"Зиндаа" сэтгүүлийн есдүгээр дугаарын "Шинэ үе" буланд залуу улс төрч Б.Бат-Эрдэнийг урилаа. Өнөөгийн байдлаар эрдэс баялгийн салбарт хийх хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг, түүнчлэн эрдэс баялгийн түүхий эдийн зах зээлийн үнэ нь хэлбэлзэл болон өрсөлдөөн ихтэй зэрэг онцлогтой салбар. Харьцангуй эрсдэл ихтэй тул хуул эрх зүйн орчныг өөрчлөх, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхэд төрийн байгууллага нээлттэй, ил тод, хариуцлагатай байх зэрэг олон асуудал бий. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
-“Эрдэнэс Монгол” нэгдэлд ямар ямар аж ахуйн нэгжүүд багтдаг вэ?
-Бүгд уул уурхайн компаниуд уу? “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд “Багануур” ХК, “Шивээ Oвоо” ХК, “Эрдэнэс Оюу Толгой”, “Эрдэнэс Таван Tолгой”, “Эрдэнэс Mетан”, “Мон Атом” “Эрдэнэс шивээ энержи” гээд олон компани бий. Мөн дөнгөж саяхан “Алт 2 хөтөлбөр” болон “Монгол Улсын Tогтвортой Хөгжил 2030” - ийн хүрээнд “Эрдэнэс Алт Ресурс” компанийг байгуулсан. Ерөнхийдөө уул уурхай чиглэлийн бүхий л компаниуд “Эрдэнэс Монгол” ХХК дээр төвлөрдөг. “Эрдэнэт” үйлдвэрээс бусад нь бараг байна гэсэн үг. Энэ утгаараа Монгол Улс уул уурхайн нэг цонхны бодлого баримталж төрийн эрх үүргийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК-ийг бий болгон удирдлагаар ханган ажиллаж байгаа гэж ойлгож болно.
-Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, баримталж буй бодлого, хөтөлбөрөө сурталчлах, эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах гээд нэлээдгүй асуудал байна. Үүн дээр Монгол Улсын Засгийн газар хэрхэн ажиллаж байна вэ?
-Улсын Ерөнхий сайд Хүрэлсүх 100 хоногийнхоо ажлын тайлангаар Монгол Улсын Засгийн газраас газрын тосны үйлдвэр байгуулах асуудлыг дурдаж байсныг та бүхэн санаж байгаа байх. Мөн “Баялгийн Сан” байгуулах асуудал ч яригдаж байгаа. Ер нь газрын доорх баялгийг өнөөдөр ард түмнийхээ төлөө зайлшгүй зарцуулах, ашиглах, үр өгөөжийг нь хүртээх нь тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Тиймээс Засгийн газрын зүгээс томоохон ордуудыг хөдөлгөөнд оруулах, үр өгөөжийг нь ард түмэндээ хүртээх асуудлыг “Эрдэнэс Монгол” нэгдэлийн хүрээнд стратегийн хувьд, менежментийн хувьд зангидаж байгаа гэж ойлгож болно.
-Шинэ техник технологи нэвтрүүлэх, дотоод зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдүүлэх тал дээр “Эрдэнэс Монгол” нэгдэл хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Нэг үеэ бодвол гадаад өр, зээл төлөх асуудал цэгцэрч байна. Бид Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд “Эрдэнэс Монгол” компанийг чадваржуулах, чадавхжуулах томоохон ажлыг хэрэгжүүлээд явж байгаа. Энэ төслийн хүрээнд Oлон Улсын “ERP Cистем”-ийг “Эрдэнэс Монгол” компанийн хэмжээнд бий болгох, цахимжуулах, тухайлбал “Эрдэнэс Таван Толгой” ХХК, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК болон Метаны хийтэй холбоотой “Эрдэнэс Mетан” ХХК гээд бүхий л охин болон хараат компаниудынхаа санхүүгийн үзүүлэлтүүдийг шууд хянах, харах, цаасан системийг халах, өөрөөр хэлбэл ганцхан кноп дараад л бүхий л компаниудын санхүүгийн бодит байдал, бүх мэдээллийг нэг дор авах системийг бүрдүүлж байна. Эрдэнэс Монгол компанийг үүсгэн байгуулсан цагаас хойш Эрсдэлийн удирдлага, хүний нөөцийн стратегийн баримт бичигтэй байсангүй. Үүнийг засаж Эрсдэлийн удирдлагын тогтолцоо, хүний нөөцийн стратегитэй болгосон. Мөн манай эзэмшилд Гашуун Сухайтын 239 км авто зам байдаг. Үүнийг бид энэ жил цаг хугацааны хувьд арай оройтсон учраас амжаагүй ч Английн томоохон компанитай хамтарч зам засварын машин, техник тоног төхөөрөмжийг шийдвэрлэх асуудлыг ярьж байгаа. Ер нь зам засварын ажлын хувьд манайх хуучирсан, хоцрогдсон системээр өнөөдрийг хүртэл явж байна. Энэ нь маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Гэтэл Монгол Улсын хувьд зуны улирал нь маш богинохон, тэр цаг хугацаанд зам засвараа хийх гэж бүгдийг нь бужигнуулдаг. Тэгвэл бид Английн шинэ тоног төхөөрөмжийг оруулж ирснээр ганцхан машин яваад тэр замыг бүхэлд нь жилийн 4 улирлын туршид янзлах боломж бүрдэж байгаа юм. Бидний нэг долоо хоногт янзалж байгаа автозамыг тэр машин 3 минутад бүрэн янзалж байх жишээтэй. Тиймээс энэ жилдээ багтаад эхний туршилтыг хийнэ. Туршилт амжилттай болбол тэрхүү машин тоног төхөөрөмжийг худалдаж авах асуудлыг шийднэ.
