А.Баттамир: Дата нь уул уурхайн баялаг нефтиэс ч илүү үнэ цэнэтэй болж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

Монголын мэдээллийн технологийн салбараас "Айтүүлс" ХХК анх удаагаа хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж, хөрөнгө оруулагч нараас гурав дахин их захиалга авсан нь Хөрөнгийн биржийн түүхэнд хийгдэж байгаагүй өндөр амжилтыг үзүүлээд байна. Мэдээллийн технологийн салбарт "салхи хагалж" буй "Айтүүлс" ХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч А.Баттамирыг "Шинэ үе"-ийн зочноор урилаа. Түүний амттай яриаг уншигч танд хүргэе.

 


-“Айтүүлс” компани Дата төв байгуулахаар хувьцаа гаргаж, хөрөнгийн бирж дээр амжилттай арилжаалагдлаа. Мэдээллийн технологийн анхны хувьцаа гэдэг утгаараа хөрөнгө оруулагч нарын анхаарлыг их татаж байх шиг байна?  

-Хувьцааны анхдагч арилжааны захиалга маш амжилттай болсон. Хувьцаа маань бидний төсөөлж байснаас ч илүү эрэлттэй байлаа. 1074 хөрөнгө оруулагч оролцож, гурав дахин их захиалга авсан нь хөрөнгийн биржийн түүхэнд хийгдэж байсан бүх IPO-гийн амжилтын рекордыг шинэчилсэн. Одоогийн байдлаар хувьцааны үнэ хоёр дахин өсч хамгийн идэвхитэй хувьцаануудын нэг болоод байна. Мэдээллийн технологийг сайн ашигласан бизнесийн үйл ажиллагаа илүү автомат, илүү сайн болдог тул мэдээллийн технологи нь бүх салбарт чухал байр суурь эзэлдэг болсон мэдээллийн технологид хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлсэн байх. Монголын хөрөнгийн зах зээлийн хувьд Мэдээллийн технологийн компанийн анхны IPO гэдгээрээ ч нэлээд хүлээлт, эрэлтийг үүсгэж байх шиг байна. Монголын хөрөнгийн биржийн ТОП 20 байтугай бүртгэлтэй бүх компаниудын дотор ч мэдээллийн технологийн компани байхгүй. Тиймээс Монголын Хөрөнгийн биржийн хувьд “Айтүүлс” компани хувьцаагаа гаргаж байгаа нь Мэдээллийн технологийн анхны компани гэдэг утгаараа шинэлэг зүйл л дээ. Харин дэлхийд бол хамгийн өндөр үнэлгээтэй 10 нээлттэй хувьцаат компанийн 7 нь Гүүгл, Аппл, Амазон, Фэйсбүүк, Майкрософт, Алибаба гэх мэт IT-гийн компани байх жишээтэй. Дэлхийн бүх хөгжингүй орнуудын хөрөнгийн биржийн тэргүүлэх компаниудад мэдээллийн технологийн компаниуд багтсан байдаг. Энэ талаас нь харвал хөрөнгийн зах зээл маань ч гэсэн дэлхийн түвшинд ойртож байна гэсэн үг.

-Дархан хотод дата төв байгуулна. Энэ төвийг байгуулах нь Монголын мэдээллийн технологийн салбарт төдийгүй Монгол Улсын хувьд ч мэдээллийн аюулгүй байдал талаасаа онцгой ач холбогдолтой болов уу?  

