Энэ удаагийн “Өглөөний зочин”-оор Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг урилаа. Тэрбээр ажлаа хүлээж аваад удаагүй байгаа бөгөөд шинэ оны босгон дээр хоёр сар болох гэж байна. Намрын их ажлын үеэр ажлаа хүлээж авсан болохоор ёстой л нөгөө “зуун задгай жаран хагарай” гэгчээр зам, дулаан, цахилгаан, камержуулалт гээд хийх, зохицуулах ажил ихтэй, бүтээн байгуулалт нь ундуй сундуйхан байхад нь хүлээж аваа юу даа гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байлаа. Өөрөө бол халширч халгаж байгаа шинж үгүй, “Ачаагаа үүрнэ ээ” л гэж байна. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа биз. Нөгөөтэйгүүр, өөрийгөө байнга тодотгож байдаг “Гурван говийн хүн” гэх элэг нь татсан байх. Шинэхэн Засаг дарга ажлаа шижигнүүлж, аймгаа аваад явах хүсэл эрмэлзлэлтэй л сууна. Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуунтай хийсэн ярилцлагаа уншигч танаа хүргэе.
-Та ажлаа хүлээж аваад сар гаруйн хугацаа өнгөрчээ. Мэдээж, шинэ ажил хүлээж авсан хүний хувьд аймагтайгаа нэлээн сайн танилцаж амжсан байх. Мөн хийж хэрэгжүүлэх, засаж залруулах ажил нь тодорхой болсон байх?
-Манай аймаг төсвийн хувьд жаахан хүндрэлтэй. Нийт төсвийнхөө 40 гаруй хувийг улсаас татаас дэмжлэгээр авч санхүүждэг. Тийм учраас бие даан хөрөнгө оруулалт хийх боломж нөхцөл тааруу, өөрөө төсвийн орлого бүрдүүлэх эх үүсвэр тааруу. Тиймээс өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, шинэ бүтээн байгуулалт хийх боломж нь маш тааруу. Энэ оны хувьд төсвийн орлого сайн байгаа, өмнөх онуудтай харьцуулахад өндөр байгаа гэж ярьж байгаа боловч энэ жилийн нийт хөрөнгө оруулалтын төсөв нь 20 гаруй тэрбум төгрөг байна.
Бүтэн аймгийн хэмжээнд ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ гэдэг бол чамлалттай дүн л дээ. Манай Дундговь аймаг Өрсөлдөх чадавхийн индексээрээ 21 аймгаас сүүл мушгиж байна. Хөгжил, бүтээн байгуулалт, үйлдвэржилтийн асуудлыг бид ярьж байгаа. Манай аймаг уул уурхай ашигладаггүй, боомтгүй гээд сул тал ихтэй. Эдгээр сул талаа яаж нөхөх вэ, хаяа залгаж байгаа говийн бүсийн аймгуудынхаа хөгжилтэй хөлөө хэрхэн нийлүүлж, хөгжих вэ гэдгээ хамгийн түрүүнд харж, ярилцаж байна. Дундговь аймгийн төвийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудал нь төвлөрсөн дулаанд холбогдоогүй. Төвлөрсөн дулаан хангамжид холбогдоно гээд Солонгосын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 10 аймагт ДЦС барина гээд төсөл хэрэгжээд эхэлсэн. Гэвч төсөл нь гацаад зогсчихсон учраас манай аймагт одоогоор төвлөрсөн дулаан байхгүй. Үүнээс үүдээд үйлдвэржилт зогсож байна. Барилгажилт явах боломжгүй. Ийм хоорондоо уялдаатай асуудлууд байна. Айл өрхүүд цахилгаан халаагуураар дулаанаа шийдэж байна. Халуун усгүй.
-Дээрээс нь замын асуудал байна. Хүн бүрийн амны уншлага болчихсон юм билээ. Харин саяхан нөхөж янзалсан юм уу даа?
