Хариуцлагагүй уул уурхай: 69 мянган хүнийг тосонд живүүлсэн Шелл

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 14

 Дэлхийн уул уурхайн салбарын ангуучид газар доорх баялгийг жинхэнэ мөнгө болгож урсгахын төлөө улайран зүтгэх зуураа тухайн бүс нутаг, хот суурины амьдралыг орвонгоор нь эргүүлсэн харамсалтай жишээ цөөнгүй. Харьцангуй шинэ тутам хөгжиж буй уул уурхайн салбартаа ихээхэн итгэл үзүүлж буй манай тухайд баялгийн төлөөх ангуучдын золиос болж үлдэхгүйн тулд хариуцлагатай байх ёстой. Тэр талаар мэдэж байх эрхтэй. Тиймээс ч “Хариуцлагагүй уул уурхай цуврал” ыг хүргэхээр боллоо. Ингээд  Нидерланд, ИБУИНВУ д бүртгэлтэй газрын тосны Шелл компанийн золиос болсон Нигер Делтагийн Бодогийн талаарх мэдээллийг хүргэе. Бодогийн ард иргэдийн амьдрал, байгаль орчныг сүйтгэсэн хариуцлагагүй асуудал хэдийнэ Олон Улсын Эмнести Интернэшнл байгууллагын анхааралд орж, тус байгууллагын зүгээс тэмцэл өрнүүлээд тодорхой хугацаа өнгөрчээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэлх хугацаанд Бодочууд тосонд нэвчсэн хэвээрээ, харин Шелл компанийн зүгээс цаг хожсон үйлдлүүд хийсэн янзаараа байгаа аж. 2012 оны есдүгээр сард тус компанийн зүгээс мэдээлэл хийхдээ Бодо нутагт асгарсан газрын тосыг цэвэрлэж дууссан гэж байсан юм. Гэтэл Нигерийн засаг захиргааны зүгээс энэхүү мэдээллийг үгүйсгэжээ. Ингээд чухам юу болсныг өгүүлье. Энэхүү мэдээллийг Олон Улсын Эмнести Интернэшнл байгууллагын мэдээлэлд тулгуурлан хүргэж буйгаа тодотгох нь зөв болов уу.

Нигер Дельтад хэдэн зуун жилийн туршид загас агнаж, газар тариалан эрхэлж амьдарч ирсэн Бодогийн 69 мянган ард иргэд 5 жилийн өмнөөс газрын тосонд нэвчин бохирдсон газар нутаг, гол горхиныхоо дэргэдээс дайжихаас өөр аргагүй болжээ. Бодо хотын Огони орчимд  үйл ажиллагаа явуулдаг газрын тосны Шелл компанийн тоног төхөөрөмжийн эвдрэлээс болсон удаа дараагийн ослын улмаас газар нутаг, гол горхи тосонд нэвчсэн тул иргэд нь загасчлал,  газар тариалан гэх уламжлалт амьдралын хэв маягаараа амьдрах аргагүй болсон байна. Улмаар хүнсний бүтээгдхүүний үнэ тэнгэрт хадаж, хомсдол нүүрлэж Бодочууд ядуурал, өлсгөлөн, өвчлөлд нэрвэгдэж эхэлжээ.

Шелл компанийн газрын тос дамжуулах хоолой 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдөр цоорч мянга мянган баррель газрын тос нутгийн гол руу асгаран орсон гэдэг. Газрын тос наймдугаар сарын сүүлчээс арваннэгдүгээр сарын 7 ны өдрийг хүртэл асгарсаар байж. Тэр хугацаанд Бодо хавийн газар нутаг бохирдсоор байв. Харамсалтай нь 2008 оны 12 дугаар сард дахин газрын тос асгарч эхэлсэн бөгөөд 10 долоо хоног үргэлжилсэн аж. Тэр хугацаанд Бодо орчмын газар нутагт асгарч, бохирдуулсан газрын тосны хэмжээний талаарх шинжээчдийн дүгнэлтүүд зөрүүтэй.

Хэргийн эзэн Шелл компанийн албан ёсны шинжээчдийн дүгнэлтээр бол 1640 баррель газрын тос асгарсан гэх. Харин хөндлөнгийн үнэлгээгээр 72 өдрийн туршид 103,000-311,000 баррель газрын тос асгарсан гэж буй бол АНУ-ын Аккуфактс Инк  байгууллагын үнэлгээгээр Бодо орчмын газар нутагт өдөрт 1440-4320 баррель газрын тос асгарч байсан гэх тоо гарсан нь үнэхээр цочирдохгүй байхын аргагүй байгаа юм. Мөн Шелл компанийн  дүгнэлтээр газрын тос дамжуулах хоолойны гэмтлээс болж 2008 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн газрын тос асгарч эхэлсэн гэж байгаа бол Нигерийн хууль сахиулагчид 2008 оны 8 дугаар сарын 28-аас эхэлсэн гэж баталдаг аж.   Шелл компанийн мэдээллээр бол  11 дүгээр сарын 7 ны өдөр хүртэл 4 долоо хоног, ард иргэд, орон нутгийн удирдлагуудын мэдээлснээр бол 10 долоо хоногийн туршид газрын тос асгарах явдлыг зогсоогоогүй гэсэн мэдээлэл бий.

