С.Эрдэнэболд: Аалзны тор мэт хэлхэлдсэн энэ тогтолцоог оюун санааны шинэ үе гарч ирж байж түрнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 26

 

“ЗИНДАА” СЭТГҮҮЛИЙН №14/514 ДҮГЭЭР ДУГААРЫН “ШИНЭ ҮЕ” БУЛАНГААС ОНЦОЛЖ БАЙНА.


Зорилготой, тууштай байх нь бие хүнийг төлөвшүүлдэг. Төлөвшсөн хүн цаг үедээ манлайлагч болон тодордог. Энэ цагт залуусаа манлайлан нийгмийн сайн сайханд аралт тэрэгний зүтгүүр болж буй нэгэн залууг онцлох гэсэн юм. Түүнийг Сүхбаатарын Эрдэнэболд гэдэг. “Эзэнт гүрний туульс” номын зохиогч, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч гэдгээр нь хүмүүс түүнийг мэднэ. Байт харвааны “360” төслөөс эхлээд оргүй цэгээс олон том бүтээн байгуулалт хийж манлайлж яваа шинэ үеийн төлөөлөл. С.Эрдэнэболдын ертөнцөд эргэлзээгүй саатахыг хүсье.


-Залуучуудын дунд та хэдийнэ өөрийн хүрээлэл, оройн зайг бий болгосон шинэ үеийн төлөөлөл. Нийгэмд чиглэсэн олон зөв хандлагыг хэвшүүлэхийн төлөө тууштай тэмцэгч гэж ойлгодог. Мэдээж бага насны хүмүүжил нөлөөлсөн байх. Таны бага нас хаана өнгөрсөн бол, онцлог нь юу байсан бэ?

-“Зиндаа” сэтгүүлийн хамт олон, энэ сэтгүүлийг уншиж буй уншигчдад хаврын сайхан өдрийн мэндийг хүргэе. Миний бага нас бусдаас онцгойрч тодорсон зүйлгүй бусад хүүхдүүдийн л адил өрнөсөн. Би Дархан хотод төрсөн юм. 1990 онд Дарханаас Улаанбаатар хотод нүүж ирсэн. 1990 онд өөрчлөлт шинэчлэлтийн их давалгаа цөнгөө түрж байсан ид үе. Аав минь тухайн үед Төрийн төв хэвлэл Ардын эрх сонин байгуулагдахад тоймчоор ажиллаж эхэлсэн учраас бусдыг бодоход харьцангуй мэдээлэл сайтай байсан гэж ойлгож болно. 1990 оны эхэн үеийн Ардын эрх сонинг үзэх юм бол миний нэр сонин дээр маш олон гарсан байдаг. Аав сэтгүүл зүйн бүтээлээ миний нэрээр бичдэг байсан юм билээ. Эхэндээ гэр маань Дарханд, аав бид хоёр Улаанбаатарт оюутны дотуур байранд амьдарч байв. Өдөр нь аавыг дагаад Төрийн ордонд Ардын эрх сонингоор гүйнэ. Үдээс хойхон хэвлэх үйлдвэрийн харуулын өрөөнд зураг зураад суудаг байлаа. Сургууль соёлд ороод зуны гурван сард нь Төв аймгийн Бүрэн суманд аавын нутаг буюу өвөө, эмээ дээрээ очиж мал малладаг байсан. Бага ангидаа хонь, ямааны араас хөл нүцгэн таваргана. Дунд ангид ороод өглөө адуунд морддог болж эхэлсэн. Том болж байгаа нь тэр гэх үү дээ. Хотод манайх анх 100 айлын тэнд амьдарч байгаад Бага тойрогт нүүж ирсэн. Тэгэхээр би хоттой бол хоттой, хөдөөтэй бол хөдөөтэй хүүхэд болж таарч байгаа биз. Биднийг багад хүүхдүүд чулуугаар их байлдана. Тэр дунд л гүйж явна шүү дээ. Хөдөөтэй байна гэдэг чинь монгол ахуйтайгаа ойр байна гэсэн үг. Тэнгэр харж байгалиа шинждэг өвгөдийн ухааныг дэргэдээс нь ажиж өслөө.

1990 оны дөрөвдүгээр сарын алдарт өлсгөлөнгийн үеэр би долоон настай хүүхэд аавыг мэдээ, сурвалжилга бичих гээд явахад нь дагаад хамт явдаг байсан. Хүмүүс санадаг юм болов уу, үгүй юм болов уу. Вагончик түрж явж байхад нь нэг эмэгтэй хүн дугуйн доогуур нь ороод эндэж байсан юм. Ардчиллын төлөөх жагсаалын үеэр ийм аймшигтай зүйл болж байхыг харж байсан. Миний хувьд нас бага байсан болохоор жагсаал цуглааны нарийн зүйлсийг мэдэхгүй ч Үндсэн хуулийг өөрчилснөөр нийгэм ингэж өөрчлөгдөх юм байна гэдэг ерөнхий зүйлийг мэдэж авч байсан. 90 мянган хүнийг хамарсан Эрх чөлөөний талбай дахь жагсаал дээр аавтайгаа хамт явж л байсан. Ээж тэр үед Дарханы гурилын үйлдвэрт ажилладаг тул дүүтэй хамт тэндээ, би аавтай хотод оюутны байранд амьдарч байсан юм. Намайг харах хүн байхгүй болохоор аавтайгаа л хамт явна биз дээ. Тухайн үеийн ардчиллын төлөөх бүх зүйлд оролцсон гэрч гэх үү дээ. 1990 оны эхээр айлд бүрт Р.Чойномын “Сүмтэй бударын чулуу” ном тарж байв. Мөн хориотой шүлгүүд буюу “Хоноцын хүүхдүүд” гээд ном нь гарсан. Ээж тэр номон дээрээс надад шүлэг цээжлүүлнэ.

