Энэхүү сэтгэгдлийг бичигч нь Оюутолгойн гэрээ болон эдийн засаг, санхүүгийн талаар зохих мэдлэгтэй нь харагдаж байгаа учраас аль болохоор олны хүртээл болгон, ойлгуулах үүднээс сэтгэгдлийн талбараас шилжүүлэн толилуулж байна. Харин хэн бичсэн гэдэг нь мэдээж, тодорхойгүй.
“Баярцогтын үзүүлсэн 20000 хувьсагчтай санхүүгийн моделийг Айвенхоу майнз хийсэн. 2010 онд тодорхой хүрээнд, цөөн тоогоор тараагдсан. цаасан эх хувь дээрээ Оюутолгойн эмблемтэй, тэгэхээр Баярцогтыг хэн бэлдэж мэтгэлцээнд оруулсан нь тодорхой.
2009 онд УИХ-ын судалгааны төв гэрээний төслийг судлаад, ингэж хийж болохгүй ээ, хохирно гэж ойлгуулах гээд бараагүй учраас золбин үнээг шууд амархан ойлгоход нь зориулж, Риотинтогоос авах зээлийн хэмжээ, зээлийн хүү, зээл төлөх ногдол ашиг гэсэн 3-хан хувьсагчтай, хамгийн энгийн амархан бодолтыг excel дээр хэрхэн бодох аргачлалыг танилцуулсан. Тэр нүдэнд ингэж тоогоо оруулаарай нтр гээд зураг хөргийг нь хүртэл оруулсан заавар өгсөн. Тэрийг олоод үзээрэй, үнэн алиа тэнэг юм байгаа. Гэтэл өнөөдөр тэрийг ашиглаад нөгөө хүнээ доромжлох зэвсэг болгож байна. Уг нь өөрт нь өгсөн юм.
Харин өөрийнх нь тэр гайхуулаад байгаа 20000 хувьсагчтай модель нь энгийн арифметик үйлдлийн нийлбэр юм. Мэдэх хүн нь шууд бодчихож болохоор, мэдэхгүй хүн нь тооны машин бариад үзэхэд учрыг нь ойлгохоор. Эконометрийн модель олон хувьсагчтай байх тусам алдааны магадлал буурдаг ч, луйвардах зорилготой хүн олон хувьсагчийн дунд ганц нэгхэн тоог үл ялиг өөрчлөхөд систем бүхэлдээ алдаатай хариу гаргадаг. Нөгөө талаар, модель бол ажлаа эхлэхдээ ямархуу юм болох нь вэ гэдгийг тойм байдлаар төсөөлөн бодох нүсэр үйлдлийг хялбарчлан гаргаж өгдөг төлөвлөгөө маягийн зүйл болохоос яг ингэнэ гэсэн баталгаатай 100 %-ийн үр дүнг харуулдаг эд биш. Тэр тусмаа 68 жилийн хугацаанд болох үйл явцыг жил жилээр урьдчилан үнэн зөв мэдэх аргагүй. 68 жилийн турш технологийн дэвшил, бүтээгдэхүүний гарц, үнийн хэлбэлзэл, зах зээлийн эрэлт, валютийн ханшийн өөрчлөлт ямар байхыг яг таг мэдэх ямар ч аргагүй.
Тэнд бичигдснээр, Монгол улс 2022 оноос ногдол ашиг авч эхлэхээр байсан. 2041 оноос ногдол ашгийн хэмжээ буурч, жилд 100 орчим сая доллар авах ба цаашдаа буурсаар 40 сая доллар, 2050 он гараад бүтээгдэхүүний гарц буурснаас болж ногдол ашиг ч авахгүй, татвар ч авахгүй болох тооцоо байсан. “Золбин үнээгээр” хөрөнгө оруулалтын гэрээг гайхамшигтай болсон, зээлийн гэрээ биш гэж хүмүүсийг хуурч байна лээ. Тийм байж магадгүй. Гэхдээ энэ гэрээг гайхамшигтай бус, харин гай гамшигтай болгож байгаа хамгийн гол зүйлс нь хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр байдаг. Тийм учраас энэ гэрээн дээр анх нууцын тэмдэг дараатай байсан. Одоо нууцаас гарсан ч хүссэн хүн бүр олж үзэх боломжгүй байгаа.
