Сонгууль дөхөөд хэлтэй болгон л сонгуулийн талаар ам уралдан ярих болжээ. УИХ дахь намын бүлгүүд хоёр сонгуулиа хэрхэн явуулах асуудалд санал зөрөлдсөөр л байгаа.
“Дээрх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэдэгчлэн СЕХ, УБЕГ-ын ажилд нэг л ахиц харагдахгүй байх шиг. Иргэний цахим үнэмлэхийн сураг аль дөрвөн жилийн тэртээ гарсан ч одоог хүртэл бараа нь харагдсангүй. Иргэний цахим үнэмлэхээ харсан цорын ганц хүн болох Цэцэгжаргал хэмээх азтай охиныг эс тооцвол шүү дээ. Сонгуулийг автоматжуулсан системтэй болгох ажил мөн л сүүлийн хэдэн жил яригдаж байгаа.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хууль нь батлагдсан боловч санал тоолох автомат машин оруулж ирэх ажил бараг эхлээгүй шахуу. АНУ-ын “Dominion voting” компанитай гэрээ байгуулж, “Image cast” маркийн санал тоолох машин ашиглахаар болсон. Одоогийн байдлаар 30 ширхэг л Монголд байгаа бөгөөд тавдугаар сард оруулж ирж дуусах төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн иргэний цахим үнэмлэхийг уншуулдаг төхөөрөмжийн талаар өнөөдөр хэн ч дурсахгүй байгаа. Санал тоолох машин нь бэлэн, иргэний цахим үнэмлэх нь хэвлэгдээд тараагдчихлаа гэж үзвэл үнэмлэх уншуулах төхөөрөмж хэрхэх нь мөн л бүрхэг. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжаваас иргэний цахим үнэмлэх уншуулах төхөөрөмжийн талаар болон сонгуулийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.
-Санал тоолох автомат машин одоогоор хэдийг авчраад байгаа вэ. Хамгийн сүүлийнх нь хэзээ орж ирэх вэ?
-Туршилтын зориулалттай 30 машин оруулж ирсэн. Ер нь 2500 ширхэгийг оруулж ирнэ. Эхний 700 машиныг энэ сарын 30, 31 гэхэд авчрахаар төлөвлөж байна. Үүнээс хойш 400-500 ширхгээр нь хуваарийн дагуу оруулж ирнэ. Хамгийн сүүлд 400 гаруй машиныг тавдугаар сарын 15 гэхэд хүлээж авснаар үндсэндээ 2530 машин бэлэн болох юм.
-Санал тоолох машиныг сонгуулийн хэсгүүдэд байршуулж амжих уу?
-Санал тоолох машиныг хаа холоос оруулж ирэн, сонгуулийн тойрогт очоод хэнд ч хамаагүй хүлээлгэж өгөөд сонгуулийг явуулж болохгүй. Саналын хуудас тойрог болгонд өөр байгаа учраас тодорхой болсны дараа үйл явцыг боловсруулж, саналын хуудсанд байх тойрог болгоны мэдээллийг машиндаа суулгаж үйлдвэрлэх шаардлагыг гэрээгээр нийлүүлж байгаа компани тавьж байгаа. Үйлдвэрлэсний дараа шалгаж баталгаажуулаад, лацдасны хойно сонгуулийн хэсгүүдэд суурьшуулах ёстой.
-Сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө машинууд тараагдах талаар шүүмжлэл гарч байна. Хуульд төчнөөн хоногийн өмнө бэлэн болгох ёстой гэсэн заалт байдаг уу?
-Яг дээрх технологийн дагуу явбал нэлээд ачаалалтай ажиллахаар байгаа. Сонгуулиас өмнөх 20-иод хоногт маш шахуу ажиллах болж байна. Угаасаа л сонгуулийн өмнөх хоногуудад шахуу ажилладаг л даа. Гэхдээ сонгуулиас тэдэн хоногийн өмнө бүх зүйл бэлэн болсон байх ёстой гэсэн шаардлага байхгүй. Хамгийн чухал нь сонгуулийн санал авах өдөр бүх зүйл бэлэн болчихсон байх ёстой. Энэхүү шаардлагыг хангахын тулд л бид ажиллах болно. Аль болох бололцоогоороо, цаг хугацаатай уралдаж байж ажлаа амжуулахаар байна даа.
-Сонгуулийн санал тоолох машинаас гадна иргэний цахим үнэмлэх хэвлэгдэх, тараагдах ажил сунжраад байгаа шүү дээ. Үүнээс болоод асуудал үүсвэл яах вэ?
-Цахим үнэмлэхтэй холбоотой асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо хариуцахгүй. Үүнийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцдаг.
-Иргэний цахим үнэмлэхийг уншиж таних төхөөрөмжийн талаар мэдээлэл хомс байгаа шүү дээ. Ямар төхөөрөмж, хаанаас, хэдийг оруулж ирэх вэ?
-Иргэний цахим үнэмлэхийг уншиж таних төхөөрөмжид тавигдах шаардлагыг УБЕГ-аас манайд ирүүлсэн. Харин Сонгуулийн ерөнхий хороо шаардлага хангасан тоног, төхөөрөмжийг худалдан авах, нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Одоогийн байдлаар компаниа сонгоод гэрээ байгуулах шатандаа явж байна. Төлөвлөгөөний дагуу бол цахим үнэмлэхийг таних, бүртгэх иж бүрэн 3000 орчим төхөөрөмж оруулж ирэхээр байгаа.
-АН-ын зүгээс хүчин төгөлдөр хэрэгжиж буй сонгуулийн хуулиа хэрэгжүүлье гэсэн шаардлагыг Ерөнхий сайдад тавьсан байна лээ. Хэрэв одоогийн хуулиар сонгууль явагдвал хүндрэл хэр гарах бол. Та юу гэж бодож байна вэ?
-Шаардлагыг манайд биш Ерөнхий сайдад тавьсан учраас хамаагүй асуулт байна. Одоо байгаа хууль бол санал авах өдөр нэг байна л гэсэн заалттай. Бусад юм нь тус тусын хуулиараа зохицуулагдахаар байгаа. Гэхдээ хүндрэл гарах эсэхийг мэдэхгүй шүү дээ.
-Сонгуулийн тухай хуулийн зарим тодорхойгүй заалтаар тайлбар авах санал Улсын Дээд шүүхэд тавьсан гэсэн. Тайлбараа авч чадсан уу?
-Тайлбар өгөх асуудал дээр Улсын Дээд шүүх сонгуулийн маргаан болсон тохиолдолд л тайлбар өгье гэсэн зарчимтай байгаа. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс дахин тайлбар гаргах хүсэлтээ илгээсэн.
Б.Бат-Эрдэнэ
Эх сурвалж: " Монголын үнэн"
Сэтгэгдэл ( 0 )