Энэ онд 20 сая тонн нүүрс олборлох нь эргэлзээтэй байна
Өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт удааширснаас үүдэн манай улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн үнэ, экспортын хэмжээ буурч байна. Статистикийн үндэсний хорооноос гаргасан мэдээллээс үзвэл энэ жилийн эхний арван сарын байдлаар экспортын хэмжээ тооцоолж байснаас доогуур гарчээ. Тухайлбал экспортын гол бүтээгдэхүүн коксжих нүүрсний гаргалт тун тааруу үзүүлэлттэй байна. Энэ оны эхний арван сарын байдлаар дөнгөж 16 сая 546 мянган тонн нүүрс экспортолсон нь өмнөх оныхоос нэг сая хүрэхгүй тонноор илүү байна. Уг нь энэ жил 33 сая тонн буюу өнгөрсөн жилийнхээс 60 орчим хувиар нэмэгдэнэ гэж тооцоолж байсан юм. Хятадын эдийн засгийн удаашрал, гангийн үйлдвэрлэлийн бууралт Монголын коксжих нүүрсэнд хамгийн том цохилт болсон нь эндээс харагдаж байна.
Оны эхний хагаст нүүрсний экспортын хэмжээ нэлээд өсөлттэй байв. Нийт 10.3 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 гаруй хувиар өсчээ. Гэвч долоо, наймдугаар сард экспортын хэмжээ огцом унаж, хоёр сарын экспортын хэмжээ ганцхан зургаадугаар сарын хэмжээнд ч зэрэг хэд хэдэн компанийн экспорт түр хугацаанд зогссонтой шууд холбоотой юм. Экспортын хэмжээ буурахтай зэрэгцээд коксжих нүүрсний үнэ ч 30 гаруй хувиар буурсан нь компаниудын орлогод хүндээр тусчээ. Хэдийгээр ес болон аравдугаар сараас экспортын хэмжээ аажмаар нэмэгдэн, 2 сая тонн даваад байгаа ч үнийн дүн нь бууралттай хэвээр байна. Энэ оны эхний арван сарын байдлаар 16.5 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оныхоос 0.9 сая тонноор илүү байгаа ч үнийн дүнг нь аваад үзвэл 1.627 тэрбум ам .доллар болж, өнгөрсөн оныхоос найман сая доллараар илүү байна. Үлдсэн хоёр сарын хувьд байдал тийм ч сайнгүй байх төлөвтэй. Нүүрсний экспортын хэмжээ энэ оны эцэст 20 сая тоннд хүрэх эсэх нь эргэлзээтэй. Ирэх жил ч коксжих нүүрсний таагүй байдал үргэлжилнэ хэмээн олон улсын судалгааны байгууллагууд дүгнэж байна.
Орд 1.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй
Тэгвэл одоо нүүрс экспортолдог компаниудын байдал ямар байгааг авч үзье. Саяхан "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь ирэх оны дунд үед Лондон, Хонгконг, Монголын хөрөнгийн биржид IPO хийхээр төлөвлөж байгааг мэдэгдлээ.
Мөн Хонгконгт болсон "Монголын хөрөнгө оруулалтын чуулга"-ын үеэр тус компанийн Уул уурхай хариуцсан захирал Грэм Хэнкок АНУ-ын "FOX" телевизэд ярилцлага өгөх үеэрээ IPO-r ирэх оны сүүлч буюу гуравдугаар улиралд гаргах тухай дурджээ. Энэ байдлаас үзэхэд дэлхийд коксжих нүүрсний нөөцөөр тэргүүлэх ордыг эзэмшдэг "Эрдэнэс Тавантолгой" компани IPO хэзээ гаргах нь тодорхойгүй байна. Үүнийг одоо Монголын Засгийн газар ухаалгаар шийдэх л үлджээ.
Энэ орд нь 1.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй. Тодруулбал, Тавантолгойн баруун, зүүн Цанхи нь тус бүр 600 гаруй сая тонн коксжих нүүрсний нөөцтэй юм.
Саяхан "Reuters" агентлагийн цахим хуудаст Тавантолгойн ордыг эзэмшигч "Эрдэнэс Тавантолгой" компани ирэх гуравдугаар сард АНУ-ын "Peabody" компанитай хэлэлцээр хийх гэж байна. Өнгөрсөн сард тус компанитай гэрээт олборлогчоор хамтран ажиллах хүсэлтийг тэд тавьсан" хэмээн мэдээлжээ. Мэдээллийн эх сурвалжаас үзэхэд, "Эрдэнэс Тавантолгой" компани уурхайн хөрс хуулалтыг эхлүүлж, дэргэдээ "Баруун Цанхи" хэмээх охин компани шинээр байгуулж, гэрээт олборлогч буюу оператор компанийг томилж хамтран ажиллах юм байна. Харин охин компанийн 49 хувийг ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, АНУ-ын компаниудад худалдаж, хөрөнгө оруулалт, санхүүжилт босгох төлөвлөгөөтэй аж. Энэ хувилбар нь аль ч талаасаа авч үзсэн "Эрдэнэс Тавантолгой" компани болон стратегийн хөрөнгө оруулагчдын сонирхолд нийцнэ гэж үзжээ. Тэгвэл энэ хувилбартай санал нийлэхгүй хүмүүс цөөнгүй бий. Энэ талаар уул уурхайн мэргэжилтэн Н.Батаа "Цанхийн орд Ухаа худагийнхаас 96 хувь илүү талбай эзэлсэн нүүрсний том орд газар. Энэ ордыг Америкийн "Пийбоди", Хятадын "Чалко", Солонгос, Оросын компиануудад тендер зарлаад олон улсын үйлдвэр байгуулна гэж байна. Энэ салбарын мэргэжилтний хувьд би үүнийг улстөрчдийн бүтэлгүй, ашиггүй сонголт гэж хэлнэ.
Яагаад гэвэл Баруун, Зүүн Цанхийг шугамдаад хуваалаа гэхэд нүүрсний олон үе давхарга бий. Хоёр улс нэг нийлмэл газар хоёр үйлдвэр байгуулбал маргах юм их»гарна. Хэн нь хөрсийг хуулах вэ. Хэн нь тэр хэсгийн нүүрсийг авах вэ гэх мэт. Нэгдүгээр хүндрэл нь энэ. Хоёрт, Цанхийн уурхай гүнзгийрнэ. 250 метр, түүнээс доош 300-400 метрийн гүнд хүрэхэд тэнд олон техник ажиллана, агаар бохирдоно. Цанхийн ордыг олон газар.т хувааж ашиглавал олборлосон ашигт малтмалаа өөр өөрсдийнхөөрөө тээвэрлэж таарна. Хэрэв нэг удирдлагатай бол нэгдсэн аргаар бүх л ажиллагаа зохицуулагдана. Нэг нийлмэл ордод олон тусдаа уурхай ажиллаж байна гэж би хувьдаа дуулаагүй. Харин нэг нийлмэл ордод олон тусдаа үйлдвэр байдгийг мэднэ. Жишээлбэл, Донбасс нэг удирдлагатай 30 гаруй уурхай байсан. Нөгөө талаар Тавантолгойн коксжих нүүрсний бассейн гэж бий. Үүнийг манайхан орд газар гэж хэлээд байгаа юм. Ашигт малтмалын хэд хэдэн бүлэг ордыг нийлүүлээд бассейн гэдэг. Дээр үед Донбассын бассейн гэж байсан. Украины Донецкийн бассейн гэсэн үг л дээ" гэв. Энэхүү яриаг оруулсны учир нь "том" хөдлөхөөсөө өмнө сайн бодох нь чухал гэсэн санааг хэлэх гэсэн юм.
Монгол нэг тонн нүүрсээ 60 ам.доллараар экспортолж байна
Тавантолгойн ордын Зүүн Цанхийн ордын олборлолт эхэлснээс хойш нийтдээ дөрвөн сая гаруй тонн нүүрс Хятад руу гаргажээ. "Тавантолгой" компанийн удирдлагуудын хэлснээс үзэхэд одоо нэг тонн нүүрсээ урагш нь 60 ам.доллараар борлуулж байна. Өөрөөр хэлбэл нүүрсний үнэ хоёр дахин уначихаад байгаа нь энэ юм. Одоо компаниуд аргагүй эрхэнд л хөдөлж байна. Учир нь бид Хятадын
"Чалко" компианаас зээлж авсан 350 сая ам.долларын өр бий. Оны эцэс гэхэд 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрсийг урд хөрш рүү гаргасан байх ёстой. Мөн төслийг анх эхлүүлэхэд дотоодын банкуудаас авсан 130 сая ам.долларын зээл төлөгдөөгүй дуулдана. Энэ зээл нь жилийн 16 хувийн хүүтэй. Ингээд бодохоор нүүрс олборлогч компаниуд санхүүгийн чадавхын хувьд ямар их суларсан нь харагдаж байна. Ганц найдах юм нь одоо Хятадын эдийн засаг түргэн сэргэж, нүүрсний эрэлт ихсэн, экспортын үнэ аажим аажмаар нэмэгдээсэй билээ гэх залбирал л үлджээ.