Зардал мөнгөний хувьд “Эрдэнэс Монгол” ХХК энэ жил Гашуун Сухайтын 239 км автозамыг засахын тулд 12 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон. Зам засварт өнгөрсөн жил 14 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ сүүлийн үеийн тоног төхөөрөмж орж ирснээрээ зөвхөн зам засварын төсөвт гэхэд 60 орчим хувийн хэмнэлт хийх боломж байгаа. Тэгэхээр бид өнөөдөр дэлхий дахинаа гарч байгаа шинэ техник, тоног төхөөрөмжийг зайлшгүй ашиглаж байх шаардлага үүсээд байгаа юм. Түүний түүчээ нь “Эрдэнэс Монгол” байгаасай гэж хүсэж байна.
-Нэгэнт Гашуун Сухайтын зам ярьсных, Монгол Улсад байтугай дэлхийд байхгүй хамгийн өндөр замын хураамжтай авто зам гэдэг. Нэг тээврийн хэрэгсэл зорчихдоо 280-350 мянган төгрөгийн нэг удаагийн хураамж төлдөг. Үүнийг цаашдаа бууруулах боломж бий юу?
-Сайхан замаар давхиж байгаа жолооч нар мэдээж сэтгэл хангалуун байх болно. Тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл бага гарч, тэр нь эргээд тухайн компанидаа ч сэлбэг тоног төхөөрөмжөө авах, эргээд машиндаа зарцуулах төсөв хөрөнгө нь багасах төдийгүй жолооч нарын аюулгүй байдал, амь настай нь холбоотой асуудлууд яригдана. Аль болох л тухайн зардлыг багасгах тал дээр ажиллана. Гэхдээ үүнд тодорхой хэмжээний цаг хугацааны хамаарал байгаа гэдгийг хаана хаанаа сайн ойлгох хэрэгтэй юм.
-1072 ширхэг хувьцаа иргэдэд эзэмшүүлээд багагүй хугацааг өнгөрөөгөөд байна. Яг бодитой үр дүнг олж харахгүй л байна. Яг юун дээр гацаад байгаа вэ? Хэзээнээс иргэд үр шимээ хүртэж эхлэх бол?
-1072 хувьцааг амь оруулна. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлүүлэхээр чиглэл гаргасан. Компанийн үнэлгээ, бизнесийн үнэлгээ, ордын үнэлгээ гээд маш олон ажлууд хийгдэж байгаа. Эхний хувьцааны ногдол ашиг буюу хүн бүрт тодорхой мөнгөн дүнг олгох боломж одоогийн байдлаар бүрдчихсэн байгаа. 2017 онд ашигтай ажилласан гэдгээ Эрдэнэс Таван Толгой компанийн удирдлагууд зарласан. Энэ нь хувьцааны ногдол ашгийг хүртээх боломж бүрдэж байгааг харуулж буй үзүүлэлт.
-Төр талаасаа ийм ажил хийж байгаа юм байна. Иргэд бид 1072 хувьцааны ноогдол ашиг хүртэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?
-Иргэдийн хамгийн сайн анхаарах ёстой зүйл нь, өөрсдөө хувьцааныхаа дансыг албан ёсоор үүсгэх хэрэгтэй байна. Мэдээж хувьцаа арилжаалагдахдаа хөрөнгийн биржээр дамжуулж арилжаалагдах ёстой. Тиймээс иргэд өөрийн гэсэн хувьцааны тусгайлсан дансыг үүсгэх нь нэн тэргүүнд хийх ёстой зүйл. Үүн дээр тун удахгүй "Эрдэнэс Монгол" ХХК загварчлал гаргаж иргэдэд тараахаар бэлдэж байна.
-Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд авлигатай хийх тэмцлийг үндэсний хэмжээнд өрнүүлж улстөрийн нам, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй оролцоог хангаж авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж, авлигыг үл тэвчих үзлийг нийгэмд төлөвшүүлэх гэж тусгайлан заасан байдаг. Энэ тал дээр “Эрдэнэс Монгол” нэгдэл хэрхэн ажиллаж байгаа вэ?
-“Эрдэнэс Монгол” компанийн хувьд Олон Улсын авлигатай тэмцэх менежментийн тогтолцоо ISO37001 гэдэг загварчлал байдгийг Монголын стандартад хөрвүүлэх буюу MNS 37001 болгосон байдаг. Үүнийг “Эрдэнэс Монгол” нэгдэлийн хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөгөөгөө гаргаж эхний шатанд “ISO Mongolia” ХХК-тай санамж бичигт гарын үсэг зурж ерөнхий үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлдэж байна. Маш олон сургалт, зөвлөгөөн хийнэ. Мөн Авлигатай Тэмцэх Газраас санамж төсөл хөтөлбөрүүд ирсэн. Үүнийг дагаж мөрдөх асуудлууд хэрэгжиж байна. Дээрээс нь саяхан хуралдсан ТУЗ-ийн хурлаар үр дүнгийн гэрээтэй болох системийг хийж өглөө. 10 гаруй жилийн түүхэнд үр дүнгийн гэрээ гэсэн асуудал байгаагүй, зөвхөн хөдөлмөрийн гэрээгээр явдаг байсан. Ажилчид үр дүнгийн гэрээ хийж эхэлснээр авлигаас ангид байх асуудал бодит байдал дээр бий болж байгаа юм. Тухайлбал ажлын үзүүлэлтэнд авлигын эсрэг асуудал нь зайлшгүй тусгагдах ёстой зүйл. Авлига авах нөхцөл бүрдүүлэхгүй байх тал дээр төр өөрөө анхаарах хэрэгтэй. Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Цахим бодлогын түр байнгын хороотой болох, түр хороо байгуулах санаачилгыг Улсын Их Хуралд өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар дээр тусгай хороо байгуулагдана гэж ойлгож болно. Энэ хүрээнд зөвшөөрлүүдтэй холбоотой маш их хэмжээний ажлыг хөнгөвчлөх алхмууд хийгдэж байгаа.
Тухайлбал улсын хэмжээнд нийтдээ 616 зөвшөөрөл олгож байгаагийн 80 орчим хувь нь анхан болон дунд шатанд олгож байна. Үүнийг цахим хэлбэрт шилжүүлснээр хүнтэй харьцах систем биш, онлайн буюу цахимаар харилцах систем рүү орно. Хүнд суртал арилна. Авлига буюу ажлыг удаашруулснаараа ажлыг түргэвчлэх зорилгоор эрх мэдлээ хэтрүүлэх, албан тушаалаа урвуулан ашиглах зэрэг зүйл байхгүй болно гэж тооцож байна. Энэ нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэмжээнд бүрэн дүүрэн хэрэгжинэ.
-Төрийн Өмчит компанид төрийн төлөөлөл хэрэгжүүлэх, төрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, төрийн эзэмшлийн хувьцааны төлөөллийг хэрэгжүүлэх зэрэг асуудлыг Компанийн тухай хуулинд зохицуулаагүйгээс хуулийн дагуу үйл ажиллагаагаа эрхлэн явуулахад төрийн өмчит компаниудад хүндрэл үүсээд байх шиг байдаг. Энэ тал дээр таны бодол
-Ганцхан бодит жишээ хэлье. Гашуун сухайтын замаар 100 тонн давсан даацтай тэрэгнүүд өдөр шөнөгүй явж байна. Бид Гашуун сухайт компанид зам арчлалт, засвартай холбоо бүхий л эрх мэдлийг өгөх, төсвийг шилжүүлэх гэтэл хуулийн талаасаа хаагдчихаж байна. Тендерийн хууль, журмын дагуу. Замын тендер зарлахын тулд үнэлгээний хороо байгуулах ёстой. Үнэлгээний хороо хуралдаад тендерээ зарлаад сонгон шалгаруулалтаа хийгээд эцэслэтэл нийтдээ 45 хоногийг зарцуулж байна. Монгол Улс 4 улиралтай. Дийлэнх хугацаанд нь хүйтэн байдаг учир замаа янзлах цаг хугацаа богино. Уул нь “Эрдэнэс Монгол” толгой компанийн хувьд дотооддоо энэ асуудлыг шийдэх бүрэн боломж байгаа. Миний санаагаар болдог бол “Гашуун Сухайт” компанид бүрэн эрхийг нь шилжүүлээд өгчихвөл авто зам арчилгаа буюу замтай холбоотой асуудлуудаа өөрсдөө хариуцаад хиймээр байдаг. Гэтэл хуулиас шалтгаалаад 45 хоног алдчихаж байна. Шийдээд хийчихлээ гэхэд аягүй бол хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн гээд асуудал яриад эхлэх байлгүй. Ер нь бол төрийн хэмжээнд хүнд суртлыг арилгах, тодорхой хэмжээнд хөгжил гэдэг зүйлийг хурдацтай явуулахыг хүсэх юм бол хуулиудаа яаралтай эргэж харах шаардлага байгаа нь энэ жишээнээс харахад бодитой харагдах байх гэж бодож байна.
