Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 10-наас буулгана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 01 сарын 03

Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 10-наас долоодугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн хааж, буулган шинэ гүүр барих ажлыг эхлүүлэхээр болжээ. Үүнээс өмнө бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийсэн байна. 

Зайсангийн төмөрбетон гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажлын талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн “2022 оноос хойш Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг хэрэгжүүлж байна. Тодруулбал, баруун гүүр буюу шинэ гүүрийн хөдөлгөөнийг 2023 оны есдүгээр сард нээж байв. Харин хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулсан түүхтэй. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон” гэлээ.

Хажуугийн шинэ гүүрийг барьж байх хугацаанд дам нуруунуудыг 70 хувьтай бэлтгэсэн. Дам нуруу суурилуулах үед бэлтгэл бүрэн дуусах юм. Мөн гүйцэтгэгч нь шалгарсан тул ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top