Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт байрлах Таян нуурын ордыг ашиглаж байгаа “Алтайн хүдэр” ХХК-ийн үйл ажиллагаанд хуудуу их байгаа нь БОНХЯ-наас хийсэн хяналт шалгалтаас тодорхой болоод байна. Улаанбаатар хотоос баруун-баруун өмнө зүгт 1300 км-т, Говь-Алтай аймгийн төвөөс 162 км мөн Цээл сумаас баруун зүгт 18 км-т байрладаг Таян нуурын төмрийн хүдрийн уурхайн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд тус уурхайгаас Бургастай хилийн боомт хүртэлх 168.3 км авто замд хатуу хучилт хийгээгүйгээс, түүнчлэн уурхай, баяжуулах үйлдвэрийн тоосжилтоос Цээл сумын байгаль орчин бохирдож, хөрс бэлчээр доройтох, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, авто замын осол аваар гарах үндсэн нөхцөл бүрдсэн байна гэсэн дүгнэлт гарчихаад байна. Энэ нь ”Алтайн хүдэр” компанийн зүгээс илэрхийлээд байгаа шиг орон нутгийн иргэд худлаа шоудаагүй гэдгийг бататгаж байна.
Тэгэхээр нийгмийн хариуцлага гээчийг өндөр түвшинд ухамсарлаж “Бид орон нутагт чиглэсэн боловсролыг дэмжих, эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах, дэд бүтцийн хөгжил, ажлын байрыг нэмэгдүүлэх, байгаль хамгаалал, хүмүүнлэгийн зэрэг үндсэн чиглэл, салбарын хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэх үүднээс тодорхой үе шатуудтайгаар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.” хэмээн мэдэгддэг “Алтайн хүдэр” компани хэлж ярьдагаасаа тэс өөрийг хийдэг гэх дүгнэлтэд хүрэхээс өөр аргагүй болж байна.
Уг нь тус компанийн зүгээс өөрсдийгөө ихээхэн магтдаг. Хятадын төмрийн хүдрийн зах зээлд эзлэх байр сууриа өргөжүүлж, төмрийн хүдрийн бүтээгдэхүүнд шударга, өрсөлдөөнт үнийн системийг бий болгох арга замыг эрэлхийлж байгаа гэх бөгөөд одоогийн харилцагчидтайгаа бат бөх тогтвортой харилцааг хадгалан, шинэ харилцагчид, ялангуяа хөрш мужууд болох Өвөр Монгол, Гансу, Хятадын Шинжань зэрэг мужуудын ган төмрийн үйлдвэрүүдтэй холбоо тогтооход анхаарлаа хандуулж байна хэмээн мэдэгддэг.
Түүнчлэн тус компани 2008 оны 8 сард ган төмөр хайлуулах боловсруулах мөн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг Хятадын Baosteel группын харъяа компани болох Xinjiang Ba Yi Iron and Steel Co., Ltd ("Ба И") үйлдвэртэй 15 жилийн худалдааны гэрээг байгуулсан бөгөөд 2009 оны 10 сараас "Ба И-д" төмрийн баяжмал амжилттай нийлүүлсээр ирснээ ч мэдэгдсэн байгаа. Baosteel групп нь дэлхийд хоёрдугаар жагсдаг том ган үйлдвэрлэгч бөгөөд үүний салбар "Ба И" нь мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гангийн үйлдвэрүүдийн нэг гэдгээр тэд бахархдаг юм билээ. Тэрчлэн "Ба И"-тай амжилттай үргэлжилж буй худалдаа болон өсөн нэмэгдэж буй экспортод тулгуурлан хоёр дахь худалдааны гэрээг Хятадын мөн томоохон ган үйлдвэрлэгчдийн нэг болох Jiquan Iron and Steel Co. (JISCO)-той 2010 онд хийсэн гэж байгаа юм.
