Яруу найрагч Д.Ган-Очир: Хүмүүс өдөр болгон дурлаж, хайрлаж байх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 03

 

Хайрын шүлгийн “Цагаан-Уул” наадамд анх оюутан байхдаа 1994-2000 он хүртэл тасралтгүй зургаан жил өөрийнхөө шүлгийг сойж байсан Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, яруу найрагч Д.Ган-Очир юм. Тэрээр саяхан “Үүлсийн Галбир” нэртэй шинэ номоо өлгийдөн авсан байна. Түүнтэй шинэ номынх нь талаар болоод хайр сэтгэлийн тухай ярилцснаа хүргэж байна.

-“Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам 15 дах жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ наадмыг зохион байгуулж байсан хүний хувьд юу гэж боддог вэ?                                                                                                                            Энэ наадам бол залуу насны гэрэл гэгээ хайр сэтгэлийн хамгийн гайхамшигт бэлэгдэл учраас нэр шигээ мөнхөд хүмүүсийн сэтгэл зүрх рүү хайр сэтгэлийг зөөж явах учиртай байдаг. Миний хувьд 1994 оноос хойш энэ наадамтай холбогдож, 2000 он хүртэл шүлэг уншиж, залуу насны хайр сэтгэлд халгиж, цалгиж явсан. Жилээс жилд төгс төгөлдөр болж, олон хүрээг хамарч, олон залуучуудын үгийн урлаг, сэтгэлийн хөгжмийг тодорхойлдог наадам болж чадаж байгаа.

 -Та хайрын тухай “Үүлсийн галбир” нэртэй  шинэ номоо гаргажээ. Энэ номныхоо талаар манай уншигчдад танилцуулаач?

“Үүлсийн галбир” нэртэй хайрын шүлгийн номоо гаргасан. Хайрын “Цагаан-Уул” наадмын дараа шинэ номныхоо нээлтийг хийнэ. Жилийн турш өөр юу ч бичихгүйгээр зөвхөн шүлэг  бичсэн. Уг шүлгүүдээ ийнхүү ном болгон гаргаж байна. Энэ номоороо Д.Ган-Очир гэдэг хүний хайрын цэцэрлэгт хүрээлэн, хайрын бүхий л хөдөлгөөнийг  илэрхийлсэн.  “Монголын бүх бүсгүйчүүд хөөрхөн яагаад гэвэл бүгд нөхөрт гардаг” гэсэн үг байдаг. Тиймээс эмэгтэй хүн болгоныг хүндэтгэж, хайрлаж, дурлаж тайтгарч амьдраасай гэсэн санааг ерөнхийдөө гаргасан.

-Хүмүүсийн дунд дурласан эсвэл хаягдсан хүн л хайрын шүлэг бичдэг гэсэн ойлголт байдаг. Таны хувьд хайрын шүлэг бичих санаа хаанаас орж ирдэг вэ?                                                                                                                                       “Яруу найргаар ярьдаг ард түмэн бол ганцхан Монголчууд.  Энэ яруу найрагч ард түмний дунд яруу найрагч, шүлэгч гэж дуудуулна гэдэг маш хэцүү алба гэж” Р.Чойном хэлсэн байдаг. Гэхдээ залуу хүн бүр нууцхан өөрийнхөө зүрх сэтгэл болоод тэмдэглэлийн дэвтэрийн буланд дөрвөн мөр тавиагүй Монгол хүн гэж байдаггүй. Дурлал, хайрын, баярласан, догдолсон, шархалсан, дахин бадамласан гэх мэтийн олон хайрын зөрлөг дунд хүмүүс хүссэн хүсээгүй үзэг, цаасыг нийлүүлдэг. Хайр бол дэлхийн урлагийн мөнхийн сэдэв төдийгүй цаг хугацаа, бүхнийг ялдаг зүйл юм.

-Сүүлийн үед залуучууд хайрыг “амархан” мэтээр төсөөлдөг болсон. Та хайрыг юу гэж боддог вэ?       

  Хайр гэдэг бол цаг хугацаанд их нөлөөлдөг. Цаг хугацааг эрхшээлдээ барьж , тааваараа нүүлгэж байгаа тэр хайр нь жаргал болон туяарч байх юм бол хайрын мөн чанар байна гэж ойлгодог. Эхлээд хүн шохоорхоно, дурлана, хайрлана, бадамлана, бадамласан хайр нь халуун ам бүл болдог л гэж боддог. 

-Яруу найрагчид илүү олон удаа  дурладаг гэж ярьдаг. Олон дурлахын тулд “олон зүрхтэй” байх шаардлагатай байх?

 Хүн болгон дурладаг. Хамгийн гол нь яруу найрагчид  дурласнаа ил гарган хэлж, бичдэг болохоороо илүү дурлаад байгаа юм шиг санагддаг.  Хүмүүс өдөр болгон дурлаж, хайрлаж байх хэрэгтэй. Тэгэх юм бол нар шиг туяарч, дотроосоо гэрэлтэж байна гэж ойлгодог.