Аавын найз Цогсүрэнгийн Гантөмөр гэж ах байлаа. Аав, Ц.Гантөмөр ах нар НАХЯ-ны архив руу орж Р.Чойномын хориотой шүлгүүдийг анх гаргаж ирж байлсан гэдэг. Сэтгүүл зүйн салбарын ноён оргилуудын нэг болох Сүхбаатарын Батмөнх гэж хүн аав, Ц.Гантөмөр ах нарыг дэмжиж хориотой шүлгүүдийг нь сониндоо хэвлэж НАХЯ-нд шалгуулж байсныг санадаг юм. Энэ мэтчилэн олон зүйлс миний бага насны туулж өнгөрүүлсэн он жилүүдэд тохиолдож байлаа. Тиймээс юугаа ч мэдэхгүй хүүхэд байхаасаа л ямар нэгэн өөрчлөлт шинэчлэлт, эрх чөлөөний мэдрэмж дунд өнгөрсөн. Хүүхэд нас иймэрхүү л байв шүү.

-Таныг багадаа шүлэг бичдэг байсан гэдэг. “Хүрэл тулга” яруу найргийн наадамд түрүүлж байсан нь 2000 оны үед байх. Ер нь бичиг цааснаас холдолгүй өнөөдрийг хүрчээ гэж боддог юм?

-2000 онд Бага Болор цом гэж болсон. Ахлах насны ангилалд Булганы Баян-Агтаас яруу найрагч Л.Ганзул агсан ирж түрүүлж байсан бол дунд насанд нь би тэргүүн байрт шалгарч байсан юм. 2001 оны Улсын Хүрэл тулга яруу найргийн наадамд би түрүүлж, “Өдрийн сонин”-ы албаны дарга, “Болор цом”-ын эзэн энэ цаг үеийн мундаг найрагчдын нэг болох Норовын Гантулга шагналт байрт шалгарч байлаа.

Намайг багад манай гэрээр яруу найрагчид, хуульчид их ирнэ. Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч гэгддэг Данзангийн Нямсүрэн гуай хотод ирэхээрээ манайд байна. Олон сайхан шүлэгнүүдээ уншиж аваад сэтгэлийн цэнгэл эдэлдэг байв шүү дээ.

Мөн 1990 оны Монголын яруу найргийн сод төлөөлөгч болсон Шагдарын Уянга, Оюунбадамын Сундуй, Дарьсүрэнгийн Сүхбаатар ах гээд маш олон хүн ирдэг байсан юм. Д.Нямсүрэн ах нэг их зузаан нүдний шил зүүнэ. Нуруугаа үргэлж надаар угаалгадаг байлаа.

Төрийн шагналт нийтлэлч Б.Цэнддоо ах манайд нэг жил амьдарсан юмдаг. Б.Цэнддоо ах хойно сургууль төгсч ирээд Намын төв хороонд ажилладаг байхдаа ардчилал ярьдаг байсан тул эсэргүү нэр зүүсэн юм шиг байна лээ. Хурал дээрээ нэлээд донгодуулаад гарч явахдаа Филатова гуайгаас Монголын залуучуудын холбоонд дурсгасан ваарыг хага өшиглөөд нутаг заагдаж Төв аймаг руу очсон. Б.Цэнддоо ахыг очиход яруу найрагч Шаравын Бадарч, “Өдрийн сонин”-ыг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Жамбалын Мягмарсүрэн, нэрт сэтгүүлч Г.Дашрэнцэн, сэтгүүлч Г.Эрдэнэбат ах, аав нарын хүмүүс тосч авсан юм билээ. “Энэ нөхрийг хэн хүмүүжүүлэх вэ” гээд аав хүмүүжүүлэхээр болж манай гэрт хамт амьдардаг байлаа. Аав, ээж бид гурав дөрвөн ханатай гэрт газраар унтаж, Б.Цэнддоо ах ганц орон дээр нь унтдаг байлаа. Тэр үед (1982-1986 он) аав минь Төв аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, прокурор байсны дээр ээж хуульч байсан тул манайд яруу найрагчдаас гадна хуулийнхан их ирдэг байлаа. Тухайн цагт өнөөдрийнх шиг сошиал харилцаа гэж байсангүй. Гар утас ч гэх юм байхгүй. Тиймээс хүмүүс бие биенийхээрээ их орж гардаг байсан тийм л цаг. Багаасаа сэтгүүлч, яруу найрагч, хуулийнхантай ойр өссөн.

-Оюутан ахуй цагтаа гаргасан шүлгийн номыг тань харж байсан. Сүүлд “Эзэнт гүрний туульс” номоо хэвлүүлж маш амжилттай байсан шүү дээ. Өөр ямар ном бүтээл туурвисан бол. Монголчууд ном бүтээвэл нэг насны буян хийлээ хэмээн бэлгэшээдэг ард түмэн шүү дээ?