-“Эрдэнэс Монгол” ХХК энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөндөө хэд орчим сая тонн нүүрс экспортлохоор байна.
-“Багануур” ХК-ийн хувьд 4 орчим сая тонн нүүрс,” Шивээ Овоо” ХКийн хувьд 2 орчим сая тонн нүүрс, “Эрдэнэс Таван Толгой” ХХК нь 10 орчим сая тонн нүүрсний олборлолт хийх тооцоотой явж байна. Энэ тооцооллыг бид ихэсгэх боломжтой юу гэвэл бүрэн боломжтой. Гэхдээ энэ дээр нэг саад байгаа нь “Багануур” ХК болон “Шивээ Овоо” ХК-ийн хувьд тоног төхөөрөмж нь их хуучирсан. Үүнээсээ шалтгаалаад гарч байгаа зардал нь маш өндөр, хугацаа нь дуусаад актлагдсан хуучны тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуулж байгаагаас шалтгаалаад түлшний зардал өндөр гарах асуудал байна. Энэ хуучин тоног төхөөрөмж дээр “Багануур” ХК-ийн хувьд 180 сая долларын хөрөнгө оруулалт яг өнөөгийн байдлаар зайлшгүй шаардлагатай байна. Энэ хөрөнгө оруулалтыг хийснээрээ саяны миний хэлдэг нүүрс олборлолтын хэмжээ ихсэх магадлалтай гэсэн үг. Дээрээс нь нүүрс олборлолтын хэмжээг ихэсгэснээрээ гарах үр дүн юу вэ гэдгийг маш сайн харах хэрэгтэй. Тухайлбал “Шивээ Овоо” ХК дээр түлш үйлдвэрлэх төслийг БНХАУ-ын томоохон Төрийн өмчит компанитай ярилцаад ажлын хэсэг байгуулаад явж байна. Бид гадагшаа тээвэрлээд гаргах ёстой юу, аль эсвэл тэр нүүрсийг түлш болгон хувиргах, эрчим хүч болгон хувиргах боломжтой юу. Энэ нь эргээд манай улсын эдийн засагт ямар хэмжээний зардал гаргаж, ямар хэмжээний орлого оруулах боломжтой вэ гэдэгт маш сайн тооцоолол хийх хэрэгтэй. Ингэснээрээ тухайн жилийн олборлолтын хэмжээг цаашдаа бид их, багадаа биш үр ашигтай, үр ашиггүй гэдэг хэмжүүрээр л авч үзэхийг зорьж байгаа гэсэн үг.
-“Цагаан Хад” гаалийн хяналтын бүсэд экспортын нүүрсээ буулгаад, тэндээсээ богино тээвэрлэлтээр “Гашуун Сухайт”-ын боомтоор гаргаж байгаа. Энэ нь “Эрдэнэс Таван Толгой” ХХК-ийн нүүрсний экспортонд нөлөөлж байна уу?
-Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д албан ёсны айлчлал хийснээр нааштай үр дүнгүүд гарч эхлээд байна. Бидний хувьд өнөөдрийн байгаа боломжит нөхцөлөө хамгийн сайнаар ашиглах явдал юм. Нэгэнт л төмөр зам тавьж чадаагүйгээс хойш байгаа нөхцөл байдалдаа тулгуурлаад хамгийн ашигтай, хамгийн зөв шийдвэр гаргаж, хамгийн зөв тээврийг хийхийг зорьж байгаа гэсэн үг. Мэдээж цаашдаа төмөр замаар тээвэрлэх боломжгүй байгаа учраас стратегийн хувьд их зөв тооцож, зөв шийдвэрлэх хэрэгтэй. Үүн дээр улс төрийн манлайлал хэрэгтэй болж байгаа юм. Тиймээс саяхан 3-р сарын 28-ны өдөр Хүчээ нэгтгэе буюу “Монгол Улсын гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг Монгол Улсын Засгийн газар албан ёсоор зарласан. Учир нь бид Монгол гэдэг нэг эх оронтой, Монгол гэдэг нэг л үндэстэн, нам харгалзахгүйгээр хүчээ нэгтгэе гэсэн үг. 2008-2012 онд “Хамтарсан Засгийн Газар”- ыг байгуулж ямар том амжилтад хүрч байсныг Монголын ард түмэн бэлхнээ харсан. Гэтэл 2012-2016 оны өнгөрсөн 4 жилийн хугацаанд урьдын бий болгосон 20 гаруй жилийн түүхэн боломжуудыг бүгдийг нь шахам үгүй хийсэн. Өнөөдөр 2016-2018 онд эргээд үүнийг сэргээж байна.