-Өнгөрсөн зуунд газрын тос хамгийн үнэтэй байсан бол, 21 дүгээр зууны хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө Дата болчихоод байгаа. Бизнесийн байгууллагууд дата ашиглан судалгаа хийж, яаж бага зардлаар илүү их ашиг олох вэ гэдэг дээр ажилладаг. Энэ бол Датаны үнэ цэнийг бий болгож буй хамгийн гол зүйл нь. Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын бүтээгдэхүүнүүдийг бид өдөр тутам ашиглаж байдаг ч өөрсдийн датагаа тэдэнд өгч түүн дээр нь тухайн бизнесүүд үйл ажиллагаа явуулж борлуулалтаа хийдэг. Энэ үнэ цэнэтэй датаг зориулалтын, олон улсын стандартын шаардлага хангасан дата төвүүдэд л хадгалдаг. Нэг дата төвтэй байх нь мэдээлэл устах аюултай. Жишээлбэл, Шинэ Зеландид 2011 онд болсон хоёр газар хөдлөлтөөр 6000 компани датагаа алдсанаас болж дампуурсан байдаг. Тэгвэл Монгол орны хувьд ерөөсөө Улаанбаатар хотод бүх бизнес төвлөрсөн. Хамгийн их мэдээлэлтэй компаниуд болон төрийн байгууллагууд нийслэлд бий. Сонирхолтой жишээ хэлбэл, Төв шуудан, Цэцэг төв, Монгол банк, Үйлдвэрчний эвлэлийн төвийн дунд хэсэгт Монгол Улсын маш их мэдээлэл төвлөрсөн байдаг. Зүүн урдаас нь эхлээд дурдвал, Монгол шуудан, Мэдээлэл холбооны сүлжээ, Цахилгаан холбоо, хойд талд нь Хөрөнгийн бирж байна. Хөрөнгийн биржид манай хөрөнгийн зах зээлийн бүх мэдээлэл бий. Баруун тийшээ явахад Мобиком, хойд талд нь Жи-Мобайл байна. Цаад талд нь Улсын бүртгэлийн Дата төв, баруун талд нь Санхүүгийн зохицуулах хороо, хойд талд нь Монголбанк гэх мэт энэ жижигхэн талбайд маш их зүйл төвлөрсөн. Хэдийгээр эдгээр төвлөрөлд буй байгууллагуудын зарим нь датагаа Үндэсний дата төв гэх мэт газруудад нөөцөлдөг ч Улаанбаатараасаа гарч эрсдлийн өөр бүсэд очихгүй л бол өндөр эрсдэлтэйд тооцогдоно. Одоо үүнийг сайжруулах цаг болсон. Тийм ч учраас эрсдэлийн өөр бүсэд Дата төв байгуулах хэрэгтэй гэж үзсэн. Энэ нь зөвхөн Айтүүлсийн биш Монгол Улсын эрсдэлийг багасгаж байна гэсэн үг “Бүх өндөгөө нэг сагсанд бүү хий” гэдэг хөрөнгө оруулалтын алтан дүрэм байдаг. Товчхондоо, бид хамгийн үнэтэй дата гэдэг “алтан өндөг”-нүүдээ Улаанбаатар гэдэг нэг сагсанд хийчихээд байгаа байхгүй юу. Тэгвэл Дата төвөө эрсдлийн өөр бүсэд аваачих л ёстой. Бүхэл бүтэн улсын хувьд эрсдлийн өөр бүсэд ядаж ганц ч гэсэн олон улсын сертификаттай нөөц Дата төвтэй болж, түүндээ мэдээллээ хувилан хадгалах ёстой. Бидэнд ямар нэгэн эрсдэл учирхад ядаж мэдээлэл маань устахгүй хойч үедээ үлдэх хэрэгтэй шүү дээ. Бас нэг бодолцох ёстой зүйл бол өгөгдөл дата гэдэг энэ эмзэг зүйлийг аль болох сайн засаглалтай, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж чадах нээлттэй хувьцаат компанид хадгалдаг байх нь чухал.

-Яагаад заавал Дарханд Дата төв байгуулахаар болов?

-Эрсдлийн өөр бүсийг дэлхий дахинд 200 км гэж заадаг. Яагаад гэхээр газар хөдлөлт болон бусад байгалийн гамшгуудыг 180-200 км-ээс цааш эрсдэлгүй боллоо гэж үздэг. Улаанбаатараас 200 км- ээс цааш хамгийн сайн дэд бүтэц хөгжсөн газар бол Дархан хот. Дата төв байгуулахдаа маш олон нөхцөлийг бодолцдог. Зөвхөн цахилгаан, интернет сүлжээнээс гадна тухайн газрын хот төлөвлөлт хэр хөгжсөн, Онцгой байдалд хэр бэлэн бэ? Гал түймэр, эмнэлгийн үйлчилгээ нь сайн уу гэдгийг авч үзэх нь чухал. Ямар нэг эрсдэл үүслээ гэхэд хурдан хугацаанд аюулгүй болгож үйл ажиллагаагаа сэргээж байх ёстой болохоор тэр. Дархан бол бүх шалгуурыг хангаж байгаа учраас тэнд байгуулахаар шийдсэн.

-Хэр хэмжээний өртгөөр Дата төв байгуулагдах вэ?

