Уул уурхай ашигтай гэчихээд хүртэж чадахгүй бол хохь нь!

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

Уул уурхай тэрдундаа цөөн нэр төрлийн ашигт малтмалд уягдсан эдийн засгийн өсөлт гэдэг угаас хэврэг гэдгийг бид харж байгаа. Тиймээс ч солонгын өнгөт төрөлжсөн эдийн засгийн төлөөх тэмүүлэл тодроод байгаа гэхэд болно. Ер нь тэгэхгүйгээр хэдийг болтол зөвхөн ашигт малтмалын экспортоос орж ирэх орлогыг тосож баярлаж бас хямарч байх билээ. Гэхдээ одоогийн нөхцөл байдлыг аваад үзэхээр яах ч аргагүй нүүрс болоод зэсийн орлого төвөвт жин дарж байна. Түүнчлэн  “Экспортод гаргаж буй зарим ашигт малтмалын талаар төрөөс баримталж буй бодлого, түүний хэрэгжилт, үр дүн”-д хийсэн аудитын дүн анхаарал татаж буй юм. Ямартай ч Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуульд уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох харилцааг зохицуулсан заалт тодорхойгүй, УУЯ, АМГ, ГЕГ, ТЕГ зэрэг төрийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо хангалтгүй, тэдгээрийн чиг үүрэгт бүрэн тусгагдаагүй, уул уурхайн салбарыг хөгжүүлэх талаар зарим бодлогын баримт бичгийг боловсруулсан ч батлагдаагүйн зэрэгцээ дээрх нэр бүхий хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, эрх зүйн орчныг шинэчлэх ажил удаашралтай байгаа нь тодорхой болжээ.

Манай улсын экспортод гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүний төрөл тус бүрийн эзлэх хувийг арваннэгэн оны байдлаар харуулсан графикаас үзэхэд, 46.5 хувийг чулуун нүүрс, 20.0 хувийг зэсийн баяжмал, 9.1 хувийг төмрийн хүдэр эзэлж байгаа нь нийт экспортын бүтээгдэхүүний 75.6 хувь болж байна. Уул уурхайн экспортын бүтээгдэхүүнд баримтлах жишиг үнийг мөрдөх явцад татварын болон аж ахуйн нэгж, байгууллагуудын хооронд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн маргаан үүсэж байгаа нь ЭБЭХЯ- ны ажлын хэсгийн үйл ажиллагаатай холбоотой аж.

Мөн Хилийн мэргэжлийн хяналтын албанд уул уурхайн мэргэжлийн боловсон хүчин цөөн, итгэмжлэгдсэн лабораторигүй, эрх зүйн орчин хангалтгүйгээс ашигт малтмалыг экспортлох үйл ажиллагаанд тавих хяналтыг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна гэж үзжээ. Гаалийн Ерөнхий Газар 2009 оноос экспортод гаргаж буй төмрийн хүдрийн баяжмалаас зохих журам, шийдвэргүйгээр гаалийн хураамж авахдаа чийгийн хэмжээг хассан цэвэр жингээр тооцох аргачлал хэрэглэж байгаа нь төсөвт орох орлого тодорхой хэмжээгээр буурахад хүргэсэн байна.

Түүнчлэн ГЕГ-ын даргын арван оны 402 дугаар тушаалаар экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамжийг 1 тонн тутамд 1000-1500 төгрөгөөр тооцон татваргүйгээр экспортолж байгаа нь улс орны эдийн засагт ач холбогдол багатай байгаа аж. Нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллагаас 2011 онд экспортолсон 5.8 сая тонн төмрийн хүдэр, баяжмалаас 45.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлснээс 1 тонн тутамд ногдох үр өгөөжийг тооцож үзэхэд 7852.80 төгрөг байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.  Гаалийн Ерөнхий Газрын Төв лаборатори уул уурхайн экспортын бүтээгдэхүүнд шинжилгээ хийхдээ гаалийн болон аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр зөвхөн зэс, төмрийн хүдэр, баяжмал, цайр, гянтболд зэрэг ашигт малтмалын агууламжийн хувь хэмжээг тодорхойлж байгаа боловч дагалдах элементүүдийг бүрэн тогтоож, дүгнэлт гаргахгүй байгаа ажээ.

Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний тэээвэрлэлтээс хөрсний эвдрэл бий болж, тоосжилт үүсгэн, говийн экосистемийг алдагдуулан, цөлжилтийг нэмэгдүүлж, орон нутгийн иргэд, малчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдаж, мал амьтны бэлчээр нутгийг доройтуулж байгаагийн зэрэгцээ ашигт малтмал олборлох, нүүрс тээвэрлэхтэй холбогдсон зам тээврийн осол сүүлийн жилүүдэд өссөн байна.

Мөн Тосон-Уул XIX, Тамсаг-XXI, БХГ-97 талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдэд өдөрт олборлох газрын тосны хэмжээг 50001 баррелиас давуулсан нөхцөлд Монгол Улсын Засгийн газарт ногдох хувь хэмжээг өсгөж 50 хувьд хүргэх нөхцөл тусгагдсан нь бодит байдал дээр хэрэгжих боломжгүй байгаа аж. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгад байгалийн нөхөн сэргээгдэхгүй нөөц баялгийг ашигласны төлбөр (роялти)-ийг 7.5 хувиас доошгүй байхаар хуульчлан оруулж, үүний үндсэн дээр газрын тосны ихэнх олборлолт, экспорт явагдаж буй Тосон-Уул XIX гэрээт талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээнд роялти төлөгдөхгүй байхаар тусгагдсаныг өөрчлөх шаардлагатай байгаа аж.

Тэгэхээр эхлээд уул уурхайн салбартаа дөрөөлөн өндийхөөр эрмэлзэж байгаа манай төр засгийн зүгээс хүртэх үр ашигтаа саад тээг болоод байгаа асуудлуудыг шийдэх шаардлага байгаа нь эндээс харагдаж байна. Бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагч нөхдүүд ажлаа сайн хийвэл, гүйцэтгэл нь ч сайн байх нь дамжиггүй юм. Уул уурхай ашигтай, хүчтэй гэж ярьдаг хэрнээ тэндээс хүртэж болох үр ашгаа бүрэн шүүрдэж авч чадахгүй байгаа нь үнэхээр арчаагүй хэрэг биш гэж үү?

Б.Итгэлт

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochi (66.87.24.22) 2013 оны 04 сарын 16

Bayartsogt gegch etgeed busdad hudaldagsan baina.mongolchuudaa eruul uhaanaar sereechei.nogiin mongol ner zuusen arhichin******chamd margaash arhia uuh gazaruu boglood baigaagai uhaaraach.

0  |  0
Top