Б.Оюунгэрэл: Одоо л зөв зам руу нь чиглүүлмээр байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 13

Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчилсан эрхээ эдлэх жинхэнэ чөлөөт индэр бол  цахим ертөнц. Харамсалтай нь цахим ертөнц дэх  мэдээллийн сайтуудад хяналт тогтоож, иргэдийн сэтгэгдлийг  хязгаалахыг оролдсон тогтоолыг шинэчлэлийн Засгийн газар гаргасан нь цахим ертөнцийнхний хувьд хамгийн гуништай бас коммунист шийдвэрүүдийн нэгээр тодроод байсан юм. Монголын мэдээллийн сайтуудын ассоциаци үүнийг  хүчтэй эсэргүүцэн, удаа дараагийн  хэлэлцээрийн эцэст нийтийн эрх ашгийн талд шийдвэр гаргуулж чадсан нь эдүгээ цахим ертөнцийнхөнд ардчилсан эрхийг нь дахин олгоод буй. Энэ эрхийн төлөө тууштай тэмцсэн “Мэдээллийн Сайтуудын Ассоциаци”-ийн тэргүүн Б.Оюунгэрэлийг та бүхэнтэй уулзуулж байна.

 - Засгийн газар хоёр сарын өмнө сайтын сэтгэгдлийг “хумих” тухай тогтоол гаргасан. Үүнийг цахим ертөнцийнхөн тэр дундаа Мэдээллийн сайтуудын ассоциаци эсэсргүүцэн ХХЗХ-той хамтран ажиллаж, Санамж бичиг байгуулсннаар цахим ертөнц дэх ардчиллыг аварч үлдэж чадлаа гэж бодож байгаа. Харин таны хувьд

-Тиймээ. Засгийн газрын  2013 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар мэдээллийн сайтуудын сэтгэгдлийг хянах талаар тогтоол гарсан. Тэр тогтоолын дагуу бол уншигчид  сайтад сэтгэгдэл бичихдээ утасны дугаар юм уу, регистрийн дугаараа оруулж, үүрэн холбооноос тусгай код авч байж түүгээрээ сайтын сэтгэгдэл бичих хэсэгт нэвтрэх эрх олж авах байсан. Манай Мэдээллийн сайтуудын ассоциацийн зүгээс үүнийг эрч эсэргүүцсэн. Нэгдүгээрт, Үндсэн хуулиар иргэн бүрт олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхэнд халдсан. Хоёрдугаарт, хүний эзэмших, өмчлөх эрхэнд халдсан. Гуравдугаарт, энэ тогтоолын дагуу зохицуулахаар болвол сөрөг үр дагаврууд гарна гэж үзсэн учраас ассоциацийн зүгээс тухайн үед мэдэгдэл гаргаж, эсэргүүцлээ илэрхийлсэн.  Мэдээллийн сайтуудын ассоциаци сайтын сэтгэгдэл бичих хэсэг хүнийг гүтгэн доромжлох талбар байх ёсгүй гэдэг дээр Засгийн газартай санал нэгдэж байсан. Гэхдээ үүнийг зохицуулах өөр гарц боломж бий гэж үзэж байсан. Манай  мэдэгдэл гаргасны дараа Засгийн газар бидний гарц гэж тодорхойлоод байгаа хувилбарууд дээр анхаарал хандуулж, талууд нэг ширээнд сууж ярилцах ёстой юм байна. Аль, аль талаасаа санаа оноогоо оруулъя гэдэг үүднээс хандсан.  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн сайтуудын ассоциаци хэлэлцээрийн ширээний ард хоёр сар гаруй хугацаанд ярилцаж, хэлэлцсэн. Манай Мэдээллийн сайтуудын ассоциаци бол гишүүддээ үйлчилдэг Төрийн бус байгууллага. Тиймээс гишүүн сайтуудынхаа саналыг авч, хамгийн зөв байдлаар шийдэж болох гарц юу байна вэ гэдэг дээр тал талаас олон санал гаргасны эцэст өнөөдрийн журам гарч байгаа гэж ойлгож болно. Тодотгон хэлэхэд энэ журмыг Мэдээллийн сайтуудын ассоциаци батлаагүй. Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан. Магадгүй, энэ журамд таагүй хандах тал байхыг үгүйсгэхгүй.

Ер нь энэ журамтай холбоотой сэтгэгдлийг дахиад цэгцлэх ёстой юу, үгүй юу гэдэг асуудал давхар яригдаж байгаа. Манай Мэдээллийн сайтуудын ассоциацийн хувьд эхэнд хэлсэнчлэн цэгцлэх ёстой гэдэгтэй санал нэг. Сэтгэгдлийн мөн чанар нь иргэдийн үг хэлэх эрх чөлөөнд байдаг.  Гэтэл үүнийг буруугаар ашиглах хүмүүс бий. Хүний нэр төрийг гутаах, гүтгэн доромжлох, садар самуунд уруу татах гэхчлэн сөрөг байдлаар ашиглах байдал гардаг. Гэхдээ энэ нь маш бага хувийг эзэлж байгаа. Бага хувь эзэлж байна гээд үл тооно гэдэг бол асуудлыг улам даамжруулна.  Тэгэхээр ямар ч байсан зөв талаас нь цэгцлэх ёстой гэж үзсэн.  Тэгээд ямар ч байсан журам гарлаа. Энэ журмын гол агуулга нь сайтууд өөрсдөө сэтгэгдлээ зохицуулахад чиглэсэн. Төр оролцоод, сэтгэгдлээ хас, нэм гээд заагаад байхгүй гэсэн үг.

-Төр оролцохгүй болсон нь тун сайн хэрэг. Гэхдээ сайтууд үүнийг өөрсдөө зохицуулах журамтай болсонд  сэтгэл хангалуун байгаа юу? 

-Сэтгэл хангалуун байгаа. Анх тогтоол гарч байхад  их хэцүү байсан. Ямар ч байсан одоо төр оролцоод шийдээд явах биш бид өөрсдөө шийддэг болно гэдэг нь  бидний ажлын үр дүн гарч байна гэсэн үг.

-Сайтууд  ямар аргаар зохицуулах талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Нэгдүгээрт, хэн нэгэн хүнийг гутаан доромжилсон, ёс бус үг хэллэгийг үг  шүүлтийн системээр цэгцлэнэ. Өмнө нь энэ арга байсан. Гэхдээ гарын таван хуруунд багтахаар цөөн тооны сайт хэрэгжүүлдэг байсан. Харин одоо энэ журам мөрдөгдөөд эхлэхэд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх сайтууд мөрдөнө. Хоёрдугаарт, IP хаягийг ил гаргах асуудал. Өмнө нь мөн энэ арга байсан. Гэхдээ бас бүгдээрээ дагаж мөрдөж хэвшүүлээгүй. Гуравдугаарт, сэтгэгдэл бичих хэсэгт зочны хэсэг гэсэн тусгай цонх нээгдээд ордог байж болно. Зарим нь фэйсбүүк логин хийдэг. Эсвэл имэйл хаягаа бүртгүүлээд ордог аргыг бүгдээрээ нийтлэг мөрддөг байхаар болж байна. Уншигч сэтгэгдэл бичихдээ өөрийнхөө нэрийг бичиж болно. Нууцалж бас болно. Эсвэл имэйл хаягаа бичиж болно. Журам энэ сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ. Бид хуультай нийгэмд амьдарч байгаа. Дагаж мөрдөх ёстой хууль журмаа дагаж мөрдөх үүрэгтэй.

-Эдгээр аргууд үр дүнд хүрч  чадах болов уу?