-Шагдарын Уянга ах намайг хүүхэд байхад маш олон ном бэлэглэсэн. ОХУ-ын Горькийн Утга зохиолын дээд сургуулийг алтан медальтай төгссөн хоёрхон хүн байдаг. Эхнийх нь Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан гуай. Энэ жил 90 насных нь ой тохиож байна. Нөгөөх нь Төв аймгийн яруу найрагч Маналсүрэнгийн Баттөмөр гэж МҮОНР-д насаараа ажилласан ах минь байдаг. М.Баттөмөр ах намайг дөрвөн настайгаас хойш Монголын нууц товчоог маш их уншиж өгнө. Сэтгүүлч Г.Эрдэнэбат ах, “Сумын заан” шүлгээрээ Монголын ард түмний хүндэтгэлийг хүлээсэн яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэн ах, Ш.Ганхуяг ах, Ж.Мягмарсүрэн ах, аав тэр хэд зах зээлийн шуурган дунд ар гэрээ авч явахын тулд ганзаганд явдаг байсан. Мань мэт нь тарваганы арьсыг нь элдэж өгч байгаа нь тэр гээд ваннаа бөглөөд ээжид хааяа загнуулна. Миний нэр дурдсан хүмүүс бүгд ном хэвлүүлж байсан тул намайг шүлэг унш гэдэг байлаа. Би шүлэг бичих үнэндээ дургүй байсан. Сургуулиас шүлгийн уралдаанд ор гэнэ. Аав, ээж хоёр О.Сундуй ахынх руу “Шүлэг бичиж ир” гээд явуулна. Тэр үед үе сонголт, шүлгийн логикоос эхлээд олон зүйлийг сурсан гэж боддог.

2001 онд “Болор цом”-д уншсан шүлгээрээ нэрлэсэн “Чихэр горьдоогүй нас” шүлгийн анхны ном, 2002 онд эхнэртээ зориулаад хоёр дахь шүлгийн номоо гаргасан. 2003 онд “Шидэт уулын сормуус” гээд гурав дахь гээд жил дараалан нэлээд хэдэн ном гарсан. “Шидэт уулын сормуус” ном маань хүүхэлдэйн жүжиг болж, гадны хэд хэдэн оронд орчуулагдсан. Энэ ном маань хүүхдийн номын уралдаанд шалгарч 200 мянган төгрөгөөр шагнуулж байсан. Уг ном маань байгаль экологийн чиглэлийнх. Өнөөдөр би “Бургас” гэж яриад, байгалиа хайрлая гээд байгаа минь энэ үеэс эхтэй юм. 2004 онд “Мартин Лютер Кинг” илтгэх урлагийн ном маань нэг сарын дотор 1500 хувь борлогдож оюутан байхдаа саятан болж байв. 2005 онд эх оронч үзлийн тухай “Миний төсөөлөл”, 2006 онд “Реторик буюу байлдан дагуулахуйн урлаг”, 2008 онд “Хуулийн сургуульд сурсан тэмдэглэл” гээд АНУ-д сурч төгсөөд ном гаргасан. Түүнээс хойш мөн л хэд хэдэн ном хэвлүүлсэн. 2013 онд “Эзэнт гүрний туульс” номоо уншигчдын гарт хүргэж байлаа. Нэлээд сайн борлуулалттай ном болсон шүү. 2017 онд “Монгол зарчим” номоо уншигчдын хүртээл болгосон. Хувь хүний хөгжлийн чиглэлээс эхлээд хуулийн, шүлгийн гээд янз бүрийн л ном хэвлүүлсэн байна. Гол зарчим нь өөрт байгаа мэдээллээ бусадтай хуваалцъя л гэсэн юм.

-Ямар ямар сургууль дүүргэсэн билээ, та?

-МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч, АНУ-ын Индианагийн Их сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэсэн. Сүүлд Харвардын Жон Кеннедигийн сургуульд сурч төгссөн. Оюутан байхдаа “Голомт” банк, “Түшиг” косметиксын тэтгэлэг хүртэж байлаа. Тухайн үед дундаж төрийн албан хаагчаас илүү цалинтай оюутан байсан гэсэн үг. 2000-2003 онд “Өдрийн сонин”-ы Нийгэм, эдийн засгийн албанд хагас цалинтай сэтгүүлч явлаа. Мөн МҮОНТВ-д гурван жил “Толь” гээд нэвтрүүлэг хөтөлдөг байсан минь намайг нээхийн сацуу надад цалин өгдөг байсан юм. Тэр мөнгөө цуглуулж байгаад “Соната 2” машин авч оройн цагаар такси үйлчилгээнд явчихна. Ер нь под хийсэн оюутан байв. МУИС-ийн гуравдугаар курст сурч байхдаа найзтайгаа “Нээлттэй мэтгэлцээний клуб”-ийг байгуулж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нэгдүгээр давхрыг оройн цагаар бүхэлд нь түрээсэлж сургалт явуулна. Сургуульдаа түрээсээ төлчихнө. Нэлээд хөдөлгөөнтэй оюутан байсан гэхэд болно.

-Бага ахуй цагаасаа нийгмийн идэвх сайтай явсаар өнөөдрийг хүрчээ. Цаашид ч гэсэн энэ эрчээрээ явах байх, тийм үү?

