Нийтлэлч ААНХАА: Долдугаар сарын 1-н бол Монголчуудын сэтгэлээсээ жагссан сүүлчийн жагсаал

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 14

Залууст тулгарах асуудал мундахгүй олон бий. Эдгээр асуудлуудыг өөрийн өнцгөөс харж яг л бидний хэлэх гэсэн санааг нийтлэлдээ буулгаж чаддаг авъяаслаг залуу бол Аанхаа юм. Тэрбээр Баабар.мн цахим хуудасны хамгийн залуу нийтлэлч. Тиймээс энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа түүнийг  урьж нийгэм, соёл урлагаас авхуулаад залуус бидэнд цаг мөч тутамд тулгарч буй асуудлуудын талаар ярилцахыг зорьлоо.  

-Хоёулаа таны бага насны талаар яриагаа эхлэе? 

Би 48 дугаар сургуульд 1-10 дугаар анги хүртлээ сурч төгссөн. Багадаа математикийн олимпиадад их оролцдог, нийслэлээс ганц нэг медаль зулгаачихдаг хүүхэд байлаа. Харин дүүргийнхээ олимпиадад нэлээн хэд түрүүлсэн шүү. Манай аав ээж хоёр шууданд ажилладаг байсан юм. Сонин их авчирдаг. Тавдугаар ангиасаа сонин дээр гарсан улс төртэй холбоотой мэдээ, Баабар ахын нийтлэл, Б.Цэнддоо ахын фельетоныг сонирхож уншдаг байсан. Тэгээд IX ангиасаа дэвтэр дээрээ ганц нэг юм бичиж оролдож эхэлсэн дээ. Намайг сурагч байх үед интернет төдийлөн дэлгэрээгүй, блог гэж байгаагүй. Тиймээс бичсэн юмнуудаа найзууддаа, ангийнхандаа уншуулдаг байсан. Тэгээд 2004 онд МУИС-ийн МКС-д элсэж 2008 онд төгсөөд хуучнаар ХҮДС-д 3 жил багшилсан. Үүний дараа өөрийн төссөн сургууль МУИС-ийн МКС-д ирж ажиллаад 2 жил болж байна даа.

-Та хэрэглээний математикч мэргэжилтэй. Мэргэжлээ хэрхэн сонгож байв?

Хэрэглээний математикч гэдэг мэргэжлийг өөрөө л сонгосон. Угаасаа математикт дуртай болохоор 10 жилээ төгсөөд МУИС, СЭЗДС хоёрт конкурс өгсөн л дөө. МУИС-ийн шалгалтанд хүссэн ангидаа орж чадахааргүй болчихвол СЭЗДС-д орно гэж төлөвлөж байлаа. Тэгээд МУИС-ийн МКС-ын конкурсэнд бүтэн оноогоо аваад хотдоо 4-т жагсаж хүссэн ангиа сонгох эрхтэй болсон. Манай МКС бол математик, программ хангамж, эдийн засаг математик холилдсон зэрэг олон чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг газар. Би аль нэгийг нь хөөе гэхээр бусад чиглэлийн мэргэжлүүдийг орхичих гээд хайран санагдаад болдоггүй. Тэгээд бодож бодож бүгдэнгийх нь уулзвар болсон хэрэглээний математикийн ангийг сонгочихсон. Тиймдээ ч математикийн бусад чиглэлүүдэд тодорхой хэмжээний мэдлэгтэй болж, өөрийн гэсэн нарийвчилсан судалгааны аргыг олох гээд л явж байна.

-Тэгвэл дунд сургуулиа төгсөж байгаа хүүхдүүдийн мэргэжил сонголтын талаар юу гэж бодож явдаг вэ?

Бүр нарийндаа бол манай дунд боловсролын системээс шалтгаалж байна л даа. Жишээ нь Монгол хэлний хичээлдээ муу байлаа гээд Монгол хэлэндээ муу гэсэн үг биш. Уран зохиолын хичээлд муу байлаа гээд зохиолч болж чадахгүй гэсэн үг биш. Хүүхдүүд яагаад мэргэжлээ зөв сонгож чадахгүй байна вэ гэхээр өөрийн авъяасаа нээж чадахгүй байгаатай л холбоотой. Өөрийнхөө яг дуртай зүйлийг олж чадахгүй байх шиг байна. Үүнээс гадна эцэг эхчүүд нь хууль, эдийн засаг, уул уурхай, барилга гэсэн чиглэлээр сурахыг шаардаж байна. Уг нь миний бодлоор авъяасгүй Монгол хүүхэд гэж байхгүй юм шүү дээ.

-Хүмүүс Г.Анхбаярыг МУИС-ийн МКС-ийн багш гэдгээр нь биш нийтлэлч Аанхаа гэдгээр нь илүү мэднэ. Та мэргэжлээ буруу сонгочихсон юм биш үү?

Буруу сонгох ч юу байхав дээ. Байгалийн ухаан, нийгмийн ухаан хоёр бол өөр өөрсдийн онцлогтой салбарууд. “20 настай хүн математикт хөгшдөнө, 30 настай хүн физикт хөгшдөнө, 40 настай хүн химид хөгшдөнө, 50 настай хүн философид залуудна” гэдэг үг бий. Нийгмийн ухаан, сэтгүүл зүй, хууль, улс төр ч гэдэг юм уу, эдгээр нь өөрсдөө хүнээс амьдралын туршлага, философи, мэдрэхүй шаарддаг. Эсрэгээрээ байгалийн ухаанд 25 нас хүртлээ шаардлагатай мэдлэгүүдээ олж авдаг. Нийгмийн ухааны 25 –тай хүн гэнэт байгалийн ухаан руу орж чадахгүй. Энэ нь 25 настай хүн спортод ид амжилт үзүүлдэгтэй адилхан зүйл. Тиймээс байгалийн ухааныг залуудаа судалчихсан хүн, хэдэн настайдаа ч нийгмийн ухаан руу орж болно.

-Спорт гэснээс ямар төрлийг түлхүү сонирхдог вэ?

Би өөрөө спортын ямар нэгэн тэмцээнд орж байгаагүй. Тэгсэн мөртлөө үндэсний бөх, хөлбөмбөг, сагсанбөмбөг гээд л спорт ихээр сонирхдог. Хааяа сумо харна.

-Хөлбөмбөг залуусын хамгийн дуртай спорт болчихлоо. Та ямар багийн фанат вэ?

Английн Ливерпүүл багийг дэмждэг. Дэмжиж эхлээд найман жил өнгөрчээ. Сүүлийн хэдэн үед манай баг тааруухан тоглож байгаа. Гэхдээ дараа жилээс гоё болчих байхаа. Шигшээ багуудаас Английн шигшээг л харна. Жеррардын тоглолтонд дуртай.  

-Хэзээнээс блог ертөнцтэй холбогдов? Хамгийн анхны нийтлэлийнхээ тухай яриач?

Би 2008 онд “FC МАХН vs Ардчилал United” гэдэг нэртэй нийтлэл бичиж байсан юм. Нийтлэлдээ хоёр намыг хөлбөмбөгийн багууд болгоод ёжилсон. Тэгээд нийтлэлээ блогтоо тавихад маш их хандалт авч, хүмүүс юун хүүхэд, юу биччихэв гэж хэсэг хугацаанд шуугиад өнгөрсөн. Үүндээ урамшаад үргэлжлүүлэн бичиж бусад блогчиддоо танигдан, санаа оноогоо хуваалцаж хоорондоо нөхөрлөж эхэлсэн. Тэгээд 2009 оны намар “76 модон хүний үлгэр” нэртэй гурван цуврал нийтлэл бичсэн юм. Тэр нийтлэл Баабар ахад таалагдаж намайг ирж уулзаач гэж урьсан. Очоод уулзахад “Бид шилдэг нийтлэлчдийн клуб байгуулж байгаа юм. Сэтгүүлч, зохиолч, блогчид гээд л янз бүрийн хүмүүс энд нэгдэж байгаа” гэж хэлсэн. Энэ клубт надаас өмнө блогчдоос Гаамп, Артанян нар орчихсон байсан. Би гурав дах нь болж орсон л доо. Шилдэг нийтлэлчдийн клубт орсноор бичлэгийн арга барилаа сайжруулж, олонд танигдаж эхэлсэн. 2009 оноос хойш нийгмийн янз янзын өнцгийг харсан, бодож эргэцүүлсэн нийтлэлийг бичиж байна.

-Нийтлэлээ яг ямар аргаар бичдэг вэ? Тухайлбал фельетонд дүр сонголт, харьцуулалт, ажиглалт, баримт чухал байдаг?

Алхаж явахад ч юм уу, орой унтах гэж байхад янз янзын санаа орж ирнэ. Тэндээс “энэ чинь нээрээ ингээд байгаа юм байна шүү” гээд л гаргалгаа гаргана. Математикч болоод ч тэр үү янз бүрийн логик дүгнэлт хийж, зүйрлэл хэрэглэдэг. Бодол харван орж ирнэ гэж байдаг шүү дээ. Тэгээд тэр харван орж ирсэн санаагаа дэлгэрүүлээд л явчихна. Тэгээд аяндаа бичихэд бэлэн болчихдог. Мэдээж зөв бодож байна уу буруу бодож байна уу гэдгээ тунгаана. Зүгээр л нэг сэтгэгдэл төрөөд, тэрийгээ шууд биччихвэл хүмүүст төдийлэн хүрэхгүй. Заримдаа гоё санаа орж ирээд “ингэж бичиж болох юм байна шүү” гэж бодож байснаа гэнэтхэн дэмий санагдаад орхих тохиолдол ч байдаг. Бичихээсээ бодох нь илүү чухал.

-Өнгөрсөн онд таны зохиолыг нь бичсэн “19” гэдэг кино дэлгэцэнд гарсан?

Сүүлийн үед хамгийн их татагдаж, дурлаад байгаа зүйл бол кино зохиол болчихоод байна. Кино зохиол гэдэг дэлгэцэнд гарах бүтээлийг үгээр буулгадаг учраас уран зохиолоос тэс өөр зүйл. Тиймдээ ч хүнээс тодорхой хэмжээний мэдрэмж шаарддаг. Мөн 20 дах минутанд үйл явдал эхэлж, 50 дах минутанд хямрал гарч үзэгчдийг татах ёстой гэх мэт өөрийн гэсэн стандарттай. Тиймээс уран зохиол шиг хүслээрээ бичиж болдоггүй. Надад ноорог болгож бичсэн, хүмүүст хүргэж чадаагүй зохиолууд хэд хэд бий. Харин дэлгэцэнд гарсан хоёр киноны зохиол дээр ажилласан байна. Өнгөрсөн хавар Б.Цэнддоо ах, Артянан бид гурав “19” киноны зохиолыг бичсэн. Киноны гол санаа нь долдугаар сарын 1-ний үйл явдал л даа. Хүмүүсийг долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа зүгээр л мэдээ уншаад ямар аймар юм болоо вэ гээд өнгөрөөх биш, харин үүнийг кино болгон харуулж, илүү мэдрүүлбэл яадаг бол гэж бодсон. Ний нуугүй хэлэхэд би энэ зохиолыг Ардчилсан намынханд заръя гэж бичсэн юм л даа. Тухайн үед сонгууль дөхчихсөн байсан учраас зарчихъя гэсэн бодолтой байсан ч Баабар ах уншаад  хоёулаа энийг кино болгоё гэсэн санал тавьсан. Тэгээд зохиолын зарим үйл явдлуудыг өөрчлөөд гурван найруулагч, гурван зохиолчтойгоор киногоо хийсэн. Харамсалтай нь миний бодож бичсэн зүйлээс арай өөр болоод ардчилал гэдэг юм нь ерөнхийдөө орхигдоод явчихсан. “19” –өөс өмнө бас нэг сериал бичиж байсан. Удахгүй Боловсрол суваг телевизээр “Хувь тавилангийн ээдрээ” нэртэйгээр 60 ангит сериал гарах байх. Энэ кинон дээр таван зохиолч ажилласан. Миний хувьд 14 ангийнх нь зохиолыг бичсэн.

-Үргэлжлүүлээд кино зохиол бичиж дэлгэцэнд гаргана биздээ?

Кино зохиол миний хувьд хамгийн хийх дуртай, сонирхолтой ажил болжээ. Тодорхой хэмжээнд мэргэшээд өөрийн гэсэн нэрийн хуудас болсон бүтээлүүдтэй болохыг хүсдэг. Мэдээж ямар зүйл бичвэл хүн таалагдахав, ямар зүйл хийвэл зарагдах бол гэдгийг бодоод хайгаад л явж байна.

-Надад ярилцах хугацаанд нэг зүйл ажиглагдлаа. Аанхаа анх 2008 оноос нийтлэлээ бичиж эхэлсэн байна. Мөн анхны кино зохиол нь 2008 онтой холбогдсон байна. Тэгэхээр долдугаар сарын 1-ний хар өдөр Аанхааг ямар нэгэн юм  бодогдуулахад хүргэсэн юм биш үү?

Долдугаар сарын 1-н бол Монголчуудын сэтгэлээсээ жагссан сүүлчийн жагсаал болсон гэж би боддог. Түүнээс хойш жагсаалд очдог хүн ч байхгүй болсон. Мэдээж жагсаал зөндөө болж байгаа ч дандаа мөнгөний, эрх ашгийн, рекет хийх гэсэн жагсаал болчихлоо. Монголчууд 1990 онд анх сэтгэлээсээ жагссан. Дараа нь 2008 онд сэтгэлээсээ дахин нэгдсэн. Магадгүй энэ явдлаас хойш Монголчууд дахин хэзээ ч сэтгэлээсээ жагсахгүй байх. Тиймээс таван хүний амь үрэгдэж олон хүн хохирсон энэхүү харамсалтай үйл явдлыг тухайн үедээ мэдээгээр цацаад өнгөрөөх биш харин цаашид ийм зүйл битгий гараасай гэдэг үүднээс хүмүүст ухаарал ойлголт өгөх хэрэгтэй юм болов уу л гэж боддог.

 

-Нийтлэлийн ном гаргасан санагдаж байна?

2011 онд өөрийнхөө хоёр жилийн хугацаанд бичсэн зүйлсээ нийлүүлээд “Би чамайг буудна” нэртэй номоо гаргасан. Номныхоо зургийг хийхээс авхуулаад олон адал явдал тулгарч байсан. Нэрийг нь хүртэл хэтэрхий этгээд өгчихсөн юм шиг санагддаг. Гэхдээ хамгийн анхны ном гэдгээрээ дурсгалтай байдаг.

-Мэдээж дахин ном гаргах нь ойлгомжтой. Ямар ном гаргах төлөвлөгөөтэй байна?

-Ном гаргах бодол бий. Одоо ном гаргавал бэлгэдэлийн чанартай биш ямар төрлийн ном зарагдахаар байна гэдгийг харж байж болно. Би зохиолч болчихоогүй байна. Яваандаа зохиолч болж магадгүй л юм (инээв). Монголчууд нэг үеэ бодвол хоёр идэхгүй хоосон хонохгүй боллоо. Үүнийгээ дагаад ном уншиж, номны борлуулалт нэмэгдсэн байна. Тэгэхээр би ямар ч байсан ном гаргана. Гэхдээ одоохондоо ч миний барах ажил биш байхаа.

-Багадаа хэр ном уншдаг байв?

Дээр хэлсэнчлэн хүүхэд байхдаа номноос илүү сонин уншдаг байсан. Бүр багадаа уншсан үлгэрийн номыг эс тооцвол дэлхийн сонгодог зохиолуудаас тоотой хэдийг л уншсан даа.

-Цахим ертөнцөд мэдээж маш олон давуу тал байна. Ном бол биет зүйл учраас бариад уншихад, компьютер хараад уншсанаас хавьгүй амьд мэдрэмж төрүүлдэг шүү дээ?