Тэгэхээр улс төрийн манлайлал нэгдүгээрт зөв байх ёстой, хоёрдугаарт сөрөг хүчин гэлгүйгээр бүгд эх оронч сэтгэлтэй хандаасай л гэж хүсэж байна.
-“Эрдэнэс Монгол”- ХХК -ний 18 захирлыг цөөлж 7 захиралтай боллоо гэж байсан. Нөгөөтэйгүүр Төрийн өмчит компаниуд маш их үрэлгэн зардалтай, нүсэр бүтэцтэй ажилладаг гэсэн ойлголт түгээмэл бий. Зардлаа бууруулах тал дээр тодорхой ямар ажил хийж байгаа вэ?
-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьд гэхээсээ илүүтэйгээр, ганцхан жишээ дурдаж болно. “Багануур” ХК-ийн асуудaл өнөөдөр маш түвэгтэй байдалд байна. Тухайлбал “Багануур” ХК-нд өнөөдрийн байдлаар 1124 ажилтан ажиллаж байна. Үүний 200 хүн нь захиргааны ажилтан. Гэтэл энэ компани байнгын алдагдалтай ажиллаж байгаа. Жилийн 14 орчим тэрбум төгрөгийн алдагдалтайгаар шүү. “Багануур” ХК-ийн ажилчдын цалин, ялангуяа уурхайчдын цалингийн хэмжээ нь Олон Улсын жишигт хүрч эхэлсэн. Бид уурхайчидтай яриад байх зүйл байхгүй. Харин захиргаан дээр яагаад 200 хүн байгаа асуудлыг бид хөндөж байна. Тэнд 30-40 хүн байхад л хангалттай. 160-170 орчим хүний илүүдэл байна гэсэн үг. Нийт төсвийнх нь 30 орчим хувийг зөвхөн цалингийн зардал дангаараа эзэлж байна. Үүн дээр миний хэлээд байгаа улс төрийн манлайлал хэрэгтэй болж байгаа юм. Хуулиараа 160 ажилтныг цомхтгох процесс явахад тэр ажилчдын хөдөлмөрийн гэрээ, үйлдвэрчний эвлэл гээд асуудлууд үүснэ. Үйлдвэрчний эвлэл ажилчдынхаа эрх ашгийг хамгаална, өлсгөлөн зарлах, жагсаал цуглаан зохион байгуулна гээд маш олон үйл ажиллагаанууд өрнөх болно. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ янзаараа яваад 2 жилийн дараа “Багануур” ХК-ийн 1124 ажилтан бүгд ажилгүй болж, уурхай дампуурах уу, эсвэл өнөөдөр бид яаралтай арга хэмжээ авч 160-250 хүнийг цомхтгох уу гэдэг шийдлийг л гаргах хэрэгтэй. Төрөөс энэ шийдвэрийг гаргахын тулд “Багануур” ХК-ийн удирдлагуудтай маш олон удаагийн уулзалт ярилцлагыг хийж байгаа. “Эрдэнэс Монгол” ХХК дээр “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн алдагдалтай ажиллаж байгаатай холбогдуулаад ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Хаана илүүдэл зардал гараад байна, түүнийг яаж бууруулах вэ гэдэг дээр ажиллана. Тоног төхөөрөмжийн хуучрал, элэгдэл хорогдолтой холбоотой асуудлууд байгааг ойлгож байна. “Багануур” ХК дээр гэхэд л 180 сая долларын хөрөнгө оруулалт хийснээр, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн тохиолдолд 2020 гэхэд тодорхой хэмжээний дэвшил гарахаар харагдаж байгаа. Энэ нь хоёр жилийн дотор. “Шивээ Овоо” ХК дээр ч мөн адил. Гэтэл 180 сая орчим долларын хөрөнгө оруулалтыг хийх боломж өнөөдөр байна уу гэдэг нь өөрөө асуултын тэмдэг хэвээрээ байгаа. Тиймээс зардал хэмнэлтийн түвшинд шилжинэ. Гэхдээ аль болох хүн лүүгээ орохгүйг хичээж байна. Мэдээж тэр хүний ард үр хүүхэд, эхнэр, нөхөр, аав, ээж маш олон хүн байгаа нь ойлгомжтой юм. Энийг бид бодолцохоос өөр аргагүй.
-“Эрдэнэс Таван Толгой” ХХКийн нүүрс угаах үйлдвэр яригдаад бас багагүй хугацаа өнгөрч байна. Энэ ажил юу болсон бэ? Хэр ахицтай явж байгаа вэ?