Тэнд манай улс 34%-д ногдох хөрөнгө оруулалтаа нөгөө талаасаа 7,5%-ийн хүүтэй зээлж аваад зөвхөн ногдол ашгаараа төлөх ёстой. Тэгэхээр хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх бүрд манай өр автоматаар өсч байгаа. Үүний жил бүрийн хүү давхар нугарч хуримтлагдаж байгаа. үүнээс гадна золбин үнээ \”компанийн өрийг манай улс хариуцахгүй\” гэж хэлсэн. шууд утгаараа тийм. Гэхдээ хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр компани аливаа өр төлбөрөө эхлээд дуусгаж байж дараа нь ЗГ-т ашиг хуваарилна гэж заасан. Тэгэхээр компани зардалдаа зориулж өр тавих тусам манайд орох ашиг байхгүй болно. Энд нэг шог юм нь компани зөвхөн хөрөнгө оруулагч Риотинтогоос зээл авах ёстой байгаа. Мөн компанийг удирдах менежментийн багийг Риотинтогоос томилно. Тэд зардлын 3-6 %-ийг цалин, бонусанд авна. Тэгэхээр зардал өсөх тусам Риотинтогийн орлого нэмэгдэнэ.Харин зардал нэмэгдэх тусам монгол улсын татварын орлого буурна.
Уг нь ОУ-д мөрдөгддөг тогтвортой байдлын гэрээний зарчим бол яг өнөөдөр байгаа татвар, эрх зүйн орчныг цаашдаа өөрчлөөд байлгүй, төслөө хэрэгжүүлье гэдэг. Манайд бол гайгүй өндөр хувьтай татваруудаа тэглээд юу ч авахгүй болгосон, энийгээ тогтвортой мөрднөө гээд зөвшөөрсөн. Одоо тэгээд авах боломжтой татвар нь роялти, усны хураамж гм хэт бага хэмжээтэй татвар хураамж үлдсэн.
Рио тинто ТЭЗҮ дээр ордоос нийтдээ 100 гаруй тэрбум орчим доллар олно гэж тооцсон. Үүнээс монгол улсад 18 орчим тэрбум нь үлдэнэ, бусад нь зардал гэх мэтэд хуваагдана гэж тооцсон. Ингэж шууд мөнгөн дүнгээр бичсэн монголын 18 тэрбум долларыг хөрөнгө оруулагчийн авч байгаа ногдол ашигтай харьцуулахад нийт орлогын 51 % болж байгаа нь өндөр хувь юм шиг харагдуулдаг. Гэтэл бүтээгдэхүүний гарц, үнийн хэлбэлзэл, зах зээлийн эрэлт, валютийн ханшийн өөрчлөлтөөс болж яг ингэж бичсэнчлэн 18 тэрбум доллар монголд үлдэхгүй бол яах вэ? Энэ 18 тэрбум долларыг төслийн тооцоолсон 68 жилд нь хуваахаар манай улс дунджаар жилд 265 сая доллар л олж байна.Энэ гайхамшиг уу?
Гэрээн дээр хөрөнгө оруулагч тал зардлаар ашиг олоод байгааг хянах ямар ч механизм байхгүй.гэх мэт маш олон юм байна. Хэн нь үнэн яриад байгааг мэдэхийн тулд хамгийн эхлээд хувь нийлүүлэгчдийн гэрээг олоод унш. Айвенхоугийн хийсэн 20000 хувьсагчтай моделийг олоод үз. Тэдний гаргасан ТЭЗҮ-г хар. Тэнд ордын ашигтай нөөц болох 40 орчим хувийг л ашиглана гэсэн. Тэгэхээр татваргүй 8 жил дотроо гялс сорчилж аваад арилна гэж ойлгож болох уу?
Эдийн засгийн 17%-ийн өсөлтийг яагаад Оюутолгойтой холбоод байгаа юм бэ? Үнэндээ ихэнхийг нь нүүрснээс олж байсан. Энэ жил Хятад нүүрс авахаа хязгаарлахад л бид нар арчаагаа алдаж байна. Нөгөө өндөр өсөлт навс унасан. Төсөв хоосорч эхэлснээс хөрөнгө оруулалтын зориулалттай төсвийн зардлуудыг танаж эхэлсэн. Гэтэл Оюутолгой ажиллаж л байна.Эдийн засгийн өсөлт буураад л байна..."
Бэлтгэсэн Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )