Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Төсөл нь дээд боловсролын хөтөлбөрийн чанар, нийцлийг сайжруулах, Засаглал, менежмент, санхүүжилтийг сайжруулах, Тэгш байдал ба хүртээмжийг сайжруулах гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй.
Төслийн хүрээнд энэ салбарын шинэчлэлийн бодлогын зөвлөмж боловсруулах, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын орчин, тоног төхөөрөмжийг сайжруулах, багш, сурган хүмүүжүүлэгчдэд үндэсний үнэлгээний стандарт тогтоох, хөдөө орон нутагт их, дээд сургуулиудын чадавхийг дээшлүүлэх зэрэг ажил хийнэ.
2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжүүлэх энэ төсөлд Азийн хөгжлийн банкны 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, манай Засгийн газар 2.22 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Хөнгөлөлттэй зээл нь 32 жилийн хугацаатай, үүнээс эхний 8 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.
Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг өрсөлдөх чадварын судалгаанд манай улс энэ онд 139 орноос 99 дүгээр байранд орж өмнөх жилүүдийг бодвол харьцангуй дээшилсэн. Гэхдээ дотоодын сургалт, судалгааны төвийн боломж, бололцоогоороо сүүл мушгиж, дээд боловсролын системийн чанараар 136, дээд боловсролын удирдлагын чанарын байдлаар 135 дугаар байранд орсон юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
“Соёлын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар, Украйн Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа. Хэлэлцээр байгуулснаар талууд соёл, урлагийн бүх салбарт хамтын ажиллагааг дэмжих эрх зүйн орчин бүрдсэн. Мөн соёл, урлагийн салбарт нэн шаардлагатай мэргэжлээр боловсон хүчинг Украйн Улсад бэлтгэх, давтан сургалтад хамруулах, туршлага судлах, олон улсын чанартай уралдаан, тэмцээнд уран бүтээлчдээ оролцуулах боломжтой болж байна.
Хэлэлцээрийн дагуу талууд өөрийн нэгдэн орсон дотоод, олон улсын хууль тогтоомжийн хүрээнд соёлын үнэт өвд тооцогдох эд өлгийн зүйлсийг хууль бусаар хилээр оруулах, гаргахын эсрэг хамтран ажиллах бөгөөд энэ чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлж, мэдээлэл солилцох юм.
А.Чимгээ
Сэтгэгдэл ( 0 )