Морь малын ааштай жигтэйхэн хурдан хүний тухай нэгэн хууч яриаг шигтгээ болгон уншигч танд сонирхуулъя. Төв аймгийн Мөнгөнморьт сумын харъяат партизан Лувсандорж гуай Лүн суманд сууж байхдаа Ж.Баатарт хуучилжээ. Уг ярианы гол баатар нь морин Гиндгээ юм. Голчлон явган явдаг өндөр хөх хүн байсан гэдэг. Адуу мал харахаараа гүйгээд дунд нь орж явчихдаг, адуун сүрэг түүнээс үргэнэ гэж огт үгүй. Хүнтэй хамт явж байхдаа морины аяг занг үзүүлдэг. Гэнэт ялигүй юмнаас үргэдэг, бусгадаг, морь мэт хамраа тачигнуулдаг байсан гэнэ. Морин Гиндгээ маш их хүч чадалтай, гайхамшигтай хурдан хүн байсан гэнэ. Нэг удаа нутгийн залуу түүнийг адуунд явах үеийг нь тааруулж дамшиглан уургалж орхижээ. Гэтэл Гиндгээ чарлан булгиж, ганцхан шудраад уургыг нь алдуулан сүргийн дундаас тасарч, цойлон хулжсан байна. Эмнэг азарганаас илүү ер бусын хүчтэй байна гэдэгт үнэмшиж ядан, “алдуул” Гиндгээгийн хойноос яаран давхисанд бараа сураггүй алга болсон аж. Харин хулангийн тоос мэд гозойсон цагаан тоос үлдснийг үзэж айх, гайхах зэрэгцсэн байна. Адуучин залуу Гиндгээгээс өршөөл уучлал гуйхаар 2 хоногийн дараа гэрт нь очвол тэр гэртээ ирээгүй байв. Эхнэр нь хаачсныг нь мэдэхгүй байлаа. Ийм юм боллоо гэж болсон явдлыг ярьтал эхнэр нь уулга алдан галын хайчаа шүүрч “Та нар яахаараа хүнээр тоглоом тохуу хийж, зовлон тарьж явдаг байна? Энэ халуунд ангаж цангаж хатаж үхэх гэж яваа, хөөрхий минь” гэж уурсах өрөвдөх хайрлах хослуулжээ. Мөнөөх уургач санаа зовч тэднийд хоноглосон боловч Гиндгээ ирсэнгүй. Харин маргааш нь үдийн халуун нарнаар хуйвтай уурганы үзүүр хүзүүндээ эгэлдрэглэсэн хөлөрчихсөн, нилээд ялаархсан байдалтай толгой хаялсаар зүүн хойноос ирж яваа харагдав. Эхнэр нь “За ашгүй, аяга ундыг нь хийе” гээд тулганыхаа үнсийг аваад нөхрийнхөө ирж яваа зүгт гарч асгатал ойртон ирж явсан Гиндгээ бужигнасан үнснээс бусган тачигнаж, нэгэнтээ хуухиран цовхорсноо бас хулжин алга болжээ. Эхнэр нь болгоомжгүйдээ өөрийгөө хараан гасалсаар орж ирээд хүзүүндээ байгаа юмнаас нь салгачихвал гайгүй дээ хүрээд л ирдэг юм. Одоо ч яалт ч үгүй дээ гэв. Гурав дөрөв хоногийн хойно Гиндгээ гэртээ ирээд уургач залууд “Та бүхэн миний зовлонг ойлгож тоглоом тохуу хийхээ больвол яасан юм бэ. Би чинь та нартай адилгүй, үе үе өөрийн мэдэлгүй болчихдог зовлонтой амьтан шүү дээ” гэж гуйжээ. Нэгэн удаа Их хүрээнээ Ганданд мөргөл үйлдэхээр цугларсан олны дундаас адуун төрөлтийг сургаар мэдэх зоримог эр