Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд салбар, салбараараа нэлээд ажил зохион байгуулжээ. Эдгээр ажлын үр дүнг үзэхэд тодорхой цаг хугацаа шаардлагатай нь ойлгомжтой.
Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд үүрэг, хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг холбогдох албаныхан онцолж байна. Агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсийн боловсруулсан түлш худалдаалах хэсэгт түүхий нүүрс худалдаалах, ашиглахыг хориглосон. Энэ талаар “Нийслэлийн агаарын чанарыг бууруулах хязгаарлалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дагаж мөрдөх журам”-д
“4.1.1. Түүхий нүүрс түлэх болон агаар бохирдуулах бусад хаягдал зүйлс, зориулалтын бус түлш, амьтны сэг, дугуй, нийлэг уут, ашигласан тос, масло, хог хаягдал түлэх, шатаах
4.1.5. Стандартын шаардлага хангаагүй цахилгаан халаах хэрэгсэл ашиглах
4.1.6. Хог хаягдлыг ил задгай шатаах;
4.1.7. Хязгаарлалтын бүсийн гэр хорооллын нэг /0,07 га хүртэл/ хашаанд гурван яндангаас илүү утаа гаргах эх үүсвэртэй байхыг хориглоно“ хэмээн заажээ.
Энэхүү журмын биелэлт, хэрэгжилтийг нийслэлийн Агаарын чанарын алба хариуцаж, хянах үүрэгтэй. Харин журмыг дагаж мөрдөөгүй иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.
Журам хэр бодитой, хэрэгжих боломжтой эсэх талаар нийслэлийн Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч Д.Пүрэвдаваагаас тодруулсан юм.
Тэрбээр “Цаасан дээр тогтоосон хууль, дүрэм, журмыг хэрэгжүүлэх амаргүй. Аливаа зүйлийг бодит өнцгөөс харах хэрэгтэй. Тухайлбал, боловсруулсан түлш хэрэглэх ёстой хязгаарлалтын бүсийн оршин суугчдыг түүхий нүүрс түлж байгаа үгүйг хянах ямар ч боломжгүй. Бид айл бүрийн зуухыг шалгаад явахгүй шүү дээ. Тиймээс торгох, шийтгэх тогтолцоо хэрэгжинэ гэж бодохгүй байна” гэсэн юм.
Гэхдээ хариуцлага тооцож чадахгүй ч түүхий нүүрс худалдан авах эрэлтийг багасгах арга бий. Үүний тулд боловсруулсан түлшний үйлдвэрлэлтийг дэмжиж, борлуулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн албаныхан үзжээ. Энэ нь байж болох арга боловч нийслэлийн гэр хорооллын айл, өрхийг боловсруулсан түлшээр хангахад бас л хугацаа хэрэгтэй. Тэгэхээр хязгаарлалтын бүсэд орсон, ороогүй түүхий нүүрсээ түлсээр байх нь.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"
Сэтгэгдэл ( 0 )