Зэсийн үнэ 400-500 ам.доллараар унав
Дэлхийн зэсийн ханш энэ сарын эхний хагаст 7600-7800 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан. Харин өмнөх сарын мөн үед 8100-гаас давж байсан зэсийн үнэ өнөөдөр 7500 гаруй ам.доллар болж уруудав. Гэтэл манайх ирэх онд олон улсын зах зээл дээр нэг тонн зэсийг 8609 ам.доллар байхаар тооцоолжээ. Зарим шинжээчид, дэлхийн санхүүгийн хямрал том гүрнүүдийг тэвдүүлж буй энэ үед зэсийн үнэ өснө гэх таамаглалд итгэж болохгүйг онцолсон байна. Мөн ирэх онд зэсийн үнэ 8000 ам.доллараас дээш гарахгүй гэж таамаглажээ. Энэ сарын 22-ны байдлаар Лондоны металлын биржид тус таваарын үнэ 7575 мянган ам.доллар байв. Үүнийг өнгөрсөн сарын мөн үетэй харьцуулахад 400-500 ам.доллараар унасан байна. Одоо манай улсын зэсийн баяжмалыг ганцхан "Эрдэнэт" үйлдвэр гаргаж байгаа. Энэ оны эхний арван сарын байдлаар 479 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4000 тонноор илүү байна. Харин үнийн дүнгийн хувьд өнгөрсөн жилийнхээс 20 орчим хувиар буурчээ. Энэ оны эхний арван сард 696 сая ам.долларын орлогыг экспортоос олсон нь өнгөрсөн оны мөн үеэс 132 сая доллараар багасчээ.
Энэ нь дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн бууралттай шууд холбоотой. Хэдий зэсийн үнэ 7600 ам.доллараас доошлохгүй байгаа ч өнгөрсөн онтой харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн жил зэсийн үнэ рекорд тогтоож, 10000 ам.доллар давж байсантай харьцуулбал энэ жил 20 гаруй хувиар буураад байна.
Ирэх жил манай улсын зэсийн баяжмалын экспортын хэмжээ огцом нэмэгдэх тооцоо бий. Оюутолгой төслийн ил уурхай ашиглалтад орсноор 382 мянган тонн зэсийн баяжмал экспортлох боломжтой. Ингэснээр манай улсын зэсийн баяжмалын экспорт ирэх жил 50 гаруй хувиар нэмэгдэх юм.
Хятад улс зэс их хэмжээгээр нөөцөлнө гэж "Ройтерс" мэдээллээ
Тэгвэл зэсийн олборлолтын талаар гадаадын хэвлэлийн агентлаг шинжээчид юу гэж дүгнэж байгааг үзье. Өнгөрсөн сарын сүүлчээр Хятадын Засгийн газар үйлдвэрлэлээ тэлэхээр болсон. Дэлхийн зэсийн эрэлтийн 40 хувийг дангаараа бүрдүүлдэг тус улсын эрх баригчдын энэ шийдвэр металлын дэлхийн зах зээлд тэр тусмаа манайд чухал нөлөөтэй. Үүн дээр үндэслэн "Дараагийн хэдэн сарын турш зэсийн ханш чангарна" гэх таамгийг "RJO Brien”-ын шинжээч Филлип Стрейбел дүгнэжээ. Хятадын хувьд хөнгөн цагаан, зэс гэх мэт голлох металлуудыг их хэмжээгээр нөөцөлж авах бололтой. Энэ талаар "Ройтерс" мэдээлжээ. Хятадын хувьд агуулахдаа түүхий эд нөөцөлдөг жишиг 2008 оны санхүүгийн хямралаас хойш бий болжээ. Энэ нь тухайн үедээ хятадын металлын импортыг нэмэгдүүлж байв. Одоо 165 мянган тонн баяжуулсан зэс худалдаж авахаар зэхэж байгааг Хятадын албаны сурвалж мэдээлжээ.
Зэсийн олборлолтоороо тэргүүлдэг Индонезийн "Grasberg" зэрэг уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Түүнээс гадна Чилийн "Los Broncos", "Solodo" зэсийн олборлолтоо нэмэгдүүлэх төлөвтэй байна. Харин Монголын Оюутолгой, Перугийн "Antapaccay" төсөл хэдийгээр үйл ажиллагаагаа эхлэх нь тодорхойгүй байгаа гэдгийг гадны хэвлэлүүд онцолжээ. Оюутолгойн хувьд 2013 онд үйл ажиллагаа нь жигдэрнэ гэж байгаа боловч дотоодын эсэргүүцлээс болж саатаж магадгүй. Тиймээс зэсийн нийлүүлэлт төдийлөн нэмэгдэхгүй гэж "HSBC"-ийн шинжээчид таамагласан байна. Өөрөөр хэлбэл 2013-2014 онд зэсийн үнэ харьцангуй тогтвортой байна гэж тэд үзжээ.
"Риотинто" Монголын ДНБ-ий 30 хувийг дангаараа бүрдүүлнэ
Хэвлэлд дурдсанаар Австралийн АВС телевизийн Хятад дахь сурвалжлагч бичихдээ, "Оюутолгойн зэсийн ордод Австралийн "Rio Tinto" компани 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад буй аж. Олон улсын томоохон компанийн хувьд энэ нь асар том хөрөнгө оруулалт юм. "Rio Tinto" компани ирэх сард үйлдвэрээ нээх бөгөөд энэ нь Монголын ДНБ-ий 30 хувийг дангаараа бүрдүүлэх болно. Тус компанийн Монгол дахь захирал бөгөөд "Оюутолгой" (Tur-guoise Hill resources) компанийн гүйцэтгэх захирал Камерон Мак Реи "Энэ уурхай нь хэдэн арван жил ажиллана" гэж мэдэгдээд байна. "Зарим өөдрөг геология нар энэ бизнес 100 жил ажиллана гэсэн саналтай байгаа. Харин зарим нь 50 гаруй жилийн настай гэж үзэж байна" гэжээ. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын үндэсний хорооны гишүүн Н.Дорждарь "Энэ гэрээг Монголд ашигтай эсэхэд би эргэлзэж байгаа" гэж хэлсэн байна. Бас нэг маргаан үүсгэж болзошгүй зүйл нь Rio Tinto-r гэнэтийн ашгийн татвараас чөлөөлөх тухай юм.
Ийм татвар авах нь цаашдаа боломжгүй гэж тус компани сэтгүүлчдэд мэдээлжээ. "Монголын УИХ-ын гишүүдийн том бүлэг Оюутолгойн гэрээг дахин авч үзэх тухай одоо ярьж байгаа. Аль хэдийнээ хэдэн тэрбум ам.доллар төсөвлөчихөөд байхад энэ гэрээг эргэн харах гэж байгаа нь оройтсон хэрэг гэж "Rio Tinto" мэдэгджээ" гэжээ.
Ш.Батцогт
Эх сурвалж: Улаанбаатар таймс
Сэтгэгдэл ( 0 )