түүнтэй уулзаад, өөрийг нь унаж үзэхийг хүсч байгаагаа хэлэхэд тэр даруй зөвшөөрчээ. Тэр өөрийн морио уячихаад Гиндгээг унан Хүрээг алсуур тойрч үзье гэжээ. Гиндгээ “сайн барьж яваарай” гэчихээд л цахилж гарчээ. Унаж яваа хүний толгой нь эргэн нүд нь эрээлжилж, Хүрээг тойрч байгаагаа ч үл мэдэх төдий, үлгэн салган ойчихгүй шиг явжээ. Сүүлдээ буумаар бодогдовч сууж ч, бууж ч, ярьж ч чадахгүй агсагадан ядарсан бөгөөд айснаасаа болоод нүдээ тас анив. Нэг мэдэхэд “Буу” гэх дуунаар буугаад газар гишгэх гэтэл согтуу хүн шиг дугуйлдан унаад, нилээд бөөлжсөн байна. Гиндгээ ямар байна, санаа чинь амрав уу? гэж тавлан асуужээ. Бас нэг удаа аварга биетэй бадарчин лам хавчиг үүрэн таягаа тулан Шар хөвийн дөрөлж дээр түр амсхийж баруун зүгийг чиглэн алхав. Араас нь өндөр хөх хүн гүйцэн ирж мэндлээд, ламбагуай хаа хүрч явна? Би жаахан дөхүүлж өгөх үү? гэсэнд бадарчин лам баярлан, тэгвэл ч их буян болно доо гээд эргэж харвал унаа морь алга. Нөгөөх өндөр хөх хүн “За миний хүзүүн дээр морд, хормой хотоо сайн хумхиж боо, орхимжоо авч бүсэл, юм хум дэрвүүлж болохгүй шүү. Би чинь өөрийн мэдэлгүй болчихдог хүн” гэхэд нь бадарчин ихэд гайхан юу ч учрав даа гэж боджээ. Гиндгээ ламыг хүзүүн дээрээ суулгаад хөлийг нь тэврэн, алгуур алхахад нь бадарчин санаа зовж би бууя, хоёулаа хамт алхая гэвэл “тэгвэл хурдан явъя л даа” гээд гүйж эхлэв. Бадарчин ингээд ч хэдийхэн газар хороох вэ гэж бодож явтал хурдаа алгуурхан нэмж, сүүлдээ бүр хурдасч, чихэнд нь салхи шуугьж, нүднийг нь нулимс бүрхэж, дотор нь нь аягүйрхэн тогтож ядаж явав. Нүднийх нь нулимс хажуу тийшээ урсч, хурдан морины хүүхэд шиг хачин сэтгэгдэл төрж, чих нь дүлийрэв. Нэг хэсэгтээ юу болохыг мэдэхээ больжээ. Нэг мэдэхнээ нилээд даарсан тул ухаан сэргэж, орчноо ажиглавал Лүнгийн бор хөндийд бүр гэрийнхээ дэргэд бууцныхаа хөлд ирсэн байв. Өндөр хөх хүндээ “ Та орж аяга хоол, цай ууж, идээд яваа гэх гэтэл хэн ч алга гэнэ. Эргэж хартал тэр доор ганц тоос босч хотны ноход түүнийг элдэн хөөж эс гүйцээд үүгээр түүгээр юм шиншлэн ирцгээж яваа харагдана гэнэ. Бадарчин учраа олохоо болин хий юмтай нөгцчихөв бололтой гэж санан, таньж мэдэх хүмүүстээ Хүрээнээс ирсэн сонин явдлаа ихэд сэрэмжлэнгүй ярьсаар тэд хөгжин инээлджээ. Учрыг лавлаваас “та адуун төрөлт Гиндгээтэй л ирж дээ, тийм хүн байдаг юм, айх ичих хэрэггүй, тэр чинь буг чөтгөр биш” гэсэнд лам санаа амарсан гэдэг.
Эх сурвалж: Todmagnai.mn
|
Сэтгэгдэл ( 0 )