Би чамайг л сонгож авмаар байна...

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 28

(Гоонь эрийн зүрхний өчил)

Богино өмдтэй бяцхан хүү зурагт хуудсан дээрээс над руу нухацтайхан ширтэнэ. Дэргэд нь архины лонх зурчихаж. Өндөр намаараа хоёулаа адилхан юм. Дээхэн талд нь бяцхан хүүгийн гуйлт ч гэхээр “Намайг сонгож аваач!” гэсэн бичиг байна. Магадгүй, зарим нэгнийх нь хувьд энэ зурагт хуудас тэнэгдүүхэн санагдаж ч болох юм. Гэвч би түүний дэргэд зогсоод “Намайг сонгож аваач!” гэсэн бичгээс нь нүдээ огтхон ч салгаж чадахгүй байнам...

Хүү минь, би чамайг аль эрт л сонгож авсан билээ. Тэр ч байтугай дотроо янз бүрээр өхөөрдөн нэрлэдэг байлаа.

Тэр жил миний амралт зун таарч би эцэг эхээ эргэхээр шийдлээ. Ингээд арай гэж галт тэрэгний тасалбар олж, чиний ирээдүйн ээж намайг үдэж өгөхөөр хамт ирсэн юм. Тэрээр төмөр замын буудал дээр зогсож байхдаа гэв гэнэт л намайг бүрмөсөн явж байгаа, дахин буцаж ирэхгүй мэтээр ярьж эхэллээ. Би ч тэр дор нь яриаг нь тасалж, иймэрхүү тэнэг бодлоосоо салахыг түүнд итгүүлэхийг оролдон “би зөвхөн бэлэг сэлтхэн хийсэн ганцхан цүнхтэй явж байгааг чи харж байгаа биз дээ? Бүрмөсөн явах хүн ингэх гэж үү? Би эргэж ирэхгүй байж яагаад ч чадахгүй. Тэгээд ч чи бид хоёр сайхан л амьдарч байна. Энэ бүхэн чамд таалагддаг биз дээ?” гэж асуухад тэр маань толгой дохин, дараа нь уртаар шүүрс алдсанаа “гэвч чи эргэж ирэхгүй байх аа” гэж билээ. Ингээд хэн хэн маань дуугарсангүй. Би ч түүнийг тайтгаруулах үг олж чадсангүй.   

Хүү минь, хэрэв тэр үед би чамайгаа ээжийнхээ хэвлийд бүрэлдэж буйг чинь мэдсэнсэн бол тасалбараа тэр дор нь урж хаячихаад л бид гэр рүүгээ буцах байлаа. Гэвч бүх зүйл өөрөөр эргэсэн юм. Би ч нутаг руугаа явж, харин ээж чинь үр хөндүүлэх эмчийн эрэлд гарч чамайг минь бие  махбодиосоо авахуулчихсан байлаа. Энэ тухай би амралтаар явж ирчихээд хожим мэдсэн билээ.

Одоо чи минь 17 настай байх байлаа. Би чинийхээ төлөө хичнээн их анхаарал халамж тавих байсан бол. Чи минь сургуулиа төгсөөд, цэрэгт мордох гээд л, үеийнхээ охидыг сонирхсон шиг л алхаж явах байсан биз. Миний амьдрал ч бүрэн дүүрэн байх байлаа. Гэвч одоо энэ бүхэн алга.

Дараахан нь ахин чамайгаа олох аз завшаан таарлаа. Чи минь долоохон сартай эхээс дутуу мэндлэхдээ сул дорой биетэй байснаас чамайг минь бидэнд нэлээд хугацаанд өгөөгүй билээ. Өөрийн гэсэн бичил орчинтой, ямар нэгэн тусгай саванд чи минь амьдралын төлөө тэмцэж байлаа. Бид өдөр бүр эмнэлэг рүү ирж, цонхны чинь доор зогсохоос өөрөөр чамдаа тусалж чадахгүй байсан билээ. Харин чамайгаа хүлээж авсан тэр өдөр амьдралын минь хамгийн баярт мөч байсан юм.

Гэтэл нэгэн удаа чи минь салхинд цохиулан, хатгалга тусаж, эмнэлэгт хүргэгдлээ. Би ажлаасаа ирчихээд чинийхээ халуу шатсан бяцхан биеийг элгэндээ наагаад, халуун нь надад дамжиж, чи минь эдгэрээсэй гэж залбирч байлаа. Гэвч аав нь чамдаа туслах хүчин үнэхээр мөхөсдсөн юм шүү. Хонгорхон хүү минь, чи энэ ертөнц дээр ямар ч ахархан наслав даа.Чи минь аавынхаа гар дээр хэзээ ч сэршгүй мөнх нойрссон билээ...

Би энэ удаа ч гэсэн зөвхөн чамайг сонгож авмаар байна санж. Гэвч одоо чамайг надад бэлэглэчихээр хүн амьдралд алга. Би гэргийгээ аз жаргалтай байлгаж чадсангүй. Бид үр хүүхдээсээ хагацсан зовлонгоо тэвчиж чадалгүй, ханхай гэрт маань чимээ аниргүй байдал ноёрхсоор эцэст нь чамайг надад бэлэглэж чадах байсан ээж чинь явчихсан билээ. Ингээд л би одоо гоонь ганцаараа гэлдэрч явнам...

Би зурагт хуудаснаас нүдээ арайхийн салгаад, ханцуйдаа байгаа мөнгөө чанга гэгч атган, хэзээний надад танил болсон архи пивоны дэлгүүрийн замаар сажилж эхэллээ. Хүү минь, намайгаа уучил...

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top