А.Тарковский:”Аз жаргалтай амьдрахаас ч илүү чухал нандин зүйл байдаг юм шүү”

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 29

“Бодож сэтгэж,зовж шаналахын тулд би амьдрахыг хүснэ”

А.С.Пушкин

1950-аад оны сүүлчээр Зөвлөлтийн Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн \ВГИК\ багш алдарт найруулагч Михиал Роммын урланд эрс тэс ялгаатай 2 оюутан суралцаж байсан нь хожим дэлхийн болон Орос Зөвлөлтийн  кино урлагийн  хамгийн шилдэг найруулагчид  болж чадсан юм.

Тэд бол өрнийн сонгодог соёл иргэншлийг шимтэгч “жентельмен” Андрей Тарковский,хөдөөний эвдрээгүй  унаган төрхөөрөө жинхэнэ Орос “мужик” Василий Шукшин нар байсан юм.

Үзэл бодол,ертөнцийг танин мэдэхүйн зөрөөтэй өсөн хүмүүжсэн тэдний уран бүтээлийн  халуун маргаан ангийханыг нь битгий хэл Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг тэр чигээр нь хурцалж байсан гэдэг.

Алдарт Михиал Ромм ч тэдний  “ассан галыг” улам дэвэргэн  асуудал  дэвшүүлсэн сэдвээр семинар,хэлэлцүүлэг их зохиодог байжээ.

Үнэндээ ч тэднийг ухааруулахаас “далайг галдах” амар байсан биз.

Голын 2 эрэг үргэлж бие биенээ хардаг ч хэзээ ч нийлдэгүйн адил алдарт кино найруулагч Андрей Тарковский, Василий Шукшин нар үеийн үед ихэмсэгээр зэрэгцэн оршдог билээ.

 Энэ жил Андрей Арсенивич Тарковскийн 80 насны ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд Шведэд нэрт найруулагчийн өдрийн  тэмдэгглэлийг эмхэтгэн  960 хуудас бүхий “Мартиролог “нэртэй ном хэвлэн гаргажээ.

Энэхүү ном нь түүний 1970 оноос “Солярис” кинон дээр ажиллаж байсан үеэс 1986 онд амьсгал хураах хүртлээ бичиж тэмдэглэж байсан гар бичмэлүүдээс  бүрджээ.

Түүний өдрийн тэмдэглэлд  уншсан номуудын ишлэлүүд, бодрол бясалгал,зурсан зургууд, уран бүтээлийн төлөвлөгөө, үнэлэлт дүгнэлтүүд байгаа юм.

“Мартиролог “ ном нь өмнө нь Англи,Герман болон бусад хэл дээр хэвлэгдэн гарсан бөгөөд 1994 онд Парисын номын салоны шагнал хүртэж байжээ.

Бас нэгэн баяртай мэдээ дуулгахад Андрей Арсенивич Тарковскийн гэр бүлийнхэн 1934-1962 онд амьдарч байсан  Москва хотын “Нэгдүгээр Щипковын гудамж”-ны байшинг энэ жилдээ багтаан дахин сэргээн гэр музейг нь байгуулахаар нийслэл хотын захиргаанаас шийдвэрлэсэн байна.Энэхүү барилга байгууламжийг XIX зууны 70-аад онд хамжлага Гаврилов тариачин Елохин нар барьсан байна.

Өөрчлөн байгуулалтийн дараах 1990 –ээд оны эхээр энд кино фондыг нүүлгэн  суурьшуулсан бөгөөд 1995 онд киноны музей болгон өөрчилж байсан байна.

2004 онд Тарковскийн байшинг бүрэн нураасан байжээ.

Дэлхийн кино урлагийн  “тод магнай” Андрей Тарковский  амьдралдаа  ердөө 6 кино хийсэн нь бүгдээрээ сонгодог болж чадсан алдарт найруулагч билээ.

1960 онд оюутан Андрюшагийн найруулсан Зөвлөлтийн Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн дипломын ажил болох богино хэмжээний  “Гулгуур ба хийл” кино нь Нью-Йоркийн олон улсын оюутаны кино фестивалийн тэргүүн шагналыг хүртэн уран бүтээлийн гараагаа томхон ялалтаар эхэлжээ.