Тийм ээ. Кино театрт кино үзэх, компьютерынхаа дэлгэцнээс кино үзэх хоёр тэс өөр мэдрэмж өгдөг. Кино театр телевиз гарсан цагаас хойш устаагүй, харин ч улам сайжраад л байна. Тэрэнтэй яг адилхан компьтерийн дэлгэцнээс юм уншсанаас, хуудсаа эргүүлээд, буйдан дээрээ налайж суугаад ном унших нь хавьгүй илүү. Сонинг ч гэсэн ялгаагүй цаасыг нь үнэрлээд унших нь сайтаас мэдээ уншсанаас амттай.

-Та Фэйсбүүк, ялангуяа Твиттер тогтмол хэрэглэдэг хүн? Сошиал медиагийн талаар ямар бодолтой явдаг вэ?

Ер нь бол хэрэглээ талаас нь харах юм бол маш хэрэгтэй зүйл. Буруу талаар нь хэрэглэвэл донтуулах ч юм уу сөрөг хандлагууд бий. Би хувьдаа хүмүүсийн хоорондын харьцааг амархан болгосон зүйл гэж боддог. Хуучин цагт хүмүүсийн харилцах хүрээ бага байлаа. Зарим хүмүүс сошиал медиаг амьд харилцааг үгүй болголоо гээд л байдаг юм. Би харин ч эсрэгээрээ өөртэйгөө адилхан үзэл бодолтой нэгнийг олж нөхөрлөх боломжийг нээж өгч байгаа гэж боддог. Сошиал медиа байгаагүй бол хүмүүсийн нийгмийг таних хугацаа магадгүй тав, 10 жилээр удаашрах байсан байх. Хүүхэд, залуус архи, тоглоомонд донтдог шиг гүнзгий автчихбал мэдээж харамсалтай. Ер нь бол хүн төрөлхтөний нийгмийн нэг төрлийн хувьсалын шинж л байх.

-90-ээд оны хүүхдүүд тэвэг, гүйдэг маатаг, байвгайн чих гээд л тоглодог байлаа. Одоогийн хүүхдүүдийн хувьд бараг л ухаан орсон цагаасаа эхлээд компьютерийн ард өсч байна?

Аргагүй дээ. Тоглох талбай дээр нь барилга бариад машинаа тавьчихаад байгаа юм чинь. Сүүлийн үед хөлбөмбөгийн талбайнууд нээгдэж байна. Хүүхдүүд бодсоноос харьцангүй гайгүй тоглож байгаа байх. Гэхдээ яах аргагүй компьютерийн тоглоомууд сэтгэлийг нь татаад байна. Сэтгэл нь тэгж татагдаад байхад чи гарч хөлбөмбөг, тэвэг тогло гээд байх утгагүй л дээ. Үүнийг би айхтар буруу зөрүү зүйл гэж боддоггүй.

-Тэрийгээ дагаад хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар айхтар болж байна? Хуучин бараг л байрны орц болгон атамантай байлаа шүү дээ?

Одоо бол байхгүй болчихсон. Хүүхэд байхад ангид хамгийн өндөр биетэй сайн зодолддог нь атаман байлаа. Харин одоо үед гоё утас барьдаг, мөнгөтэй, хамгийн баян айлын хүүхэд нь ангидаа нөлөөтэй байх шив дээ. Хэдэн жилийн дараа яах юм бүү мэд. Энэ бол бидний зогсоож чадахаасаа өнгөрсөн зүйл.

-Шөнийн цэнгээний газруудын ажиллах цагийг уртасгах талаар хүчтэй яригдаж байна.Тамхины эсрэг хууль хэрэгжээд эхэллээ. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

