"Travel Classik book" адал явдалт аяллын цуврал номны эхний 2 цуврал нь гарсан байна. Эл гайхамшигт бүтээлээс 100 жилийн өмнөх Монголын төрхийг мэдэрч мэдэх болно. Өөрөөр хэлбэл Монгол орноор хөндлөн гулд аялсан герман эр Монгол нутгийн тухай юу өгүүлэв гэдгийг энэ номноос шимтэн уншиж болох нь. Уг номонд орсон адал явдал Хөвсгөл аймагт өрнөх бөгөөд 100 жилийн өмнөх амьдрал ахуй, байгаль орчин гээд унших, сонсох зүйл их. Нэг үгээр хэлбэл нүдэнд харагдаж, чихэнд сонсогдтол дүрсэлсэн эл бүтээл тэр чигээрээ түүхийн чухал баримт болж чадсан байдаг юм.
"Явна аа!"
Номын нэрнээсээ эхлээд л анхаарал татсан эл бүтээлийн хэсгээс дурьдая.
...Бидний үзсэн этгээд сонин үндэсний хувцсууд дотроос гэрлэсэн Халх эхнэрийн хувцас хамгийн их сонирхолтой. Энэ нь хамгийн этгээд сонин, хамгийн үнэ цэнтэй агаад, харин өмсөж зүүхэд хамгийн тохиромж муутай нь болов уу. Дээлний мөрийг бараг 15-н см хүртэл өндөрсгөн түнтгэр мөртэй болгож, үсээ тослон, хоёр салаалж сүлжин, үсний гэрэнд дугтуйлж, тэр нь эвэр аятай толгойноос хоёр тийш дөч орчим см дэргэр дэрийн харагдана. Тал нутгийн аливаа юманд дадамгай энэ ард түмэн яахлаараа хүнд хүчир хөдөлмөрлөдөг эмэгтэйчүүдэд зориулж, иймэрхүү тэнэг гэмээр, амьдралд зохимжгүй үсний боолт эрж олоо юм бол доо хэмээн би байнга гайхан боддог байв. Энэ тухам олон монголчуудаас асууна. Тэдний хэлж ярьдаг юм нь гэвэл, өвөг дээдсээсээ сурч, уламжилж авсны дагуу л манай эмэгтэйчүүд ингэж хувцаслаж, үс гэзгээ янзалдаг гэх. Хуучны ном судар сайн мэдэх нэг монгол ханхүүтэй уулзаж учирснаар миний сониуч сонирхол дарагдлаа. Халх монголчуудын үүсэл нь газрын эзэн тэнгэр, үнээ хоёр нөхцөлдсөн харьцаанаас үүдэлтэй гэсэн домог байдаг. Анхны Халх монгол хүнийг хөхүүлж өсгөсөн үнээ мал аж ахуй, нүүдлийн амьдралыг хайрлах хайрыг түүнд бэлэглэжээ. Ийм учраас ирээдүйн үе үеийнхэнд үүнийг мартуулахгүйн тулд, Халх эмэгтэйчүүдэд үс гэзгээ үхрийн эвэр шиг хавчин боож, этгээд сонин дээлээ үхрийн гозгор далны яс шиг мөрлөж байхыг үүрэгджээ. Бүр 1923 онд ихэнх Халх авгайчууд учир шалтгааныг нь мэдэхгүй хэрнээ ийм дээлээ өмссөөр байв. Тэд энэхүү этгээд сонин дээлээ өмсвөл толгойн гоёл чимэглэл, үнэт зүйлсээ хэрэглэж болохыг сайн мэднэ. Үс засагч тэднийг улам их сайхан алт мөнгөн эдлэл, гоёл чимэглэлээр чимэх болжээ. Сувд, эрдэнийн чулуун шигтээтэй ийм эдлэлүүд тун их үнэ цэнтэй хөрөнгө гэсэн үг... хэмээн дүрслэн өгүүлсэн нь энэ ном монголчуудын хэлдгээр чихний бөглөө гаргах бүтээл юм.

Сэтгэгдэл ( 0 )