-Багадаа “Оюунтүлхүүр” сэтгүүлд зурсан зургаа явуулдаг, зураг маань шалгарч хэвлэгддэг байсан. Миний зурсан экологийн сэдэвтэй 700 гаруй гар зураг бий. Хөдөө байсан минь намайг байгальд ойр болгосон. Төмсний улаан цэцэг тасдахад л лус хилэгнэдэг гэж хөгшид хэлдэг байлаа. Өвөө маань гэхэд Туулын бургаснаас уурганы үзүүрийн бургас ч авдаггүй байсан гээд бод. Одоо алтны төлөөх зэрлэгшил байгалиа сүйтгэж байгааг харахаар улс төр 30 дахь асуудал гэдэг нь мэдрэгдэнэ. Байгаль орчноо сүйтгэж байгаатай тэмцэх ёстой гэдэг маань хар багаас минь надад сууж өгсөн зүйл.

-Таны амьдралдаа баримтладаг зарчим юу вэ. Мэдээж аавын захиас бий л байх?

-Нутгийн хөгшчүүд гэдэг чинь бага байхад оюуны их уурхай байлаа. Хөгшчүүд үгчилж хэлж өгөөгүй ч үйл хөдлөл бүрээрээ олонтой яв, зөв бай гэдгийг харуулна. Тэр бүр нь үг хэлэхээс илүү үнэ цэнэтэй. Хүн үнэт чанараа үргэлж барьж явах ёстой юм шиг байна лээ. Нийгмийн сайн сайхны төлөө яваа бол хэнээс ч айхгүй үгээ хэлчихдэг, гэхдээ ухаан нь уурнаасаа үргэлж урдаа явах ёстой гэж боддог юм. Байгаагаа бусадтай хуваалцах шиг сайн сайхан зүйл байхгүй. Миний гаргасан номууд интернэтэд үнэгүй татаж авч унших, сонсохоор тавигдсан байдаг. Номууд минь бусдад соён гэгээрлийн үр болоосой гэж хүсдэг. Аав мэдээж янз бүрийн зүйл захиж хэлнэ. Тэр бүгдийг нь дотроо тунгаан бодож явдаг. Гэхдээ үг хэлэхээс илүү үйлдэл гэдэг чинь өөрөө маш аугаа сургамж байдаг. Нутгийн хөгшид шиг, аав шигээ зөв явахсан гэж хичээдэг дээ.

-Та өнөөдрийг хүртэл ямар ажил хийж ирэв. Байт харвааны олон улсын стандарт талбайг жил хүрэхгүйн өмнө байгуулсан байх аа?

-2000-2003 онуудад МҮОНТВ-д “Толь” нэвтрүүлгийг С.Ангарагтай хамт хөтөлдөг байсан. Хажуугаар нь “Өдрийн сонин”-д сэтгүүлчээр ажиллана. “Өдрийн сонин” шүүх дээр 37 удаа дуудагдсан байдаг. Аав маань тус сонинд Орлогч эрхлэгч, хуульчаар ажиллаж байхдаа бүх шүүх хуралд ялалт байгуулж байсан. Н.Энхбаяр гэдэг хүний нэр хүндэд халдлаа гээд байнга шүүхэд өгчихнө. Ардчилсан нам 2000 онд Ж.Наранцацралт гэдэг ганц гишүүнтэй байсан үе. Энэ сониноос бусад нь Н.Энхбаяр гэдэг хүний өөдөөс ганц үг ган хийдэггүй тийм л цаг байв. Ардчилсан нам хүнд байдалд байхад “Өдрийн сонин” л дуугардаг, тэгээд шүүхэд дуудагддаг. Тэр бүхэнд аав минь ялалт байгуулж байсан болохоор би ааваараа бахархдаг юм.

“Өдрийн сонин” шүүх дээр 37 удаа дуудагдсан байдаг. Аав маань тус сонинд Орлогч эрхлэгч, хуульчаар ажиллаж байхдаа бүх шүүх хуралд ялалт байгуулж байсан. Тэр бүхэнд аав минь ялалт байгуулж байсан болохоор би ааваараа бахархдаг юм.

Дараа нь би Бөхчулууны Энхболд, Цэндийн Баатархүү гэж хоёр найзтайгаа “Мэтгэлцээний нэгдсэн холбоо” гэдэг байгууллага байгуулж нэлээд хэдэн жил ажиллаж байгаад АНУ-ын Индианагийн Их сургуульд явсан. Төгсөж ирээд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнд Гадаад харилцаа, хүний нөөцийн ажилтнаар хэсэг ажилласан. 2009 онд орон нутгаар явж “Энэ тогтолцоог өөрчлөхгүй бол болохгүй байна” гээд лекц тавьсныхаа шагналд ажлаасаа халагдсан юм. Намар нь Европ руу сургуульд явах гэж байтал Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллах санал ирснээр 2015 он хүртэл ажилласан. 20 гаруйхан настай залуу өндөр алба хашиж байсан болохоор маш их зүйл сурсан. Одоо ах нар гэж нэрлэгддэг тэр хүмүүс яаж, юунаас болж муудалцдаг, үзэл санаанаасаа хэрхэн урваж байгааг дэргэдээс нь харж байсан. Намынхаа ах нарыг одоо хүчтэй шүүмжилж байгаа минь үүнтэй холбоотой. Ах нар гэнэт газар бууж ирсэн мэт ярьж байгаа нь үнэндээ утгагүй болчхоод байна. 2015 онд Ардчилсан намын газрын даргаар Хэвлэл мэдээлэл хариуцан ажиллаж байгаад Харвардын сургуульд яваад 2016 онд буцаж ирсэн. Нам сонгуульд ялагдсан. Дотоод эв нэгдэлгүй, бодлогын хямралаас болж ялагдсан юм. Тиймээс “Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн хөдөлгөөн” байгуулан ажиллаж байгаад намын дарга, Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа болж модератор гэдэг ажилтай 21 аймаг, 9 дүүргээр тойрсон. Дараа нь Ардчилсан намын нарийн бичгийн дарга болоод тэндээсээ Ардчилсан залуучуудын холбооны даргад өрсөлдөн ялалт байгуулан намд ажиллаж байна.