-Одоо бол 1.3 тэрбум төгрөг хөрөнгийн зах зээл дээрээс босгоод түүнийгээ бүгдийг нь Модуляр дата төвийн парк хэмээх төсөлдөө зарцуулна. Өөрөөр хэлбэл Модуляр дата төвийн парк, нэг модуляр дата төвтэйгээ цуг 1.3 тэрбум төгрөгийн дотор буюу маш хямдхан босч байгаа гэсэн үг. Ингэж хямд зардлаар босч байгаа нь модуляр, контейнер дата төвийн өөрийнх нь гол давуу тал юм. Олон улсын стандартын хэмжигдэхүүнээр доороосоо хоёр дахь буюу хоёрдугаар зэрэглэлийн уламжлалт дата төвийг барихад дунджаар 2.5 сая доллар зарцуулдаг бол модуляр дата төв нь үүнээс 10-20 дахин хямд зардлаар бүтдэг боловч олон улсын стандартын хамгийн сайн буюу 3-4-р зэрэглэлийг хангасан сертификаттай байж чаддаг нь бас нэг онцлог давуу тал. Бид гуравдугаар зэрэглэлийн Дата төв байгуулахаар ажиллаж байна. Энэ дата төвийн паркийг байгуулснаар Улсын мэдээллийн аюулгүй байдалд сайнаар нөлөөлөөд зогсохгүй Монгол Улсын Дата төвийн хөгжил мөн нэг шат ахина. Монголд хоёрдугаар зэрэглэлийн сертификат авсан гурван Дата төв байдаг ч ШИНЭ ҮЕ энэ нь олон улсад дата төвийн үйлчилгээ үзүүлэхэд хангалттай бус. Бид гуравдугаар зэрэглэлийн олон улсын сертификаттай дата төвтэй болсноор гаднын мэдээллийн технологийн томоохон компаниудыг Монголд оруулж ирж технологийг нь нутагшуулах, дата төвийн аливаа үйлчилгээг экспортлох, Монгол Улс үүнээсээ ашиг хүртэх боломжийг бий болно.

-Та Датаг уул уурхайн баялгаас үнэтэй болно гэсэн байсан?

-Тийм. Газрын тос, нүүрс бол тодорхой хэмжээний нөөцтэй. Нөөц нь хэзээ нэгэн цагт дуусна. Эсвэл нөөц нь дуусахаасаа өмнө хэрэггүй болж ч магадгүй. Дэлхий тэр чигээрээ сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах хандлагатай болсон. Машин техник маань цахилгаан болж янз бүрийн байгальд ээлтэй технологи руу шилжиж байна. Дата нь бизнесийн хамгийн их үнэ цэнийг бий болгодог болсон. Үүнтэй холбоотойгоор дата технологи, дата сайнс, бизнес интеллиженс, дата анализ гэх мэт маш олон нэршлүүд гарч ирсэн. Энэ бүхэн нь цаанаа датагаа ашиглаж хэрхэн бага зардлаар бизнесээ илүү ашигтай болгох вэ гэсэн ганц л том зорилгын төлөө хөгжиж байгаа нэг зүйлийн олон нэршил гэж ойлгож болно. Энэ мэтчилэн уул уурхайн баялгийн хэрэгцээ хумигдаж, харин бизнест дата-гийн үнэ цэнэ өсч байгаа учраас учраас дата нефтиэс илүү үнэтэй болж байгаа нь зайлшгүй үнэн бодит байдал юм.

-Дата төв байгуулах барилгын ажил эхэлсэн гэсэн. Хэдийд ашиглалтад орох вэ?

-Ирэх 2018 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байна. Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж, тэр хэмжээгээрээ энэ чиглэлийн компаниудаас өндөр бүтээмж шаарддаг тул бид хүний нөөцөө хамгийн үнэт зүйл, хөдөлгөгч хүч гэж үздэг. Тиймдээ ч бид маш чадварлаг залуус, ахмад үеийнхнээр хамт олноо бүрдүүлсэн. Манай эрч хүчтэй хамт олон амласан хугацаандаа энэ ажлын ард гарна гэдэгт итгэлтэй байна.

САЛБАРТАА САЛХИ ХАГАЛАХ ТОМ ХАРИУЦЛАГА НООГДСОН НЬ ХӨШYYРЭГ БОЛЖ БАЙНА

-Мэдээллийн технологийн салбар хурдтай хөгжиж байна. Гэвч Монголын хувьд шүүмжлэлтэй хандах, засаж сайжруулах ямар зүйл байна вэ?

