УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бус хурлаа хийлээ. Энэ хурлаар АН-ын зүгээс МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд болон УИХ-ын МАН-ын бүлэгт хандан Орон нутгийн хурлын болон УИХ-ын сонгуулийн талаар албан мэдэгдэл хүргүүлж байгаа гэв.
Уг албан мэдэгдэлд “Хоёр сонгуулийг зэрэг явуулах тухай УИХ-ын гишүүд хоёр хуулийн төсөл өргөн барьсан ч намын бүлгүүдийн байр суурь зөрүүтэй байгаагаас хуулийн төслийн хэлэлцүүлэг хийгдсэнгүй. Улмаар УИХ-ын сонгуулийг товлон зарлах хуулийн хугацаа дуусахад цөөн хоног үлдэж байна.
Тиймээс аль нэг намын бус, нийт ард иргэдийн эрх ашгийн үүднээс мухардлаас гарах гарц хайхгүй бол төрийн ажил гацан Үндсэн хуулийн хямралт байдал үүсэх төлөв байдал ажиглагдаж байна. Иймд намын бүлгүүд байр сууриа эргэн харж, зөвшөлцлийн замаар шийдэх шаардлагатай байна.
Тиймээс Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар УИХ-ын болон аймаг, нийслэлийн хурлын сонгуулийг хамтад нь явуулах, сум, дүүргийн сонгуулийг тусад нь зохион байгуулж явуулах саналыг албан ёсоор хүргүүлж байна.
Асуудлыг шийдэхгүй удааж, үүссэн нөхцөл байдлыг даамжруулах аваас үүнээс үүдэн гарах аливаа хямралт байдлын үр дагавар, уршиг хохирлыг Үндсэн хуулийн дагуу Засгийн газрыг удирдаж, хууль биелүүлэх үүрэг хүлээж буй МАН-ын дарга С.Батболд та болон УИХ-д олонхийг бүрдүүлж буй танай нам бүрэн хариуцна гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.
Дээрх саналын хариуг энэ сарын 20-ны дотор ирүүлэхийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг хүслээ.
А.Чимгээ
Сэтгэгдэл ( 0 )