Түүний бүрэн хэмжээний киноны бие даасан анхны бүтээл болох “Иваны бага нас “ кино нь 1962 онд  Венецийн олон улсын кино фестивалийн “Алтан арслан”шагнал, Сан Францискогийн  киноны наадмын “Шилдэг найруулагч”-ийн шагналыг тус тус хүртжээ.

1963 онд Акапулькогийн \Мексик \ олон улсын кино фестивалийн гранпри  дахин хүртсэний дээр зөвхөн энэ кино олон улсын нэр хүндтэй 10 гаруй шагналын эзэн болжээ.

Гэвч “Сайн үйлсэд садаа мундахгүй” гэгчээр элдэв саад бэрхшээл Тарковскийг тойрсонгүй.

Тухайн үеийн Зөвлөлтийн кино хорооны дарга, Социалист хөдөлмөрийн баатар,нэрт кино найруулагч Сергей Бондарчук өөрийн шилдэг бүтээл болох “Хүний хувь заяа” киног олон улсын киноны наадамд дээгүүр уралдуулахын тулд “Иваны бага нас “-ыг оролцуулахгүй дарж байсан ч  ”даравч дардайна”гэгчээр нуун ядан оролцсон кино нь дэлхийн  сонорт хүрсэн ажээ.

Гэвч Сергей Бондарчукийн “бяр заасан” хичээл зүтгэл ч талаар болсонгүй.Авах ёстой шагналаа хүртэн санаа нь амарсан билээ.

Гашуун домог үүгээр дууссангүй.1966 онд түүний зохиолыг нь бичиж \А.Кончаловскийтэй хамтран \  найруулсан Оросын бурханч зураачийн бодит амьдралаас сэдэвлэсэн “Андрей Рублев “кино дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөөд бүр 1969 онд Каннын  киноны наадмын шагналыг хэдий нь авсан хойно 1971 онд дөнгөж  эх орныхоо дэлгэцэнд анх гарчээ.

“Солярис” кино\ 1973 \ Каннын  киноны наадмаас ”Мөнгөн хасарвааны навч” шүүгчдийн тусгай шагнал, “Толь” \1975 \ Гадаадын шилдэг кинонд олгодог “Давид Донателло”-гийн шагнал\Итали .1980 \ ,” Газарч” \1980 \ Италийн Триестегийн кино фестивалийн “шагнал,Мадридын олон улсын шинжлэх ухаан,уран зөгнөлт киноны наадмын “Фипресси” шагналуудыг хүртжээ.

Түүний бүтээсэн бүхэн кино урлагийн сор болж олон улсын  хамаг дээд шагналуудыг “бөөндөөд” байсан ч Зөвлөлтийн киноны удирдлагуудтай учраа ололцож чадахгүй шудрага ариун урлагийнхаа  төлөө эх орноосоо дүрвэхэд хүрсэн юм.

Энэ бүхэнд ноён Бондарчук хэрхэн гардан оролцсон, ямар “роль”-тэйг хэлж мэдэхгүй ч лавтай баримтаас үзэхэд Тарковскийг төдийлөн дэмждэггүй байсан  нь үнэн билээ.

Андрей Тарковский  амьдралынхаа сүүлийн жилүүдийг  хилийн чандад өнгөрөөхдөө “Ностальгия “\1983 \,”Цусан тахил”\1986 \ хэмээх сүүлчийн 2 киногоо туурвижээ.Хэдийгээр эдгээр кинонууд  түүнд гялалзсан амжилт, улам их нэр хүнд авчран Каннын наадмын тэргүүн дээд  шагналуудыг удаа дараа хүртсэн ч хүний нутагт гундуухан “харийн нутаг давчидсаар”  хорвоог орхисон билээ.

Одон тэмдгийг хайр найргүй цацдаг байсан Аугаа их Зөвлөлт засаг бүр хожуу Тарковскийд “өгөөмөр гараа   сунгаж” 1990 онд Лениний шагналаар нэхэн олгосон байдаг.