Харин Аккуфактсын шинжилгээний дагуу хамгийн бага хэмжигдэхүүнийг ашиглан Бодо орчмын нутагт асгарсан газрын тосны хэмжээг тооцоход, Шелл компанийн удаа дараа мэдээлж байсан хэмжээнээс даруй 60 дахин илүү байгаа нь үнэлгээний зөрүүтэй байдлыг илтгэж байна гэсэн мэдээллийг Эмнести Интернэшнлийн Дэлхийн хэмжээний асуудал хариуцсан захирал Аудрей Гауран хийсэн байна. Мөн тэрээр “Шелл компанийн мэдээлсэн өдрөөс эхэлж газрын тос асгарсан гэж үзсэн ч нийт асгарсан хэмжээ асар их байгаа юм” гэж мэдэгдсэн. Хэрэв  асгарсан тосыг литрээр хэмжвэл Шеллийн дүгнэлтээр 260,000 гаруй литр, харин Аккуфактын тогтоосон хамгийн бага үзүүлэлтээр мөн Шелл компанийн мэдээлсэн өдрөөр тооцоход 7,8 сая литр, орон нутгийн удирдлагууд, нутгийн иргэдийн мэдээлснээр 49 сая литр газрын  тос Бодогийн нутагт асгарсан гэсэн тооцоо гарч байгаа аж.

Тэрчлэн Эмнести Интернэшнлийн зүгээс Шелл компанид хандаж удаа дараагийн шаардлага тавьсаар иржээ. Тухайлбал, Бодогийн бохирдол нутгийн иргэдэд нөлөөлж байгаа асуудалд хяналт шалгалт хийх, цэвэрлэх үйл ажиллагаа явагдаж байгаа эсэхийг баталгаажуулахыг хүсэх. Цэвэрлэх үйл ажиллагааны талаарх бүх мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлж байх тухайгаа амлахыг шаардах. Бүрэн дүүрэн нөхөн төлбөр олгохыг шаардах. Нигер Дельтагийн газрын тосны компаниудын үйл ажиллагаа хяналттай, бохирдлоос урьдчилан сэргийлэх сэргээн засварлалт хийгдсэн байх, цэвэрлэх ажиллагааг яаравчлах, ил тод байхад анхаарал хандуулан баталгаажуулахыг хүссэн шаардлагыг тус компанид тавихыг олон улс даяарх хүний эрхийн байгууллагуудаас хүсдэг. Тэрчлэн холбогдох байгууллагуудын зүгээс Шелл компанид удаа дараа шаардлага тавьж ирсэн байдаг.

Харин Шелл компанийн зүгээс  2008 онд Нигер Делтад асгарсан газрын тосны  85% нь хорлон сүйтгэх санаатай үйлдэл гэж үзэж байсан боловч дараа нь үйл ажиллагааны алдаанаас болсныг тогтоосон хэмээн хүлээн зөвшөөрчээ.   Эмнести болон Хүрээлэн буй орчин, хүний эрх, хөгжил төв нь газрын тос асгарсан талаарх шинжээчдийн дүгнэлтэнд бусад ноцтой алдаа байгааг илрүүлж, дахин хөндлөнгийн хяналтаар оруулах, газрын тосны компаниудад иймэрхүү хэрээс хэтэрсэн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч буй системийг таслан зогсоохыг удаа дараа шаардаж буй юм.

Гол нь Бодод газрын тос асгарснаас хойш хэдэн жил болсон ч Шелл компани бүрэн цэвэрлэгээ хийх, хохирсон олон нийтэд нөхөн төлбөр төлөх эсэх талаар арга хэмжээ авагдаагүй байгаа аж. Тус компанийн зүгээс 2009 оны тавдугаар сард Бодогийн ард иргэдэд хүнсний тусламж үзүүлсэн ч, тэр нь элсэнд дусал ус дусаасантай ижил зүйл болоод өнгөрчээ. Тэрчлэн Бодо дахь Нигерийн ард түмэн шударга ёсыг тогтоохын төлөө олон жил тэмцэж буй бөгөөд Их Британийн шүүхэд хандсан аж. Гэвч төдийгөөс өдийг хүртэлх хугацаанд Шелл компани бохирдолыг цэвэрлэхэд биш хэвлэл мэдээллээр бамбай хийх сонирхолтой байгааг, асуудал шийдэгдэхгүй удааширч байгаа нь   Бодогийн ард иргэдийн амьдралыг улам бүр хүндрүүлсээр байгааг олон улсын хүний эрхийн байгууллагуудын зүгээс мэдэгдсээр байгаа юм. Ямартай ч Бодогийн асуудал бол тухайн компанийн хариуцлагатай шууд холбоотой асуудал гэдгийг тэд хэлж, хариуцлага тооцохыг шаардсаар байгаа юм.

“Хариуцлагагүй уул уурхай”  цуврал үргэлжилнэ.

Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top