Тэгэхээр тус компани зах зээл дэх өөрийн орон зайгаа өнгөрсөн хугацаанд чамгүй сайн бүрдүүлж иржээ. Харин Монгол Улсын хууль, дүрэм, журмыг мөрдөх тал дээр туйлын хариуцлагагүй хандаж ирсэн байна. Тийм гэдгийг нь баталгаажуулах баримт бол БОНХЯ-ны Ажлын хэсгээс хийсэн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах улсын байцаагчийн албан шаардлагыг “Алтайн хүдэр” компанид өгсөн явдал юм. Тэр хүрээнд дараах арга хэмжээг тогтоосон хугацаанд хэрэгжүүлэх үүргийг өгөөд байна. Тодруулбал,
-Таян нуурын уурхайгаас Бургастайн хилийн боомт хүртэлх 168.3 км авто замаас 2013 онд барихаар төлөвлөсөн 80 км замын эхний хэсгийг 2013 оны 06-р сарын 15-ны дотор, үлдэх хэсгийг 2013 ондоо багтааж, 2014 онд замыг бүрэн хэмжээгээр барьж ашиглалтад оруулах;
- Авто замын хийц, технологи, трасст өөрчлөлт орсон учир өмнө хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд нэмэлт тодотгол хийлгэх ажлыг 2013 оны 05-р сарын 01-ний дотор гүйцэтгүүлэх;
- Таян нуурын уурхайн дотоод зам талбай, Бургастай боомт хүртэлх 168.3 км авто замын дагууд малчин айл өрхүүд олноор суурьшсан болон экологийн ач холбогдол бүхий газруудын орчимд тоосжилтийг бууруулах зорилгоор замын усалгааг тогтмол хийж байх;
- Авто замын дагууд зэрлэг амьтдын нүүдэллэх, дамжин өнгөрөх гарцыг тодорхой судалгааны үндсэн дээр, тухайн амьтны онцлогт тохирсон байдлаар байгуулах шийдлийг тусгайлан боловсруулж гүйцэтгэх;
-Хүдэр тээвэрлэлтийн авто замын дагуух тэмдэг, тэмдэглэгээг хүртээмжтэй болгож, авто тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх, жолооч чанарын ур чадварыг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх сургалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Тээврийн газартай хамтран 2013 оны 04-р сарын 15-ны дотор зохион байгуулах;
- Таян нуурын уурхайн баяжуулах үйлдвэрийг 2013 оны 05-р сарын 15, шинээр барьж буй бохир ус цэвэрлэх байгууламжийг 2013 оны 06-р сарын 01-ний дотор Улсын комисст хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулах;
-Баяжуулах үйлдвэрээс үүдсэн тоосжилтийг тухайн газрын байгаль, цаг уурын онцлог, шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийг ашиглан хамгийн боломжит хэмжээнд бууруулах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх зэрэг үүргүүдийг хүлээгээд байна. Хэрэв энэхүү хугацаатай үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй тохиолдолд уурхайн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг авах болсноо ажлын хэсэг уурхайн захиргаанд мэдэгдээд байгаа.
Шалгалт хийсэн ажлын хэсэгт Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, “Шинэ зууны Цээл” ТББ-ийн төлөөлөл болон сумын ИТХ, ЗДТГ, Улаанбаатар, Говь-Алтай аймаг дахь Цээл сумын нутгийн зөвлөл, орон нутгийн иргэдийн төлөөлөл багтсаныг тодотгох нь зөв болов уу.
Тэгэхээр Таян нуурын төмрийн хүдрийг Хятадын Baosteel группын харъяа компани болох Xinjiang Ba Yi Iron and Steel Co., Ltd болон мөн томоохон ган үйлдвэрлэгчдийн нэг болох Jiquan Iron and Steel Co. компаниуд руу зөөж ирсэн “Алтайн хүдэр” компани худал мэдэгдэл хийж давхиад байлгүй Монгол Улсын хууль дүрмийг сахин биелүүлэх ёстой гэдгийг анхааруулъя.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 7 )
musain davarsan hujaanar
zahirluudn bugd li ovogtuud zaildaa mgloos
сайн хяналт хэрэгтэй аймгийн прокурорын нэр холбогдоод байсан мөнгөтэй хүнд хууль үйлчлэх биш дээ
зөв шүү....арай л хэтэрхий даварчихсан байгаа шүү энэ компани
Zov.
**tai nutagiig buzar buzarlag bolsondooo odoo bolson
neg moson ulsaa ogchoochdee