Их Британид явуулсан судалгаагаар миллениалуудын 76 хувь нь утсаар ярих айдастай болохыг тогтоожээ. Ихэнх залуус үл таних хүмүүсийн дуудлагад хариу өгөхөд бие нь тавгүйрхдэг болохыг санал асуулга харуулсан байна. Оффисын ажилтнуудын хувьд иймэрхүү байдал карьерын шатаар өгсөхөд нь учрах томоохон саад юм.
Ковидын цар тахал дэгдэхэд хүмүүс бүгд хөл хорионд орж, онлайнаар ажлаа хийдэг болсон. Хүн хоорондын харилцаа видео уулзалтын хэлбэрт шилжсэн. Харин айдас хаашаа ч алга болсонгүй, харин ч эсрэгээр улам бүр нэмэгджээ.
1981-1996 оны хооронд төрсөн хүмүүс яагаад утсаар ярих дургүй вэ? Энэхүү айдсыг даван туулах арга бий юу?
Миллениалуудын таван онцлог
80-90-ээд онд төрсөн хүмүүст өөрийн гэсэн онцлог, дадал зуршилтай. Эдгээрээс шинжээчид таван онцлогийг нь дурдсан байна.
-Утасны оронд мессенжер ба шуудан
Энэ үеийн төлөөлөл дижитал технологи, интернэтэд маш их холбогдсон үеийнхэн. Тэд гартаа утас барьж төрөөгүй ч орчин үеийн технологийг “амтыг” мэдэрч, үнэлсэн улс. Тэд мессенжер, олон нийтийн сүлжээ, цахим шуудангаар дамжуулан өөр хоорондоо харилцаж дадсан ч харин утсаар харилцах туршлага багатай. Миллениалууд мессенжер, цахим шуудангаар харилцахыг илүү үр дүнтэй гэж үздэг. Учир нь хэрэггүй, илүү үгийг хэзээд устгах боломжтой. Тохиромжгүй үг хэлнэ гэж санаа зовох нь ч бага.
-Бодоход хугацаа хэрэгтэй
Миллениалууд шууд харилцаанаас зайлсхийдэг. Ингэснээр тэдэнд хариултыг бодож, боловсруулах, ярилцахад тохиромжтой хугацааг сонгох боломжтой байдаг. Тиймээс залууст утсаар амьд харилцаа үүсгэх нь таагүй байдаг бөгөөд үр дүнгүй мэт санагддаг.
-Нийгмийн айдас
Миллениалуудад нийгмийн айдаст автах нь бий. Энэ айдас нь утсаар ярих айдсыг нь нэмэгдүүлдэг байх талтай. Тэдний толгойд дуудлагад хариу өгөхгүй гэсэн бодол урьдчилан эргэлддэг бөгөөд эцэст нь залгахгүй байх шийдвэр гаргадаг байна. Танихгүй хүмүүстэй харилцах эсвэл санаачилга гаргах шаардлагатай үед залуучуудад өөртөө итгэлгүй байдалд орох нь бий.
Жишээ нь, өмнөхөн нь хамт ажиллагсдадаа онигоог өнгөтөөр ярьж өгч байсан миллениал утсанд нь дуудлага ирэхэд бөгтийж, царай нь цайж, гар нь хөрж эхэлдэг гэж сэтгэл судлаач ярьжээ.
Нийгмийн айдсын шалтгаан
Миллениалуудын нийгмийн айдас нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нэгдүгээрт, тэд дижитал технологийн эрин үед өссөн бөгөөд голдуу интернэтээр дамжуулан бусадтай харилцаж даджээ. Тиймээс тэдэнд виртуал орон зайд илүү чөлөөтэй, эвтэйхэн мэдрэмж төрдөг. Тэнд залуус өөрсдийнхөө харилцааг хянаж, бусад хүмүүстэй шууд харилцаанд орохгүй байх боломжтой байдаг.
Хоёрдугаарт, миллениалуудын нийгмийн айдас нь нийгэм болон соёлын өөрчлөлттэй холбоотой байж магадгүй гэж сэтгэл зүйчид үзэж байна. Миллениалууд олон нийтийн сүлжээ болон интернэт бусадтай харилцах, хамтран ажиллахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа тийм ертөнцөд амьдарч байгаа. Тэдэнд байнга холбоотой байх, олон нийтийн сүлжээнд идэвхтэй байхыг шаардсан нийгмийн зүгээс ирэх дарамтад ордог байж болзошгүй.
Гуравдугаарт, миллениалуудын нийгмийн айдас нь улс төр, эдийн засгийн өөрчлөлтүүдтэй холбоотой байх талтай. Тэд эдийн засгийн тогтворгүй байдал, нийгмийн тэгш бус байдалтай нүүр тулж байсан. Энэ нь маргаадаа итгэх итгэлийг нь алдагдуулсан байж магадгүй гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.
Эцэст нь, миллениалуудын нийгмийн айдас нь хувь хүний онцлогтой холбоотой байх талтай. Зарим хүмүүс нас эсвэл аль үед хамаарахаас үл шалтгаалан нийгмийн айдаст автах онцлогтой байж болно.
Үр дагавар
Мэдээж хэрэг ийм хандлага нь мэргэжлийн амьдралд сөргөөр нөлөөлдөг байна. Сэтгэл судлаачид миллениалуудад харилцааны дадал дээр ажиллахыг байнга зөвлөдөг байна. Ихэнх компаниуд залуу ажилтнуудтайгаа ажиллах шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлдэг байна. Жишээ нь мессенжер, тусгай программ, роботын тусламжтай автомат хариулагч ашигладаг.
Амьд харилцаа үүсгэхэд учирдаг хүндрэлүүд нь хувийн харилцаанд ч мөн сөргөөр нөлөөлдөг аж. Миллениалуудад эсрэг хүйстэнтэйгээ дотно харилцаа үүсгэх, гэр бүх болох зэрэгт асуудал үүсэх нь их.
Утсаар ярих айдсаа хэрхэн дарах вэ
Сэтгэл зүйчид утсаар ярих айдсаа дарах дараах зөвлөгөөг өгчээ.
-Багаас эхэл. Найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ утсаар ярьж, улмаар хамтран ажиллагсдаараа хүрээгээ тэлээрэй. Ингэснээр аажмаар өөртөө итгэлтэй болж, ажил хэргийн түншүүдтэйгээ утсаар ярилцахад хялбар болно.
-Утсаар ярихаас өмнө ярианы үеэр гарч болох асуулт, хариултын жагсаалт гаргаж, бэлтгэх хэрэгтэй.
-Стресс, айдсаа бууруулахын тулд тайвшрах арга техник хэрэглэхэд илүүдэхгүй.
-Айдас хүчтэй байвал сууж босох, бүжиглэх, суниах зэрэг дасгал хийхэд тустай аж. Ингэснээр адреналины хэмжээ буурдаг байна. Түгшсэний дараа бие организм заавал тайвширдаг байна.
Хэрэв дасгал хийх боломжгүй бол алгаа 10-20 секундийн турш хооронд нь үрнэ. Ингэснээр дулаан мэдрэгдэж, эрч хүч нэмэгддэг байна. Мөн таван секунд булчингаа чангалж, суллахад тустай аж.
Амьсгалын дасгал мөн айдсыг давахад нөлөөтэй байдаг. Жишээ нь “seven-eleven” буюу хамраараа амьсгаа авахдаа долоо тоолж, амаараа амьсгалаа гаргахдаа 11 тоолдог байна.
Сэтгэгдэл ( 1 )
goy medeelel bna