Найзуудтайгаа пабд ганц хоёр пиво уугаад, яг гоё яриад байж байхад, зөөгч хүрч ирээд “сүүлийн захиалга” гэхээр хамгийн тэнэг сонсогддог. Бид нар ямар навсайтлаа архидаад сууж байгаа биш. Тиймээс шөнийн цэнгээний газруудын цагийг уртасгах нь зөв гэж би боддог. Энэ хууль шөнийн цэнгээний газрууд гадна дотногүй камертай байх, өндөр градустай архийг хязгаарлах зэрэг заалттай юм шиг байна лээ. Тийм учраас зөв юм болов уу гэж бодсон. Тэртэй тэргүй жинхэнэ архичид 00 цагт хаасан хаагаагүй буудалд ороод ч юм уу, гудамжинд зогсоод уучихаж байгаа л юм чинь. Тэрийг хянаж чадахгүй байж, мөрөөрөө яриад сууж байгаа найзуудын настрыг унагаан “сүүлийн захиалга” гэх хэрэггүй л байх. Тамхины хоригийг би бас зөв гэж боддог. Дэлхий даяараа тамхийг эсэргүүцэж хууль гаргаж байна. Гол нь хэрэгжүүлэх л хэрэгтэй. Хааяадаа татдаг хүмүүс байна. Манай найзуудын дунд ч ганц пиво уучихсан юм чинь ганц тамхи татчихъя гэдэг хүн бий. Энэ бол ямар ч хэрэггүй. Хий дэмий агаар бохирдуулаад л, намайг хордуулаад байна шүү дээ. Би өөрөө тамхи татдаггүй л дээ. Хажууд тамхи татаад байхаар үнэн төвөгтэй санагддаг. Сайшаалтай нь нэгэнт хориг тавьж байгаа юм чинь гээд олон хүмүүс тамхинаас гарч эхэллээ. Хааяадаа татдаг хүмүүс огт татахаа больж байна. Тиймээс энэ хориг үнэхээр хэрэгжиж чадах юм бол зөв гэж бодоод байна. Гол нь хэрэгжүүлэхийн тулд яаж, ямар арга ашиглах нь сонирхолтой байна л даа.

-Чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг вэ?

Чөлөөт цагаараа юмаа бичнэ. Айхтар хобби болчихсон зүйл бол одоогоор алга. Манай найзууд загасчилаад эхэлчихсэн гоё гээд л байгаа юм. Сүүлийн үед загасчилж үздэг юм билүү гэж бодоод байна. Гэхдээ завдал гарсангүй л дээ. Аль болох тайван байдалд байж салхинд гарах дуртай. Нүргээнтэй хөгжим, бааранд орох дургүй.

-Залуу хүний хувьд ирээдүйгээ хэрхэн харж байна. Аав ээжийнхээ насан дээр очиход манай улсын хөгжил, иргэдийн амьдрал ямар байх бол?

Удахгүй нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.доллараас давчихсан, гайгүй бийлэгжүү улс болчихно гэдэгт итгэлтэй байна. Зарим залуус 90 онд аав ээж нар овсгоотой байсан бол бид нар өдийд баян байхгүй юу гэж ярьдаг. Одоо бид нарт яг л тийм үед ирчихсэн байна. Бид өөрсдөө нүх сүв, боломжуудыг анзаарахгүй л байгаа хэрэг. Магадгүй 20 жилийн дараа амжилтанд хүрч чадаагүй байвал бидний хүүхдүүд “та 2010-аад онд овсгоотой байхгүй дээ” гэж ярих байх. Нэг үеэ бодвол хүмүүсийн амьдрал сайжраад, уламжлалаа сэргээж үндэснийхээ дээл хувцасыг цагаан сар, наадмаар өмсөж байна. Харамсалтай нь хотын өнгө үзэмж, барилга байгууламж л хэвэндээ байх шив дээ. Орон сууц, гэр хорооллын гудамжийг гаднаас нь харахад шороондоо дарагдсан хог нь хийсч хөглөрсөн бохир заваан харагддаг. Гэтэл дурын гэр хорооллын айлд ороод харахад гэрээ хөөрхөн тохижуулчихсан байдаг. Гаднаас харахад бол тэгж харагддаггүй. Тэр утгаараа хот өөрөө гоё болох хэрэгтэй байна. Түгжрээ, утаа гэх мэт хүнд асуудлаа байг гэхэд ядаж хоггүй амьдармаар байна шүү дээ. Хотын хог шороо бол шийдэгдэхээргүй түгжигдчихсэн асуудал биш. Зохион байгуулалтанд оруулаад зөв менежментээр явбал амархаан салчихна. Ер нь бол өөдрөгөөр л харах хэрэгтэй. Энэ бүхэнд хамгийн их саад болж байгаа зүйл бол авлига. Би авлига авсан, өгсөн хүмүүсийг харахаар дур гутаж үзэн яддаг. Одоогийнх шиг авлигатай чигээрээ, идэж уудаг тогтолцоотойгоо байвал нэг хүнд ноогдох ДНБ 10 мянган ам.доллар даваад ч, төсвийн долоон их наяд төгрөг хорин их наяд болоод  ч  нэмэргүй. Тиймээс манай улс авлигаасаа салчих юм бол аяндаа хөгжөөд явчихна гэж боддог.