-Замын нөхцөл хүнд байгаа нь үнэн. Би аравдугаар сарын 31-ний өдөр томилогдсон. Бид арваннэгдүгээр сарын 3-ны өдөр зам дээрээ очиж ажилласан. Газар дээр нь очиж ажиллахдаа замын арчилгаатай холбоотой юм байна гэж харсан. Манай зам арчлалтын “Дундговь зам” ХХК жилд 1.8 тэрбум төгрөг авч засвар арчилгаа хийдэг гэсэн ч хангалалттай завсар хийхгүй байна гэж үзээд бид холбогдох байгууллагууд руу албан бичиг хүргүүлэхээр шийдсэн. Дэлгэрцогтоос цаашаа есөн км-т аймаг хүртэлх зам дээр дугуй нь хагарсан машинууд цуваа болоод зогсож байх жишээний. Тэрийг бид шахаж байгаад тэр компани ЗТЯ-аас 30 сая төгрөг аваад хүйтэн асфальтаар нөхсөн. Одоо ерөнхийдөө замаа нөхөөд, нөхцөл байдал хамаагүй дээрдчихсэн байгаа юм. Тэгэхээр 30 сая төгрөгөөр ингээд нөхчихөж болж байгаа юм бол 1.8 тэрбум төгрөгөөр юу хийсэн юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм л даа. Тиймээс одоо урсгал засварыг хийгээд явалгүйгээр нэгмөсөн их засвар хийх ёстой юм байна гэдэг асуудлыг тавьж байгаа. Ирэх жилийн улсын төсөвт их засвар хийх 28 тэрбум төгрөг тавигдсан юм билээ.
-Уг нь зам дагаж хөгжил гэж ярьдаг даа?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Өмнөговь аймгийн төвөөс Улаанбаатар хүртэлх замыг дөрвөн эгнээ хоёр урсгалтай болгоно гээд орсон байгаа. Энэ ажлыг шахаж шаардаад хийлгэх зайлшгүй шаардлагатай байна. Мөн Арвайхээр, Мандалговь, Чойр гэсэн хэвтээ тэнхлэгийн зам ашиглалтад орно гээд мөрийн хөтөлбөрт суучихсан, гурван талаасаа ажил нь эхэлчихсэн явж байгаа. Манай аймгийн хувьд Дундговь аймгийн хаалганы араар нэг км-т хөндлөн огтлолцож байгаа есөн км замын тендер зарлагдаад ажил нь эхэлчихсэн явж байгаа. Энэ зам ингээд хоёр тийшээ явах юм. Харамсалтай нь ирэх жилийн төсөвт энэ ажлын төсөв танагдаж байгаа сурагтай байсан. Энэ бол зайлшгүй цааш явах ёстой ажил, чухал зам байгаа юм. Манай аймгийн хувьд энэ замаа түшиглээд “Хөгжлийн дөрвөн зам” гэж нэрлээд, үүнийгээ дагаад бид үйлчилгээ, үйлдвэржилтийн чиглэлээр хөгжинө гээд үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгаад хэрэгжүүлэх гээд явж байгаа юм.
-Дундговь аймгийн хувьд суурь асуудлуудыг нь шийдэж өгөөгүй учраас хөгжлийн индексээр доогуур байр эзэлдэг. Замаас гадна ДЦС, хогийн цэг гээд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амар тайван амьдрах эрх зөрчигдөж, олон нийтийн бухимдалыг хүргэдэг бололтой. Тэгэхээр үүнийг төсөвт яаж суулгаж өгвөл шийдэгдэх бол. Та юу гэж бодож байна вэ?
-Бид хэдийгээр ардчилсан орон ч гэлээ нэг л улс. Тийм учраас хэн их орлого олж байгаа нь тэрүүхэн тэндээ өөрийнхөө орлогыг төвлөрүүлээд, хөрөнгө оруулалт татаад байх биш нийтдээ жигд хөгжих ёстой болов уу. Бүсчилсэн хөгжлийн концепцыг хэрэгжүүлэхээр болсон нь үүнтэй холбоотой гэж ойлгож байгаа. Говийн бүсийн хүрээнд Өмнөговь, Дорноговь аймаг өөрсдийгөө бүрэн санхүүжүүлээд, улсын төсөвт татаас өгөөд, цаана нь Өмнөговь аймаг гэхэд 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд явж байна. Гэтэл манай аймаг яг хажууд нь байгаа хэр нь 20 тэрбум төгрөгтэй болсондоо баярлаад сууж байдаг нь тэгш бус юм. Өмнөговь аймгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, уул уурхайн салбар тэр чигээрээ манай Дорноговь, Дундговь хоёроор дайран өнгөрч хөгжилдөө хүрч байгаа. Тэнд явагдаж байгаа уул уурхайн нөлөөлөл манай аймагт ирж л байгаа. Бэлчээрийн доройтол, цөлжилт гээд бүх асуудал харилцан уялдаатай. Тийм учраас бүсчилсэн хөгжлийн хүрээнд аймгуудаа ижил түвшинд хөгжүүлэх бодлогыг барих ёстой гэж харж байна. Манай аймагт хүн ам цөөн, уул уурхайгүй гэдэг байдлаар маш бага төсөв батлаад байдаг. Гэтэл яагаад хүн ам цөөн байна вэ. Энд хөгжилгүй болохоор хүн ам цөөн байна. Хөгжилгүй газраас хүн зугтдаг. Хөгжилтэй газар руу тэмүүлдэг. Ажлын байр хаана байна, тэнд хүн байна. Манай аймгийн иргэд Өмнөговь аймаг, Чойр, Улаанбаатар хотод очиж амьдарч байна. Яагаад гэвэл, энд ажлын байр хомс, авч байгаа цалин нь дэргэдэх газруудаасаа бага байна. Тэгэхээр энэ хүмүүс явахаас өөр аргагүй байна.
