Бадамжунай сайдын бас нэг ”Балиар” санал

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 30

   Өмнө нь бид Бадамжунай буюу барагдашгүй их балагтай  Дон Жунайн талаар  ГОК-ын Ганзориг, Биокомбинатын Баттогтох нартай холбогдолтой авлигалын болон  ашиг сонирхлын  хэргүүдийн тухай  дурдаж байсан билээ. Тэгвэл бид энэ удаа түүний оролцсон бас нэг маапаантай зүйлийн талаар өгүүлж байна.

    Шадар сайд М. Энхболдоор ахлуулсан, Ерөнхийлөгчийн зөвлөх болон бусад албаны төлөөлөгчид оролцсон өргөн бүрэлдэхүүн бүхий Засгийн газрын  нэгэн хуралдаан дээр Бадамжунай сайд  сонирхолтой санал оруулж иржээ. Тэр нь : “Зарим” аймгуудад өвөлжилтийн байдал хүндэрч, төл хүлээн авахад бэрхшээл учраад  байгаа тул эдгээр аймгуудын малчдад  өвс тараах нь зүйтэй гэсэн санал байлаа. Тэр “зарим” аймгууд нь Архангай, Төв, Баянхонгор, Увс. Тэгээд өвсний мөнгө болох 1 тэрбум төгрөгийг хаанаас гаргах талаар яриа үүсэхэд сайхь Жунай шууд л улсын нөөцөөс гаргуулъя гэжээ. Гэтэл нөгөө муу нэртэй, луу данстай болчихоод байгаа Нямдорж сайд маань үүнийг эрс эсэргүүцэн: “Чи одоо болиоч ээ, Хамгийн бохир балиар, хогийн юмыг чи л энэ хуралд оруулж ирдэг. Мөнгөтэй холбоотой хогийн балиар юм хийх болохоор нэг л хүн байдаг боллоо, наадах чинь улайм цайм сонгуулийн санал худалдаж авах гэсэн зорилготой байна. Миний мэдэхийн лав Увс аймагт өвөлжилт учиргүй хүндрээд, өвс тэжээл улсаас авахдаа тулаагүй  байна “ гэсэн утгатай зүйлийг хэлсэн байна. Ингээд сайдуудын ихэнх нь Нямдоржийг дэмжин, Жунайн саналыг буруушааснаар сонгуулийн сурталчилгаандаа улсын мөнгийг ашиглах гэсэн булхайтай санал  будаа болох нь тэр.

   Эндээс үзэхэд,  тэр “зарим” аймгуудыг ямар шалгуураар гаргаж ирсэн нь их энгийн логиктой харагдаж байна. Архангай – мэдээж, өөрийнх нь тойрог, Төв аймаг – Шадар сайдаас дэмжлэг авах зорилгоор, Увс – олон юм яриад сөрвөлзөөд байж магадгүй гэж Нямдорж сайдад тал засах маягаар, Баянхонгор – гишүүд бие биедээ “өр төлөх” бичигдээгүй журмын дагуу Занданшатар сайдын тойргийг  оруулсан  байх магадлалтай.  

   “Олны үг ортой”  гэсэн эртний сайхан үг байдаг.  Дон Жунай сайд бол монголын №1 олигархи, төрөөс төрсөн тэрбумтан, хажууд нь Н. Энхбаяр ч жулдахаар тийм  “агуу авлигач”, АТГ үнэхээр л шударга юм бол Энхбаярыг оймстой нь бариад явсан юм чинь энэ нөхрийг бол бүр оймсгүй ч баривчлаад явахад багадахааргүй бус уу гэсэн сэтгэгдэл төрөхөөр байна. 

    Нямдорж сайдын хэлсэнчлэн,  мөнгөтэй холбоотой хамгийн балиар юм хийдэг хүнээр цоллуулаад  байгаа, мөн мөнгө л олж байвал чөтгөртэй ч хамаагүй нэг хөнжилд орохоос буцдаггүй сайхь Дон Жунай сайдын булхай будлиантай үйлдлүүдийн талаар нийгмийн толь гэсэн утгаараа бид цаашид  мэдээллийг хүргэж байх болно.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top