд эрсдэлгүй мэт санагдах нь мэдээж шүү дээ. Гэхдээ жүжигчин хүнд эрсдэл үргэлж байх хэрэгтэй. Учир нь энэ бүхэн амьдралыг сонирхолтой болгож өгдөг юм. Би Холливудаас явна гэж огт бодохгүй байгаа. Миний хүндэлж явдаг жүжигчдийн нэг Пол Ньюмэн 82 насандаа Холливудаас явна гэхэд би үнэхээр цочирдсон. Миний үеийн жүжигчид шархадсан цэрэг шиг ар араасаа кино ертөнцөөс гарч байна. Энэ үнэхээр харамсалтай.

-Таны ертөнцийг үзэх үзэл бусдынхаас арай л өөр. Үүнд нөлөөлсөн хүчин зүйл гэвэл?

 

-Ээж минь намайг дагуулж бага байхад кино үздэг байлаа. Би ч кино үзэх дуртай хүүхэд байсан. Кино дуусмагц гэртээ хариад л кинонд гарсан бүх үйл явдлыг ээждээ юу ч үлдээлгүй жүжиглэж үзүүлнэ. Энэ бүхэн намайг жүжигчин болоход нөлөөлсөн. Харин өнөөдрийн өндөрлөгөөс эргээд бодоход ээжийгээ их өрөвддөг юм. Хань болох найз нөхөдгүй, эр нөхөр гэх юм байхгүй дээ л намайг дагуулж кино үздэг байсныг сүүлд мэдсэн.

 

-Хэн нэгэн найруулагчийн тавьсан саналаас татгалзаж байсандаа харамсдаг уу?

 

-Мэдээж жүжигчин хүн болгонд л тийм зүйл тохиолддог. Амьдралын минь хэсэг хугацаанд надад таалагдсан дүрдээ л тоглоно гэсэн зарчим 1970-аад онд хэрэгжиж байсан шүү дээ. Тухайн үед олон санал ирсэн ч “үгүй” л гэдэг байлаа. Өнөөдөр надад тийм дүр ахиж олдохгүй шүү дээ. Харин тухайн үед огт тийм зүйл боддоггүй байсан. Жинхэнэ жүжигчин хүний дотоод ертөнцийг харуулсан кино бол “The Dresser”. Энэ киноноос жүжигчин хүн гэж хэн бэ, жаргал зовлон нь юу вэ гэсэн асуултын хариуг олох болно.

 

-Та аз жаргалтай хүн үү?

 

-Аз жаргал уу... Би одоо ч гэсэн аз жаргалтай байгаа эсэхээ мэдэхгүй л байна. Сонин байгаа биз. Амьдралд сайн байгаа мэт мэдрэмжийг авах мөчүүд байдаг. Харин энэ мөчүүдээс хамаагүй илүү сэтгэл догдлуулдаг нь хүүхдүүд юм байна. Миний хүүхдүүд намайг аз жаргалтай болгодог. Хэрэв би хэн нэгэн этгээд шиг хөгширчихөөд орь ганцаараа яваад байсан бол хүүхдийн цангинасан инээдийн сайхныг, тэдний хайр энэрлийг үнэндээ мэдэхгүй өнгөрөх байсан байх.

 

 

-Хэзээ нэгэн цагт Таны тухай кино хийгдэх нь тодорхой. Тэр кино ямар нэртэй байгаасай гэж бодож байна. Мөн миний дүрийг тэр хүн л бүтээнэ дээ гэсэн бодол байдаг уу?

 

-Энэ тухай ерөөсөө бодож байгаагүй юм байна. Би ямар улсын Ерөнхийлөгч биш, Ерөнхий сайд ч биш. Миний тухай кино хийх нь юу л бол. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ. Кино хийлээ гэж бодоход “Дастин Хоффмэний түүх” нэртэй кино байх болов уу. Дэлгэцийн ертөнцөд анх хөл тавьж байхад хүмүүс Роберт Де Ниро, Дастин Хоффмэн, бид гурвыг нэлээдгүй андуурдаг байсан юм шүү. Яг үнэн. Миний дүрийг Дастин Хоффмэн бүтээнэ /инээв/.

-“Загалмайлсан эцэг” киноны Майклын дүрээр амьдарч яваа гэж сонссон. Зан авирын хувьд шүү. Энэ үнэн үү?

 

-Жүжигчид бид ааш нь олддоггүй бүсгүйчүүд шиг хүмүүс шүү дээ. Нэг хормын өмнө “За” гэж хэлчихээд хэдэн минутын дараа “Үгүй” гээд зогсч байдаг хувирамтгай зантай. Миний амьдралын өчүүхэн хэсэгт үзэл бодолдоо туйлбаргүй хандсан үе бий. Олон хүн намайг 1970- аад оны үед Майклтай төстэй зан авиртай гэдэг байсан нь нууц биш. Тухайн үеийн Аль Панчино жинхэнэ Майкл биш байсан. Харин одоогийн Аль Пачино жинхэнэ Майкл байхгүй юу /инээв/.