-Амьдрахын эрхэнд хөвөрсөн энэ их нүүдэл суудлыг зохицуулахын тулд одоо яах ёстой вэ?
-Ерөнхий сайдын одоо ярьж байгаа, барьж байгаа бодлого бол төвлөрлийг сааруулъя, хөдөө, орон нутгаа эзэнжүүлье гээд байгаа. Тэр тусмаа хүн ам нь цөөрөөд байгаа орон нутаг руугаа илүү хөрөнгө оруулалт, дэмжлэгүүдийг хийх зайлшгүй шаардлага байна. Хөдөөгийн сэргэлт бодлогыг яг энэ аймаг дээр авчрахын тулд бид энэ Дундговь аймаг шиг ажлын байр, амьдрах нөхцөл тааруу байгаа газруудаа илүү дэмжиж, бусад аймагтай ижил түвшинд аваачих юм болбол наашаа ирэх урсгал нэмэгдэнэ. Ажлын байр, бизнес өснө.
-Өмнөговь аймгийн хувьд уул уурхайг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ болгоод хөгжүүлж байна. Дундговь аймгийн хувьд нийгэм, эдийн засгийн ялангуяа, эдийн засгийн хувьд тэргүүлэх чиглэлээ юу гэж харж байна вэ. Эдийн засгийнхаа тэргүүлэх чиглэлийг тодорхой болгож байж хөгжлөө ярина байх. Дундговь аймаг хэзээнээсээ дуу хуурын өлгий нутаг гэдгээрээ алдартай. Сүүлийн үед соёлын эдийн засаг гэдэг зүйлийг их ярьдаг болжээ. Дэлхий дахинд ч өв соёл “моодонд орж”, тийшээгээ илүүтэй эргэж харж байх шиг. Магадгүй Дундговь аймгийн хувьд соёлын эдийн засгаа эргэлтэд оруулж, хөгжүүлэх боломж байж болох талтай болов уу?
-Бүсчилсэн хөгжлийн хүрээнд хөгжлөө харж, тодорхойлж байгаа. Өмнөговь аймгийн хувьд уул уурхайгаа түшиглээд Монголдоо тэргүүлэх аймаг болж хөгжиж байна. Уул уурхайн тэргүүлэх салбарууд маань ч Өмнөговьд байна. Дорноговийн хувьд логистикийн гол сүлжээ болж байна, боомтоо түшиглээд Хятадын том зах зээлтэй харилцаж байгаа гол гүүр болж хөгжиж байна. Говьсүмбэр бол Дорноговиос орж ирж байгаа логистикийн дэд бүтэц нь болоод байна шүү дээ. Тэнд уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн гаалийн агуулах байдаг. Манай Дундговь аймаг бол уул уурхайгаар өрсөлдөхгүй, боомт байхгүй юм чинь боомтын асуудлаар яриад байх зүйлгүй. Тэгэхээр бидэнд юу байна вэ гэвэл мал аж ахуй. Манай аймаг мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээрээ улсдаа чанарын хувьд тэргүүлдэг. Дундговийн мах чанар сайтай, сайхан амттай гэж монголчууд бүгдээрээ л ярьдаг. “Дундговийн мах авъя” гээд бүх аймгийнхан эндээс идэш хийдэг. Айраг бол үнэхээр сайхан. Мөн та сая хэллээ, дуу хуур, өв соёлын өлгий нутаг гэдгийг. Энэ бүхэндээ түшиглээд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх юм бол байгалийн үзэсгэлэнтэй газрууд ихтэй. Их газрын чулуу, Бага газрын чулуу, Цагаан суварга, Сүм Хөх бүрд гээд л тойроод байгалийн үзэсгэлэнтэй газруудтай. Боломж нь маш их. Гэвч харамсалтай нь тэрийгээ түшиглэж аялал жуулчлалын цогцолбор хэлбэрээр хөгжүүлсэн нь маш бага. Зөвхөн Цагаан суваргад стандартын шаардлага хангасан жуулчны баазтай. Бусад нь ганц, хоёр гэр бааз хэлбэрээр байгаа юм. Аялал жуулчлалын маршрут, аялал жуулчлалын бүтээгдэхүүн талаасаа ерөөсөө хөгжөөгүй байгаа юм. Тиймээс бид одоо яах вэ гэхээр мал аж ахуйгаа түшиглээд, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, мах боловсруулах