Иргэн та Тавантолгойн хувьцаагаа яаж эзэмших вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 09

Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн орд газрын 94%-ийг хамарсан их нөөцийн эзэн “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 10%-ийг 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төрсөн Монгол улсын иргэн бүрт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Нарийвчилсан тоогоор өнөөдөр манай улсад 2 сая 796 мянга 341 иргэн байгаа бөгөөд 1,5 тэрбум ширхэг хувьцааг нийт хүний тоонд хуваахад нэг хүнд 536 ширхэг хувьцаа ноогджээ.

“Стратегийн орд газруудаа ээлж дараатай эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн баялгаас олох орлогыг иргэн бүртээ шударга, тэгш, хүртээмжтэй хуваарилах цогц асуудлын нэг болох хувьцааны талаар Засгийн газар ээлжит болон ээлжит бус хуралдаанаар удаа дараа нухацтай хэлэлцэн шийдвэр гаргалаа” гэж Ерөнхий сайд С.Батболд мэдэгдсэн.

Харин нэгж хувьцааны нэрлэсэн үнэ хэд байх нь “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээлд борлуулагдаж эхлэх үед тодорхой болох гэнэ. Тиймээс 536 ширхэг хувьцаа яг тэдэн төгрөг гэж зүсэлж хэлэх боломжгүй байна. Хэрвээ нэрлэсэн үнэ тодорхой болбол эрх баригчдын сонгуулийн амлалт хэдэн хувьтай биелж байгааг дүгнэх боломж олдоно. Тэгээд улс төр өрнөх байлаа. Харин одоо нэгэнт аманд ороод ирсэн шар тосоо асгачихалгүй идэх тухайгаа ярилцъя.

Тодорхой хугацаанд иргэн бүр өөрийн эзэмшлийн хувьцааг зарж, шилжүүлж болохгүй гэж журамласан нь тун зөв шийдвэр болжээ. 1992 оны өмч хувьчлалын ягаан, цэнхэр тасалбар үнэгүйдсэн явдал нь ерөөсөө л мэдээлэл дутмаг, мэдлэг хомс байснаас үүдэлтэй. Иргэдэд сануулж хэлэхэд Тавантолгойгоос эзэмших хувьцаагаа ер нь зарахгүй байх нь зөв байж мэднэ. Хэрвээ танд энэ компанийн хувьцааг зараад олсон мөнгөөр өөр “том” бизнес хийх боломж байхгүй бол шүү дээ.

Эрх баригчдын амлаж байгаа бүхэнд итгэж үнэмшихэд эрт байгаа ч өнөөдрийн гаргасан шийдвэрт Монгол хүний хувьд баярлалаа гэж хэлэх нь зүйтэй юм.

Таван толгойн хувьцаа гэж бидний ерөнхийлөн нэрлэж байгаа 536 ширхэг хувьцаа бол “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 10%-иас иргэн бүрт ноогдож байгаа хувь хэмжээ юм. Тэгвэл цаана нь байгаа 90% нь яаж хуваагдаж байна вэ гэдэгт хариулт өгье. Үлдсэн хувьцаанаас дахиад 10%-ийг нь 2010 оны 12-р сарын 31-нээс өмнө байгуулагдсан Монгол улсын аж ахуйн нэгж тус бүр тэнцүү хэмжээтэйгээр нэрлэсэн үнээр нь худалдан авах боломжтой. 29%-ийг нь дэлхийн зах зээлд гаргаж худалдах бөгөөд түүнээс орж ирэх мөнгөөр компанийн үйл ажиллагааг санхүүжүүлнэ. Үлдсэн 51%-ийг Монгол улсын төр эзэмшиж, ашгийг улсын төсөвт төвлөрүүлнэ. Энэ хуваарилалт бол тийм ч муу шийдэл биш гэдгийг судлаачид, эдийн засагчид дүгнэж байгаа. Хамгийн гол нь “Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компанийг “Эрдэнэт” шиг шахааны бизнесээр цөлмөж болохгүй гэдгийг л иргэн бүр төрд эзний ёсоор сануулж хэлэх эрхтэй, бас үүрэгтэй.

Одоо хувьцааныхаа ашгийг хэзээ, яаж авах вэ гэдэг асуулт үлдлээ. Иргэн таны эзэмшиж байгаа 536 ширхэг хувьцааг Хүний хөгжлийн сангийн дэвтэрт чинь бичиж баталгаажуулах юм байна. Үүний дараа компани ашигтай ажиллаж эхэлмэгц компанийн тухай хуулийн дагуу ноогдол ашиг нь таны эзэмшлийн хувьцааны тоо хэмжээгээр хүний хөгжил сангийн дансанд чинь орно. Хувьцааг иргэдэд эзэмшүүлэх зохион байгуулалтын ажлыг Төрийн өмчийн хороо, Улсын бүртгэлийн газар, Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар, хэлтсүүд хариуцна.

Эцэст нь сануулж хэлэхэд иргэн та яг өнөөдрөөс эхлээд хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй болж байна. Үгүй бол, тэнэгийн дотор уужуу гэдэг шиг явсаар шар тосоо шавхайд унагаж мэднэ шүү. Зүгээр л өгснийг нь идээд суух нь иргэн хүний үүрэг биш гэдгийг бултаараа ухамсарлаж, хийж бүтээснийхээ хэрээр орлогождог орчин цагийн нийгэмд хамтдаа суралцах нь бидний үүрэг боллоо.

Г.Оюун. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dauletbek(82.145.209.70) 2016 оны 04 сарын 28

Та юу гэж бодож байна!

0  |  0
Top