-Сэтгэгдлийн тоо зах хязгаараа алдчихсан юм биш шүү дээ. Нэг сайтад өдөрт тодорхой тооны л сэтгэгдэл орж байгаа. Тэгвэл сайтын Удирдлагын хэсэгт  бүх сэтгэгдлийн жагсаалт гээд гараад ирнэ. ХХЗХ-ноос баталсан журамд  сайтын хүлээх үүрэг гэсэн хэсэг байгаа. Тэнд зааснаар дайн байлдаан, садар самуун, улс орны аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний уриалан дуудсан сэтгэгдэл байвал тухайн сайт сэтгэгдлийн жагсаалтаа харж байгаад, шүүгээд устгадаг байх юм. Үүнд бол нэг их цаг зав, ажиллагаа орохгүй.  10-15 минутын л ажил орох байх. Мэдээж тийм сэтгэгдэл өдөр болгон орж ирэхгүй.

 Хоёрдугаарт,  хэн нэгэн хүн өөрийгөө сэтгэгдлээр гутаан  доромжлуулчихлаа гэж үзвэл тухайн сайтын редакци руу хандаад авахуулах боломжтой. Танай сайтын тийм мэдээний доор намайг доромжилсон байна аа гэхэд тухайн сайтын редакци тэрхүү сэтгэгдлүүдийг нь аваад өгдөг ёс зүйтэй байхаар тусгасан.

Ер нь бол IP хаягаар сэтгэгдлийн эзнийг олох боломжтой. Гэхдээ яг тэр оффисын тэдэн давхрын тэр ширээний ард сууж байгаа хүн гэж олохгүй. Өнөөдөр Монголд IP хаяг ямар хэмжээнд хөгжсөн билээ. Монгол Улсад маш цөөхөн IP хаяг байна. Тэгэхээр IP хаяг бол тэр tower-ийн тэдэн давхар хавьд л гэсэн маягаар заана. Харин шаардлагатай бол цагдаа, тагнуулынхан тэнд нь орж ажиллах ёстой болно. Магадгүй сэтгэгдлээр хэн нэг хүний нэр төрд халдаад зогсохгүй, гэр бүлд нь заналхийлвэл, хүүхдийг нь тэд дүгээр сургуулийн  тэд дүгээр ангид сурдаг гэхчлэн илтэд заналхийлсэн байвал тэр IP –г нь цагдаагийн байгууллагад гаргаж өгөх нь бидний үүрэг. Харин  IP хаягаар хэрхэн  олж, илрүүлэх нь цагдаагийн байгууллагын асуудал болно.

-Веб сайтыг өнөөдрийг хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж хуульчлан зөвшөөрөөгүй. Гэсэн атлаа цахим мэдээллийн хэрэгсэл телевиз, сониноос илүү хурдтайгаар мэдээлэл түгээж байна. Тэгэхээр цаашид цахим eртөнц дэх мэдээллийн сайтуудын эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай санагддаг.

-Веб сайтыг одоогоор хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцоогүй. Гэхдээ аливаа веб сайтад   хувь хүний нэр төртэй холбоотой  мэдээлэл гарлаа гэхэд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу асуудал явдаг.  Дөнгөж гарч ирж байгаа энэ салбар эрх зүйн орчны хувьд таатай бус. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд эрх зүйн орчин, программ хангамж, мэргэшсэн боловсон хүчний асуудал гэхчлэн олон зүйлийг хийх хэрэгтэй. Бид уламжлалт сэтгүүл зүйгээс  шинээр  хөгжиж буй салбар руу орж байна. Гэхдээ дэлхий нийтийн хөгжлийн хандлагаас хоцролгүй л ажиллаж байна. Хууль эрх зүйн орчны хувьд өнөөдөр хамгийн тулгамдаж байгаа асуудал бол оюуны өмчийн тухай юм.