-Манай салбар технологийн хувьд маш сайн хөгжүүлэлт хийдэг боллоо. Ухаалаг банкны системүүд, үүлэн тооцоололд суурилсан санхүүгийн программууд, автобусны карт, дэлгүүрүүдийн лояалти картууд, и-баримтын систем гэх мэт бидний эргэн тойронд алхам тутамд шинэ зүйлс нэвтэрч байна. Харин бид ардаа хоёр юм үлдээгээд байгаа санагддаг. Нэгдүгээрт, манай мэдээллийн технологийн компаниуд маркетинг, компанийн засаглал гэх мэт бизнес талаа орхигдуулаад байх шиг. Мэдээллийн технологийн компанийн хувьд бараа бүтээгдэхүүн нь янз бүрийн программ, системүүд байдаг. Нөгөө сайн хөгжүүлсэн бараа бүтээгдэхүүнээ сайн маркетингаар дэмжих ёстой ч, технологийн мэдлэг сайтай маркетингийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэггүй нь борлуулалтанд сөргөөр нөлөөлдөг. Компанийн засаглалын хувьд бас сайжрах шаардлагатай байна. Шинээр үүсгэн байгуулагдаж байгаа 10 хүнтэй програм хангамжийн компани байлаа гэхэд магадгүй 9 нь программист, нэг нь үйлчлэгч байдаг. Жаахан дэгстүүлсэн байж магадгүй. Гэхдээ иймэрхүү хандлагатай байгаа. Тийм учраас манай салбарт бизнесээр мэргэшсэн инженер, мэдээллийн технологиор мэргэшсэн бизнесмен аль аль нь чухал хэрэгтэй байна. Магадгүй өнөөдрийг хүртэл Хөрөнгийн биржид бүртгэлтэй мэдээллийн технологийн компани байхгүй нь ийм мэргэжилтнүүд ховор байгаатай холбоотой байх. Хоёрдугаарт, үйл ажиллагааны автоматжуулалтаа технологи талаасаа сайн хийдэг ч цуглуулсан их датагаа ашиглах тал дээр сул байдаг. Компаниуд датагаа ашиглаад бизнесээ ашигтай болгохоос гадна, төр цуглуулсан датагаа нууцын хуульд хамаарах хэсгүүдийг нь хасч боловсруулаад нээлттэй болгож, нийгэм эдийн засгийн олон чухал судалгаа хийх боломжтой болгосон жишээ дэлхийд олон байдаг. Үүнийг open data гэж нэрлэдэг. Нээлттэй датаг ашигласан нэг жишээ бол Английн татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтыг харах боломжтой болгодог wheredoesmymoneygo.org гэдэг сайт байна.

-Тухайлбал, И-Баримт ямар боломж олгох вэ?

-Монголын хувьд зөвхөн и-баримтын зохих хувь хүн, байгууллагын нууцлалыг нь хангах боловсруулалт хийгээд нээлттэй болгоход л худалдаа, тээврийн салбарт чухал судалгаануудыг хийх боломжтой. И-Баримтаар Монголчуудын бүхий л худалдан авалтыг бүртгэдэг болчихлоо шүү дээ. Мэдээж Баттамир ийм зүйл худалдан авчээ гэдэг зүйлийг нээлттэй болгож болохгүй. Тиймээс нууцлалыг хангах хэрэгтэй гээд байгаа юм. Харин боловсруулалт хийгээд “Баянзүрх дүүрэгт амьдардаг 35 настай эрэгтэй хүн ийм зүйлийг худалдаж авдаг юм байна” гэдэг мэдээллийг нээлттэй болгох хэрэгтэй. Тэгвэл бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд шаардлагатай зах зээлийн судалгаа ч юм уу, веб сайтуудыг судалгааны болон мэдээллийн технологийн мэргэшсэн компаниуд өөрсдөө гаргаад ирнэ. Төр бизнесийг зөвхөн татаас, татварын орчноор дэмжих албагүй, энэ мэт мэдээллээр дэмжих боломжтой гэж хэлэх гээд байгаа юм. Тэгэхээр өгөгдөл, датаг нэгэнт цуглуулсан л бол үр дүнтэй ашиглаж сурах хэрэгтэй.

-Айтүүлс компани хөрөнгийн зах зээл дээр ТОП 20 компанид багтаж чадах болов уу. Та найдлага тавьж байгаа биз дээ?

