Дэлхийн нүүрсний зах зээлтэй хамт өсье

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 14

 

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор  сүүлийн арван сарын хугацаанд нүүрсний эрэлт хумигдаж байгаа нь манай улсын нүүрсний экспортод эрсдэл дагуулсан. Гэхдээ л энэ оны прогнозыг харахад 30 сая тонн нүүрс экспортод гаргана гэсэн тооцоолол байгаа нь таатай мэдээлэл юм. Цаашлаад 2025 он гэхэд 100 сая тоннд хүрнэ гэсэн гэгээтэй прогноз байна. Ерөөс дэлхийн нүүрсний зах зээл дээр бид томоохон тоглогч болох тухай энд яриад байна гэсэн үг билээ. Тэрчлэн нөхцөл байдлыг бид өөрсдөдөө хэрхэн ашигтайгаар эргүүлэх вэ гэдэг талаасаа харвал яах аргагүй дэд бүтцийн ухаалаг шийдлүүд бидний хүлээж байгаа. Харин гадаад талын хүчин зүйл болох дэлхийн нүүрсний зах зээлийн хандлагын тухайд өөр хамаарал яригдах юм. Ямартай ч эл ашигт малтмалын зах зээлийн хэтийг харахын тулд мэргэжилтнүүдийн байр суурийг анхаарах хэрэгтэй юм. Одоогийн байдлаар дэлхийн нийт энергийн эх үүсвэрийн 35 хувийг  газрын тос эзэлж байгаа ч, түүний ноёрхол удахгүй дуусч, нүүрс дахин тэргүүлэх болно гэж шинжээчид харж  байгаа юм. Нүүрс бол дэлхийн цахилгаан эрчим хүчний хамгийн том түүхий эд. 2008 оны байдлаар дэлхийн нийт баттай нүүрсний нөөц нь 826 тэрбум тонн байсан нь өнөөгийн үйлдвэрлэлийн түвшинд 122 жил ашиглагдахаар нөөц аж. Хэрэглээний хувьд олборлосон нүүрсний ихэнх нь цахилгаан үүсгэх дулааны станцууд руу явдаг байна. Мөн  Аж үйлдвэрийн зориулалтаар төмөрлөгийн үйлдвэрлэлд ган хийх явцад бас их хэмжээгээр ашиглагддаг. Дэлхийн нүүрсний хэрэглээ 1981 оноос хойш жилд дунджаар 2 хувиар өссөөр ирсэн бөгөөд энэ өсөлт нь хурдсах төлөвтэй байгаа.

2008 оны байдлаар хамгийн том нүүрсний үйлдвэрлэгч орнууд болох  Хятад, АНУ, Энэтхэг,  Австрали нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн 70 орчим хувийг гүйцэтгэж байсан бол хамгийн том хэрэглэгчид болох Хятад, АНУ, Энэтхэг ба Герман улс дэлхийн нийт хэрэглээний 67 хувийг эзэлж байв. Хэдийгээр дэлхийн дулаарлыг багасгах үүднээс нүүрсхүчлийн хийг хамгийн ихээр ялгаруулдаг нүүрсний аж үйлдвэрийн үйл ажиллагааг хязгаарлах тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа ч,  тэдгээр нь нүүрсний хэрэглээг дорвитой багасгаж чадах хүртэл даруй 20 жилий хугацаа шаардлагатай гэдгийг шинжээчид хэлж байгаа юм. Ер нь бол нүүрс болон  газрын тосыг орлох сэргээгдэх эрчим хүчийг бий болгох нар, ус, салхины технологиудын үр ашигтай хэрэглээг нэвтрүүлтэл тодорхой  хугацаа шаардагдах юм. Тиймээс ч нүүрсний эрэлт хэрэгцээ энэ хугацаанд их хэмжээгээр буухгүй төлөвтэй байгааг АНУ-ын Эрчим Хүчний Мэдээллийн Агентлагаас мэдэгдэж байгаа юм. Тус агентлагийн таамаглалалаар ирэх 20 жилд нүүрсний хэрэглээ 49 хувиар өсөх бөгөөд энэхүү өсөлтийн 94  хувийг  хөгжиж буй орнууд эзлэх гэнэ. Түүнчлэн манай өмнөд хөршийн нүүрсний хэрэглээ сүүлийн 10 жилийн хугацаанд ихээхэн нэмэгдээд байна. 2000 онд 2.6 сая тонныг импортолж,   103.9 сая тонныг экспортолж  байсан бол өдгөө энэ тоо олон хувиар нэмэгджээ. Тэр хэрээр манай нүүрсний зах зээл нэмэгдээд байна гэсэн үг. Гэхдээ манай нүүрсний үйлдвэрлэл, экспортын салбарт төрийн зангидсан зөв бодлого үгүйлэгдэж байгаа юм.


Э.Болор

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top