БНХАУ-ын нутгаар тээвэрлэж гуравдагч зах зээлд хүргэнэ гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 16

 

Манай уул уурхайн салбарт оруулж байгаа Хятадын хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд эрчимтэй нэмэгдэж байна. Тухайлбал, 2006 оны байдлаар 456 сая ам.доллар байсан бол 2011 оны жилийн эцэст 2.3 тэрбум ам.доллар болж өссөн нь таван жилийн өмнөхтэй харьцуулахад 5 дахин нэмэгдсэн дүн юм. Хятад улс руу экспортлож буй эрдэс баялгийн хэмжээ ч жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа юм. Манай улсын уул уурхайн салбарт оруулсан гадаадын хөрөнгө оруулалтад хятадын хөрөнгө оруулалт бүхий компаниуд тооны хувьд тэргүүлж байна гэдгийг Уул уурхайн Сайд Д.Ганхуяг Монгол, Хятадын Эрдэс Баялаг, Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны зөвлөлийн хурал дээр тэмдэглэн хэллээ. Мөн тэрээр  “Монгол улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ аль болох олон улсын стандартын түвшинд боловсруулалт хийж хагас болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нэгдсэн-нэг цонхны бодлогын хүрээнд зах зээлийн үнэд ойрхон үнээр борлуулах зорилтыг тавин ажиллах учиртай юм. Энэ тохиолдолд БНХАУ-ын худалдан авагч аж ахуйн нэгжүүд манай бүтээгдэхүүнийг бусад орноос импортлож байгаа үнээр буюу дэлхийн зах зээлийн үнэд ойролцоо үнээр худалдан авах нь ойлгомжтой юм. Монголоос уул уурхайн бүтээгдэхүүнийг хятад руу экспортлоход тулгарч буй асуудлууд тухайлбал, үнэ тарифийн болон тээврийн зэрэг асуудлыг 2 тал Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд олон улсын гадаад худалдааны жишиг, хоёр орны нөхцөл байдалд нийцсэн худалдааны эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар шийдвэрлэх шаардлагатай байгааг хэллээ.

Мөн эрдэс баялгийн эрэл хайгуул, олборлолт, ашиглалт, боловсруулалтыг цогц хэлбэрээр хөгжүүлэхээр Оюутолгойн зэс-алтны, Тавантолгойн нүүрсний зэрэг ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар эрчимтэй ажиллаж байна. Монгол улсын Засгийн газар уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын засаглалыг сайжруулж хариуцлагыг дээшлүүлэх замаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон байгаль орчны сөрөг нөлөөллийг нь олон улсын энэ салбарын тэргүүлэх стандартын түвшинд хүргэхэд ихээхэн анхаарал тавьж байна. Хятадын компаниуд ч гэсэн энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллана гэдэгт найдаж байна.

Уул уурхайн салбар өндөр хөгжсөн улс орнуудын туршлагыг судалж, өөрийн орны энэ салбарын эрх зүйн орчинг улам сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулсан “Ашигт малтмалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг бүх нийтээр хэлэлцүүлж байна. Мөн “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль”-ийг УИХ-аар баталсан. Энэ хууль нь Монгол Улс сүүлийн 20 гаруй жил баримталж ирсэн хувийн хэвшилд суурилсан зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, аливаа улс оронд байдаг стратегийн ач холбогдол бүхий салбарт тусгай зөвшөөрлийн тогтоолцоог нэвтрүүлэх бололцоог хангаж өгсөн юм.

Геологийн салбарт сүүлийн жилүүдэд хоёр орны хамтын ажиллагааны бат суурь тавигдаж байна гэж хэлж болохоор байна. Тухайлбал, Төв Азийн болон зэргэлдээх бүс нутгийн геологийн зураг, Монгол-Хятадын хилийн дагуух өндөр нарийвчлал бүхий геологийн иж бүрдэл зураг зохиох төсөл тус тус амжилттай хэрэгжлээ. Цаашид геологийн хайгуулын салбарт бүс нутгийн орд газруудын зүй тогтоцын харьцуулсан судалгаа, геологийн тоон мэдээлэллийн сан бий болгох, Төв Азийн 5 орны хамтарсан төслийн хүрээнд “Ази тивийн гүний процессууд ба металлогени” төслийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх бүрэн боломж байна.

Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ли Көцян нар уулзахдаа “Монголын өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүнүүд, тухайлбал уул уурхайн бүтээгдэхүүнийг Хятадын нутгаар дамжуулан гуравдагч оронд гаргахад хятадын тал баяртай байх болно. Монголын тал төмөр замын бүтээн байгуулалтаа хурдасгах нь далайд гарах гарцаа нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой ба эдгээр асуудлаар үргэлжлүүлэн ярилцахад бэлэн байна.” гэж онцлон тэмдэглэсэн байгаа. Тиймээс Монгол Улсаас экспортлож байгаа уул уурхайн бүтээгдэхүүнийг БНХАУ-ын нутгаар тээвэрлэж гуравдагч зах зээлд хүргэх, мөн газрын тосны бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлээс авч БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрүүлэхэд дэмжлэг авах талаар бид ихээхэн анхаарч байна” хэмээн ярьж байлаа.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top