Ц.Мөнх-Оргил: Зохион байгуулагчийн давуу эрхээ эдлэх нь манайхны хувьд том завшаан

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 16

Монголын сагсан бөмбөгийн холбооны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Иймээс МСБХ залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх нутагтаа зохион байгуулахаар болсон. Тэмцээн албан ёсоор маргааш “Буянт-Ухаа” спорт цогцолбор, Спортын төв ордны “А” зааланд болно. Харин нээлт нь өнөөдөр 18:00 цагт “Blye sky”–д болох юм. Тус арга хэмжээтэй холбогдуулан МСБХ-ны ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргилтой ярилцлаа.

-Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш албан ёсоор эхэлнэ. Тэмцээний бэлтгэл ажлын талаар сонирхуулаач?

-Бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Тэмцээнийг Спортын төв ордон, Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулна. Хоёр өдөр нь Спортын төв ордонд, “Буянт-Ухаа” цогцолборт өдөрт зургаан тоглолт явуулахаар болсон. Шинээр хоёр стандарт цагираг авчирч тэмцээн болох хоёр зааландаа суурилуулсан. Мөн багийн алдаа заагч, статистик үзүүлэлтийг танилцуулах 12 хүний бүрэлдэхүүнтэй баг бэлэн боллоо.

-Манай улс Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг хэзээ авсан юм бэ?

-Өнгөрсөн арваннэгдүгээр сард Азийн сагсан бөмбөгийн холбооны чуулганаар авсан. Учир нь энэ онд манай улсад сагсан бөмбөгийн спорт хөгжсөний 66, МСБХ-ны түүхт 50 жилийн ой тохиож байгаа. Тиймээс биднийг саналыг Азийн сагсан бөмбөгийн холбоо таатай хүлээж авсан. Манай улсад анх удаа сагсан бөмбөгийн ийм том хэмжээний тэмцээн болох гэж байна. Монголын шигшээ багийн хувьд Монголын Үндэсний Олимпийн хорооны дэргэд Спортын анагаах ухааны төвд байрлаж байгаа.

-Түүхт ойн арга хэмжээнд ямар арга хэмжээ зохион байгуулав. Энэ ондоо багтаж, ямар тэмцээнээр үргэлжлүүлэх вэ?

-Монгол Улсад сагсан бөмбөгийн спорт үүсч хөгжсөний 66, сагсан бөмбөгийн холбоо байгуулагдсаны 50 жилийн ойг угтаж, өнгөрсөн зургаадугаар сард онол практикийн бага хурал зохион байгуулсан. МУБИС-ийн БТДС-тай хамтран зохион байгуулсан энэхүү эрдэм шинжилгээний бага хурал “Сагсан бөмбөгийн хөгжил өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” нэртэйгээр анх удаа болсон. Хуралд сагсан бөмбөгийн ахмад тамирчид, дасгалжуулагч, судлаачид МСБХ-ны түүхэн хөгжил, уралдаан тэмцээний тогтолцоог боловсронгүй болгох, Монголд сагсан бөмбөгийн клубын системийг нэвтрүүлж хөгжүүлэх тухай, Сагсан бөмбөгийн спортын гэмтэл бэртэлээс урьдчилан сэргийлэх, Үндэсний шигшээ баг тамирчид гадаадын уралдаан тэмцээнд оролцсон туршлага зэрэг олон илтгэл тавигдсан. Зургаадугаар сарын дундуур БНХАУ-ын Хайян хотод Азийн элсний гуравдугаар наадам зохион байгуулагдсан. Наадамд 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн болсон бөгөөд манай улс эрэгтэй, эмэгтэй багаа оролцууллаа. ОУХМ Ш.Сэдбазар, спортын мастер О.Сэргэлэн, Д.Дэлгэрням нарын бүрэлдэхүүнтэй энэ баг хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн лигийн гурван удаагийн аварга “Хасын Хүлгүүд” багийнхан хоёр сарын өмнө Бельги, Нидерланд, Франц улсад аялан тоглолт хийсэн. Монголд клубын системд шилжсэн сагсан бөмбөгийн анхны баг болох “Хүлгүүд” дээрх улсуудын мэргэжлийн хоёр, сонирхогчийн хэд хэдэн багтай нөхөрсөг тоглолт хийсэн юм. Урьд нь Монголын сагсчид Европын орноор ийм олон хоног аялан тоглолт хийж байсан удаагүй. Энэ онд багтааж, эрэгтэй, эмэгтэйчүүдийн Олон улсын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Гэхдээ залуучуудын Азийн АШТ-ийг нүүр улайхааргүй явуулсны дараа дараагийн тэмцээн, уралдааны талаар ярих нь дээр байх.

-Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах ажилд ойролцоогоор хэдэн төгрөг зарцуулагдаж байгаа вэ?

-Тэмцээнийг Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн ЗДТГ, Азийн сагсан бөмбөгийн холбоо, МСБХ хамтран явуулж байгаа. Зардал нь ойролцоогоор 600 гаруй сая төгрөг төсөвлөгдсөн. Үүнээс 96 саяыг Монгол Улсын Засгийн газраас гаргасан. Мөн Азийн сагсан бөмбөгийн холбоо 25 мянган ам.доллар, “MCS Coco Cola” компани 60 сая төгрөг хандивлаад байна. Бусад томоохон компаниуд боломжоороо тусалсныг хэлэх нь зүйтэй байх.

-Шигшээ багийн тоглогчдоо хэрхэн сонгосон бэ?

-Бид хоёр сарын өмнөөс 1994 оноос хойш төрсөн хүүхдүүдийн дунд сонгон шалгаруулалт хийснээс 300 гаруй хүүхэд маш идэвхтэй хамрагдаж, 24 авьяаслаг залууг шигшээ багтаа сонгосон. Үүнээс О.Дөлгөөн, Х.Анар-Эрдэнэ, Н.Ханбулаг, Ч.Энхтайван, Э.Энхтөгс, Д.Сонинбат, М.Батхишиг, Б.Алтанбагана, Б.Сүбээдэй, Г.Билэг-Ариун, Д.Хаш-Эрдэнэ, Л.Мөнхнасан, Д.Анхаа, М.Төмөр нарыг үндэсний шигшээ багт авсан. Багийн ерөнхий дасгалжуулагчаар лигийн 1+11 багт тоглож байсан Б.Ганзориг, дасгалжуулагчаар А.Энхбаатар, Б.Үүрдсайхан нар ажиллана. Мөн эдгээр тамирчид маань дээд лигийн тэмцээнд оролцохын тулд “Оюутны лиг” болон “Хөгжлийн лиг”-ийг дамжин тэдгээр  шалгаруулалтыг давах хэрэгтэй. Шалгарсан хүүхдүүдийн ур чадвар цаашдаа илүү өндөр төвшинд хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

-Шигшээ багтаа хэр найдвар тавьж байна вэ?

-Бид энэ удаа хэсгээсээ шалгарахыг илүүд үзэж байна. Цаашид яахыг нь мэдэхгүй юм. МСБХ-ны зүгээс ямар нэгэн амжилт харахгүй. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Монголын тамирчид хамтарсан бэлтгэл хийгээд ердөө нэг сар болж байгаа. Мөн Монголын сагсан бөмбөгчид 50 жилийн түүхэнд Азийн аварга шалгаруулах тэмцээнд нэг ч удаа оролцож байгаагүй. Яагаад гэвэл манайх Зүүн Азийн бүсэд хамрагддаг. Тиймээс бүсээсээ шалгарч чаддаггүй юм. Шалгарна гэдэг маш хүндрэлтэй асуудал учраас тэр. Зохион байгуулагч гэсэн давуу эрхээ эдлээд тамирчдаа оролцуулж байгаа нь манайхны хувьд том олз. Азийн АШТ манай тамирчдын хувьд том сорилт болж байгаа юм. Гадаадын тамирчдын ялгааг энэ тэмцээнээс олж харах, туршлага солилцох зорилго өвөртөлж байна.

-Аль орны баг хүчтэй өрсөлдөгч байх бол?

-БНХАУ, Иран, Япон, Ливан, БНСУ, Тайвань, Филиппин улс Азидаа сагсан бөмбөгийн спорт өндөр хөгжсөн. Тиймээс хүчтэй өрсөлдөгчид тооцогдож байгаа. Ялангуяа Филиппин улсын хувьд сагсан бөмбөг нэг номерийн спорт болон хөгжсөн. Тус тэмцээнд эхний гурван байрт орсон баг ирэх жилийн залуучуудын ДАШТ-д оролцох болохоор тоглолт бүр сонирхолтой, өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй.

-Монгол Улсын шигшээ баг “С” хэсэгт багтсан. Хэсгийн тоглолтод аль улстай тоглох вэ?

-Маргааш Бахрайнтай, нөгөөдөр Тайваньтай, цаад өдөр нь Индонезийн шигшээ багтай тоглоно. Манай шигшээ багийн тоглолт “Буянт-Ухаа” спорт цогцолборт 20:00 цагт эхэлнэ.

-Тэмцээн ямар форматаар явагдах вэ?

-Сагсан бөмбөгийн ДАШТ болон ЕАШТ-ий дүрмээр явагдана. Тодруулбал дөрвөн хэсгийн багууд тойргоор тоглож, хэсэг тус бүрээс эхний гурван байраар шалгарсан нь буюу 12 баг хоёрдугаар шатанд дахин хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Эндээс шалгарсан найман баг хасагдах шатанд өрсөлдөж, медалийн эзэд тодорно.

-Шүүгчдийн бүрэлдэхүүнд хэчнээн хүн ажиллах вэ?

-16 орноос тус бүр хоёр шүүгч тэмцээнийг шүүн явуулна. Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнө нь тэмцээний шүүн явуулах шүүгчдийн дунд сургалт, семинар болсон.

-Олон улсын тэмцээн уралдаан явуулахад хэвлэл мэдээллийнхэнд чирэгдэл учруулдаг тал бий. Энэ тал дээр хэрхэн анхаарч байна вэ. Азийн аварга шалгаруулах тэмцээнийг ямар телевиз шууд дамжуулах вэ?

-Тэмцээнийг сурвалжлах хүсэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагад МСБХ ямар нэгэн шаардлага тавиагүй. Ямар ч асуудалгүй. Спортын төв ордонд байрлаж байгаа тэмцээний зохион байгуулах хорооны төв штабт очиж мандатаа авах боломжтой. Багийн спортын төрлөөр манай улсад Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байгаагүй. Тиймээс бид хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй, хамтарч ажиллах зорилготой байна. Тэмцээнийг “Sport box”, “TV-9”, “UBS” телевизүүд шууд дамжуулна.

-Шинэ ордонд болох тэмцээнийг үзэхийн тулд сагсан бөмбөг сонирхогчид чамгүй хол замыг туулна. Үзэгчдэд зориулсан унаа тэрэгний асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Үүнд санаа зовох зүйлгүй. Спортын төв ордны урдаас өдөр бүр автобус явна.

У.Баярсайхан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top