2012 оны Монгол улсын эдийн засгийн төлөв байдал

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 05

Монгол улс дэлхийн хөдөлмөрийн хуваарьт цөөн тооны уул уурхайн бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэгчийн үүрэг гүйцэтгэж эхлээд байна. Иймд Монголын эдийн засаг дэлхийн зах зээлээс шууд болон дам хамааралтай юм.

Алт зэс зэрэг бүтээгдэхүүний үнэ нь дэлхийн зах зээлийн эрэлтээс шууд хамаарч байдаг бол нүүрс, төмрийн хүдэр зэрэг нь БНХАУ руу түүхий эд болон явдаг нь дэлхийн эдийн засгаас дам хамааралтай юм. Өнөөдөр Монгол улсад уул уурхайн томоохон төслүүдийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийгдэж байгаагаас Монгол улсын ДНБ хурдацтай өсөж байгаа харагдаж байна. Гэвч энэ нь ард түмний амьдралыг дээшүүлж, ажлын байрыг нэмэгдүүлж чадахгүй байна.

Үүний нөгөө талд ДНБ-ний өндөр өсөлтийг дагаж өндөр хувьтай инфляцийн үзэгдэл хүчтэй өрнөж байна.

Монголын эдийн засагт инфляцийн үзэгдэл дараах байдлаар үүсч байна.

1.Хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ ихэнх хэсгийг импортоор авч хэрэглэдэг тул гаднаас импортолж буй бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл гаднаас инфляц импортолж байна.
2.Монгол улсын эдийн засагт төсвөөр дамжин халамж, тэтгэмж, эх орны хишиг хэлбэрээр их хэмжээний бэлэн мөнгө тараагдаж байна.
3.Монополуудын үнэ нэмэгдэж байна.
4.Улирлын чанартай бараа бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл өндөр байна.
5.Монгол банкнаас явуулж буй мөнгөний  хатуу бодлого нөлөөлж байна.
6.Төсвийн бодлого тогтворгүй байгаа нь зэрэг нь ихээхэн нөлөөлж байна.

Харин Монгол улсад Монгол банкнаас баримталж буй мөнгөний хатуу бодлогын хүрээнд арилжааны банкны зээл зогсож, жижиг дунд үйлдвэрүүдэд мөнгөний эрэлт дутагдсанаар хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрч, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн зах зээлээс импортын бараа бүтээгдэхүүнд шахагдаж, дампуурснаар ажилчдаа цомхотгох, халах зэрэг үйл ажиллагаа улам бүр ихсэж, эрэлт буурах хандлагатай байна.

Мөн төр засгаас сонгуулийн амлалтаа биелүүлэх зорилгоор улсын төсвөөс цалин, тэтгэвэр, тэтгэмж, эх орны хишгийн үлдэгдэл 1,0 сая төгрөг зэрэг зах зээлд ихээхэн хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийгдэх учир 2012 он “Инфляцийг дэмжих жил” болох төлөвтэй байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд АНУ-ын эдийн засагт тохиолдож буй эрэлт буурч, инфляци нэмэгдэж байгаа стагнацийн үзэгдэл Монгол улсын эдийн засагт мөн ажиглагдаж  байна.

Яагаад гэвэл АНУ-д улсын 2010 оны 6 дугаар сараас төсвөөс 650,0 тэрбум ам.долларын  санхүүжүүлэлтээр хэрэгжүүлсэн QE-2 хөтөлбөр нь хүн амын амьдралын түвшинг хадгалах, эрэлтийг дэмжих, Хөрөнгийн зах зээлээ хадгалах, ДНБ-ын өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор хийгдэж байсан ч 3-4 сарын дараачаас хэрэглээний болон үйлдвэрлэлийн инфляцийг ихээхэн нэмэгдүүлж, ДНБ болон бодит эдийн засгийг өсгөж чадаагүй.

Харин манай эдийн засагт улсын төсвөөс мөнгөний нийлүүлэлт хийх сургаар эсвэл хийгдсэний маргаашнаас нь бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг нь хэвийн үзэгдэл болсон байна.

Эдийн засгийн хямралын нөлөөгөөр үүссэн орчин цагийн нөхцөл байдлыг дан ганц мөнгөний нийлүүлэлт хийх замаар шийдэх боломжгүй нь ажиглагдаж байна.

Эдийн засгийн хямралын үйл явц, төлөв 2012 оны эцсээс эхлэн ажиглагдан 2013 оноос  даамжирч Монгол улсад хэрэгжиж буй уул уурхайн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх хөрөнгө мөнгө дутагдах, уул уурхайн түүхий эдийн үнэ буурах зэрэг асуудлуудаас шалтгаалан улсын төсвийн орлого багасаж, тэтгэвэр тэтгэмж, эх орны хишиг олгох хөрөнгө дутагдах зэрэг сөрөг үзэгдлүүд нь Монгол улсын эдийн засагт хүндээр тусах төлөв ажиглагдаж байна.

Харин эдийн засгийн гадаад нөхцөл байдлын хувьд 2012 онд АНУ, Герман, Франц улсуудад сонгууль явагдах учир манай улсаас экспортолдог уул уурхайн түүхий эдийн үнэ ирэх оны эхний хагаст савлагаатай байх бөгөөд оны сүүлийн хагаст өсөлттэй байх бөгөөд 2012 онд Монгол улсын төсөв болон элдэв амлалтаа биелүүлэх мөнгөтэй байх учир эдийн засгийн өсөлт буюу ДНБ-ий өсөлттэй гарах боломжтой ч инфляц ихээр өсөх, төгрөгтэй харьцах валютын ханшны савлагаа зэрэг нь Монголын өндөр өсөлттэй эдийн засгийг үгүй хийх “залгих” магадлалтай билээ.

Иймээс 2012 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан шинэ засгийн газар дэлхийн эдийн засгийн үүсч буй нөхцөл байдалтай уялдуулан эдийн засгийн шинэ бодлого авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Дэлхийн эдийн засгийн ерөнхий чиг хандлагаас дүгнэн үзэхэд 2012 он АНУ мөнгө хэвлэж, ЕХ–ны улсууд бүсээ чангалж, Хятад улс хулхи бараагаа үйлдвэрлэж, Монгол улс “Инфляцийг дэмжих жил” болохоор төсөөлөгдөж  байна.

Судлаач Н.Батчулуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top