Малгай хуулиа зөв гаргавал асуудал аяндаа шийдэгдэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 21

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж байгаа Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хийж буй хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Энэ хуулийн зорилт нь газрын харилцааны эрх зүйн үндсийг тодорхойлж, газар эзэмшүүлэх, ашиглуулах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэж байгаа юм. Хэлэлцүүлэгт оролцогчид уг хуулийн төсөлтэй холбоотой санал бодлоо илэрхийлэхийн хамт Газрын тухай суурь хуулиас салбарлан, түүнийг дагалдаж өөрчлөлт орох бусад хуулинд ч саналаа нэмэрлэж байсан.

Газар бол ашигтай шинж чанараараа иргэдийн аж амьдралыг удаан хугацаанд тогтвортой тэтгэж байдаг гол хэрэгсэл хэмээн зарим нь байр сууриа илэрхийлж байсан бол нэг хэсэг оролцогч газрыг иргэдэд эзэмшүүлж, өмчлүүлэх нь чухал болохыг тэмдэглэн хэлж байсан юм.

Мөн байгалийн эко систем, агаар ус, ан амьтан, ургамалд ч газрын тухай хууль хамгийн хамаатай болохыг хөндсөн оролцогчид ч байв. Газар гэсэн ойлголтод газрын гадаргуу, түүний хөрс, ой болон бусад орон зай хамааралтай болохыг илэрхийлсэн нэг хэсэг байхад газрын хэвлийн баялгийн тухай ойлголтыг энд авч үзэх нь зүйтэй хэмээсэн санал ч мөн гарсан.

Газрыг хамгаалах, менежмент хийхэд зориулсан хөрөнгө бий болгох, газартай холбоотойгоор иргэдийн эрх ашгийг хамгаалах гэхчлэн газрын шинэчлэлийн бодлогод олон санал нэмэрлэж буйгаа Ц.Адъяасүрэн /Байгаль орчны сайд асан/ гуай хэлж байлаа. Тэрээр одоогийн хэлэлцүүлгийн шатанд байгаа газрын хуулийн төслийн талаар зарим зөрүүтэй байр сууриа хэлсэн. Тухайлбал, эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх талаарх Засгийн газрын зарим байр суурьтай уг хуулийн төслийн зарим хэсэг мөн зөрчилдөж байгааг хэлсэн. Газрын мэргэжлийн албаныханд эрх мэдэл олгох талаар хуулийн төсөлд тусгасан байгааг тэрээр шүүмжилж, аливаа түшмэл бол авилга, хүнд сурталд ойрхон, иргэдэд дарамттай байдаг гэж хэлсэн. Шийдвэр гаргах боломжийг иргэдийн оролцоонд тулгуурлан тэдэнд итгэл олгох замаар хийх хэрэгтэй гэсэн. Газрын талаарх алив бодлогыг Засгийн газар дангаараа явуулах бус хүмүүсийн хэрэгцээнд тулгуурлан, иргэдийн оролцоотой боловсруулах нь илүү дээр гэдгийг тэрээр онцолсон.

Ш.Гунгаадорж /Ерөнхий сайд асан/ гуай саналаа хэлэхдээ, бэлчээрийн асуудлыг нэлээд онцолж байлаа. Тэрээр, бид алийн болгон газрыг зохистой төлөвлөлт, үр ашиггүйгээр хэрэглэж явах вэ хэмээн хэлж, ийм байдлаар олон жил замбараагүй байсныг одоо цэгцлэн суурь гол хуультай болох нь зөв гэсэн байр суурьтай байв. Газрын тухай асуудал, түүний бусад салбарлан гарах ойлголтын талаар болон салбар хуулиудын тухайд олон жилийн судалгаан дээр үндэслэх нь зохистойг тэрээр мөн дурдсан. Үүний тулд мэргэжлийн судлаачдын баг болон тэдний үнэлгээ, судалгаа шинжилгээ чухал болохыг хэлж байлаа. Малчдын хувьд гэхэд л өмнөх хуулинд өвөлжөө хаваржааны газрын эзэмшлийн тухайд дурдалгүй, зөвхөн сумын төвийн газрын тухай ойлголт оруулснаас үүдэн нэлээд бэрхшээл, зөрчил үүсэж байдгийг Ш.Гунгаадорж гуай хэлсэн. Энэ нь нутагшин буй газраа малчид эзэмшээд суухын оронд төв рүү тэмүүлэх асуудлыг өдөөж байдгийг ч дурдсан. Уг нь бол малчдад өвөлжөө хаваржааг эзэмшүүлж чадвал яваандаа орон нутгийн иргэд хагас суурин байдалд шилжихэд хэрэгтэй гэж тэр үздэгээ ч тэмдэглэсэн.

Геодези, зураг зүйн газрын мэргэжилтэн Л.Алтанцэцэг хэлэхдээ, улс орныг газрын зургаар гаргах үйл ажиллагаа нь газрын тухай хуультай салшгүй холбоотой гээд, үүнтэй уялдуулан Геодези, зураг зүйн тухай хуульд шинэчилсэн найруулга хийх хэрэгтэй гэсэн юм. Түүнчлэн хүн болгон газартай байх эрхтэй гэдэг ч хэрэг дээрээ тэрхүү газар нь хаана байгаа, хэрхэн өмчилж авах, эзэмших талаар мэдээлэл дутмаг байдгийг ч шүүмжилсэн.

Өмгөөлөгч Г.Сүхбаатар, газрын тухай хуулийг дагасан зохиомол харилцаа үүсэхээс сэргийлэх нь зүйтэй гэдгийг хэлж, газрын харилцаанаас үүдэн гарсан хариуцлагагүй байдалд хууль эрх зүйн зохицуулалт дутмаг байна гэсэн юм.

Хэлэлцүүлэгт оролцож үг хэлсэн зарим хүн газар өмчлөх, ашиглах, захиран зарцуулах эрхийн талаар хөндөж, мөн өмчлөх, эзэмших, ашиглах, шилжүүлэх гэсэн ойлголтын тухайд ч ямар бодолтой буйгаа хэлсэн. Харин энэ тухайд эрх, үүргийн хувьд ялгаж, салгаж өгөх нь чухал гэж УИХ-ын даргын зөвлөх Д.Ганзориг хэлж байсан. Тэрээр мөн газрыг доод орон зай, газар, дээд орон зай гэж авч үзэх нь зүйд нийцэх тухай дурдаж байв.

Энэ мэтээр хэлэлцүүлэгт оролцсон олон хүн санал бодол, байр сууриа илэрхийлж байсныг үнэ цэнэтэй баримт, зарчмын ач холбогдол бүхий асуудал хэмээн үзэж буйгаа Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар эцэст нь хэлэлцүүлгийг дүгнэхдээ онцолсон.

Олон ч шинэ санаа, санаачлага гарлаа, бид гол нь ард иргэд, олон нийтэд хэрэгтэй, тэдний эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хууль гаргахын төлөө байгаа гэдгээ ч тэрээр тэмдэглэсэн. Өнгөрсөн хугацаанд Ажлын хэсгийнхэн олон удаа уулзаж, хэлэлцсэн байгаа, цаашид ч ийм өргөтгөсөн хэлэлцүүлгийг хийх болно, гол суурь болсон “малгай хуулиа” зөв гаргавал бусад салбар хууль нь ч зөв гольдрилтой байх болно гэж тэр хэлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top