Монгол түмний 44 жил хүлээсэн олимпийн анхны алтан медалийг 2008 онд эх орондоо авчирч элгэн түмнээ баярлуулсан Монгол улсын гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртсэнээр Олимпийн хошой медальт анхны тамирчин төдийгүй Монголын спортын амьд домог болж чадлаа. Түүнд олимпийн хошой алтан медаль авах боломж байсан. Аваргын төлөө учраа тааран барилдсан ОХУ-ын бөх Тагир Хайбулаевийг тэрээр өмнө ялж байсан удаатай. Солонгосын бөх Хван Хи Тэ-гийн үүрэх мэхийг хариулж юүко үнэлгээ авснаар тэрээр алтан медалийн төлөө барилдах эрх олж авсан ч харамсалтай нь зүүн хөлөө даруулан бэртэл авсан юм. Н.Түвшинбаяр бэртэл авсан даруйдаа ингээд бүх юм дууслаа хэмээн бодож байсан гэдэг. Тэр дундаа аваргын төлөө барилдаж чадахгүй нь гэж бодохоос үнэхээр шооконд орсон аж. Гишгэж чадаж байсан тул тэмцээнээ үргэлжлүүлэн өрсөлдөгчөө юуко үнэлгээгээр ялсан нь тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулж чадсан билээ. Тэмцээн дуусаад хөлний бэртлээр дагнасан эмчид үзүүлэхэд дотор талын шөрмөс нь сунаад, өвдөгний чагтан холбоос нь тасарчихсан байсан аж. Тэрээр хоёр сарын дараа хагалгаа хийлгэхээр болсон бөгөөд түүнийг алтан медалийн төлөө барилдаад дэмий гэж багш дасгалжуулагч нар нь хэлж байжээ. Олимпийн алтан медалийн барилдана гэдэг тамирчин хүн бүрийн хүсээд олддоггүй боломжоос гадна сүүлд харамсахгүй тулд алтын төлөө барилдах шийдвэрийг өөрөө гаргажээ. "Хэрвээ эрүүл байгаад барилдсан бол ялах байсан уу" гэсэн сэтгүүлчийн асуултанд тэрээр “Тамирчин хүний хамгийн том дайсан бол бэртэл гэмтэл. Одоо бүх юм өнгөрсөн хойно тийм байсан бол гэж яриад яах вэ” хэмээн даруухан хариулжээ. Түүний Лондонгийн олимпоос авчирсан мөнгөн медаль алтан медалиас дутахгүй тэсвэр тэвчээрээр олдсон үнэ цэнэтэй медаль. Монгол түмний итгэлийг алдалгүй Олимпийн наадмаас алт мөнгөн медалийг авчирсан хүүгээрээ Монгол түмэн бахархаж байна. Олимпийн хошой медальт Н.Түвшинбаяр тэргүүтэй жудочид өнөө өглөө эх орондоо ирсэн юм.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )