Х.Нямбаатар: Одоо бидэнд "Хөгжлийн үндсэн хууль" хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 24

“Зиндаа” сэтгүүлийн 2018 оны №11, 12/511, 512 дугаараас онцлов.


"Зиндаа" сэтгүүлийн "Шинэ үе" булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн Х.Нямбаатар уригдлаа. 

-Сайхан намаржиж байна уу? Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч цаг зав гаргасан танд уншигчдынхаа өмнөөс баярлалаа.

-Энэ жил налгар сайхан намар болж байна. Та бүхний ажилд ч бас амжилт хүсье. Намайг сэтгүүлийнхээ дугаарт урьж оролцуулж байгаа явдалд баярлалаа.

-Та энэ зун тойрогтоо нэлээн хэдэн ажил хийлээ. Ер нь төсвийн хөрөнгийг зөв зохистой, үр дүнтэй зарцуулах шаардлага хаана хаанаа байна. Сонгинохайрхан дүүрэг/СХД/-т 2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ямар ажлууд хийх төлөвлөгөөтэй байгаа бол? Жишээ нь, Улаанбаатар хотод төвлөрөл нэмэгдэхийн хэрээр сургууль цэцэрлэгийн хүртээмж, эмнэлэг болон авто замын бүтээн байгуулалт их яригдаж байна. Энэ чиглэлээр гэхэд, тус дүүрэгт ямархуу бүтээн байгуулалт хийгдэхээр байна вэ?

-Сонгинохайрхан дүүргээс 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд зургаан гишүүн сонгогдсон. Суурин хүн амын тоо нь 330,000 гаруй. Энэ зургаан гишүүнийхээ “ангийн дарга” гэдэг албан бус ажлыг би хариуцаж байгаа(инээмсэглэв). Учир нь, зургаан гишүүн маань намайг “Чи өмнө нь орон нутагт ажиллаж байсан хүний хувьд тэнд юу илүү их шаардлагатай байгааг хамгийн их мэднэ. Иймд 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлууд юу юу амин чухал вэ гэдэг эрэмбэ дарааллыг гаргаач ээ” гэсэн. Үүн дээр тулгуурлан тойрог тойргоороо асуудлаа эцэслэж ярья гээд нэг албан бланк дээр 2019 онд Сонгинохайрхан дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалтын жагсаалтыг эрүүл мэнд, боловсрол, тохижилт, дэд бүтэц гэсэн чиглэлүүдээр хуваан гаргаж, зургуулаа гарын үсэг зураад Сангийн сайд болон салбарын сайдуудад хүргүүлсэн байгаа. Ингээд таны асуултанд хариулъя.

Нэгдүгээрт, Төсвийн төсөлд эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалтууд үндсэндээ суугдахаар яригдаж байгаа. СХД-ийн хувьд 1998 оноос хот руу шилжин суурьших хамгийн гол цэг нь болсон. Энэ ч утгаараа СХД-т хамгийн ихээр тулгамдаж байгаа нэг асуудал бол боловсролын байгууллагын хүртээмж. Бид 2016 оны Их Хурлын сонгуульд нэр дэвшихдээ нэг зүйлийг маш тодорхой амласан. Энэ юу вэ гэвэл, ЕБС-ийн хичээлийг 2 ээлжинд шилжүүлнэ, сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамруулах асуудлыг бүрэн шийднэ гэсэн зорилт дэвшүүлсэн. Би одоо та бүхэнд тодорхой тоо баримт хэлье. Өнөөдөр СХД-т цэцэрлэгт хамрагдсан байдал 65 хувь орчим байгаа. Нийтдээ 34 мянга орчим хүүхэд цэцэрлэгт сурахаас 65 орчим хувь нь хамрагдаж байна. Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэж байгаа нийт сургуулийн 50 хувь нь СХД-т байна. Тэгэхээр энэ том тооны ард гарах ёстой гэсэн зорилт тавьж байгаа. Цэцэрлэгийн хувьд 2020 оны хичээлийн жилд 88 хувийг нь хамруулан суралцуулъя гэдэг том зорилт тавиад үүнийхээ дагуу хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлээд явж байна. Мөн 2020 оны хичээлийн жилд дүүргийн сургуулиудыг бүгдийг нь хоёр ээлжинд шилжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эрүүл мэндийн асуудал ч бас тус дүүргийн хамгийн тулгамдсан асуудлын нэг. Монгол Улсын нийт хүн амын яг арван хувь нь СХД-т амьдарч байна. 1985 оноос хойш буюу тэр үеийн нэрээр Октябрийн район, 1993 онд “Сонгинохайрхан дүүрэг” байгуулагдснаас хойш хоёрдугаар шатлалын эмнэлэг огт баригдаагүй. 2019 онд СХД-т дүүргийн жишиг Нэгдсэн Эмнэлэг ашиглалтанд орно. Энэ нь хоёрдугаар шатлалын эмнэлгүүд дотроо улсын хэмжээнд жишиг тогтоох шинэ эмнэлэг бөгөөд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдаж байгаа. Одоо барилга угсралтын ажил нэлээн хийгдчихсэн, ирэх жил ашиглалтанд орно. Үүнтэй зэрэгцээд тухайн эмнэлэгт ажиллах нарийн мэргэжлийн эмч нарыг давтан сургах ажлууд бас хийгдэж байгаа. Мөн СХД- ийн Эрүүл мэндийн нэгдэл гэж хуучнаар Цамбагаравын эмнэлгийн хажууд 8 орчим тэрбум төгрөгний өртөгтэй өргөтгөлийн барилгын ажил бас энэ онд эхэлж байгаа. Ингээд 2 ширхэг 2-р шатлалын эмнэлэг ирэх онд нэг нь дуусна, нөгөө нь барилга угсралтын ажил нэлээд явчихсан байна.

Мөн ирэх онд төлөвлөж байгаа ажил бол манай СХД хэд хэдэн амбулаторитой болно. Тэдний зарим нь СХД-ийн нутагт биш, БГД-ийн 20-р хорооны нутагт байршилтай байгаа. Хуучнаар “10 буудлын эмнэлэг” гэж нэрлэгддэг байсан эмнэлгийг СХД-ийн 20-р хороо Цэргийн хотхон орчимд дахин барихаар зураг төслийн ажил эхэлж байна.

Баянхошууны эмнэлгийг шинээр засаж сайжруулж, өргөтгөж барих зураг төсвийн ажлууд ирэх онд хийгдэхээр төлөвлөгдсөн. Нэгдүгээр шатлалын эмнэлэг буюу өрхийн эмнэлгийн төвүүдийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн сайжруулах, жишиг өрхийн эмнэлгүүд барих ажлууд бас давхар хийгдээд явж байгаа.

Хоёрдугаарт, Сонгинохайрхан дүүрэгт хэд хэдэн төв зам байдаг. Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошууны гудамж, урд талаараа Энх тайвны өргөн чөлөөний үргэлжлэл буюу Улаанбаатар хотын төв зам Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийг дайраад баруун талын товчоогоор өнгөрдөг эдгээр замуудын өргөтгөл шинэчлэлтийн ажлууд өнгөрсөн жил бүрэн хийгдэж дууссан. Одоо хийгдээгүй байгаа нэг магистрал зам бол СХД-ийн нутаг дэвсгэрт байрладаг олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан хүртэлх зам буюу Орбитын зам. Ирэх онд Орбитын замын өргөтгөл шинэчлэлтийн ажлууд хийгдэнэ. Үүнтэй зэрэгцээд төвлөрлийг сааруулж, хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготойгоор хорооллын дундуур дайран өнгөрдөг замуудын тоог нэмэгдүүлж байгаа. Тухайлбал, 1-р хорооллын арын зам тавигдсан. Мөн одоо СХД- ийн Толгойтын болон Баянхошууны гэр хорооллын дундуур хэд хэдэн авто замыг ирэх оны улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр зураг төсвийн ажил нь батлагдсан байгаа. Нэг зүйл дээр би их санаа зовдог. Энэ юу вэ гэвэл, Улаанбаатар хот руу шилжин суурьших хөдөлгөөнийг захиргааны журмаар сааруулахгүй бол бид гэр хорооллын дундуур олон авто зам тавиад өнөөдрийн энэ түгжрэл, агаар, хөрс, усны бохирдлыг шийдэж чадахгүй юм. Ингэхийн тулд бид цаашид захиргааны маш том шийдвэр гаргаж, энэ төвлөрлийг сааруулах, хоёр төвт хөгжлийн загварт шилжихгүй бол агаар, хөрс, усны бохирдол нэлээн хүнд түвшинд очоод байна. Нэгэнт та бид хоёрын яриа захиргааны шинж чанар руу орлоо. Тиймээс хоёр зүйл нэмж хэлье. Монгол Улсын Засгийн Газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар ч байсан оролдлогууд хийж байгаа. Үе үеийн Засгийн Газрууд ч хийж байсан. Оролдлого хийнэ гэдэг тийм ч муу зүйл биш. Оролдож байж эцэст нь нэг шийдэлд хүрнэ. Энэ жил Засгийн Газраас индукцийн аргаар айл өрхүүдийн янданд цахилгаан шүүлтүүр тавих ажлыг эхлүүлэхээр судалгаа, тооцооны ажлууд дуусах шатандаа явж байна. Хөрсний бохирдлын асуудал бас зэрэгцээд яригдаж байна. Манай Улсын хөрсний бохирдлын түвшин ямархуу байгаа тал дээр “Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн” маш олон удаа сэрэмжлүүлж байгаа. Агаар, хөрс, усны бохирдлын эцсийн хохирогчид бид нар өөрсдөө юм. Тэр дундаа хүүхэд багачууд. Улаанбаатар хотод төрж байгаа хүүхдүүдийн цээжний тойрог багаслаа гэдэг нь гашуун боловч үнэн. Үүнийг зайлшгүй шийдэх ёстой талаарх мэдээллүүдийг мэргэжлийн байгууллагуудаас бас өгөөд эхэллээ. Амьгүй ураг төрж байна. Уушги, амьсгалын замын архаг өвчлөлтэй хүүхэд багачууд маш олноор бий болж байна. Өвөлдөө хүүхдийн эмнэлгийн ачаалал дийлдэхээ больж, коридороор нэг зулж байна. Өнөөдрийн бидний хөрөнгө оруулалт, жил болгоны төсөв дээр тавьж байгаа цөөн хэдэн төгрөгөө тал бүрт нь хувааж тавих замаар энэ болгоны ард гарах боломжгүй. Иймд бид ирээдүй хойч үеийнхээ төлөө Монгол үндэстнийг цаашид хэвээр нь авч үлдэхийн тулд Үндсэн хуулийн шинж чанартай томоохон өөрчлөлтүүд, тэр дундаа засаглалын болон хоёр төвт хөгжлийн загварын асуудлыг ярих ёстой хэмээн Их Хурлын Гишүүний хувьд ярилцлага өгч байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгонд дурдахыг хичээж явдаг. Тэр ч утгаараа өнөөдөр би та бүхэнд бас үүнийг цухас ярья гэж бодлоо. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө 7-8 удаа өөрчлөгдөж байгаа. Харамсалтай нь энэ ерөнхий төлөвлөгөө нь хэзээ ч төлөвлөсөндөө хүрч байгаагүй. 1976 онд ЗХУ-ын эрдэмтдийн хийсэн Монгол улсын нийслэлийн гуравдугаар ерөнхий төлөвлөгөөний үндэс суурин дээр бид амьдарч байна. Энэ ерөнхий төлөвлөгөөг энгийнээр хэлбэл 500 гр хэмжээтэй аяганд 1,3литр ус хийгээд асгаад байгаатай яг адилхан, ийм л төлөвлөлт явагдаж байгаа. Нийтдээ 500 мянга орчим хүн амтай үед 80 мянга гаруй тээврийн хэрэгсэлтэй байхаар төлөвлөгдсөн дэд бүтэц дээр өнөөдөр 1,300,000-1,400,000 хүн амьдарч, Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн тоо 400 мянга хол давлаа. Дэлхийн дундаж хотуудын хурдны удаашралын дээд хязгаар нь 11км/ц байдаг. Бид өнөөдөр ямар км/ц-ийн хурдаар ажил, гэр хоёрын хооронд явж байгаагаа бодох хэрэгтэй. Бид эрдэмтдийнхээ үгийг сонсож метро болон бусад дэд бүтцийн шийдлийг хийх, эсвэл илүү бага зардлаар илүү суурьшлаа задлах чиглэл рүү явах ёстой гэж бодож байна. Нийгмийн инженерчлэл гэдэг үг сүүлийн үед ерөөсөө сонсогдохоо больсон. Нийгмийн инженерчлэл гэдэг нь маш өргөн утга агуулгатай зүйл.

Социализмын үед нийгмийн инженерчлэл маш сайн хийгдсэний үр дүнд манай хүн амын эрүүл мэнд, боловсрол, соёл шинжлэх ухааны түвшин, тэр дундаа хүн амын өсөлт маш өндөр түвшинд очсон гэж эрдэмтэд ярьдаг. Өнөөдөр нийгмийн инженерчлэл хийгдэхгүй яг энэ хэвээрээ байгаад байвал хүн амын 45-аас дээш хувь нь төвлөрөн амьдарч байгаа нийслэлчүүдийн удмын сангийн өөрчлөлтүүд бий болох аюулд хүрлээ. Цаашид хоёр төвт хөгжлийн загвар руу шилжиж энэ асуудлыг шийдэх хэрэгтэйг харуулж байна. Оролдлогууд хийгдэж байх ёстой ч том мега төлөвлөгөө байх ёстой л гэж бодож байна.

-Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан та сонгогдсон тойрогтоо нэлээдгүй ажил хийж байгаа. Өөрийнхөө хөрөнгөөр мөнгийг нь босгож цэцэрлэг барьж байгаа, 9 сарын 1-нд ашиглалтад орж чадалгүй хугацаа нь ялимгүй хойшиллоо гэж сонсогдсон. Энэ ажил хэр ахицтай явж байна вэ, хөрөнгө мөнгө босгох тал дээр хүндрэлтэй байв уу?

-Энэ бас л арга ядсан зүйл шүү дээ. Би одоо 2 дахь цэцэрлэгээ улсад хүлээлгэж өгөх гэж байна. Өнгөрсөн жил 80-р цэцэрлэгийн хажуу талд хуучин орхигдсон байшинг улсын мэдэлд аваад, өөрсдийнхөө хөрөнгөөр засаж тохижуулан дэд бүтцэд холбоод, агааржуулалт тавьж, гал тогооны хэрэгсэл, хүүхдийн бүх зөөлөн хэрэгслийг нь бэлдээд улсад хүлээлгэж өгсөн. Одоогоор 100 хүүхэд тэр цэцэрлэгт хамрагдаад явж байна. “Улаанчулуутын хогийн цэг” гэж манайхан ярьдаг, албан ёсны нэршил нь “Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг”-ийн орчимд амьдардаг айл өрхүүд харьяалагддаг хороонд нэг ч цэцэрлэг байдаггүй байсан. Өнгөрсөн жил нийслэлийн хөрөнгө оруулалтаар нэг цэцэрлэг тэнд баригдсан юм. Одоо яг тэр хогийн цэгийн хамгаалалтын зурвасын гадна талд өөрийн хөрөнгөөр, мөн найз нөхөд, бусдын төлөө буян хийе гэсэн хүмүүсийн хүч дэмжлэгтэйгээр 200 гаруй хүүхдийг нэг ээлжиндээ хүлээж авах хүчин чадал бүхий бүрэн цутгамал цэцэрлэгийн барилга бариулаад дуусч байна. Удахгүй хүүхэд багачуудаа авч эхэлнэ. Мөн 2019 онд улс, нийслэлийн хөрөнгө харалгүйгээр хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтраад хоёр цэцэрлэг байгуулахаар төсөл бичээд бэлдчихсэн байгаа. Тайваний хүүхдийн хөгжлийг дэмжих төвийнхөн төсөлтэй маань танилцъя, танилцуулгаа бэлдээч гэж надад хэл өгч байна, тэндээс мөнгө босчих болов уу. Ер нь хүмүүнлэгийн байгууллагууд руу нэлээн хандаж байна. “ТИКА”-д хандсан бас нэг нааштай хариу байгаа. Өөр цэцэрлэгийн төсөл дээр БНСУ-ын “Саранбат” хүмүүнлэгийн байгууллагад хандсан. Тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө босгож өгье гэсэн. Иймэрхүү л байдалтай байгаа. Ер нь аливаа асуудлыг шийдэхийн тулд заавал оролдлого, зүтгэл хэрэгтэй. Дан улсын төсвөөр шийдээд, бүх хүүхдүүд цэцэрлэгт хамрагдана гэж хүлээвэл тодорхой цаг хугацаа орно.

Миний хувьд, сонгогдсон тойргийнхоо хүүхдүүд рүү чиглэсэн ажилд илүүтэй анхааран ажиллаж байна. Шүдний үнэ төлбөргүй хоёр эмнэлэг байгуулж өгсөн. Одоогийн байдлаар 5000 орчим хүүхдийн шүдийг эрүүлжүүлээд, хяналтандаа байлгаж байна. Агаар, хөрс, усны бохирдолтой холбоотойгоор хүүхдүүдийг яаж хамгаалах вэ гэдэг дээр бас 1-2 төсөл гадны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Австралийн Засгийн газрын төслөөс хэдэн төгрөг авсан. Өөрсдөө бас мөнгө босгосон. Нэг цэцэрлэгийг эхний ээлжинд агааржуулалтын жишиг иж бүрэн тоног төхөөрөмжтэй болгож байна. Цаашид бүх цэцэрлэгүүдийг тийм болгоё гээд төслөө биччихсэн. Хүүхдүүдийг витаминжуулалтад хамруулаад байна. Бүх хүүхдүүдийг маскжуулах аян өрнүүлж, агаарын бохирдлын улиралд Анагаахын Их Сургуулийн эрдэмтэн багш нартай хамтраад шээсний замын эрт илрүүлэлт төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Энэ мэтчилэн ярих юм бол хүүхэд рүү чиглэсэн тодорхой ажлууд хийгдээд явж байна. Боловсролын тал дээр нэлээн анхааръя гэж бодоод хэд хэдэн төслүүд хэрэгжүүлсэн. Эхнийх нь үр дүнгүүд гарлаа. Тайваньд манай 20-иод хүүхэд эхний ээлжинд очсон байхыг сая та сошиалаар харсан байх. Өвөл 20 хүүхэд бас очих юм. Тайваний их, дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцах тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж байна. Энэ 10 сарын сүүлээр Тайваний Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн урилгаар очиж, цаашид 200-300 хүүхэд тэдний тэтгэлгээр суралцах боломж бүрдүүлэх “Санамж бичиг”-т гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Тайваний талынхан “WORK AND STUDY” хөтөлбөр хэрэгжүүлж, 200-500 хүүхэд авъя гэсэн санал тавиад байгаа. Хүүхдүүд амьжиргааныхаа зардлыг өөрсдөө ажиллаж олдог хөтөлбөрийг явуулъя гэж эхний ээлжинд 20 хүүхэд яваад байна. Тайвань Улс дэлхийд боловсролынхоо түвшингээр эхний 13-т ордог. ОХУ-д мөн хэдэн хүүхэд сургах талаар хөөцөлдөж байна. Саяхан БНХАУ- ын Гуанжугийн Их Сургуульд 5 хүүхэд бүрэн тэтгэлгээр явуулсан гэх мэтчилэн хүүхдийн эрүүл мэнд, боловсролын чиглэлээр хийж байгаа ажлууд нэлээн бий. Эцсийн үр дүн нь олон жилийн дараа харагдана. Жилд 200-300 хүүхэд гадны өндөр хөгжилтэй орнуудад сурч байж энэ хүүхдүүд магадгүй 5-10 жилийн дараа Монгол Улсад хэрэгтэй боловсон хүчин болж, миний санаачилсан, хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн үр дүн гарах байх гэж бодож явдаг.

-Таны тойрогтоо хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар тодорхой ойлголт авлаа. Бас нэгэн асуулт байна. Таны санаачилсан хуулиуд дэс дараалал дайрлаа, дураараа гэдэг шүүмжлэлд өртдөг. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл нэг өдөр л гэнэт Байнгын хороогоор хэлэлцээд, УИХ-ын чуулганаар орж байсан удаатай.