-Монголын хөрөнгийн биржийн ТОП 20 компанийн хувьд зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ гэсэн үндсэн хоёр шалгуураар сонгогддог. “Айтүүлс” компанийн хувьд ТОП 20-д орж байгаа компаниудтай харьцуулахад зах зээлийн үнэлгээ нь харьцангуй бага байна. Гэхдээ одоогийн хувьцааны эрэлтийн байдлаас нь харахад маш их идэвхтэй байгаа тул энэ жагсаалтад орно гэж найдаж байгаа. Оруулахын төлөө ч ажиллана. Би мэдээлэл технологийн олон компанийн захирал, удирдлагуудыг таньдаг юм. Тэд нар маань ч гэсэн “Танайх амжилттай явбал араас чинь явна шүү” гэж хэлж байгаа. Тэгэхээр салбар дотроо анхдагч гэдэг утгаараа энэ хөрөнгө оруулалтын төслийг амжилттай явуулаад, Дата төвөө босгох нь маш том хариуцлага болж байна. Ганц өөрийгөө бодох биш, салбарын ирээдүйд нөлөөлөх чухал үе тохиож байна гэж харж байгаа. Салбартаа салхи хагалах том хариуцлага ноогдсон нь намайг араас минь түлхэж байгаа хөшүүрэг болж байна даа.

“АЙТYYЛС” ИМПОРТЫГ ОРЛООД ЗОГСОХГYЙ ИНТЕРНЕТЭД ЗАРЦУУЛДАГ ИХ МӨНГИЙГ ХЭМНЭХ БОЛОМЖТОЙ

-Танай компани салбартаа анх удаа нээлттэй хувьцаат компани болж, хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргалаа. Энэ бол тодорхой хэмжээний амжилт. Таны анх мэдээлэл технологийн салбартай холбогдсон түүхийг сонирхох гэсэн юм?

-Мэргэжлээ сонгохын хувьд, мэдээллийн технологитой эрт холбогдсон. Гуравдугаар ангид байхдаа Залуу техникчдийн ордонд нисэх загварын дугуйланд явдаг байлаа. Нисгэгч болох хүсэлтэй байсан ч хараа муу тул болохгүй байх, тэгэхээр нисэхийн инженер эсвэл зохион бүтээгч болно гэж мөрөөддөг байсан. Ордон маань Өсвөрийн зохион бүтээгчдийн сургууль болоод элсэлт авдаг болсон юм. Долдугаар ангид элсэж орохдоо нисэх загварын ангид элсэж оров оо. Гэтэл нисэх загварын анги нь ганцхан сурагчтай. Ганц хүүхдийн төлөө бүхэл бүтэн нэг мэргэжлийн анги ажиллуулна гэдэг сургуульд хэцүү байсан байх.

-Та тэр ангид ганцаараа орчихсон гэсэн үг үү?

-Тэгсэн. Ангийн багш, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч гээд л бүгд намайг ятгасан санагддаг юм. Ингээд удалгүй авто загварын ангид орлоо. Авто загварын анги нь нэг их таалагдаагүй. Тиймээс долдугаар ангиасаа авахуулаад компьютерийн ангид шилжиж орсон доо. Анх компьютертой ингэж холбогдсон. Уул нь арван жилд программ хангамжаар сурсан ч их сургуульд бизнесийн удирдлага эсвэл электроникийн ангид оръё гэж бодож байв. Хэчнээн компьютертой холбогдсон ч программ хангамж тэр үедээ сайн ойлгоогүй байсан гэсэн үг л дээ. Тэгээд конкурсаа өглөө. Мэргэжлээ сонгохоос хоёр гурван хоногийн өмнө найзуудтайгаа ямар мэргэжил сонгох талаар ярилцаж байтал нэг найз маань “Программ зохиогч гэдэг чинь гоё мэргэжил юм байна. Хүмүүс гоё гоё программыг шинээр зохиож хийж байна. Саяхан манай программ зохиогч ах нэг зочид буудлын программ их үнэтэй хийсэн. Тэр нь хүмүүсийн ажлыг хялбарчлаад зардал хэмнэсэн болохоор асуудалгүй төлсөн гэнэ” гээд л ярив аа. Тэр үед компьютерийн вирус гэж айхтар юмыг программистууд арилгадаг тухай яригдаад л анхаарал татсан байсныг ч хэлэх үү, багадаа зохион бүтээгч болно гэж боддог байсныг ч хэлэх үү, “

-Оюутан байхдаа программ бичих ажил хийдэг байсан уу. Мэдээлэл технологийнхон зүгээр суудаггүй л оюутнууд байдаг даа?

-Хийлгүй яахав (инээв). Гуравдугаар курсээсээ сургалтынхаа төлбөрийг өөрөө олчихдог болсон. Янз бүрийн жижиг сажиг программ бичнэ, компьютерын худалдаа ч хийж үзсэн.

-Төгсөөд ажлын гараагаа хаанаас эхлэв?