360 төсөл маань нийгмийн сайн сайхны төлөөх төсөл байсан. Ч.Ганжавхлан ямар ч эрх мэдэл, албан тушаалгүй хэрнээ хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн маш олон ажлыг хийлээ. Заавал улс төр гэлтгүй нийгэмд хийж бүтээж болдог маш олон жишээ бий. Үүний нэг нь тэр 360 төсөл юм. Олон улсын байт харвааны стандартын талбайг 58 жил хүлээсэн бол бид 58 хоногт барьсан. 400 орчим хүн тусалсан. Энэ олон нийтийн төсөл байсан тул АН, МАН-гүй дэмжсэн. Цаашид соён гэгээрлийн үрийг тарих нь миний зорилго.

УЛСТӨРЧИД ИРЭЭД БУЦДАГ Ч, ХҮНЭЭС ХАМААРАХГҮЙГЭЭР ТОГТОЛЦОО НЬ ҮРГЭЛЖИЛЖ БАЙХ ЁСТОЙ

-Өнөөгийн манай нийгмийн хандлага ямар байна гэж хардаг вэ. Залуусын өмнө яг юу тулгамдаад байгаа бол?

-Залуучуудыг зээл авахаас битгий ай гэдэг ч юм уу загнаж байхаар урамшуулах нь илүү зөв хандлагыг бий болгоно. Залуусыг зоригжуулсан орчныг бүрдүүлэх нь чухал. 18 жилийн өмнө намайг оюутан байхад зөөврийн компьютер байхгүй нэг бие даалт хийх гэж юу болдог байлаа даа. Интернэтэд суухад нэг цагийн 500 төгрөг төлдөг байсан. Одоо дуртай кофе шопдоо ороод интернэтээ үнэгүй ашиглаж байна. Манай залуус дэлхийн хэмжээний мэдлэгийг цаг, минутын зөрүүгүй авдаг болчихлоо. Хамгийн том боломж энэ. Оюун ухааны академийн Хатанбаатарын шавь нар монгол залуус ямар өндөр хэмжээний оюуны чадавхтай байна вэ гэдгийг дэлхийд харуулж чадаж байгаа. Энэ хүмүүст зөв боломжийг нь олгоод өгвөл дарга биш, улстөрчид биш өөрсдөө улс орондоо хэрэгтэй маш том нээлтүүд хийж, баялаг бүтээх боломжтой байна. Мал дээр байгаа залуугийн мэдээлэл авах боломж, уурхайд байгаа залуугийн мэдээлэл авах хязгаар, хотод байгаа залуусын мэдээлэл авах боломж гээд тус тусдаа өөр. Нийгэм маань өөрөө нэг тийм саарал болчихлоо. Яагаад саарал болчихов гэхээр шударга ёс гэдэг зүйл нь ойлгомжгүй байгаатай холбоотой. Ядаж л хууль нь мөнгөтэй хүнд нэг өөр, жирийн иргэнд нэг өөр үйлчлээд байхаар бухимдал бий болоод байгаа юм.

Иргэд улсаа самарсан улс төржилтөөс залхаад бухимдаад байна л даа. Тэр бухимдал нь янз бүрийн байдлаар илэрч байна. Тиймээс бид улс төр гэдэг чинь яг юу юм бэ гэдгээ бодох хэрэгтэй.

-Тэгвэл улс төр гэж юу вэ?