Цахим сэтгүүл зүйн талбарт сэтгүүлчийн бүтээлийг, зохиогчийн эрхийг, бүтээлийг  хэрхэн хамгаалах вэ, эрх зүйн хувьд хэрхэн баталгаажуулах вэ гэдэг асуудал оюуны өмч тал дээр илүү анхаарал татаж байна.  Хэвлэл мэдээллийн салбарын бүтээгдхүүнүүдээс ярилцлага, нийтлэл, фото зураг оюуны бүтээлд ордог. Харин мэдээ ордоггүй. Гэтэл тухайн редакци мэдээ үйлдвэрлэхийн тулд ихээхэн хөрөнгө зарж байна. Сэтгүүлчдийг ажиллуулж байна. Сэтгүүлчид нь халуунд халж, хүйтэнд хөрж, байж олж ирсэн мэдээлэлдээ тодорхой цаг хугацааг зориулж, боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгодог. Үүнийгээ нийтлээд эргээд харахын хооронд л тэр мэдээг нь өөр бусад сайтууд зүгээр л copy, paste хийгээд л  тавьчихдаг нь шударга биш шүү дээ. Нэг талаас мэдээг оюуны өмч гэж үзэхэд  өрөөсгөл байж болох. Хэвлэлийн хурал боллоо гэхэд агуулга нь нэг. Гэхдээ сэтгүүлчдийн бичиж байгаа хэлбэр, үгийн сонголт, харах өнцөг өөр. Тэгэхээр  нэг талаас сэтгүүлчийн бүтээл болоод байдаг. Гэтэл хуулиараа тооцогддоггүй. Үүнээс үүдээд энэ салбарт оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудал хурцаар хөндөгдөж байна.
Тэгэхээр эхний ээлжинд Шударга өрсөлдөөний хуулийн дагуу асуудлаа шийдвэрлэж болох болов уу гэж бид харж байна. Тухайн мэдээг “үйлдвэрлэж” уншигчдад хүргэх хүртэл цаг зав, хөрөнгө мөнгө орж байна. Тухайн сэтгүүлч гадуур явж гурван цагийн хугацаа зарцуулсан байхад тэрийг бусад нь гуравхан секундэд хуулаад тавьчихаж байгаа нь шударга өрсөлдөөн биш Хуулж тавьж байгаа нь мөнгө ч зарахгүй, оффис ч байхгүй гээд яривал олон асуудал бий. Тиймээс ч манай Ассоциаци оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудал дээр түлхүү анхаарч ажиллана гэж бодож байгаа.

- Тийм шаардлага  бий  гэдэгтэй санал нийлж байна. Оюуны өмчийн тухайд үнэхээр бодох зүйл их бий. Өөрийн гэсэн сэтгүүлчгүй, оффис ч байхгүй сайтуудыг  мэдээллийн хэрэгсэл гэхэд бас хэцүү л дээ.

-Онлайн орчинд цаг хугацаа, орон зай, хил хязгаар гэдэг юм байхгүй болчихлоо. Хурд, хамрах хүрээний хувьд асар өргөн байна. Монголд эхлэл төдий хөгжиж байгаа хэрнээ л ийм байна. Цаашид техник технологийн хөгжлөө дагаад улам л томорно. Манай ассоциацийн зүгээс онлайн салбараа, сайтыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцуулах тал дээр ажиллана. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцуулахаас өмнө бидэнд дотооддоо хийх ажил байна. Дөнгөж хөгжиж эхэлж байгаа энэ салбарын талаар олон нийт ярихдаа сайт гэж зах замбараагаа алдлаа гэдэг. Иргэдийн хувьд хаанаас нь мэдээ унших ёстой вэ. Хэнд нь мэдээгээ өгөх ёстой вэ гэдэг дээр эргэлзээтэй хандах явдал бий. Тэгэхээр би дахиад л түрүүн ярьсан  Оюуны өмч, Шударга өрсөлдөөний асуудал руугаа эргэж орох гээд байна л даа. Нэг хэсэг нь хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрөө зарцуулаад ажиллаад, контент үйлдвэрлээд байхад нөгөө хэсэг бүлэг нь тэрийг хуулах л ажил хийгээд байгаа хоёрт асар их ялгаа байгаа.