Орос,Зөвлөлтийн төрийн шагналт яруу найрагчийн хүү, дэлхийн киноны гэрэлтсэн  од Андрей Арсенивич Тарковскийг Парисын Сент-Женевьев-де-Буа  Оросын оршуулгын газарт даруухан  нутаглуулжээ.

Андрей Тарковский  цөөхөн хэдэн кино найруулсан шигээ цөөхөн жүжигчинд гол дүрээ итгэн  тоглуулдаг байжээ.

 Андрей Рублевийн  дүрд амжилттай тоглосон Анатолий Солоницын бол түүний киноны санааг хамгийн сайн ойлгодог бас илэрхийлж чаддаг жүжигчдийн нэг байсан юм.Киноныхон түүнийг зүгээр л ” Тарковскийн жүжигчин “гэдэг байсан нь ямар түвшинд хамаардаг нь ойлгомжтой. 

Анатолий Солоницын бол Тарковскийн эх нутагтаа хийсэн ихэнхи киноны гол дүрүүдэд жүжиглэсэн юм.

Тэрээр“Солярис” –ийн Сарториусийн дүр болон , “Толь” ,” Газарч” кинонуудад  амжилттай тогложээ.

Тарковскийн туйлын хүслэн бол Шекспирийн “Гамлет”-ийг дэлгэцэн дээр амилуулах  байсан юм.

Гэхдээ тэрээр 1977 онд Лениний комсмолын нэрэмжит театрын тайзан дээр“Гамлет”-ийг тоглуулж  амжсан билээ.Гол дүрд нь түүний уран бүтээлийн журмын анд А.Солоницын ,М.Терехова нар тоглосон юм.

А.Солоницын  гэснээс тэрээр Монголын кино урлагт нэгэн сайхан дүрийг бүтээн үлдээсэн нь кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн бүтээл “Хатанбаатар” \1981\ кинонд генерал Бакичийн дүрд тун гайхалтай чадмаг тоглосон билээ

.Москвад зураг  авсан энэ хэсэгт ухаалаг хирнээ ядруу цонхигор харагдах энэ тоглолт магадгүй түүний сүүлчийн дүрүүдийн нэг байж болох юм.\1982 онд нас барсан \

 “Сэлэм Тогмид”-ыг Тарковскийтэй хамт шар айраг ууж байсан тухай нэг ахмад уран бүтээлчээс  одоогоос  хориод жилийн өмнө  сонсоод Ц. Цэрэндорж гуайг хайсаар олж уулзан  асууж байсансан.

БХКУДС-ийн \ВГИК \ алдарт найруулагч Сергей Герасимовын урланд түүнийг суралцаж байхад  Андрей Тарковский  нилээд ахлах ангийн оюутан чамин хээнцэр хувцасладаг Монголын оюутанг байтугай тосгоны “Иванууд”-тайгаа ч тэр бүр харьцдаггүй ихэмсэгдүү нэгэн байсан гэдэг.Зоогийн газар нэг ширээнд биш ч нилээд хэдэн удаа шар айраг уун таарч байжээ.

Амтат дурсамж хөвөрсөөр Монгол киноны нэртэй найруулагчдын нэг агсан Н.Нямдаваа\”Тунгалаг Тамирын Хонгор \мөн БХКУДС-ийн \ВГИК \ оюутан ахуйдаа“Андрей Рублев “ киноны Татар цэргүүдийн олны хэсэгт зургаа авхуулж байсан гэдэг яриа байдаг.

Л.Мөнхбат

 

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
оюунаа(103.10.22.96) 2025 оны 03 сарын 13

Мөнхөө багшаа Бакич генер****ын хэсгийг дараа дэлгэрэнгүй бичээрэй.Сайхан ярьж байсныг чинь санаж байна.Багшдаа амжилт хүсье.Нээрэн танд бас инээдмийн баярын мэнд хүргэе

1  |  0
amjilt(122.201.18.165) 2025 оны 03 сарын 13

Muugii dahiad bicheed baigaarai.

1  |  0
анхаа(103.10.22.96) 2025 оны 03 сарын 13

мэргэжлийн өндөр түвшинд бичжээ. Танд баяр хүргэе.Улам сайн бичээрэй

1  |  0
Top