-Улстөрчид талцаж бие биенээ гөвөх, хэн нэгнийг нудраад оноо авах гэсэн увайгүй зүйлийг улс төр гэхгүй. Бодлого явж байх ёстой. Улстөрчид ирээд буцдаг ч хүнээс хамаарахгүй тогтолцоо нь үргэлжилж байх ёстой л доо. Үүндээ илүү анхаарч ярилцах шаардлагатай. Нэг шуугиан гарангуут түүн дээр хэрээ шиг гуагчиж байгаад дараагийн шуугианаар солигддог ийм л нийгэм бий болчихлоо. Ард түмэн олон ангит кино үзээд байгаа юм шиг хэрнээ ардаа маш их хохиролтой байдал бий болчихсон. Тиймээс нэгэнт би улс төрийн замнал сонгосон учраас сүүлийн хоёр жилд Ардчилсан намын Үзэл баримтлалын ажлын хэсэг дээр ажиллаад сүүлийн нэг жил ажлын хэсгийг ахалсан. Өмнө нь манай нам барууных ч юм уу, зүүнийх ч юм уу ер мэдэгддэггүй сонгуулийн санал авахын тулд адилхан мөнгө амлаад явдаг байсан. Одоо баруун төвийн нам, либерал хандлага Монголын хөрсөнд хэрхэн зөв буух ёстой юм. Монголчуудын уламжлал нь юу вэ. Ардчилал гэдэг зүйлийг гаднаас импортолсон нэмэлт эрхтэн биш, язгуураасаа монголчууд эрх чөлөөг эрхэмлэж ирсэн зүйл. Хэдийгээр хаант засагтай байсан ч Их хуралдайгаараа зөвшилцдөг, шийдвэр гаргадаг байсан. Ардчилал гэдэг монголчуудын хамгийн том дархлаа. Үг хэлэх эрхийг нь хориод эхэлбэл бид ардчиллынхаа үнэ цэнийг илүүтэй мэдэрч эхэлнэ. Ардчилал нь байгаа учраас чөлөөтэй хүнийг доромжилдог, гүтгэдэг болчихоод байна. Энэ ч гэсэн хуулийн дагуу хязгаарлагдах ёстой зүйл. Миний эрх таны эрхээр хязгаарлагдаж, таны эрх миний эрхээр хязгаарлагдаж байгааг ойлгохгүй ардчиллыг анархизм маягаар үзэн ядалт руу нь явуулж байна. Ийм учраас би ардчилсан үзэл санааны нэгэн тулгуур нь болъё гэж баруун төвийн үзлийг сонгоод Ардчилсан намд орсон юм. Түүнээс аль нэг дарга, ах нарыг дагаж ороогүй. Одоо манай залуусын нэг хэсэг нь алсын хараа харж байгаа бол, нөгөө хэсэг нь хүмүүсийн ая тал хараад ах нарынхаа халааснаас гарч чадахгүй байна шүү дээ. Тулга тойрсон явцуу эрх ашгаа хамгаалах гэж зүтгэсээр. Өөр нэг зүйл нь аль нь ч ялагч, аль нь ашигтай болохыг харзнасан хүмүүс ч бий. Угаасаа хүчтэй нь дүрмийг тодорхойлдог тул хэн хүчтэй болохыг хараад суудаг хүмүүс байгаа. Ардчилсан намд л байгаа зүйл биш. Улс төр сонирхож буй бүх хүмүүст ажиглагдаж байгаа хэлбэр.

-Гэхдээ өнөөдөр улс төр дэндүү бохирдчихлоо. Ийм атал залуус ийшээ зүглэсээр л байх юм даа...

-Үнэн. Гэхдээ ажил хэрэгч, бүтээгч залуус улс төрөөс зугтаж байна. Гэтэл ажил нь бүтэхгүй болохоор яах вэ гэдэг асуулт байгаа юм. Ардчилсан намын ах нарын толхилцоон ах нарыг муухай харагдуулах биш, улсаа муухай харагдуулаад байгаа л даа. Дан ганц Ардчилсан намын асуудал биш бүх намд хамаатай гэдгийг ойлгоорой.

30 жил улс төрд сэтэрлээд орхичихсон мэт явж ирсэн ах нар одоо жүжгээ зогсоох цаг болсон. Хэрэв ах нар энэ жүжгээ зогсоохгүй бол бид зогсооно.

-Баас хатавч өмхийгөө тавихгүй гэгчээр ах нар чинь мөддөө та нарт зайгаа тавьж өгөхгүй юм биш үү?

-Ямар ч хүн өөрийгөө боллоо гэж боддоггүй. Ухаантай нэг нь учир начраа мэдэрнэ. Энэ нь зөвхөн залуус хийгээд ахмадууд гэсэн асуудал биш. Хандлагын асуудал шүү. 60 нас гарсан ч зөв хандлагатай, шударга хүмүүс байна. Гэтэл 30 настай ч асар хуучинсаг бурууг нь өвлөж авах гээд байгаа ч хүмүүс бий. Залуу л бол зөв гэсэн үг биш. Гэхдээ нийгэмд түрлэг байдаг. Хүссэн хүсээгүй улс төрд 30 жил явсан хүмүүс олон зүйлээрээ бие биедээ барьцаалагдсан байдаг л даа. Хууль шүүхийг хар. Нэг талаасаа барьцаанд орчихсон байгаа биз дээ. Бие биетэйгээ аалзны тор мэт хэлхэлдсэн энэ тогтолцоог халахын тулд үүнд оролцоогүй оюун санааны шинэ үе гарч ирж байж түрнэ. Түүнээс ах нарыг гуйгаад ямар ч нэмэргүй. Тиймээс түрж гарч ирэх хэрэгтэй. Түрнэ гэдэг ч хэн нэгнийг доромжилж гутаах биш ажлаараа, алсын хараагаараа ялгарах ёстой.

-Харин наад боломжийг чинь ах нар чинь олгохгүй юм биш үү. Аль ч нам адилхан байна шүү дээ?

-Олгох олгохгүй нь тэдний асуудал. Олгох хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх нь бидний асуудал. Бодлого руугаа орцгооё. Тэгэхгүй бол пи ар нь дэндчихлээ. Хорьсон, загнасан, зандарсан биш бодлого л явах хэрэгтэй. Хууль бусаар лиценз олгосон бол шалгах нь зөв. Гэтэл үүнийг пи ар болгон сүр дуулиантай юм хийдэг болсон. Заавал ингэж омгийг нь шатааж яах гэсэн юм. Гадна талдаа бид хөрөнгө оруулагчдаа хөөдөг гэдэг мессэжийг л өгч байна. Эрдэнэт асуудалтай байгаад хязгаарлалт тогтоож байгаа бол зөв. Гэхдээ үүнийг пи ар болгож байгаа нь буруу. 60 тэрбумын асуудлыг МАН-ын дарга У.Хүрэлсүх үнэн гэж хэлсэн. Хэрэв үнэн юм бол М.Энхболд гэдэг хүнийг УИХ-ын даргаас буулгаад зогсохгүй хариуцлага хүлээлгэх ёстой. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн зүйл хийхгүй байгаа нь албан тушаалын төлөөх тэмцэл болгож харагдуулаад байна. Энэ мэтчилэн хуулийн хүрээнд төгс хийх шаардлагатай. Түүнээс биш улс төрийн харагдах байдлын төлөө пи ар хийх нь ач холбогдол багатай зүйл.

Өнөөдөр попчдын нэр хүнд дэлхий даяараа өндөр байна. Гэхдээ амьдрал үргэлж попуудад дуртай байдаггүй юм. Үнэнд гүйцэгдэнэ. Попуудын зарим мессэж зөв. Гэтэл өөртөө улс төрийн оноо авахын тулд туйлшруулаад байгаа нь буруу.

Популизм гэдэг чинь тооцоо судалгаа, үндэслэлгүй ард түмэн юу хүсч байна түүнийг нь хэлэхийг л хэлж байна. Заримдаа ард түмэн дургүй боловч гашуун үнэнийг нь хэн хэлж байх ёстой юм бэ. Үүнийг л бид алсын хараатай ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Зарим зүйлс нь ард түмэнд таалагдахгүй ч гэсэн урт хугацаанд Монголын эрх ашгийн төлөөх зүйл байхыг үгүйсгэхгүй. Төрийн түшээ хүн ард түмний эрх ашгийн төлөө алсыг харж байх хэрэгтэй.

2020 ОНЫ СОНГУУЛЬ, УЛС ТӨРИЙН НАМ ДАГААД ЯВАХ НЬ МИНИЙ ТОМ ЗОРИЛГО БИШ

-10 жилийн дараах Ардчилсан нам хийгээд Монгол Улсыг хэрхэн төсөөлж байна вэ. Шинэ үе төрөн гарч эхэлсэн байх байлгүй. 10 жилийн өмнөх дэлхийн хотууд ямар байв. Өнөөдөр ямар хөгжилд хүрчихэв. Гэтэл 10 жилийн өмнө Монгол Улсад юу өөрчлөгдөв гээд ярих зүйл их л байх юм...

-10 жил гэдэг улс хөгжих боломжтой цаг хугацаа. Хөгжил нэгдүгээрт, хүний сэтгэлгээ, хэв маяг, иргэдийн оролцоон дээр байдаг. Хоёрдугаарт, хэмжигдэх нэгж буюу ДНБ-ий өсөлт, эдийн засгийн өсөлт байдаг. Гуравдугаарт, хууль эрх зүйн шударга ёс. Дэлхийн 145 орноос аз жаргалын индексээрээ Монгол Улс 143-т орж байна. Бид аз жаргалтай амьдарч чадахгүй байгааг харуулж байгаа биз. Энэ нь одоогийн болон өмнөх эрх барьж байсан улс төрийн хүчнүүдэд хамаатгахаас илүүтэй Монгол Улс бодлого яваад ирчихэж. 2006 онд Соросын сангаас Гочоогийн дөрвөн тавилан гэдэг сэтгүүл гаргасан. 2016 онд Монгол Улс ямар болсон байх талаарх дөрвөн прогнозыг тавьж байсан юм. Тэр прогнозын дундуур явсан байна лээ. 10 жилийн дараа Монгол Улс ямар болсон байх вэ гэдгийг бид хэд хэдэн хүчин зүйлээс тооцох ёстой. 10 жилийн дараа дэлхий дээр дахин нэг тэрбум хүн нэмэгдсэн байх тул нийтийн эрчим хүч, ундны уснаас эхлээд асуудал бий болно. Тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн ногоон хөгжил рүү яваад эхэллээ. Одоо л бид үүнд таацуулсан бодлого гаргаж явахгүй бол 10 жилийн дараа бахь байдгаараа байх болно. Богд уулан дээгүүр илүү олон байшин баригдана. Шинээр барьж байгаа шиг дахин хоёр гурван гүүр баригдах байх. Агаарын бохирдол буурсан байх нь юу л бол. Одоогоороо бид бүгдээрээ хохирогч болоод явж байна. Агаарын бохирдолтой холбоотойгоор иргэдийн уушгины хорт хавдар өссөн байх магадлалтай. Өөдрөг зүйл байж таарна. Гэхдээ бид бодлогын эрсдэлийг өмнө нь хараад урьдчилсан судалгаа хийгээд зөв бодлого төлөвлөх ёстой. Надад нэг төлөвлөгөө бий.

-Ямар төлөвлөгөө юм бол?

-Улс төрөөс илүү сонирхолтой гэж ойлгоорой. Монголын эдийн засгийг яаж хоёр, гурав дахин өсгөх вэ гэдэг бодлого. Танд цухасхан дурдъя. Сансрын аялал жуулчлалын төвийг монголд байгуулах зорилго надад бий.

-Тэр нь яг яана гэсэн үг вэ?