үйлдвэр хөгжүүлэх бүрэн боломжтой байна. Аймгаасаа гадна Улаанбаатар, Өмнөговьд байгаа тэр олон уурхайнуудыг бид стандартын шаардлага хангасан үйлдвэрийн мах, махан бүтээгдэхүүнээр хангаад явах боломж байна. Махны үйлдвэрээ дагаад малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүд байгуулах боломжтой. Гэвч энэ бүхэн түрүүнд дурдсанчлан ДЦС байхгүйгээс одоохондоо хөгжихөд хүндрэлтэй байна. Аливаа үйлдвэрлэлд дулаан, уур зайлшгүй шаардлагатай. Ийм нэг хоорондоо ялт ч үгүй харилцан уялдаатай асуудлуудтай тулаад байна. Аялал жуулчлалаа бол хөгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн цаашид дулааныхаа эх үүсвэрээ зайлшгүй шийдэх болж байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Солонгосын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа станцыг бид хараад, хүлээгээд суухгүй. Өөрсдөө ажиллах ёстой. Бусад эх үүсвэр, сэргээгдэх эрчим хүчээр дулаан гаргадаг болчихсон байна. Бид энэ бүгдийг харж судалж байна. Энэ хүрээндээ ч бид аймгийн төвийнхөө хэрээс хэтэрсэн хогийг боловсруулж, шатааж устгая, тэндээсээ дулаан гаргая гэх зэргээр зарим шийдлийг ярьж судалж байгаа.
-Хог дахин боловсруулах үйлдвэртэй боллоо гэхэд байгаль, орчинд сөргөөр нөлөөлөхгүй юу?
-Өнөөдөр технологийн эринд ямар ч хоргүй, утаа гаргахгүй зуухнуудтай болчихсон байна. Тэрнээсээ уур гаргадаг, тэрийгээ дагуулаад үйлдвэрлэл байгуулдаг болчихсон байгаа учраас бид эхний ээлжинд хог боловсруулах үйлдвэр байгуулаад, түүгээрээ дамжуулаад эхний үйлдвэржилтийн бүсээ байгуулах боломжтой гэж харж байгаа юм.
-Энэ жил говьд зуншлага сайхан байсан гэсэн. Дундговьд ямар байв. Энэ өвөл зарим газарт зуд турхантай байж магадгүй гээд анхааруулаад байна билээ. Тэгэхээр өвөлжилтийн бэлтгэл ямар байна вэ гэдэг чинь мал аж ахуйгаа тэргүүлэх чиглэл болгож байгаа аймгийн хувьд хамгийн түрүүнд анхаарах зүйлийн нэг байх болов уу?
-Энэ жилийн хувьд манай аймагт зуншлага маш сайхан байсан. Одоо өвөлжилт ч гэсэн боломжийн байна аа гэдэг дүгнэлтийг Онцгой комисс, Ус, цаг, уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс хэлж байгаа тул зудын нөхцөл байдал үүсэхгүй байх. Малчид маань өнтэй сайхан өвөлжиж байгаад баяртай байна. Гэхдээ Өвөрхангай, Төв аймагт нөхцөл байдал амаргүй байж магадгүй гэдэг мэдээлэл бий. Тиймээс тэндээс малчид маань ирвэл яах вэ гэдэг асуудлыг бид Онцгой комисс дээрээ ярьж байгаа. Болзошгүй эрсдэлд бэлэн байхыг л хичээж байгаа юм. Өвөлжилтийн бэлтгэлийн хувьд аймаг болоод малчид өөрсдөө ч өвс тэжээл, хадлангаа хангалттай бэлтгэж базаасан.
-Байгаль, цаг уурын хувьд сүүлийн 10-аад жил болоогүй сайхан зун говьд боллоо. Одоо өвөл нь өнтэй, хавар нь ханатай орох шинжтэй гэж хашир малчид ч ярьж байна билээ. Гэхдээ төр, засгийн дэмжлэг, эдийн засгийн бодлоготой хөшүүрэг байж л малчид ая тохитой амьдарна байх. Ялангуяа Дундговь шиг хүнд, хэцүү нөхцөлтэй аймагт иймэрхүү бодлогын ажил зайлшгүй биз ээ. Ингэхэд “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр танайханд хэр ээлээ өгөв?
-Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу аймгийн Засаг даргын захирамж гаргаад шуурхай штабууд байгуулагдсан. Таван шуурхай штаб сумдаараа тойрч ажиллалаа. Сумдаараа тойрохдоо яг энэ “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, хоршооны зээл авсан хүмүүс маань хоршоогоо зөв явуулж байна уу, үгүй юү гэдгийг газар дээр нь очиж хянан, зөвлөмж зөвлөгөө өгч, хоршоологчдоосоо санал асуулга авах, тандалт хийх ажлыг хийсэн. Манай Дундговь аймгийн малчдын хувьд ид энэ хөдөлгөөн эрчимжиж, хоршоо байгуулагдаж байсан тав, зургаадугаар сард маш бага хамрагдсан юм билээ. За, энэ бол бүтэхгүй ээ, сонгуулийн шоу ч гэдэг юм уу янз бүрийн байдлаар буруу зөрүү суртал ухуулга явсан нь нөлөөлсөн бололтой. Үнэхээр хэрэгжээд байгаа юм байна гэдгийг харсныхаа дараа саяхан намраас эхлээд манай малчид олноороо хамрагдаж байгаа. Үр дүн нь ирэх жилээс мэдрэгдэж, гараад явна байх.
-Та өөрийгөө “Гурван говийн хүн” гэж тодорхойлдог юм билээ?
-Би хоёр настайдаа Улаанбаатарт орж ирсэн л дээ. Манай аав Дундговийн Гурвансайханых, ээж Өмнөговийн Манлай сумынх. Аав ээж хоёр маань Улаанбаатар хотод оюутан байхдаа нийлээд, аав Цэргийн сургууль төгсөөд хоёулаа Зүүнбаянд очсон байдаг юм. Цэргийнхэн сургууль төгсөөд л Зүүнбаянд очдог байсан юм шиг байгаа юм. Тэнд 10 мянган цэрэгтэй том казарм, дивиз байсан. Тэр үед би Дорноговьд буюу Зүүнбаянд төрөөд, нөгөө цэргийн хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэж ярьдагчлан Улаанбаатар руу манайх нүүгээд Сонгинод ирээд л хотын хүн болсон. Багадаа зун амралтаараа аавын нутаг гээд Дундговьд, ээжийн нутаг гээд Өмнөговьд очдог байлаа. Гурван говиороо “Миний нутаг” гээд байнга ирж очоод явдаг. Хүмүүс “Аль нутаг вэ” гэхээр “Гурван говийн хүн” гэж хариулдаг юм л даа. Одоо бол Дундговьдоо ирээд ажиллаж, амьдарч байна. Тэр тусмаа аавынхаа төрсөн нутаг Дундговь аймгийнхаа хөгжлийн төлөө ачаа үүрэхээр Засаг даргаар ажиллаж байна даа. Би ирээд говийнхоо 15 сумаар тойрч амжсан. Ер нь аливаа албан тушаалд хүмүүсийг томилохдоо, ялангуяа удирдах албан тушаалд чадвартай, үүнийг чадна гэсэн хүнийг л томилж байх ёстой. Түүнээс биш чадваргүй хүн томилчихоод эргээд хариуцлага нэхээд байвал буруудна. Албан тушаалд томилогдоно гэдэг дааж чадах ачааг нь үүрүүлж байгаа хэрэг шүү дээ.
Сэтгэгдэл ( 6 )
ОДООГИЙН БАЙДЛААР ХӨГЖСӨН АЙМАГ НҮДЭЭ ТОМ БОЛГООД ТОМРУУЛДАГ ШИЛЭЭР ХАРААД Ч АЛГА ДАА. МОДОН ЖОРЛОН ,ГЭР ХОРООЛОЛ ЯМБИЙ БАЙШИН, ХАЛУУН УСНЫ НИЙТИЙН УС. БААСНЫ ХӨГЖИЛ. БҮГДИЙГ НЬ ИЙМ ТҮВШИНД БАРЬЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. ТАНАЙ НАМ ,АРДЫН ХОЧТОЙНАМ
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
8 .4 dahin gej yu bsiin Hari anda
Энэ уг нь гайгүй залуу шиг байдаг, гэхдээ Дундговь бол үнэн хэцүү, сүйрчихсэн газар, хөгжиж дэвжинэ гэхэд хэцүү л харагдаж байна даа, ямар ч өгөөжгүй мал аж ахуй, дуу хуур, аялал жуулчлал, айраг энэ тэрхэнээр бол хөгжил ирэхгүй л дээ
Өөш манхан сувиллаа хөгжүүлж чадаагүй. Байгалн асар том боломжтой хэрнээ хүн н хөгжөөгүй