Төв халхын цөөн хэдэн эмэгтэй туульчийн нэг гэгддэг ерөөлч, магтаалч Д.Өлзий гуайн гарын шавь нь “Шуранхай” хамтлагийн дуучин Б.Номин-Эрдэнэ байсан гэдэг. Дунд сургуульд байхдаа энэ урлагт суралцан, тэмцээн уралдаанд амжилт гаргаж явсан ч нэг л өдөр багшийгаа орхиж оджээ. Оюутны амралтаар хөдөө явж ирэхдээ багшийнхаа захисан ээзгийг олж чадаагүйдээ ихэд ичсэн тэрбээр эргэж очихоосоо эмээсэн гэдэг юм билээ. Энэ бүхэндээ одоо хүртэл харуусч явдаг уртын дуучин бүсгүй багшдаа мэнд хүргэж, уучлалт гуйх юмсан гэж хүсдэг тухайгаа ний нуугүй ярьсан байдаг. Харин багш нь түүнийг хэдийнэ уучилсан бөгөөд ардын урлагаа өвлүүлж үлдээх гарын шавь цөөхөн байгаад харамсдаг гэжээ.
Сонирхуулахад, Д.Өлзий гуай ардын урлагийн наадамд урилгаар оролцох үедээ нэг л зүйлд сэтгэл дундуур явдаг аж. Учир нь, тухайн тоглолтын хөтлөгчид хэтэрхий олон хөтөлбөртэй хуваарийн дагуу түүнд богинохон хугацаанд туульс хайлах “тушаал” өгдөг гэнэ. “Монгол ардын туульс, ерөөл, магтаал гэдэг чинь хэдхэн үгнээс бүтсэн хэврэг эд биш. Гэтэл надад ердөө гуравхан минутад багтаагаад энэ бүхнийг хий гэж зааварласан хөтлөгчтэй олон таарч байлаа. Тэд үнэндээ энэ урлагийг мэдэхгүй учраас л ингэж хандаж байгаа юм” гэж тэрбээр бухимдлаа илэрхийлжээ. Үүний сацуу эрхэм туульч маань ардын урлагийг орчин үеийн хэв маягт оруулж байгаа нь энэ гээд хэтэрхий өөрчилж болохгүй гэж үздэг аж. Тэр тусмаа, туульсыг өөрчлөх гэсэн шавь нартаа хатуухан зэм хүртээжээ.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )