Хямдралаар үе үеийнхэн юу худалдан авдгийг судалжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 08

Хямдралын улирал эхэлж байгаатай холбогдуулан үе үеийнхэн юунд мөнгөө зарцуулдгийг Орост судалжээ.

Z үеийнхэн хямдралын үеэр томоохон худалдан авалт хийхээр төлөвлөдөг бөгөөд 71 хувь нь цахилгаан хэрэгсэл ухаалаг гажет худалдан авдаг бол 50 хувь нь мөнгөө цахим бүтээгдэхүүн буюу стриминг үйлчилгээ, тоглоом, апп худалдан авахад зарцуулдаг байна. Z үеийнхний хувьд хямдрал нь хэрэглээний мөчлөгийн нэг хэсэг нь болжээ. Энэ үеэр тэд цахим ирээдүйдээ хөрөнгө оруулдаг байна.

Судалгаанд Z үе /15-30 нас/, миллениал /31-46 нас/, Х үе /46-60 нас/-ийн төлөөлөл болсон 1500 хэрэглэгч хамрагдсан байна.

Түүнчлэн, Z үеийнхний 20 хувь нь хямдралын үеэр боловсролын бүтээгдэхүүн буюу онлайн сургалт, ном, сургалтын программ худалдан авдаг байна.

Харин амьдралаа төвхнүүлэх идэвхтэй үедээ явж байгаа миллениалууд илүү прагматик ханддаг байна. Тэдний 72 хувь нь хувцас, 45 хувь нь гэртээ засвар хийх эсвэл тавилга зэрэг бүтээгдэхүүн, 62 хувь нь цахилгаан хэрэгсэл худалдан авдаг байна. Энэ үеийнхэн хямдралыг хувцасны шүүгээгээ шинэчлэх, амьдралын чанараа хамгийн бага зардлаар сайжруулах боломж гэж хардаг байна.

 

Х үеийнхэн урт хугацааны худалдан авалтад төвлөрдөг. Тэдний сонирхлын 45 хувийг ахуйн техник татдаг байна. Z үеийнхэн зөвхөн онлайнаар худалдан авалт хийдэг бол Х үеийнхний 46 хувь нь эсрэгээр дэлгүүрээр хэсэж, авах гэж бараагаа гараараа барьж үзэх, худалдагчтай зөвлөлдөхийг илүүд үздэг байна. Харин миллениалууд шилжилтийн үеийн үүргийг гүйцэтгэдэг байна. Тэдний 65 хувь нь маркетплейсийг идэвхтэй ашигладаг бол 19 хувь нь дэлгүүр, 13 хувь нь брэндүүдийн сайтад илүү итгэдэг байна. Ийнхүү хэрэглээний маш өөр загварууд бий болж байна. Үүнд технологи нь зөвхөн хэрэгсэл төдийгүй хэрэглэгчийн зан үйлийн тодорхойлогч хүчин зүйл болжээ. Z үеийнхний хувьд шоппинг нь тэдний цахим туршлагын нэгэн хэсэг болсон байна. Тиймээс жижиглэнгийн худалдаа эрхлэгчид үе тус бүрд зориулсан стратегийг боловсруулах ёстой гэж мэргэжилтнүүд онцолж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top