-Сургууль төгсөөгүй байхдаа Эрчим хүчний Диспетчерийн төвд ажилд орсон. Тэнд анх орохдоо дээд боловсролын дипломоо аваагүй байсан болохоор холбооны монтёрын орон тоон дээр ажлын гараагаа эхэлсэн. Их сургуулиа төгсөөд тэндээ программистаар ажилласан. Эрчим хүчний Диспетчерийн төвд 5-р зэргийн инженер хүртлээ долоон жил ажиллаад 2009 онд ажлаасаа гарсан. Тухайн үед Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд Дэлхийн банкны санхүүжилттэй төсөл дээр дотоодын зөвлөхөөр ажилласан. Дараа нь Нийгмийн хамгааллын яаманд Дэлхийн банкны санхүүжилттэй өөр нэг төсөл дээр 2011 он хүртэл ажилласан. Тэр хооронд ажлын бус цагаар янз бүрийн л юм хийхээр оролддог байлаа. Найзуудтайгаа нийлээд хийж байсан нэг төсөл маань амжилтгүй болчихоод үлдсэн нэг серверээ яая даа гэж бодож байхдаа л зориг шулуудаад 2011 онд “Айтүүлс” компаниа байгуулсан. Бид вебд суурилсан программ их хийдэг байсан. Нэг веб хийгээд дуусахад л тухайн сайтаа хаана байршуулах вэ гээд хостингийн асуудал яригддаг ч нөгөө хостинг нь дандаа гадаадад л байдаг байсан болохоор Монголдоо нэг хостинг хийх юмсан гэж дандаа боддог байсан минь тэгж биелэлээ олсон.

-Анх компаниа байгуулахад та бүхэнд бэрхшээлүүд хэр тулгарсан вэ?

-Мэдээж маш олон бэрхшээл байсан ч надад бизнесийн удирдлага, санхүүгийн талаар мэдлэг туршлага байхгүй нь хамгийн гол бэрхшээл байлаа. Техник тал дээрээ анхаарахаар бизнес тал нь орхигдоод байдаг. Ерөнхийдөө энэ талын ажлыг дангаараа барахгүй гэдгээ ойлгоод бараг л буугаад өгчихсөн байлаа. Тэр үед харин дунд ангид хамт сурч байсан найзтайгаа таарсан. Нөгөөх маань бизнесийн талын хүн болчихсон, хөрөнгө оруулалтын нэлээд ажил хийчихсэн байсан. Арван жилийн найзууд учраас маш хурдан ойлголцоод 2012 онд нийлээд л энэ мэдээллийн технологийн бизнес рүү эргэлт буцалтгүй орсон доо. Түүнээс хойш гарсан бүхий л бэрхшээлүүдийг хамтдаа шийдээд л явцгааж байна.

-Танай компани одоо веб сайтуудын хостингийн хэдэн хувийг байршуулдаг вэ? Цаашид ямар боломж харагдаж байна?

-Дэлхий даяар байршиж буй Монголын бүх веб сайтуудын 20 хувийг, харин Монголд байршиж буй веб сайтуудын 50 орчим хувийг байршуулж байна. Хэрэв дээрх 20 хувийг гадаадын дата төвүүдэд байршуулсан бол жил бүр нэг сая долларын мэдээллийн технологийн үйлчилгээний импорт хийгдэх байлаа. Харин “Айтүүлс” 100 хувь хангадаг болоход жил бүр таван сая долларын импортыг орлоно. Үүнээс гадна, Монгол улс интернэтийн хэрэглээндээ 15 сая доллар зарцуулдаг. Хэрвээ дотооддоо датагаа байршуулаад эхэлвэл “Айтүүлс” импортыг орлоод зогсохгүй интернетэд зарцуулдаг энэ их мөнгийг хэмнэх боломжтой. Монголд дата төвтэй байна гэдэг манай компаниудад өөрсдөд нь датандаа өндөр хурдтай холбогдох, дүн шинжилгээ хийх боломж олдож байгаа хэрэг юм. Тэгэхээр манай компани борлуулалтын орлогоо өсгөх, улсдаа төлөх татвараа нэмэгдүүлэх боломж харагдаж байна. Уул уурхайтай харьцуулахад хэдийгээр бага ч гэсэн улс орны мэдээллийн аюулгүй байдлын хувьд маш чухал дэвшлийг авчрах юм.

ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН ШИНЭ ЗАХ ЗЭЭЛИЙГ "ФЭЙСБҮҮК, ТВИТТЕРТ СОШИАЛ СҮЛЖЭЭНИЙ ЗАХ ЗЭЭЛЭЭ АЛДСАН ШИГ" АЛДМААРГҮЙ БАЙНА

-Монголчууд твиттер фейсбүүк инстаграммыг өргөнөөр хэрэглэж байна бүр ихэнх цагаа өнгөрөөдөг боллоо. Та энэ байдлыг юу гэж хардаг вэ?

-Монголчууд гэлтгүй, дэлхий нийтээрээ бүгд хэрэглэж байна Салбарын хүний хувьд харахад хоёр зүйлийг онцолж хэлмээр санагддаг. Нэгдүгээрт, Монгол улс сошиал сүлжээн дэх сурталчилгаа гэдэг маш том зах зээлээ гадаадуудад алдчихсан. Гэтэл бусад улс орнуудад өөр өөрийн соёлын онцлогийг тусгасан олон нийтийн сүлжээтэй байдаг. Орос, Хятад ч гэсэн өөрийн гэсэн сошиал сүлжээгээ ашигладаг. Харин бид өөрийн гэсэн цахим олон нийтийн сүлжээгүй учраас фэйсбүүк твиттерийн сурталчилгаанд зориулж гадагшаагаа асар их мөнгийг урсгаж байна.

Хоёрдугаарт, Олон нийтийн сүлжээ нь гадаадын компанид байх нь мэдээллийн аюулгүй байдал, улс орны эрх ашигт тийм ч сайн зүйл биш. Бидний юунд дуртай, хэнтэй найз вэ, хоорондоо ямар мэссэж солилцдог талаарх бүх мэдээлэл тэнд үүсч байдаг учраас тэр. Бид өөрсдийгөө фэйсбүүк, твиттерийг ашиглаад байна гэж боддог ч эсрэгээрээ ашиглуулж байгаа хэрэг юм. Нэгэнт фэйсбүүк, твиттер гээд олон нийтийн сүлжээ гарч ирээд түүнийг бүх хүн хэрэглэдэг болсон учраас одоо шинэ зүйл гаргаж ирээд нэвтрүүлнэ гэдэг бараг боломжгүй зүйл л дээ. Сошиал сүлжээ өнгөрсөн жилүүдэд маш хурдтай хөгжсөн. Түүнийг гүйцэх хэмжээнд хийнэ гэдэг маш хүнд. Харин мэдээлэл технологийн хараахан хөгжиж амжаагүй өөр зах зээлүүдийг бид өөрсдөө эзэлж авах ёстой.

-Тухайлбал?

-Хиймэл оюун ухааны салбар байна. Энэ дотроос чатботыг аваад үзье. Маш олон онлайн бизнесийн харилцагчийн үйлчилгээ рүү чатаар холбогдонгуут өөдөөс нь хүн биш чатбот хариулдаг болсон. Ийм төрлийн чатбот яаж ажилладаг вэ гэхээр тухайн бизнесийн өнгөрсөн хугацааны харилцагчийн үйлчилгээний түүх дээр суралцаад цаашид өөрөө харилцагчид үйлчилдэг юм. Тэр байтугай саяхан хиймэл оюун ухаан 10 хэдэн мянган дуунаас суралцаад өөрөө дуу зохиосон байх жишээтэй. Хиймэл оюун ухаан олон улсад ингэж амжилттай хөгжиж байгаа. Монголд ч гэсэн яваандаа бүхий л бизнесүүд хиймэл оюун ухаан ашигладаг болно. Гэвч судалгаа шинжилгээнд их цаг зардал зарцуулж байж ашиг үр дүнгээ өгдөг болохоор одоогоор энэ төрлийн бизнест шууд хөрөнгө оруулалт хийгээд энэ ирээдүйн том зах зээлээ авармаар байна. Монголд энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд их бий.  Бас нэг жишээ гэвэл блокчэйн технологи байна. Монголд байтугай дэлхийд цоо шинэ зүйл. Ирээдүйд энэ нь стратегийн маш чухал салбар болж хөгжинө гэдгийг олон улсын нэр хүнд бүхий сайт, сэтгүүлүүд онцолж байгаа. Монгол Улс хэдийгээр олон салбарт хоцорсон ч гэлээ технологийн салбарын энэ шинэ давалгааг ашиглан бусад улс орнуудтай нэг гараанаас гарч өрсөлдөх боломж байна. Технологийг эзэмшиж чадсан улс хүчтэй байдаг шүү дээ. Үүнээс гадна, зарим зүйл дээр манай салбарынхан их шүүмжлэлтэй ханддаг. Тухайлбал автобусны карт, худалдан авалтын систем гэх мэт Монголчууд өөрсдөө хийж чадах системүүдийг гаднынханд алдаад байдаг. Бас л төрийн зохицуулалт хэрэгтэй гэсэн үг. Энэ мэт яриад байвал олон жишээ байгаа. Товчхондоо бол технологид суурилан шинээр гарч ирж буй шинэ зах зээлүүдийг фэйсбүүк, твиттер хоёрт сошиал сүлжээний зах зээлээ алдсан шиг алдмааргүй байна.