-“Эрдэнэс Таван Толгой” компанийн хувьд саяхан удирдлагууд солигдсон. Менежментийн хувьд арай илүү ил тод байдал руу шилжүүлэхийн төлөө зорин ажиллаж байна. Тухайлбал нүүрс тээвэрлэлтийн асуудал дээр бид ил тод системийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ерөнхий сайд ч газар дээр нь очиж ажилласан. Мөн УИХ-ын гишүүн Л.Энхболд 268 мянган тонн нүүрс ор сураггүй алга болсон талаар өгүүлсэн. Ер нь нүүрс тойрсон маш олон асуудал яригддаг. Тиймээс бид аль болох ил тод болгох хэрэгтэй. Ялангуяа нүүрсний ачилт, нүүрс угаалт, нүүрстэй холбоотой авлигын асуудал маш их яригдаж байна.
Ил тод болгох систем рүү шилжүүлснээр тухайн гарч байгаа хүндрэлүүдийг арилгах, олон түмний нүдэн дээр мэдээллийг ил байлгах, 1072 ширхэг хувьцаа эзэмшигчдийн хувьд үүнийг асуух, харах, нягтлах бүрэн эрх нь нээлттэй байх нөхцөлийг бий болгохыг зорьж байна.
-Уул уурхай эрдэс баялгийн салбарын тал дээр Монгол Улсын Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа бодлогын талаар багагүй ойлголтыг авлаа. Эрдэнэт хот тантай салшгүй холбоотой. Төлөвлөгдөж буй ажлууд ч байгаа байх. Зарим нь ажил хэрэг болоод явж байгааг харж байна. Эрдэнэт хоттой холбоотой хэдэн асуулт танаас нэмж асууя гэж бодож байна. Эрдэнэт хотод тулгамдаад байгаа асуудлын нэг бол яахын аргагүй цагаан тоос. Та ч энэ асуудлыг хөндөж тавьж байх шиг байна. “Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэн” үүнийг ул суурьтай судалж нийгмийн олон тоот бүлгүүдийг оруулан хөтөлбөрүүд санаачлан хэрэгжүүлж байгаа гэсэн. Хор хөнөөлийн хувьд ямар түвшинд байгаа юм бол. Хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?
- Цагаан тоос өөрөө хаанаас угшилтай вэ гэдгээ нэгдүгээрт ойлгох хэрэгтэй. Энэ бол хаягдлын аж ахуйгаас гарч байгаа их хэмжээний хуурайшилтаас үүссэн цагаан тоос, шорооны дэгдэлт. Бага хэмжээний салхи гарахад л байнгын цагаан тоосны дэгдэлт үүсч байна. Цагаан тоос хоргүй гэж хэлээд байгаа. Тийм биз? Тэгвэл хоргүй гэдгийг эхлээд бид нарт батлах хэрэгтэй. Хоргүй гэдгээ баталж чадах юм бол хортой биш юм байна гэдгийг бүх хүн ойлгоно. Хоргүй гэдгээ баталж чадахгүй байна. Тэгэхээр энэ нь хортой гэсэн үг. Хаягдлын аж ахуй буюу 29 сая куб метр ус байрлаж байгаа тэр том аж ахуй нь Эрдэнэт хотын зүүн хойд хэсэгт, Орхон Сэлэнгийн бэлчрийнхээ хөндийн аман дээр байрлаж байгаа. Энэ далан сэтрэхэд Эрдэнэт хот бүхэлдээ усанд автах, цунами үүсэх, миний сонссоноор Сэлэнгэ аймгийн Орхон сум хүртэлх газарт 180- 200 метрийн өндөртэй их ус орох асуудал гарах магадлалтай. Тиймээс энэ нь зөвхөн цагаан тоосны хортой, хоргүй асуудал гэхээсээ илүүтэйгээр давхар хүний аюулгүй байдал буюу Монгол Улсын Үндсэн хуулинд хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах бүрэн эрхтэй гэсэн энэ заалтыг зөрчиж байгаа гэсэн үг. Өглөө болгон босохдоо цонхны тавцан, хоолны ширээн дээр тогтсон зузаан цагаан тоосыг арчаад зогсож байгаа хүн түүгээр амьсгалж байна. Өнөөдөр тэнд байгаа хүүхдүүдийг эрүүл агаарт, хөдөө амьдарч байгаа хүүхдүүдтэй харьцуулаад бодох л хэрэгтэй. Үүн дээр шат дараалсан арга хэмжээнүүдийг авч, хэрэгжүүлж байна. Орхон аймгийн удирдлагууд газар дээр нь очиж анхаарал тавиад явж байгаад туйлын баяртай байгаа. Эрдэнэт үйлдвэрийн тодорхой хариуцсан газрууд нь очоод ажиллаж байгаад мөн баяртай байна. Энэ нь бидний жил гаруй хугацаанд хийсэн олон удаагийн хэлэлцүүлгийн үр дүн гэж харж болно. 1-4-р анги буюу 6-8 настай хүүхдүүд хүртэл цагаан тоосны эсрэг нэгдэж зураг зурж байна. “Би маск зүүж амьдармааргүй байна” гээд цагаан тоос бол хортой гэдгийг тэр хүүхдүүд зургаараа илэрхийлж байна. Энэ асуудлыг Төр засаг анхаарч ажиллах үүрэгтэй.
-“Эрдэнэтийн ирээдүйн эзэд” байгалийн ухааны хичээлүүдийн нэгдмэл агуулгын анхдугаар олимпиад Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулагдлаа. Улаанбаатар хотод туршигдсан мэдээлэл технологийг ашиглаж шалгалт дуусахад дүнг газар дээр нь уншигч машинаар уншуулан 1 минутанд дүнг гаргаж дэлгэцээр оролцогч сурагчдад, эцэг эхчүүдэд, багш сургагчдад газар дээр нь шууд харуулсан дэвшилттэй ажил болсон. Энэ нь цаашаа уламжлал болгон зохион байгуулагдах уу?
-Уламжлал болгоод зохион байгуулна. Эрдэнэт хот 23 ерөнхий боловсролын сургуультай. Үүнээс 21 сургуулийн шилдэг 105 хүүхэд оролцсон. 105 хүүхдийн дүнг нэг минутын дотор гаргасан. Хамгийн гол нь бүх эцэг эхчүүд, хүүхдүүдийнх нь нүдэн дээр тухайн шалгалтын материалыг засаж байгаа гэсэн үг юм. БСШУСЯ-ны харьяа Боловсролын Үнэлгээний төвийнхний хийсэн маш том ажил. Энэ өөрөө цаашлаад элсэлтийн ерөнхий шалгалт, гадаад дотоодын тэтгэлэгт холбоотой маш олон асуудлуудыг шийдэх гарц юм. Энэ бүх системийг бид нар ил тод байлгах тал дээр ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд Монгол Улсын хэмжээнд нийтдээ 40 орчим мянган хүүхэд ЕБС төгсөж байна. Эрдэнэт хотын хувьд энэ жил сургууль төгсөх 1483 хүүхэд байна. Тэгэхээр 1483 хүүхэд нэг минутын дотор бүх дүнгээ харах боломжтой болж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсад явж байгаа процесс юу вэ гэхээр ЭЕШ-аа өгөөд 14 хоногийн дараа дүнгээ сонсдог. Энэ системээ л халья гэж байгаа юм. Орхон аймагт БСШУСын сайд Цогзолмаа өөрөө очиж олимпиадын танилцуулга, үр дүн, гарч буй дэвшилтэт боломжуудыг танилцууллаа. 2018 онд Орхон аймагт явагдах ЭЕШ-ыг цахим хэлбэрээр засаж олон нийтэд мэдээлнэ гэдгээ салбарын сайд зарлалаа. 2019 онд Монгол Улсын хэмжээнд энэ системийг нэвтрүүлнэ гэдгийг ч зарлалаа. Эрдэнэт хотын хувьд энэ олимпиадыг хийснээрээ давуу тал үүссэн, Тухайлбал улсын хэмжээнд ЭЕШ-ын дүнг 14 хоног хүлээж байхад Эрдэнэт хотын хүүхдүүд нэг минутын дотор бүх дүнгээ сонсоод дараагийнхаа аль сургуульд элсэн орох боломжтой вэ бүх төлөвлөлтүүдээ хийгээд сууж байна гэсэн үг.
-Таны “ББ” цувралын талаар дурдахгүй байж боломгүй юм. Одоогоор дөрвөн цуврал гаргасан, цаашдаа хэдэн цуврал гаргах вэ?
-Ер нь “ББ” афоризм хэрхэн бүтдэг юм бол, үүгээр дамжуулан та хэнд, юу хүргэхийг хүсэж байна вэ? “ББ” цуврал анх 2016 оны 1-р сараас эхэлж бичигдсэн. Одоогоор нийтдээ яг миний биччихсэн 10 боть бүтээл бэлэн болчихсон байна. Тэгэхээр цаашдаа зургаан боть бүтээл гарахад бэлэн байна гэсэн үг. Түдэв гуай нэгэнтээ хэлсэн байдаг. “Тэнэг хүн ухаантай үг цээжилснээс хойш тэнэг хүн харагдах нь ховордлоо” гэж. Ер нь манайхан гадаадын мэргэд суутнуудын хэлсэн үгийг маш их жишээ болгож ярьдаг. Миний “ББ”-ийн хувьд Монгол хүний л бүтээл, Монгол хүний л оюун ухаан. Бат-Өлзийн Бат-Эрдэнэ гэдэг үгний товчлол нь “ББ” эхний хоёр үсэг юм байгаа юм. Монгол ахуй, Монгол сэтгэхүй талаасаа бүтсэн бүтээл учраас ч тэр юм уу, сошиал орчинд тархсан байдлаас ч юм уу, эсвэл миний номыг худалдан авч байгаа хүмүүсийн хувьд сэтгэл хангалуун байгаа явдал ч юм уу, бүгд маш их баярлалаа гэсэн мессеж ирүүлдэг. Магадгүй бичсэн зүйлсийг нь харахад унаж явахад нь босгох хүч, эргэлзэж явахад нь чиглүүлэх чиг, баярлаж явахад нь ухаарах даруулга болж өгдөг байх.
-Таны “ББ” үгсийг хуулбарлах тохиолдол гарч байна уу?.Хэрэв ийм тохиолдол гарвал та яаж байна.
-Олон бий. Зарим нь таны энэ “ББ” үгийг бид түгээж болох уу? гэж асуудаг. Би үгийг хэзээ ч харамладаггүй, харин түгээдэг байгаасай гэж бодож явдаг хүн. Эргээд энэ утгаараа ухаалаг утсан дээр аппликэйшн гаргасан. Хоёрхон хоногийн дотор “Үг ухаан төрүүлдэг” номыг 316 хүн татаж, “Ухаарал” номыг 70 гаруй хүн татаж авсан байна. Хүнд ухаарал хайрлаад энэ нь өөрөө тухайн хүний амьдралд үр нөлөөгөө өгч байвал миний сэтгэл зүрх баярлаж, баясаж байх болно. Тэгээд ч ном бүтээлээс орсон орлогоо сайн сайхан үйлсэд зориулаад явж байна. “ББ” гэдэг үг бардам хэлэхэд брэнд шахуу болж байна. Тухайлбал “ББ Парк” буюу 288 айлын орон сууц өнөөдөр баригдахаар болж 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаад, шаваа тавиад барилгын ажлууд эхлээд явж байна. Энэ бол “ББ” номын ач тус. Өнгөрсөн 1 сард томуу маш их хэмжээний дэгдэлттэй, ханиад шуухинаатай өвөл байлаа. Энэ үеэр Эрдэнэт хотын хэмжээнд нийтдээ 80 ширхэг утлагын аппаратыг хандивласан. Энэ нь Эрдэнэт хотын хэмжээнд хоёр жил орчмын нөөцтэй болж байгаа гэсэн үг юм. Орон гэргүй гурван ч айлыг орон гэртэй болголоо. Энэ номын буян гэж ойлгож байгаа. Солонгосоос шүдний эмнэлгийн иж бүрэн тоног төхөөрөмж наашаа ачигдлаа. Ном дагаж буян ирж байгаад их баяртай байна. Казахстаны технологийн сургуулийн захиралтай өнгөрсөн жил уулзаж байсан. Яг энэ номны талаар ярьж байсан л даа. Таны фэйсбүүк дээр тавьсан “ББ” үгнүүдийг Казахстанд байхдаа фэйсбүүкээр дамжуулж их уншдаг байсан. Тэгээд Монголд ирээд уулзахыг маш их хүсэж байсан гэдгээ хэлж байлаа. Тухайн үед би Эрдэнэтдээ байсан л даа. “ББ” үгнүүдийг өөрөө хичээлийн завсраар орчуулан багш нартаа өгч байгаа гэж хэлж байснаа ярьж байсан. Энэ нь цаашлаад оюутан солилцоо, “Камаз” маркын 4 ширхэг хог, шороо тээвэрлэлтийн автомашиныг бэлэглэсэн. Би Эрдэнэт хотынхоо захиргаанд, хот тохижуулахынхандаа бэлэглэж байгаа. Ухаан гэдгийг гарч байгаа үг гэхээсээ илүүтэйгээр үйлдэл гэж хардаг. Энэ бол зөв сэтгэл, зөв алхам гэж би ойлгодог.
-Цаг зав гаргаж ярилцсан танд “Зиндаа” сэтгүүлийнхээ уншигчдын өмнөөс маш их баярлалаа. Таны цаашдын ажилд тань амжилт хүсэе.
-Баярлалаа. “Зиндаа” сэтгүүлийнхээ нийт уншигчдад амжилт хүсье. Аз жаргал хүсье.
Ярилцсан: Х.ДОРЖПАЛАМ
"Зиндаа" сэтгүүл 2018 он №09/509 дугаарт нийтлэгдсэнийг онцлов
Сэтгэгдэл ( 8 )
Бид ирээддүй зөв харж алс бодож сурж байна залуусдаа амжилт
Хэлсэн бол хийдэг мундаг хүн шүү дээ
Амжилт ахдаа
Дүүдээ амжилт эх оронч залуу шүү
Мундаг хүн шүү дээ их хурал хэрэгтэй хүн байгаа юм
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая
ЖДҮ тэй хүн манлайлал ярьж болох уу. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаас хөөгдсөн хүн шүү дээ