 

-Мафийнхантай ойр байдаг болохоор Майклтай адилтгаж байж болох шүү дээ?

 

-Би зүгээр мафийн дүрийг чадварлаг бүтээсэн болохоос биш мафийнхантай өвөр түрийндээ орж явдаг хүн биш. Хүн болгон л намайг Италийн мафитай ямар нэг сэжмээр холбоотой гэж ойлгодог. Албан ёсоор хэлье. Надад ямар ч мафийн ах дүү, төрөл садан, найз нөхөд байхгүй. Гэхдээ нэг мафи байгаа юм байна.

 

-Тэгэхээр мафитай холбоотой л болж таарч байна шүү дээ?

 

-Холливуд гэдэг кино ертөнцийн итали цустай жүжигчдийн мафийг би толгойлдог /инээв/.

 

-Таныг өсгөсөн өвөө, эмээ тань цэвэр Итали цустай хүмүүс. Тэр ч байтугай “Загалмайлсан эцэг” кинон дээр гардаг Корлеоне тосгоных. Өвөө, эмээгийнхээ төрсөн нутагт очиж кинонд тоглоход юу бодогдож байв?

 

-Би дээр хэлсэн. Цэвэр цусны Итали хүн гэж. Анх тус тосгонд очиход хэн ч намайг таньдаггүй, тоодоггүй байсан. Харин “Загалмайлсан эцэг” кинонд тоглочихоод очиход хүн болгон Майкл байна гэж ярьж эхэлсэн. Дараа нь манай өвөө, эмээ Корлеоне тосгонд төрсөн хүмүүс байдаг гэж ярьсан л даа, сэтгүүл дээр. Түүний дараа очиход италичууд, ялангуяа Корлеоне тосгоныхон манай хүн гэж хүлээж авсан. Үүнд нь ч би сэтгэл хангалуун байдаг. Учир нь би тэдний л адил жирийн нэг итали хүн. Цаашилбал би Корлеоне тосгоны тасархай.

 

-Та муу бүжигчнээс дээр бүжигчин. “Ододтой бүжиглэсэн нь” шоунд оролцохгүй юм уу?

 

-Би чамд яг үнэнээ хэлэх үү. Энэ талаар бодоогүй биш бодож байгаа. Таны хэлсэн үнэн. Би тун давгүй бүжиглэдэг болохоо өөрөө ч мэддэг, өрөөл ч надад хэлдэг. Гэхдээ “Ододтой бүжиглэсэн нь” шоунд оролцож чадахгүй байх. Хэт ичимхий болохоор биеэ барих байх гэж айж байна.

 

-Дэлгэцийн урлагт чамгүй удлаа. Ер нь хойч үеэ бэлтгэвэл дээр биш үү?

 

-Би өөрийгөө багшилж чадахгүй гэж боддог. Багш нар өвөрмөц авьяастай хүмүүс байдаг юм билээ. Түүнээс гадна багш нар хийж буй ажлаасаа тодорхой таашаал авдаг. Харин миний хувьд энэ бүхэн хэтэрхий хол санагдаж байна. Миний амьдралд олон багш нар байсан. Харин хамгийн сайн багшийнхаа хажууд байх нь их өөр. Тэр багш чиний амьдралыг залуурдаад л явчихна.

-Кино урлаг цаашилбал Холливуд Танд юу өгсөн бэ?

 

-Нэгдүгээрт кино урлаг өөрөө амьдралын том ухаан. Хоёрдугаарт, би жүжигчин хүн учир зохиолын дүр маань бодит хүн бол, тэр хүнтэй уулзаж, юу тохиолдсон талаар нэгд нэгэнгүй мэдэж авахыг хичээдэг байсан. Энэ нь янз янзын хүмүүстэй учруулж жаргал зовлон, баяр гуниг бүгдийг амсуулсан нь намайг хүн чигээрээ байхад тусалсан. Кино надад яаж амьдрахыг сургасан. Би өнөөдөр нэг нууцаа дэлгэе. Аль Пачино гэдэг хүн төрсөн цагаасаа авахуулаад ямар ч сургуульд сураагүй. Мөн дээд сургууль төгсөөгүй. Зөвхөн авьяасаараа л өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн нь миний бахархал. Би хэзээ ч хүн хуурч мэхэлж байгаагүй. Хэн нэгэн улстөрч шиг авлига, хээл хахууль авч байгаагүй. Амьдралдаа баримталж буй энэ бүгдийг зөвхөн кино л зааж өгсөн.

 

 

Р.Оюунгоо

 

Эх сурвалж: Монголын үнэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top