-Та крипто валют ашигладаг. Хэзээнээс крипто валютыг сонирхож эхлэсэн бэ?

-Крипто валютын тухай бүр эрт сонсож байсан л даа. Анх 2012 оны үед биткойны тухай сонсоод сонирхож үзэж байлаа. Тухайн үед блокчэйнийг одоогийнх шиг хүчтэй орж ирэх бизнес болно бодож байсангүй. Үнэндээ тэр үед тийм ч сонирхолтой санагдаагүй. Харин хоёр жилийн өмнөөс блокчэйн бол технологийн дараагийн давалгаа юм байна гэдгийг ойлгоод судалж эхэлсэн. Одоо бол хувь хүнийхээ хувьд крипто валютыг зөвхөн сонирхож судлахаас гадна амьдралдаа ч тодорхой хэмжээгээр ашиглаж байна. Хүүхдүүдийнхээ хадгаламжийн зарим хэсгийг крипто валют хэлбэрээр байлгадаг. Харин бизнесийн хувьд энэ зүйлийг крипто валют гэхээсээ илүүтэй блокчэйн технологийн хөдөлгөгч хүч гэдэг утгаар нь харж байгаа. Ойрын 3-5 жилд блокчэйн технологийг ашиглаж чадсан бизнес ирээдүйтэй, ашигтай ажиллах боломжтой нь тодорхой болсон. Блокчэйний хөдөлгөгч хүч бол крипто валют, харин крипто валютын үнэ цэнэ, найдвартай байдлыг бий болгодог зүйл нь крипто майнинг юм. Өөрөөр хэлбэл блокчэйний суурь нь крипто майнинг учраас бид крипто майнингийг хөгжүүлэх тал дээр хүч тавин ажиллаж байна. Яг л Айтүүлс клауд технологийн суурь бол дата төв юм байна гэж харж энэ чиглэлээр ажиллаж эхэлж байсантай адил. Айтүүлсийг анх байгуулж байхад клауд технологи жинхэнэ хүч түрэн орж ирж байлаа шүү дээ.

-Таныг олон охинтой гэж сонссон. Гэр бүлийнхээ талаар танилцуулна уу?

-Тийм. Ам бүл наймуулаа. Зургаан хүүхэдтэй. Таван охин, нэг хүүтэй. Бага нь хүү. Гэр бүлийн маань хүнийг Ж.Найрамдалмаа гэдэг. Олон улсын харилцааны мэргэжилтэй. Алдахад минь түшиж, оноход минь хамгийн их баярладаг хүн дээ. Эхнэр минь ар талын ажлыг маш сайн зохицуулдаг болохоор ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхэд минь их дэм болдог. Би өөрөө 4 хүүхэдтэй айлын бага нь. Нэг ах, хоёр эгчтэй. Манай аав насаараа хоёрдугаар цахилгаан станцад ажилласан Аж үйлдвэрийн гавъяат ажилтан хүн байсан. Ээж маань физикч мэргэжилтэй хүн бий. Одоо гавъяаныхаа амралтыг эдэлж байна даа.

-Танд чөлөөт цаг хэр гардаг вэ?

-IPO гаргаж байгаатай холбоотойгоор сүүлийн үед чөлөөт цаг жаахан багатай байна. Энгийн үед бол, чөлөөт цаг гарвал аль болох гэр бүлдээ зориулахыг хичээдэг дээ. Өдөржин ажилд дарагдаж байгаад гэртээ очиж хүүхдүүдтэйгээ тоглож, шуугилдах чинь л амралт юм шиг байгаа юм. Хамаг стресс тайлагдана шүү дээ.

-Танд амжилт хүсье. Баярлалаа.

Ярилцсан: Т.Амартүвшин

2017 он 10,11 сар "Зиндаа" сэтгүүл №07/507

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(105.112.50.137) 2021 оны 06 сарын 08

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

1  |  0
Balsan(202.126.88.48) 2021 оны 06 сарын 08

unshuurtai saihan yariltslaga bn. Amjilt huseye

2  |  0
xuvitsa ezemshigch(103.10.21.103) 2021 оны 06 сарын 08

Amjilt xusii ulam ixiig xiigeerei

2  |  0
Top