-Нэгдүгээрт, Би хууль зөрчөөгүй. Би хууль санаачлах эрхтэй. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гарцаагүй шаардлага байсан. Хоёрдугаарт, Төрийн ажил гэдэг цаг нартай уралдаж явдаг ажил. Би хоёр гуравхан жишээ хэлье. Хууль тогтоомжийн тухай хууль гэдэг хууль бий болсон нь маш сайн зүйл. Өөрөөр хэлбэл, өмнөх он жилүүдэд хүн болгон дур дураараа, салбар салбарын хуулийг шүүрч авч бусад хууль тогтоомжтой уялдаа холбоог нь бүрэн хангаагүй, техник эдийн засгийн үндэслэл нь тийм ч сайн биш хуулиуд маш их батлагдсан. Энэ болгонд тодорхой хязгаар, шүүлтүүр тавихын тулд дээр дурдсан Хууль тогтоомжийн тухай хууль батлагдан гарсан юм. Гэхдээ Хууль тогтоомжийн хуулийн хүрээнд УИХ- аас батлагдаж байгаа бүх шийдвэр тухайн хууль тогтоомжийн хуулийн процедурыг хангаж батлагдана гэвэл хамгийн багадаа нэг хууль гурван сар болж байж батлагдана. Тухайлбал, УИХ дайны болон онц байдал зарлах тохиолдолд хууль тогтоомжийн хуулийн дагуу гурван сарын дараа нөгөө хуулийн шийдвэр гарна. Тиймээс энэ нь амьдрал дээр нийцэхгүй байгаа.

Монгол Улсын төсвийн тухай хууль гэж байдаг, төсөв өөрөө хуультай, төсвийн хүрээний мэдэгдэл 7-р сард, төсвийн хүрээний хязгаарыг 8-р сард батална гэсэн байдаг. Төсвийг тухайн оны 11 сарын 15-ны дотор батална гэдэг өөрөө тусдаа дэгтэй шийдвэрүүдийг бүгдийг нь хууль тогтоомжийн хуулиар нэгтгэн зохицуулах боломжгүй юм. Тэр ямар учиртай нэмэлт өөрчлөлт орсон бэ гэвэл, импортын албан татварыг нэмэгдүүлэхтэй холбоотой хууль батлагдсан. Гэтэл маш олон бизнес эрхлэгчдийн эрх ашиг хөндөгдөөд ирсэн. Энэ тохиолдолд гарцаа байхгүй бусад хуулиудтай бас зөрчилдсөн учраас Хууль тогтоомжийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хуулиудын зөрчилдөөнийг арилгах зохицуулалтыг хийх шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл, 2 хуульд зөрчилдөж байгаа зүйлүүдийг арилгахын тулд цаг алдалгүй хийх ёстой. Хууль тогтоомжийн хуулийн дагуу таван аргачлал боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгуулан, тандан судалгаа хийж, бүх Их Хурлын дэгийг даваад гарахад хамгийн багадаа 3 сарын хугацаа орно. Тийм учраас энэ зөрчилдөөнт хэм хэмжээгээ арилгах тохиолдолд Засгийн газар шууд цаг алдалгүй өргөн мэдүүлэх боломжийг л нээж өгсөн юм. Түүнээс биш хэн нэгэн хүнд давуу байдал үүсгэсэн ч юм уу, би өөрөө хууль зөрчсөн зүйл байхгүй.

Ширүүн тэмцэл бүхий энэ цаг үед намайг Үндсэн хууль зөрчсөн, Их Хурлыг Үндсэн Хууль зөрчсөн гэж үзвэл холбогдох байгууллагуудад хандах учиртай. Өнөөдрийг хүртэл тийм зүйл нэг ч гараагүй.

-Зөрчлийн тухай хуулинд хэвлэл мэдээллийн байгууллагад холбоотой нэг заалт байгаа. / Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно./ Энэ нь зүйд хэр нийцсэн хууль болсон гэж та боддог вэ?

-Би маш товчхон хариулья. Сүүлийн үед энэ сошиал ертөнц нийгмийг их хүчтэй удирдаж байна л даа. Хуучин цагт бол үзэл суртал гэдэг зүйлээр нийгмийг удирддаг байсан. Барууны орнуудад ёс суртахуун, зан суртахууны хэм хэмжээ нийгмийг удирдан чиглүүлж байна. Бид өнөөдөр сошиал ертөнцөөр удирдуулаад нийгэм хөгжинө гэдэг юу л бол. Мэдээж хэрэг, нийгмийн бохир булай бүхнийг илчилдэг тийм хэрэгсэл, хэрэглүүр байхын тулд энэ сошиал медиа ертөнц бий болсон гэж ойлгодог. Та бид бүгд нийгмийн амьтад, нийгмийн эд эс нь. Энэ нийгмийг ширэнгийн хуулиас ялгадаг ганцхан хүчин зүйл байдаг. Энэ бол хуульт ёс. Ширэнгийн ертөнцөд хүчтэй нь хүчгүйгээ дийлж байдаг. Харин нийгэмд бол хууль гэдэг зүйлээр бүх хүмүүс адил тэгш эрхтэй байж, энэ нийгмийн сайн сайхан, хэм хэмжүүр, зан суртахуун тогтдог. Зөрчлийн тухай хуулинд гүтгэх, доромжлох гэдэг тусгай төрлийн зөрчил 2017 оны 7 сарын 1-нээс үйлчилж эхэллээ. Хуучин эрүүгийн хуулийн тусгай ангийн 111, 112-р зүйлээр гүтгэх, доромжлох гэдэг гэмт хэрэг байсан юм. Тодорхой гэмт хэрэг нь гэмт хэрэг биш болох үйл явцыг эрүүгийн хуулийн шинжлэх ухаанд декриминализаци гэж нэрлэдэг. Ийм томьёоллоор Зөрчлийн тухай хуульд оруулж ирэн зөрчил болгосон.

Гүтгэх, доромжлох гэмт хэргийн гол хохирогч нь хэн байдаг вэ гэхээр иргэн, хуулийн этгээд, түүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд байдаг. Тэр нэр төр, алдар хүндийг хэн хангах үүрэгтэй вэ гэвэл төр өөрийнхөө хуулиар хамгаалж байх ёстой. Тэрнээс биш хэн дуртай нь хэн дуртай хүнийхээ нэр төрд халдах ёсгүй.

Үүнийг Зөрчлийн тухай хуулиар хамгаалж байгаа. Та бүхэн санаж байгаа бол, Баянхошууны нэг өвгөн хүүхдээ сугавчлаад явж байхад нь “хүүхдээ архины мөнгөөр өгөх гээд явж байна” хэмээн шуугиж, тэр өвгөний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон. Та ч тэр, би ч тэр, эцэг эхээс заяасан өөрийн гэсэн нэр төр, хамт олон, хүндэлдэг, хүндлүүлдэг харилцаан дунд амьдардаг. Түүнд дуртай хүн болгон халдах ёсгүй гэдгийг л энэ Зөрчлийн хуулиар оруулж өгсөн. Хэрэв үнэхээр тухайн улстөрч, бизнесмен бусармаг үйлдэл хийсэн нь хэн нэг сэтгүүлчийн, хэн нэгний оруулсан постоор нь, хийж байгаа үйлдлээр нь олон түмэнд дэлгэгдэж, тэр нь тогтоогдсон тохиолдолд тэр хүнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. Харин гаргаж байгаа мэдээ мэдээллийнхээ үнэн зөвийг тухайн нийтлэлч нотлох л үүрэгтэй. Энэ бол өөрөө дэлхий нийтийн тогтсон жишиг. Нэг улс үндэстнийг нөгөө улс үндэстнээс дөвийлгөж тавьдаг, энхтайванч бус зүйлд уриалан дууддаг зэрэг нь нийгмийг хэзээ ч сайн сайхан зүйлд аваачдаггүй. Өнөөдөр энэ эрх зүйт төр, хуульт ёс өөрөө нийгмийг удирдан чиглүүлэх гол хөшүүрэг. Түүнийг хэрэгжүүлж байгаа төрийн институцүүд нийгмийг дандаа сайн сайхан зүйл рүү уриалан дагуулж хөтөлж явах учиртай. Харамсалтай нь шилжилтийн сүүлийн жилүүдэд энэ бүх зүйл алдагдаж байна. Хууль тогтоомж амьдралд нийцэхгүй тохиолдолд түүнийг өөрчлөхийн тулд л байнгын үйл ажиллагаатай парламент байгаа. Бид байнгын үйл ажиллагаатай парламенттай болоод 28 жил болж байна. 1990 онд Улсын Бага Хурал байгуулагдан анхны байнгын үйл ажиллагаатай парламент бий болсон. Өөр хоорондоо зөрчилдөж байгаа, амьдралд нийцэхгүй, амьдралаас хол тасархай байгаа хуулиуд өөрчлөгддөг жамтай. Өөрөөр хэлбэл, нийгэм хөгжихийн хэрээр хууль даган өөрчлөгдөж, эсвэл урьдаас зөгнөж өөрчлөгддөг онол сургаалтай. Би өөрөө төр засгийн онолын багш байсан хүн. Үүнийг оюутнуудад нэлээн олон жил заасан.

Би нэг жишээ хэлье. 2002 оны эрүүгийн хуулинд анх удаа мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүд гэж орж ирж байсан. Вирус сүлжээнд тараах, бусдын мэдээллийг хууль бусаар олж авах буюу хакердах гэх мэт гэмт хэргүүд анх удаагаа хуулинд орж ирсэн. Өөрөөр хэлбэл, нийгэм хөгжөөд ирэхээр мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, түүнтэй холбоотой төрийн хамгаалалтууд гарцаагүй бий болж ирдэг. Энэ бол өөрөө хууль, нийгэм хоёр зэрэгцэн хөгжиж явах ёстой гэдгийг л илэрхийлж байгаа нэг тод жишээ. Социалист эрх зүйн тогтолцоонд хууль бол төрийн хүсэл зоригийн илэрхийлэл гэж сурталддаг байсан. Орчин үеийн эрх зүйн тогтолцоонд хууль бол ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл гэж томьёолол нь өөрчлөгдсөн. Тэр ч утгаараа өнөөдөр Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл заалт нь үнэхээр ард түмний хүсэл зоригоос ангид байвал үүнийг өөрчлөх л ёстой. Гэхдээ хэн нэг этгээд хүнийг ямар нэгэн хяналтгүйгээр гүтгэж, гутаан доромжилъё гэдэг хүсэл байвал энэ нь боломжгүй. Тэрийгээ ард түмний нэр барьж ярьж болохгүй. Мэдээлэл бодитой байх ёстой. Тэгвэл хэнийг ч торгохгүй. Ердөө л энэ. Бас нэг зүйл дээр их эмзэг байгаа манай улс төрчид. Барууны том судлаач, эрдэмтэд юу хэлдэг вэ гэвэл, та олны анхаарлын төвд орсон л бол олон нийтийн зүгээс янз бүрийн байдлаар шүүмжлэх хандлагууд хүссэн ч, эс хүссэн ч байна. Үүнийг зарим тохиолдолд хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн ёс зүйн код ярьдаг. Олны танил хүн хоёр янзаар бий болдог. Нэг нь өөрийн хүч хөдөлмөрөөр, нөгөөх нь өөрийн хүсэл зоригоос үл шалтгаалж олны танил хүн болдог. Тухайлбал, нэртэй дуучны хүүхэд болж төрдөг ч юм уу, эзэн хааны хүүхэд болж төрөн хунтайж болдог ч юм уу, энэ тохиолдолд өөрийнхөө хүсэл зоригоос ангид олны танил болдог. Бусад нь ихэвчлэн өөрөө тухайн салбартаа нэрд гарч олонд танигдана. Эдгээр хүмүүс рүү чиглэсэн шүүмж олон нийтийн зүгээс байнга дагалддаг. Иймд та нэгэнт л олны танил хүн болсон бол ялих, ялихгүй зүйл дээр битгий гоншигонож бай гэж барууны хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйд номлодог юм билээ.

-Улсын Дээд Шүүхийн албан бичигт дурдсанаар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шүүх, шүүгчдийн ажил хэргийн алдар хүндийг гутаах, гүтгэх, шийдвэрлэсэн болон шийдвэрлэх гэж буй хэргийнх нь өмнөөс тэднийг гүтгэж хараат бус байдалд нь шууд болон шууд бусаар нөлөөллөө гэж үзсэн. Түүнчлэн энэ үйлдлээрээ Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэдгийг дурдсан байдаг. Энэ юу болж байгаа вэ? Та өөрөө Зөрчлийн тухай хууль зөрчсөн хэрэг үү?

-Нэгдүгээрт, одоогоор надад Зөрчлийн тухай хуулиар ямар нэгэн зөрчлийн хэрэг нээж шалгасан зүйл алга байна. Хоёрдугаарт, 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн хамгийн гол том дэвшил бол хүн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг бидэнд олгосон. Шүүх гэдэг байгууллага анх үүссэн цагаасаа эхлээд л шударга ёсны хэмжүүр байхаар зорьж эрмэлзэж ирсэн. Өнөөдөр Монгол Улсад шүүхийн алдаатай шийдвэрүүдийн хохирогч золиос болсон хүмүүс маш олон бий. Шүүх шударга болоогүй цагт өөр бусад хүнээс шударга ёсны талаар шаардах эрх байдаггүй гэж мөн л төр засгийн онолд үздэг.

Чуулганы завсарлагаанаар 2-3 хуулийн төсөл дээр ажиллаж байна. Манай шүүгч нарт өнөөдөр хариуцлага хүлээлгэх ямар ч хууль эрх зүйн орчин байдаггүй. Өөрөөр хэлбэл, шүүгчийн хариуцлагын хууль гэдэг хуулийн төсөл дээр ажиллаж байна. Дээр нь шүүхийн захиргааны байгууллагыг хараат бус болгоё гэж нэмэлт өөрчлөлт оруулах төсөл дээр ажиллаж байгаа. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд эрүүгийн хариуцлага хүлээсэн нэг ч шүүгч байдаггүй. Нэг талаасаа, манай шүүхээс гарсан шийдвэрүүд 100 хувь зөв байжээ гэсэн дүгнэлтэнд хүрэхээр байна. Тэгвэл намайг нэвтрүүлгээр гуравхан минут үг хэлсний төлөө яагаад нийгэм хэлсэн үгийг минь маш ихээр дэмжиж байгаа юм?!. Үүнээс л хэдүүлээ логик дүгнэлт хийх ёстой. Шүүгч нарын хууль бус үйл ажиллагааны улмаас эд хөрөнгөө алдсан, хэлмэгдэж ял шийтгэл авсан, ял завшсан өч төчнөөн тохиолдлууд байна. Хүн бүр хууль шүүхийн өмнө адил тэгш байх гэдэг зарчим алдагдаад их олон жил боллоо. Үүнийг бид өөрчлөхгүйгээр хөгжлийн тухай, бусдаас хариуцлага нэхэх тухай, гадны хөрөнгө оруулагчдыг татах тухай дурдаад хэрэггүй.

Өнөөдөр Англичууд яагаад өөрийнхөө хатан хаан түүний гэр бүлийнхэнд тийм их хайртай, хүндэтгэлтэй ханддаг юм? Учир нь, эзэн хааны гэр бүл шударга шүүхийн тогтолцоог бий болгож чадсан. Түүнийхээ төлөө Английн төрийн бэлгэдэл болж, тэр гэр бүл өнө удаан оршин тогтнож байна. Татвар төлөгчид өөрсдийнхөө мөнгөөр энэ институцийг өнөөдрийг хүртэл хадгалсан. Өнөөдөр дэлхийн эрх зүйн дийлэнх маргаан Английн арбитрт шийдвэрлэгдэж байна. Өөрөөр хэлбэл, Англи өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын эрх зүйн үндэс болоод явж байна. Бид бодох л ёстой.

Бид заавал ямар нэгэн улсын олон зуун жил алдсаныг давталгүйгээр шүүхийнхээ тогтолцоог илүү хараат бус, шударга болгохын төлөө л явах ёстой. Дээр нь гадны хөрөнгө оруулагчид манайд яагаад хөрөнгө оруулдаггүй вэ гэвэл, манай хэн нэг эрх мэдэлтэн гадны хөрөнгө оруулагчийг урин дуудаж оруулж ирчихээд, дараа нь нөгөө нөхрөө хорьж цагдаж байгаад хөөж гаргаад хөрөнгийг нь дээрэмдэж авдаг. Энэ бол нууц биш. Өнөөдөр шүүх дээр хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс болон том дарга нарын хэргүүд дандаа замхарч, хэрэгсэхгүй болдог, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусдаг, үйлдэл холбогдол нь тогтоогддоггүй, ингээд замхраад дуусдаг. Надад шаардлага тавьж байгаа тэдгээр нөхдүүд эхлээд түүн дээр хариу тайлбар өгснийхөө дараа надтай заргалд. Ямар ч байсан шүүгчийн хариуцлагын тухай хуультай болъё. Тэгэж байж шүүгч айдаг, ичдэг, эмээдэг болно. Өнөөдөр тэд юу хэрэглэж, ямархуу тансаг амьдарч байгааг бүгд л мэдэж байгаа. Бүх юм алган дээр тавьсан юм шиг, хүн болгоны амьдрал ахуй бие биендээ ил тод харагддаг. Шүүхийн гадаа ямар машинууд тавиатай байна, хэдүүлээ очоод харъя л даа. Үнэн үг хэлсэн хүнтэй мөчөөрхөж заргалдаад хэрэггүй. Бүгдээрээ харин сайжруулахын төлөө хамтдаа явъя гэдэг зүйлийг л хэлье.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ гэж байсан боловч амжаагүй. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг төслөө боловсруулсан байх. Намрын чуулганаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж чадах болов уу? Өөрчлөлт оруулах ажлын хэсэгт та орсон байгаа. Ямар өөрчлөлтүүд оруулахаар болж байгаа вэ?

-Одоогийн өөрчлөлтийг би дутуу дундуур өөрчлөлт гэж шүүмжилж байгаа хүний нэг. Би өөрөө ажлын хэсэгт орж байгаа. Би бүлгийн хурал дээр ч хэлсэн. Энэ хуулийг өргөн барих явцад ахиж нэмэлт орж байж би дэмжинэ шүү гэдэг байдалтай асуудалд хандаж байна. Үүнийг яривал их урт хугацаа шаардагдах учраас маш товчхон өгүүлье. Өнөөдөр бид Үндсэн хууль гэдэг зүйлийг нэг талаас нь харах хэрэгтэй. Энэ нь 1,500,000 км/кв нутаг дээрх 3,3 сая хүний хамтран амьдрах гэрээ. Энэ гэрээг нийт ард түмэнтэйгээ зөвшилцөж, тэднийхээ зөвшөөрлийг авч байж Их Хурал ёсчлон батлах ёстой. 1990 оноос хойшхи 4 дэх Үндсэн хууль 25 жил үйлчилж байна. Энэ хооронд бид хөгжил дэвшлийн хувьд хэчнээн хойш ухарсан, ямар ямар салбарууд эмгэгтэй болчихов, бидний өмнө ямар том аюул заналууд байна вэ зэргийг ний нуугүй ярих ёстой. Сонгууль дөхөхөөр бүгд сайхан ярьж, сайхан итгэл үнэмшил төрүүлдэг. Зарим нь телевизээр 3D-ээр хот босгож, өрж байгаад сонгуульд ялдаг. Яг л ийм байдлаар хорин хэдэн жил явцгаалаа. Анхны Үндсэн хууль 1924 онд батлагдсан. Хэдийгээр социалист, марксист Үндсэн хууль байсан хэдий ч 16 жил үйлчилсэн. Энэ нь Бүгд Найрамдах засаглалын хэлбэрийг Монгол улсад бэхжүүлье гэдэг том зорилго тавьж байсан. Хэдийгээр олон мянган хүнийг хэлмэгдүүлж, улс төрийн хэлмэгдүүлэлтийг хийсэн ч гэсэн Бүгд Найрамдах засаглалын эхлэлийг энэ Үндсэн хуулиар тавьсан юм. 1940 оны Үндсэн хууль 20 жил үйлчилсэн. Энэ Үндсэн хууль аж үйлдвэржье гэдэг зорилт тавьсан. Энэ зорилтоо үндсэндээ ханган, атар газар эзэмшиж, аж үйлдвэрийн томоохон фабрик, заводууд байгуулагдан, газар тариалан дэлгэрч, нэгдэлжих хөдөлгөөн ялсан. Тэгвэл 1960 оны Үндсэн хууль үндсэндээ 30 жил үйлчилсэн. Энэ хууль нь олон улсын хамтын нөхөрлөлийн байгууллагуудтай хамтран ажилладаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, соёлжсон, шинжлэх ухаанжсан улс бий болгох том зорилт тавьсан. Энэ хугацаанд бүх хүн бичиг үсэгтэй болсон.

Эрүүл мэндийн салбарт урьд өмнө байгаагүй ахиц дэвшил гарч, том хот суурингууд байгуулагдсан. Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэн, Монгол хүн сансарт ниссэн зэрэг олон ахиц дэвшлүүд гарсан. 1990 онд нийгэм эдийн засгийн салбарт реформ хийх ёстой хэмээн ардчилсан хувьсгал явагдаж, 1990 оны нэмэлт өөрчлөлтөөр 1992 оны Үндсэн хуулийн үндэс эх суурийг тавьсан юм. Бид ардчиллыг ойлгодог болсон. Хувийн хэвшил гэдэг зүйлийг бий болгож, ардчилсан сонгуулийг сайн ч муу ч хэд хэдэн удаа хийгээд үзлээ. Одоо бидэнд “Хөгжлийн Үндсэн Хууль” хэрэгтэй. 1990 онд манай Үндсэн хуулийн төсөл дээр ажиллаж байсан Германы эрдэмтэд “Энэ Үндсэн хуулийн конструкци болохгүй ээ. Танай эдийн засаг тэлээд ирэхийн хэрээр төрийн институцүүд чинь бизнесийн бүлгүүдэд хуваагдаж захирагдана. Одоо танай эдийн засаг жижиг байна. Ийм хариуцлага хүлээдэггүй засаглалын тогтолцоог бий болгож болохгүй. Нэг бол сонгодог парламентын засаглалаар яв. Эсвэл сонгодог Ерөнхийлөгчийн засаглалаар яв” гэдэг зөвлөмжийг их олон удаа өгсөн байдаг. Яг тэр хэлснээр болж байна. Тэр үед манай Үндсэн хуулийн томоохон эцэг гэгддэг эрдэмтэд “эхлээд Монголчууд ардчилал гэдгээ ойлгоё. Түүний дараа бид Үндсэн хуулийг өөрчлөх, засаглалаа өөрчлөх асуудлаа ярья” хэмээн өгүүлцгээсэн. Одоо яг тэр зүйл, тэр цаг хугацаа давтагдаж байна. Манай энэ Үндсэн хуулийн тогтолцооны үед улс төрийн томоохон лидерүүд нь хууль хүчний байгууллагуудыг өөрсдийнхөө эрхшээлд оруулах замаар өрсөлдөгчөө намнадаг, түүгээрээ дамжуулж нийтээр нь удирддаг, томоохон улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн эрх ашгийг хангаж, түүнийхээ төлөөсөнд намынхаа санхүүжилтийг босгодог тогтолцоо руу бид гүн гүнзгий шигдэж орсон. Тийм учраас бид ард нийтийн санал асуулга явуулан, засаглалын хэлбэрээ ард нийтээрээ сонгуулж, энэ үүсээд байгаа хотын төвлөрөл, эдийн засгаа тэлэхтэй холбоотой том төсөл хөтөлбөрүүдээ явуулах эрхийг гүйцэтгэх эрх мэдэлтэй хүчиндээ өгдөг, энэ зүйл рүү явахгүй бол болохгүй болчихоод байна. Одоогийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг би бүрнээ дэмжихгүй байгаа. Ажлын хэсэгт байсан хүний хувьд гарын үсэг зурсан. Бүлгийн хурал дээр протоколд тэмдэглүүлж өөр дорвитой засаглалын өөрчлөлтийг оруулж ирнэ шүү гэдэг зүйлсийг ярьж тохирч гарын үсэг зурсан. Энэ амралтын хугацаанд зүгээр суусангүй. Ард нийтийн санал асуулгын төсөл бэлдчихсэн сууж байгаа. Анд нөхдүүддээ танилцуулсан. Чуулган эхлэхээр энэ асуудлыг хүмүүсээс дэмжлэг авбал өргөн барья гэдэг бодолтой байна.

-Tа УИХ-ын залуу гишүүний хувьд намын доторх эв түнжингүй байдлыг хэрхэн дүгнэж байна вэ? Аль ч нам нь дотроо эв түнжингүй, бүлэг фракц болж хуваагдсан харагдах юм.

-Намын эв нэгдэл гэдэг зүйлээр бүтэхгүй юмыг халхавчлах зүйл биш. Эрүүл шүүмжлэл гэдэг зүйл байх ёстой. Эв түнжингүй байдал гэдэг нь үүнээс илүү дор зүйл л дээ. Нэгдүгээрт, эрүүл шүүмжлэлийг хүлээж авах, буруу зүйлээ засаж, эрүүл зарчмаар өрсөлдөж байж улс төрийн намууд эрүүл саруул явдаг. Мэдээж хэрэг, тодорхой хэмжээнд үе солигдох процесс явагдаж байгаа учраас энэ тэмцэл их хурц тод харагдаж байгаа байх. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн УИХ-ын сонгуулиар анх удаагаа сонгогдсон 40-өөд гишүүд орж ирсэн. 40 өөр өнгө аястай, 40 өөр үзэл бодолтой, 40 өөр хөгжлийн бодол санаа дэвшүүлсэн хүмүүс орж ирсэн учир өнөөдөр үүн дээр нэлээн хурц ширүүн өрсөлдөөн тэмцэлдээнтэй явж байгаа гэж бодож байна. Энэ нь ардчилсан тогтолцоонд байдаг бас нэг л хэлбэр илэрхийлэл. Хэт их эв түнжинтэй байвал хэт их үгсэн хуйвалдаж ч болох.

-Та нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Дарга төвт томилгоотой, даргадаа үйлчилдэг түшмэдийн тогтолцоо нягт бий болсон учраас хариуцлага гэдэг ойлголт алсарлаа. Аль нэг намын төрийн албан хаагч гэдэг ухагдахуун байх ёсгүй. Энэ бүхэн улам нарийсч энэ намын, тэр намын төрийн албан хаагч, сүүлдээ тэр даргын, энэ даргын томилсон хүн гэдэг тогтолцоо руугаа гуйвчихлаа” гэж хэлсэн байсан. Манайд ер нь Төрийн ой санамж гэдэг зүйл үгүй болж, Төрийн албаны халаа, сэлгээ гэдэг зүйл хэтэрсэн мэт санагдах юм?!

-Тиймээ, би үүнийг хэлсэн. Төрийн алба гэдэг нь өндөр хөгжилтэй орнуудад тогтвортой байдаг. Бүр нарийн ярих юм бол, нэг салбарын мэргэжилтэн тэр салбартаа л өсөж дэвждэг. Түүнээс биш, нэг нам гарч ирэнгүүт нөгөө цүнх барьж байсан хүмүүс нь дарга болдог иймэрхүү тогтолцоо өндөр хөгжсөн, эдийн засгийн өндөр өсөлттэй орнуудад байдаггүй. Бид тийшээ л явах ёстой. Сонгуулиар нэг нам яллаа гээд өмнөх төрийн алба бүгд эвдэрнэ, унана. Дараагийн намын аппарат тэр чигээрээ төрийн албанд орж ирдэг, өмнөх төрийн албаны залгамж чанар, төрийн ой санамж алдагддаг ийм л тогтолцоо бий болж. 2015 онд Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлөөс МУ-ын Засгийн газар, УИХ-д бичиг хүргүүлсэн. МУ-ын Төрийн албаны ой санамж арчигдаж дууслаа. Энэ ээлж халаагүй халж сольдгоо болиоч ээ гээд. Ардчилсан нам 34 суудалтай, “Шударга ёс” эвсэл 13 суудалтай хамтарч засаг бариад, энэ хооронд засаг өөрөө 2 удаа солигдсон. Би тухайн үед орон нутагт ажиллаж байлаа. Би ганцхан хэлтэс дээр хэлье. СХД- ийн Мэргэжлийн Хяналтын Газрын дарга 4 удаа солигдсон. Сүүлдээ би Иргэдийн хурлын даргын хувьд хэн гэж Мэргэжлийн Хяналтын даргатай төрийн хяналт шалгалтыг хамтарч хэрэгжүүлэхээ ойлгохоо ч больсон. Энэ бол зүгээр л наад захын жишээ. Төрийн албыг аль болох мэргэшсэн, тогтвортой, намын хатуу гишүүнчлэлээс ангид байлгах ёстой.

Намын хатуу гишүүнчлэлээс ангижрахын тулд энэ жижиг тойргоор олон сонгууль хийхийг болих хэрэгтэй. Зөвхөн жижиг тойрогт хандсан макро эдийн засгийн бодлого явдаг. Макро эдийн засгийг их өвчлүүлэхээр хариу нь маш чанга ирдэг. Түүнийг бид 2012- 2016 онд маш сайн харлаа.

-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотойгоор олон асуудлууд яригдаж байна. Эдгээр асуудлууд хуулийн дагуу хэзээ цэгцрэх бол?

-Эрдэнэтийн 49 хувь, 51 хувь гэж яриад байгаа. 51 хувь биш, бүхэлд нь Эрдэнэтийг барьцаалсан асуудал юм. Зарим дарга нар би барьцаалах батлан даалт гаргаж өгөөгүй, миний гарын үсэг биш гэж яриад байна. Бүгдээрээ Англи хэл дээр олон улсын гэрээ уншдаг багтай цуг сууж, Арбитрын шийдвэрийг унших хэрэгтэй юм. Ийм үйлдэл болсон гэж тухайн үеийн Эрдэнэтийн удирдлагууд мэдэж байсан. Тиймээс төлбөрийг Эрдэнэт үйлдвэр гаргах ёстой гэдэг Арбитрын шийдвэр гарсан. Монгол хэл дээрх хувь, орчуулгын Англи хэл дээрх хувийг нь нягталж унших хэрэгтэй. Монголын ард түмний өмч эрсдэлтэй байдалд орчихоод байна. Үүнийг төлөхгүй гэвэл сар бүр бараг сая долларын алданги бодогдоод байгаа. Төлчихвөл Ардын нам өмнөх дарга нарынхаа хийсэн хууль бус үйлдлийг татвар төлөгчдийн мөнгөөр төлчихлөө гэнэ. Төлөхгүй яваад байвал нөгөө мөнгөний тоолуур нь гүйгээд байдаг. Манай Засгийн Газар бодитой, дорвитой шийдвэр гаргахгүй бол Эрдэнэт үйлдвэр маш хүнд байдалд орчихлоо. 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудал нь Үндсэн хууль дээгүүр давж алхсан. Өнөөдөр Эрдэнэтийн 51 хувийг эрсдэлтэй байдалд Монгол Ардын нам оруулсан гэж их чанга дуугарч байгаа хүмүүс нэг зүйлийг мартаж орхиж. 49 хувийн Үндсэн хууль давж гарах шийдвэрийг гаргахдаа МУ- ын Засгийн Газрын гишүүд байсан хүмүүс гарын үсэг зурж, Үндсэн хууль дээгүүр цуг алхалцсан. Эцсийн нэг эрх ашиг гэж байх ёстой. Энэ нь нийт Монгол Улсын эрх ашиг юм. Олон Улсын гэрээнд өөрчлөлт оруулах эрх зөвхөн УИХ-д хадгалагдана. Үүнийг сонгуулийн өмнө Ч.Сайханбилэгийн Засгийн Газар хулгайгаар хийсэн. Эрдэнэт үйлдвэр Монголынх боллоо гэж сонгуулийн PR хийсэн. Одоо харин хэдүүлээ хэн нэг хүнийг шүүмжлэхээс илүүтэйгээр урагшаагаа харъя. Эрдэнэтийг эрсдэлтэй байдалд оруулаад байгаа асуудлын цаана ард түмэн л хохирно. Энэ дээр гүйцэтгэх засаглалын тэргүүн ч тэр, парламент ч тэр, нэгдсэн байр сууринд очиж шийдэх ёстой. Нөгөө маргалдагч талууд ч гэсэн нийт улс орныхоо эрх ашгийн төлөө хэлэлцээрийн ширээний ард суух ёстой л гэж бодож байна. Гадны хөгжилтэй орнуудад бол зөвшилцөл хэмээх зүйлийг л хамгийн түрүүнд ярьдаг.

-Улстөрч хүн гэж яг ямар хүнийг хэлэх ёстой вэ? Энэ тал дээр таны бодол.

-“Политика” гэдэг нь эртний грек хэлэнд төрийг удирдах урлаг гэсэн утгатай үг юм. Харин манай өнөөдрийн тогтолцоонд хамгийн сайн ярьж чаддаг, хамгийн их хэлсэн ярьсандаа хүрч чадахгүй хүмүүсийг л хамгийн сайн улстөрч гэж хэлэх гээд байх шиг. Өөрөөр хэлбэл, улс төрчдийн сонгууль дөхөхөөр амладаг сүржин хоосон амлалтууд нь том зургаараа эдийн засагт, улс оронд хор хөнөөл үзүүлж байна. Тэр нь хэзээ ч хэрэгждэггүй, хэрэгжвэл улс орон бүрэн сүйрчихээр. Айл өрх бүрийг орон сууцтай болгоно, бүх их, дээд сургуулиудыг үнэ төлбөргүй болгоно гэдэг. Ийм нөөц манайд үнэхээр бий юу?! Одоо ер нь манай улс төрийн намууд, улстөрчдөд хэлж амжаагүй цөөхөн амлалт үлдсэн байх. Бараг л гэр бүлгүй хүмүүсийг гэр бүлтэй болгоно, бүх хүнд АНУ- ын 10 жилийн виз даруулж өгнө гэх маягийн л амлалтууд үлдсэн байж мэднэ. Бусад бүх зүйлийг амлачихсан, “өргүй болгосон”, “бүх хүмүүст орон сууц аваад өгсөн”, “бүх хүмүүсийг дээд сургуульд үнэгүй сургасан” гэх мэт. Эдгээр нь одоохондоо амьдралд хэрэгжих боломжгүй зүйлс юм. Харин ингэхийн тулд бид бүсээ чангалан, зөв бодлого явуулж, идэж уудаггүй, авлигагүй тогтолцоог бүрдүүлж, гадны хөрөнгө оруулалт маш ихээр татан, эдийн засаг одоогийнхоос даруй 10-20 дахин тэлж байж өндөр хөгжилтэй орны иргэд шиг сайхан амьдарна. Хэзээ ч бүтэшгүй зүйлс худал амладаггүй улстөрчийг л жинхэнэ улстөрч гэх болов уу.

-Цаг зав гаргаж бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсэн ерөөе.

Ярилцсан Х.Доржпалам

Гэрэл зургийг Б.Тошка, Ц.Баярбаатар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top