-Үүний тулд бид ямар арга хэмжээ авах ёстой вэ? Таны бодлоор авлига гэж чухам юуг хэлээд байна?

Авлига бол дан ганц уриа явуулаад ухамсаржуулаад арилчих зүйл биш. Яагаад гэвэл нэгэнт идээд, хулгайлаад сурчихсан хүн бол мөнгөний амтанд орчихсон байдаг. Нэг өдөр мөнгө нь дуусаад дахиад л хулгай хийнэ. Тиймээс бид хүнтэй нь биш тогтолцоотой нь л тэмцэх хэрэгтэй байх. Тэрнээс биш чи муу хулгайч гээд залхаан цээрлүүлээд нэмэргүй. Бусад нь ч гэсэн тэр ингээд баригдчихлаа шүү гээд л хулгайлах аргаа улам сайжруулна уу гэхээс ухамсараараа болихгүй л дээ. Миний бодлоор мэдээллийг улам тунгалагшуулах хэрэгтэй. Тухайлбал манай хороонд 5 тэрбум төгрөг төсөвлөгджээ. Үүнийг ийм ийм зүйлд зарцууллаа гэх зэргээр мөнгөтэй холбоотой бүх мэдээлэл ил тод байлгах юм бол авлигатайгаа тэмцчихэж байгаа юм л даа. Ингэсэн тохиолдол АТГ бараг л шаардлагагүй. Яагаад гэвэл бүх тайлан тооцоо нь ил учраас идэж уусан, авлигадсан хүнийг сэтгүүлчид дор нь олно. Би дээр нийтлэл бичих гээд интернэтээс улсын төсвийн тоо баримтууд хайсан л даа. Гэтэл надад яг хэрэгтэй төслийг яаж шалгаруулсан гэдэг баримт олдоогүй. Бүр нарийвчилсан энэ дарга тэдэн төгрөг зарцуулсан гэсэн ил тод мэдээлэл байгаагүй, албархуу хэдэн тоо л байсан. Тиймээс төрийн байгууллагууд, банкуудыг нэгтгэсэн мэдээллийн том бааз, сервер сайт байгуулах шаардлагатай. Сайтанд тэр яам төсвөө ингэж зарцуулж байна, мөнгө нь тэр банкинд байршиж байна гэх зэргээр бүх мэдээллүүдийг нь ил байлгавал аяндаа хулгайгаагаасаа салчихна гэсэн үг. Хүн олны нүдэн дээр хулгай хийхгүй шүү дээ. Одоогийн нөхцөл байдал битүү, хаалттай байгаа учраас л дураараа хулгай хийж байгаа байх. 

-Оюутнууд сургуулиа төгслөө. Ажилд оръё гэхээр ажил олгогч эзэд гурван сар туршилтаар ажил гэдэг. Уг нь хөдөлмөрийн хуулинд гурван сар туршилтаар ажиллах ёстой гэсэн журам байдаггүй шүү дээ. Тэгээд гурван сар цалингүй туршилтаар явсны дараа чи манай байгууллагад тэнцэхгүй гээд халах тохиолдол элбэг байна. Ажил олгогчид үүнийгээ чанаргүй мэргэжилтэн бэлдсэн гэж их, дээд сургуулиуд руу чихнэ. Эсрэгээрээ их, дээд сургуулиуд оюутнуудаа дадлагажуулахад хөрөнгө мөнгө дутдаг гэж тайлбарладаг. Та сурган хүмүүжүүлэх салбарын багш хүн. Энэ асуудал дээр ямар бодолтой явдаг вэ?