Нэгж зардал нь тонн тутамд 10 ам.доллар
Саяхан "Rersourse Investment Capital" хөрөнгө оруулалтын компани мэдээлэхдээ: "Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй ”Тавантолгой" ХК нь дэлхийн хэмжээнд хамгийн хямд зардлаар коксжих нүүрс олборлодог. Хятад улсын хилтэй ойрхон оршдог нь давуу тал юм" гэжээ. Тус уурхайн нэгж зардал нь тонн тутамд 10 ам.доллар байгаа нь олон улсын дунджаас 5.5 дахин бага байгаа аж. 2010 онд коксжих нүүрсний экспортоор улсдаа тэргүүлж байсан тус компани дотоодын хөрөнгийн бирж дэх хамгийн том үнэлгээтэйд тооцогддог байна. Дашрамд хэлэхэд ”Тавантолгой" ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймгийн орон нутгийн засаг захиргаа, 24 хувийг "Ажнай" корпораци, 21 хувийг "Ээрмэл" ХК эзэмшдэг аж.
Зөвхөн ганц модны хилийн боомт хүргэнэ
Мөн Монголын томоохон нүүрс олборлогчдын нэг "Mongolian Mining Corporation" Хятадын "Jinan Lron 8 Steel" гурпптэй "Jigang" групп таван жилийн хугацаатай нүүрс нийлүүлэлтийн гэрээ байгуулжээ. Тус компани "Shandong Lron 8 Steel" группийн охин компани юм байна. Өнгөрсөн долоо хоногт байгуулсан гэрээний хүрээнд ММС Хятадын гангийн компани "Jigang Group””-т таван жилийн хугацаанд жил бүр 500 мянгаас хоёр сая тонн хүртэл коксжих нүүрс нийлүүлэх үүрэг хүлээх аж. Харин "Jigang Group" гэрээний хугацаанд ММС-ийн нүүрсийг зах зээлийн үнээр худалдаж авахаар тогтжээ. Гэхдээ ММС-ийн хувьд нүүрсээ зөвхөн Ганц модны хилийн боомт хүргэх бөгөөд боомтоос цааш "Jinan””-ы гангийн үйлдвэрт нүүрс хүргэх үүргийг "Cong Lin Transourse international investment" компани хүлээжээ. ММС-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл хоёр талын аль алинд нь ихээхэн ашигтай гэрээ болсныг тэмдэглэхийн сацуу ММС-ын найдвартай нийлүүлэгч гэсэн байр суурийг бэхжүүлсэн үйл явдал болсныг онцолжээ.
Австралийн коксжих нүүрсний үнэ 330 ам.доллараас 165 болж унав
Сүүлийн үед дэлхийн эдийн засгийн байдал тодорхойгүй байгаагийн улмаас коксжих нүүрсний үнэ багагүй хэмжээгээр унаж байгаа. Австралийн нүүрсний үнэ өнгөрсөн оны эхээр нэг тонн нь 330 ам.доллар хүрч байсан бол одоо 160 гаруй ам.доллар болтлоо буураад байна. Гэхдээ энэ үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд нэлээд дээгүүр үнэд тооцогдож байна. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар, хэдийгээр коксжих нүүрсний үнэ сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд тонн нь 10-20 ам.доллараар өсч, 165 ам.доллар болсон ч энэ нь түр зуурын үзэгдэл бөгөөд ойрын хугацаанд нүүрсний үнэ төдийлөн өсөхгүй ажээ. Гэтэл шинжээчдийн нөгөө хэсэг нь Хятадын Засгийн газрын хийж буй алхмын дүнд тус улсын эдийн засгийн өсөлт эргээд эрчимжих төдийгүй коксжих нүүрсний үнэ үргэлжлэн өснө гэж мэдээлж байна.
Ш.Батцогт
Эх сурвалж: Улаанбаатар таймс
Сэтгэгдэл ( 0 )