-Амьдрах чадварыг сайжруулах лаборатори баазыг Монгол Улсад байгуулах төсөл. Судалгааныхаа шатанд ид явж байна. Хүн төрөлхтний Марс гараг руу явах хүмүүсийг Монголд бэлдэнэ гэсэн үг. Монгол Улсын 10.7 тэрбум ам.долларын эдийн засгийг хоёроос гурав дахин тэлэх боломжтой юм. Баг, эрдэмтэд маань тодорхой болчихсон ШУА, Одон орон геофизикийн хүрээлэнгээс эхлээд гадаад, дотоодын 10 байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Монголд шинэ эдийн засгийн боломжийг нээх, хүмүүс эвдрэлцдэг биш эвлэлдэн нэгддэг байх нь миний туйлын зорилго. Түүнээс 2020 оны сонгууль, улс төрийн нам дагаад явах нь миний том зорилго биш. “Бургас” төсөл гээд байгаа маань экологийн сүйрлийг л хэлээд байгаа юм.

-Байгаль экологийн эдгээр асуудлыг яаж шийдэх ёстой юм. Мөнгөний өмнө бүгд хүчин мөхөсдөөд байгаа юм биш үү?

-Сүүлийн 30 жилд бодлогогүй хувь хүмүүсийн дур зорго хуулийг давж ирсний л балаг. Хамгийн энгийнээр улс төржүүлье гэвэл аль нэг дарга, сайдыг буруутгаж болно. Гэхдээ урт хугацаанд машин буруу явж ирсний л гай. Нэг хүнийг огцор гээд огцруулснаар шийдэгдчих асуудал биш. Дараагийн хүн гарч ирлээ ч шийдэж чадахгүй. Тойрч суугаад бодлогоо ярьж, тогтвортой явах ёстой. Үүн дээрээ нэгдэх учиртай. Нэг хүний ноёрхлын систем рүү яваад орч холгүй, стан орнууд шиг болчихгүйн төлөө үүнийг хөндөхгүй байя гээд ярих хэрэгтэй. Хоёрдугаарт, монгол бахархал, үндэсний сэтгэлгээг улс төржүүлж болохгүй. Ардчилсан нам гарч ирээд төв талбайг Чингисийнх болгодог, Ардын нам гарч ирээд Сүхбаатарын болгоод байж таарахгүй. Тиймээс урт хугацааны бодлогын асуудлаа тодорхой болгох нь нэн тэргүүнийх болж байгаа юм. Харин яаж хэрэгжүүлэх вэ гэдэг сонгуулийн асуудал. Гуравдугаарт, боловсролын асуудлыг улс төржүүлж болохгүй гэж байгаа юм.

Боловсрол гэдэг чинь монгол хүний асуудал юм шүү дээ.

Дөрөвдүгээрт, эрүүл мэндийн асуудал. Нэг нам яллаа гээд өвчний онош өөрчлөгдөхгүй. Тавдугаарт, спортын салбарыг улс төрөөс ангид байлга. Манай спортынхон улс төр рүү их орж ирж байгаа нь ард түмнийг хуваах нэг үндэс болчхоод байна. Үндэсний эвлэрлийг авч ирдэг хүмүүсээ улс төржүүлж болохгүй. Манайд спортын бүх холбоод бараг хоёр хуваагдчихлаа. Нарийн ажиглавал Ардчилсан нам, Ардын намын хуваагдал л байдаг. Бид энэ бүгдийг тохирч байж ойлголцоно. Бид Улаанбаатарт л том том юм яриад мэдэгдэл хийгээд байна. Цаана чинь эх орны минь 90 хувь нь ямар байдалтай байна вэ. Цөлжилт, ган гачиг, хүний буруутай үйл ажиллагаанаас болсон гамшгийн түвшинд хүрсэн зүйлс бий. Үүн дээрээ хамтарч ажиллах ёстой.

Ярилцсан Э.ЭНХБОЛД

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.83.170) 2021 оны 08 сарын 30

Ийм хүнүс багаар тотохгүй шизо бдг. Тэр нүдийг л хар. Гэснээс цэнддоог ичээчихжээ. Ккк. Тэр муис д бхдаа согтуурхаж хамаг юмыг нь өшиглөж хагалаад хөдөө хөөгдсөн гдгиг даяараа мэдэх бх. Юун орост

0  |  0
zochin (202.9.46.196) 2021 оны 08 сарын 27

mundag zalyy amjilt

0  |  0
Хм(66.181.161.118) 2021 оны 08 сарын 27

Ээ дээ мэдэхгүй. Яг ур чадвар үнэлэгддэг хүн ийм ярилцлага өнч цацаад байхгүй дээ. Байдаг л арга замаар яваад байгаа юм уу даа.

0  |  0
Me (66.181.181.141) 2021 оны 08 сарын 26

Өөрөө бараг 30 жил чинь дөхөж байгаа байлгүй дээ 20 гаран жил цүнх барьлаа одоо гараа амраа\n

0  |  0
ОБЕГ(202.21.102.226) 2021 оны 08 сарын 26

Алиа данзан шүү.

0  |  0
zochin(202.179.25.96) 2021 оны 08 сарын 26

dajgui yrilchlaga bna, ene zaluuchuudiig demjeed ,chamtraad ajillaa ybuulaachee

0  |  0
zochin(202.179.25.96) 2021 оны 08 сарын 26

dajgui yrilchlaga bna, ene zaluuchuudiig demjeed ,chamtraad ajillaa ybuulaachee

0  |  0
Top