Энэ бол ёстой хаана хаанаа л байгаа асуудал. Жишээ нь би 20 хүн ажлуулдаг компанитай байлаа гэж бодъё. Бизнесээ өргөжүүлээд дөнгөж сургуулиа төгссөн ажилтан автал ажлаа хийж чадахгүй бизнесийг минь унагаагаад байвал халахаас өөр замгүй. Эсрэгээрээ маш сайн мэргэжилтэн бэлтгэгдээд гараад ирвэл цалинг чинь өгье харин чи сайн дадлагажаад ав л гэнэ. Манай сургалтын системд дадлага дутмаг байгаа нь үнэн. Дөрвөн жил суралцах хугацаандаа ганцхан удаа л дадлага хийж байна. Ингэхдээ таньдаг байгууллагадаа очоод кофе зөөсөн болж байгаад ирдэг. Яг үнэндээ оюутнууд өөрсдөө хаана очиж, яаж дадлагажихаа сайн ойлгохгүй байх шиг байна. Бусад мэргэжлүүд ямар байдгийг сайн мэдэхгүй юм. Уул уурхай, барилгын чиглэлээр сурч байгаа оюутнуудын хувьд харьцангуй гайгүй байх. Харин нийгмийн ухаан, байгалийн ухаан, манай математикийн салбарт бол дадлага хийх боломж бололцоо, дадлага хийлгэх байгууллага нь цөөхөн байдаг. Тэгэхээр төгсөгчид ажил дээр гараад л дадлагажиж байгаа юм л даа. Тиймээс би байгууллагуудыг, ажил олгогч эздийг шүүмжилдэггүй. Харин манай залуучууд, оюутнуудын дунд юу ч чадахгүй байж биеэ тоосон, юм голсон, ярваганасан хүмүүс олон болчихсон байна. Үүнээс гадна сургуулиудын сургалтын чанар нь сайн байгаа юу гэдэг нь эргэлзээтэй. Манай багш нарын чадвар хэнээс ч дутахгүй маш сайн байдаг. Манай тэнхимд л гэхэд надаас бусад нь дандаа барууны сургуульд доктор хамгаалсан багш нар байна. Гэтэл тэд энд ирж багшлаад айлын хэдэн эрх хүүхдүүдийг маллахаас өөр ажилгүй болж байгаа байхгүй юу. Тэр хүүхдүүд нь дуртайдаа орж ирсэн үү гэдэг нь мэдэгдэхгүй, ямар ч байсан нэг диплом авчихъя гэсэн бодолтой байдаг. Нэг ангийн 30 хүүхдээс тав нь л юм суръя гэж орж ирсэн байх жишээтэй. Заримынх нь эцэг эх улсын сургууль төгс гээд хүчээр оруулчихсан ч юм шиг. Дээр ярьсан шиг сайн хуульч болох сонирхолтой хүүхдийг эдийн засгийн сургуульд оруулчихаар амьдралынхаа дөрвөн жилийг алж байгаа байхгүй юу. Энэ мэтчилэн ирцээ бүртгүүлэх гэж орж ирдэг, хичээл хийх ч урам байдаггүй, аргалж байгаад төгсөнө дөө гэсэн бодолтой хүүхдүүд олон байна.

 -Та хэр хатуу багш вэ?

Би гайгүй ээ. Хатуурхлаа гээд ч яах юм. Нэгэнт тогтолцоо, нийгэм нь ийм байгаа юм чинь. Яахав анх багш болж байхдаа хэнхэгтэй юм шиг ангиар нь унагаадаг байсан. Одоо нэг их тэгдэггүй юм. Оюутнуудад буруу байгаа биш, манай боловсролын тогтолцоо л буруутай.

Ярилцсан: С.Батхуяг

Эх сурвалж: Залуучуудын үнэн сонин

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
buyanaa(202.179.20.140) 2025 оны 03 сарын 13

aanhaag mundag gej boddog shuu.amjilt..

1  |  0
Top