Хүмүүсийн төдийлөн хардаггүй бас нэг ялгаа байдаг. Тэр нь хариуцлагын асуудал. Хөрөнгө гаргаад, редакци ажиллуулаад, сэтгүүлч ажиллуулаад, контент үйлдвэрлээд тавьчихсан хүн хариуцлага ч хүлээдэг, эрсдэл ч үүрдэг. Харин хуулж тавьсан хүнд хариуцлага хамаагүй байдаг. Хөрөнгө, цаг зав зараагүй тэд нарт эрсдэл наалддаггүй. Магадгүй  тодорхой бус эх сурвалжтай мэдээ оруулчихлаа гээд бодоход тухайн мэдээлэлтэй холбоотой талаас хандаад, нийтэлсэн мэдээллээ дахин нягтал гэхчлэн асуудал үүслээ гэж бодъё. Тэгэхэд тэрхүү мэдээллийг олж, боловсруулж, нийтэлсэн анхдагч сайт л хариуцлага, эрсдлийг хүлээнэ үү гэхээс тэндээс хуулж авсан сайт бол манайх биш тэдний мэдээ гээд л байж байна.

Бүр эсвэл өөр сайтын мэдээ, мэдээллийг өөрийнх юм шиг авч байршуулчихаад түүгээрээ бусдыг шантаажилж, ашиг олж,  бизнес хийж байгаа нэг хэсэг байна. Дөнгөж хөгжиж эхэлж байгаа салбараа өөрсдөө ингэж бохирдуулаад байж болохгүй. Одоо л зөв зам руу нь чиглүүлмээр байна. Тэгж байж бид нарт эрүүл саруул бизнес хийх орчин бүрдэнэ шүү дээ.

Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлагад “Вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид тавигдах нөхцөл шаардлага”-ыг тусгайлан заасан байна билээ. Үүнд “Хэрэглэгчийн хандалтын дундаж нь нэг сарын хугацаанд өдөрт гурван мянгаас давсан тохиолдолд Зохицуулах хороонд бүртгүүлнэ” гэсэн заалт бий. Үүнийг Та юу гэж ойлгож байгаа вэ?

-Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын энэ ерөнхий нөхцөл шаардлагыг 2011 онд баталсан юм билээ.  Хоёр жилийн өмнө гэсэн үг. Тухайн үед өнөөдрийнх шиг нөхцөл байдал бий болоогүй байсан. Дээрх нөхцөл шаардлагын 7.1-д өөрийн тань хэлсэн заалт бий. Мэдээллийн ямар ч сайт анх нэг хандалтаар эхэлдэг. Нэг сарын хугацаанд нэгээс зуу, цаашлаад хэдэн сарын хугацаанд зуугаас мянга, мянгаас хэдэн мянгад хүрэх нь тухайн сайтын үйл ажиллагаа, цар хүрээ менежментээс шалтгаалдаг. Тиймээс 7.1 буюу өдөрт 3000 хандалттай байж Зохицуулах хороонд бүртгүүлэх гэсэн заалтыг эргэж харах анхаарах хүсэлтийг манай Мэдээллийн сайтуудын ассоциаци Зохицуулах хороонд хүргүүлсэн байгаа.

-Өнөөдөр манайд мэдээллийн сайтуудын тоо 100 хүрсэн гэх мэдээлэл бий.  Сайтууд борооны дараах мөөг шиг хэт олширч байгаа нь зөв үү, буруу юу. Үүнийг зохицуулах шаардлагатай юу?

