МАНАН 2.5 саяа өгч чадахгүй бол ядаж самуурай шиг үхээрэй!

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 16

Ирэх сонгуулиар намууд сонгогчдодоо юм амлахгүй болж гэнэ. МАН-ын удирдлагууд саяхан энэ талаар бусад намын дарга нартай уулзаад хатуу тохиролцсоноо их л сүр бадруулан зарлаж байна. Ерөөсөө амлалт ба биелэлтийн талаар манайхан одоо л бүрэн цэгцтэй ойлгож эхэлж байгаа юм болов уу даа. Эртний Японыг өнөөдрийн хүчтэй улс болоход самуурай нарынх нь хатуу ёс заншил ихээхэн нөлөөлсөн гэдэг. Одоо ч самуурайн ёс Японы төрийн албанд нэвт шингээстэй хэвээрээ байгаа. Самуурайнууд хэн нэгэнд ам алдсан бол түүнийгээ заавал биелүүлдэг. Эс биелүүлбээс өөрөө, эсвэл өрөөл нэгэн түүний амийг хөнөөдөг байлаа. Хурц, богинохон сэлмээрээ гэдсээ хүүлээд талийгаач болохоос огт хулчийдаггүй энэ ёсыг “хара кэри” хэмээдгийг бид гадарлана. Өгсөн амлалт, өргөсөн тангаргаа биелүүлж чадаагүйн төлөө тийнхүү хорвоог орхиж буй нь нэгэн ёсны нэр төрийн хэрэг байжээ.
Манайхан тэгвэл яаж байна. Амлаж чаддаг хэрнээ түүнийгээ биелүүлж даанч чаддаггүй. Чадаагүйнхээ төлөө эрх баригчид ард түмнийхээ өмнө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Төрийн эрх мэдлийг гартаа авсан цөөн хэдэн олигархиуд худал амлалтаар гэдэс дүүрч, толгой эргэтэл молигодож байна. 2008 оны сонгуулийн үр дүнгээр уг нь ард түмэн маань МАН-аас амласан 1,5 сая, АН-ын 1 сая төгрөгийг авах учиртай байлаа. “Эх орны хишиг” хэмээн иргэн бүрд 50 мянга, 70 мянга, 21 мянгаар хуваан өгсөөр 3 жил гаруй боллоо. Эдгээр мөнгө нь өдгөө нийт дүнгээрээ 175 тэрбум төгрөгт хүрчээ. Ийм их хэмжээний мөнгийг төрийн сангаас бэлнээр тараах нь утгагүй зүйл байсныг ухаантай зарим эдийн засагчид бүү хэл, захын хорооллын Дулмаа эмээ ч сануулж байсан, одоо ч хэлээд л байгаа. Гэхдээ амласан бол өгөх нь хоёр том намын журамт үүрэг байсан тул яая гэхэв. Харамсалтай нь хоёр намын иргэн бүрт өгөх нийт 2,5 саяын амлалт дараагийн сонгууль хаяанд тулсан энэ үед яагаад ч биелэхгүй нь хэмээн харуусах, харааж зүхэх хүн цөөнгүй боллоо. Эрх баригчид 1.5 саяа сонгуулиас өмнө өгөөд дуусгана гээд байх юм. 1.5 биш шүү дээ, 2.5 шүү дээ. Уйлъя гэвэл сохроосоо, өгье гэвэл ганцаасаа гэдэг. Хоёр нам нэг хөнжил дор засгийн жолоог атгаж суугаа тул ямар ч аргагүй гэж үзэх боломжгүй нь бас тодорхой байна. Өөрөөр хэлбэл, хашрууд толгойгоо ажиллуулбал арга байна аа.
Иргэн бүрт Таван толгойн орд газраас 536 ширхэг хувьцаа олголоо. Бас ч гэж анх удаа төр зөв шийдвэрийн тасархай гаргалаа. Тэгвэл энэ хувьцааны тоогоо хоёр, гурав дахин ихэсгэж болно. Төр 51 хувиасаа иргэддээ нэмээд 10, 20%-ийг өгөхөд болохгүй нь юу байна. Бүр Таван толгойн ордын төрийн эзэмшлийн 51 хувиас татгалзаад иргэддээ өрөө төлж болно. Ийм нөхцөлд Таван толгойг төр биш, Монголын нийт ард түмэн эзэмшинэ гэсэн үг. Нэгэнт худлаа амлачихсан юм чинь хувьцаагаар барьцаа тавиад, түүнийгээ боломжтой болохоороо иргэдээсээ худалдаж авахгүй юу. За энэ жил та нараасаа 50 ширхэг хувьцааг чинь авъя аа гээд үнэнээ хэлээд явах нь зөв байна. Иргэдэд энгийн хувьцаа олгохоо зогсооё. Тэртэй тэргүй ядарсан ард түмэн наад хувьцааг чинь өнөөдөр нээгдлээ, маргааш зарна. Тэрний оронд ард түмнээсээ нэрлэсэн үнээр нь төр өөрөө эргүүлж худалдаж авах нөхцөлтэйгөөр эзэмшүүлье. Таван толгойг ингэж ард түмэндээ өгчихлөө гэхэд цаана нь төрийн эзэмшилд стратегийн 13 том орд бий. “Оюу толгой”-н 34 байна. Татварын тогтолцоогоор хүний өөрийн бүх ордоос юмаа авна. Таван толгойн 51 биш 61 хувь нь төрд эргээд ирнэ гэсэн үг. Одоо иргэдэд олгож байгаа 10 хувь бол гадна, дотны бизнесийн акулуудын халаасанд орох нь нэгэнт тодорхой. Үүнээс харахад төрийн ч, түмний ч эрх ашиг биелж байна. Хамгийн гол нь эрх баригчид амлалтаа биелүүлж байна.
Одоогийн манай нөхцөлд хэдэн олигархи төрийн шинжтэй данхайчихаад байгаа болохоос эцсийн эцэст төр гэдэг чинь ард түмний төлөөлөл. Амласнаа биелүүлж чадахгүй мунгинаж байснаас иймэрхүү замаар асуудлыг шийдвэл илүү шударга болох юм. Өнөөдөр амлалтынх нь 20 хувь ч биелээгүй. Одоогийн тарааж байгаа 21 мянга нь хүмүүст архины мөнгө болоод дууслаа. Түрүүчийнх нь ч мөн ялгаагүй, архин далай болсон. Спирт, архи, пивоны үйлдвэрүүдээ ийм замаар эрхмүүд маань дэмжиж байгаа юмуу гэсэн асуудал ч босоод ирлээ. Үүн шиг шившиг гэж юу байхав, төр барьж буй хоёр намд. Нэгэнт тараачихсан дээрх 175 тэрбум төгрөгөөр наад зах нь орчин цагийн 7-8 иж бүрэн эмнэлэг барьж байгуулж болох байлаа. Өнөөдөр эрүүл монгол хүн гэж бараг байхгүй болсон тул хайран мөнгө гэж харамсахаас яахав. Гэвч намууд ард түмнээ хуурах ёсгүй болохоор амласнаа өгөх нь гарцаагүй үнэн. Тэгээд ч улс төрийн тоглоом бол хатуугаас хатуу байж л улс орон урагшаа явдаг жамтай. Хэрвээ 2,5 сая төгрөгөө өгөхгүй бол МАНАН тарж, газрын хөрснөөс бүрэн арчигдахаас өөр боломж үлдсэнгүй. Энэ бол самуурайн ёс гэлтгүй эзэн богд Чингисийн алтан сургаалд үлдсэн чанд ёс юм шүү. МАНАН Чингисийн Монголын сүр сүлдийг оршоож, амласнаа биелүүлж чаддаггүй юм бол ядаж самуурай шиг нэр төртэй үхээрэй гэж эрх баригчдад энэ нийтлэлийг өргөн барья.
Б.Отгонбаяр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top