-Таны   хайрын дууны үг  залуусын аманд аялагдаж, дуулах дуртай хит дуу болж чадсан байдаг? 

Яруу найргаас гадна, дууны шүлэг бичээд тэр нь хүмүүст хүрч чадаж байгаадаа баярладаг.  Дуу бол зүрхнээс гарч зүрхэнд хүрдэг гайхамшигтай их урлагийн хамгийн том сонгодог төрлийн нэг. Энэ их том айлд Монголын залуучуудын амандаа дуулах дуртай дууг  туурвиж, хөтөлгөө морьтой давхиж явна даа.

-Та   Монголын зохиолчдын  бичсэн  үргэлж  уншдаг  хайрын мөртөөс хэлэхгүй юу? 

Миний багш Д.Нямсүрэнгийн “Таван сарын модод”шүлэг байдаг. Түүнд нь:

Таван сарын модод дахиад л цэцэглэнэ                                                                              

Танай гэрийн үүдэнд мөн л би очно                                                                                

   Тансаг яруу шүлгээ дахиад л чамд уншина                                                                      

Тавилан заяаныхаа зөргөөр эргээд л бас буцна  ... энэ мөрүүдийг би унших дуртай.  Яруу найргаар амьдраад, дотроо өрнөөд, түүгээрээ дамжуулж орчлонг ойлгох шиг жаргал байдаггүй. Энэ хүний нэг бол Д.Нямсүрэн  байсан гэж боддог.

 

“Хатагин Ц.Дамдинсүрэн” – д

 

Аялгуут Монгол хэлний

Айзам хэмнэлийн ундарга нь

Адуундаа явсан аавын минь

Аргамжааны чулуунд эрмэгшиж

Уянгат Монгол хэлний

Уран яруу булаг нь

Сүүгээ өргөх ээжийн минь

Зүрхний угаас эгшиглэж

Бодолд чангарч,

Бүүвэйнд уясаж,

Хэлэнд хэвлэгдэж,

Ухаанд угжигдаж,

Мөнх Монгол минь

Мөнх үлдэхийн амь нь

Уртын дууны цараар

Ургаа хадны цулаар

Үг, үгнийхээ цаана

Ухаан зөөж утгаших

Үсэг, үсэгнийхээ наана

Үндэс тэлж хэлэгдэх

Ярихад ярууслын уянга

Хэлэхэд хэрсүүжихийн сургааль

Дуудахад дуурьслын эгшиглэн

Чагнахад ухааны тэлхэлттэй

Яруу Монгол хэл минь

Ясны гийгүүлэгч

Цусны эгшиг

Тархины алс

Оюуны охьюу!

Яруу, Монгол хэл минь.

 

 

 

 

            * * *

 

Англи хэлний дамжаа

Хятад хэлний сургалт

Орос сургалттай цэцэрлэг

Солонгос хэлний толь бичиг

Япон хэлний ханз цээжлүүлнэ

Европоор хөнгөлөлттэй аялуулна

Ёрын олон зар уншаад

Ёст төр минь байна уу? гэж

Хэлт Монгол минь байна уу? гэж

Хаана амьдарч байгаагаа

Хаана би төөрснөө

Хайж олмоор санагдлаа.

Дипломат паспорт, кино редакц

Линз оптикал, кофе шоп

Метро молл, супермаркет

Best принтинг, оффисе менежер

Монголдоо би харьд амьдрах

Мохоо үйлтэй тавиландаа

Дасахгүй гээд ч яах вэ?

Даанч дээ, Монгол хэл минь.

 

            * * *

 

Үзгийн хурцаар бус

Үгийн хурцаар бус

Сэтгэлийн тайтгарлаар

Сэм сэмхэн хорвоо дээр

Сэлгүүцсэн шигээ

Бусдыг тань!

Бусдыг ойлго.

                       

 

 

            * * *

 

“Эх...

Эх хэл минь

Эхлэл минь.

Их...

Их хил минь

Итгэл минь.

Эсхилийн жүжиг шиг

Исмэль тайжийн хоронд

Хэл-эх минь

Хил-эх минь

Эс болсон бид

Эцэс болгох нь...”

Эх хэл минь

Эрэмдэг болжээ

Эцэсгүй тал

Эзэнтэй болжээ

Ийм цөвүүн цагт

Өвгөдийн сүнс

Ер  унтуулахгүй юм.

 

            * * *

 

Яруу найргийн сэтгэлийн сүм дотор

Ялаа дүнгэнэх нь цаг бусын ч

Яриг бүрээний дуун хэмээн хөрвүүлвээс

Яруу найрагшмой.

                                                            02.25

 

Ярилцсан: Б.Цэнд

Эх сурвалж: “ Залуучуудын үнэн ” сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top