-Тооны хувьд олон байх тусмаа сайн. Учир нь бизнесийн өрсөлдөөн явагдана. Ер нь бид олон, цөөн гэхээсээ илүү бодит байдал дээр шударга өрсөлдөх боломж байна уу гэдэг талаас нь хараад байгаа. Бид цэвэр өрсөлдмөөр байна. Хөрөнгө мөнгөө гаргаад, хүнээ ажиллуулаад, контентоо үйлдвэрлээд явж чадаж байгаа бол болж байна. Хэдэн арваараа байсан ч, хийж чадаж байгаа бол сайн байна. Хэнд ч гэсэн энэ зах зээлд өрсөлдөх хүсэл, тэмүүлэл байж болно. Гол нь цэвэр л өрсөлдмөөр байгаа юм. Яахав, сайтуудын редакци том, жижиг гээд ялгаа бий. Зарим нь тавь, жаран хүнтэй ажиллаж байхад, зарим нь тав, зургаан хүнтэй хэрнээ сайн контент үйлдвэрлээд амжилттай ажиллаж байгаа нь ч байна. Энэ бол өрсөлдөж чадаж байна гэсэн үг. Гэтэл мэдээ хийдэг ганц ч хүнгүй мөртлөө хүний юм хуулаад тавьчихаад өрсөлдөж байна гэж ойлгож байгаа бол эндүүрэл.

- Мэдээллийн сайтуудын  ассоциацийн хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар төгсгөлд нь сонирхмоор байна. Ер нь гадаад хамтын ажиллагаанд ихээхэн анхаарч байх шиг байна?

-Манай Мэдээллийн сайтуудын  ассоциаци Португалийн сонины холбоотой хамтран харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан. Гол зорилго нь мэдээлэл цуглуулах, боловсруулах түгээх үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг аль болох түлхүү ашиглах болсонтой холбоотойгоор цахим сэтгүүлзүйн салбарт ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, аль болох тэнцвэртэй мэдээллээр хангахад оршиж байгаа юм. Түүнчлэн манай ассоциацийн шугамаар сар бүр англи хэлтэй хоёр сэтгүүлч гадаад руу явж сурах эрх нь нээлттэй байна.

Мөн манай ассоциаци france Press International олон улсын байгууллагын хоёр сургагч багшийг авчирч, долоо хоногийн сургалт зохион байгуулсан. Сургагч багш нар дэлхий нийтийн онлайн сэтгүүлзүйн стандарт ямар байх ёстой юм. Гадаад зах зээлд ямар байгаа юм. Энэ талбарт  өрсөлдөөн хэрхэн явагддаг юм. Ер нь сайтын дизайн ямар байдаг юм. Уншигчдыг яаж татах ёстой юм бэ гэхчлэн өргөн хүрээний асуудлаар манай ассоциацийн гишүүн байгууллагын мэргэжилтнүүдэд сургалт явуулсан.

Энэ байгууллагаас манайд дахиад санал тавьсан. Бид бүхэнтэй хийсэн хамтын ажиллагааны анхны алхмаа амжилттай боллоо гэж үзсэн учраас,  10 мянган еврогийн санхүүжилт бүхий төсөл дээр хамтран ажиллах санал тавьсан. Манайхыг төслөө санал болгочих, санхүүжилтийг нь өөрсдөө шийднэ гэсэн юм. Тэгэхээр Мэдээллийн сайтуудын  ассоциаци Удирдах Зөвлөлийн гишүүдтэйгээ ярилцаж байгаад хэрэгжүүлэх төслөө шийднэ.

Ер нь цаашдаа гадаад хамтын ажиллагаа илүү өргөжинө гэсэн итгэлтэй байгаа. Сайт бол зөвхөн сэтгүүлчийн асуудал биш. Бусдаас ялгаатай нь программ хангамж гэж асар том бүтэц байж байдаг. Тэгэхээр программ хангамжийн тал дээр илүү ахиж дэвшихийн тулд энэ чиглэлийн боловсон хүчнээ чадавхижуулах, бэлдэх тал дээр ихээхэн ажлууд хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

Эх сурвалж: www.mongolnews.mn

Top