“Mongolia Mining 2013”: Хариуцлагатай бай...

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 19

Хөрс хуулж, олборлолт явуулж байгаа компаниудад л хариуцлагатай уул уурхай гэдэг ойлголтыг хамаатуулж харах ёсгүй. Ерөөс уул уурхайн салбарт ажиллаж байгаа бизнесийн байгууллага бүхэнд “Хариуцлагатай уул уурхай” хамаатай. Тиймээс ч  гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Mongolia Mining 2013” олон улсын уул уурхайн техник технологийн үзэсгэлэн “Хариуцлагатай уул уурхайн төлөө” уриан дор Улаанбаатарт болж байна. Монгол нутгийн хөрсөн дор зуун зууныг элээн үүцлэгдэн ирсэн их баялаг энэ зууны Монгол Улсын дэвшилтэт хөгжлийн тулгуур нь болно. Тиймээс ашиглах ёстой. Гэхдээ байгаль орчинд ерөөс нийгэмд хариуцлагагүй толбуудыг үлдээхгүй байх ёстой гэдэг дээр бид хаа хаанаа анхаарч, үр дүнтэй ажиллах ёстой юм. Түүнчлэн “Mongolia Mining 2013”-ын хүрээнд үзэсгэлэнгийн зохион байгуулагчид  Компанийн засаглалын үндэсний зөвлөл Уул уурхайн яам, Ашигт малтмалын газрын дэмжлэгтэйгээр “Хариуцлагатай уул уурхай – хамтын ажиллагаа” сэдэвт бага хурлыг зохион байгууллаа. Уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлага хүлээх, компанийн сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэх шаардлага улам хурцаар тавигдаж байгаа энэ үед хариуцлагатай уул уурхайн бага хурал нь энэ салбарт бизнес эрхлэгчид болоод бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгчдийг нэг талбарт уулзуулж байгаагаараа ач холбогдол өндөр юм.

Нэгэнтээ манай улсын ашигт малтмалын баялаг хөрөнгийн урсгалыг даллаад тодорхой хугацаа өнгөрчихсөн. Хэдийгээр өнгөрөгч оны тавдугаар сард батлагдсан стратегийн салбар дахь гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиас болж гадныхан үргэлээ гэх хандлага байсан ч, дөнгөж өнөөдөр УИХ тэрхүү хуульд өөрчлөлт оруулаад байгааг энд тодотгох нь зөв биз. Түүнчлэн уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтад эерэг үр дүн дагуулсан, энэ салбарын харилцаа хамтын ажиллагааг дэмжсэн шинэ шинэ үйл ажиллагааг шаардлагатай байгаа ийм цаг үед Mongolia Mining үзэсгэлэн болж байна. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа бизнесийн байгууллагуудыг хоорондын харилцаа хамтын ажиллагааг бий болгох, өргөжүүлэх хамгийн чухал суваг гэдэгтэй үзэсгэлэнд оролцогчид санал нийлж байгаагаа илэрхийлж байсан юм. Үзэсгэлэнд Эрдэнэтийн Уулын Баяжуулах үйлдвэр, Экстрүдер Менежмент ХХК, Сетунари ХХК, Акума Эрин ХХК, Хишиг Арвин Индустриал ХХК, Жи Эм Эс Эс ХХК,  Сийл Жет Монгол ХХК, Жи Ди Эс Ай Ти ХХК, Gobi Mining Supply Services LLC зэрэг дотоодын компаниуд БНХАУ, Австрали, АНУ, Канад, ОХУ, Их Британи, Герман, Швейцарь, Испани, Польш, Чех, Казахстан, Япон, Сингапур, Хонг Конг Шинэ Зеланд зэрэг орны уул уурхайн салбарын шилдэг ханган нийлүүлэгч 120 компани үзэсгэлэн гарган оролцож байгаа юм. Энэ удаагийн үзэсгэлэнгийн албан ёсны ивээн тэтгэгчээр Германы SEW EURODRIVE, Сингапурын SINGTEL компаниуд оролцож байгаа.

Мэдээж одоо бол уул уурхайн үйлдвэрлэл ид эрчимжих эхлэх цаг үе. Түүнчлэн хайгуул, олборлолт, бүтээн байгуулалтын их ажил өрнөхийн өмнөхөн буюу худалдан авалт хамгийн идэвхтэй үе эхэлж байгаатай зэрэгцэн дэлхий дахины техник технологиудтай нэг зэрэг танилцах, сонгох боломжийг олгож байгаа юм.

Ингээд “Mongolia Mining 2013”-ын талаарх салбарын эрхмүүдийн байр суурийг хүргэж байна.

 

Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү: Монголын уул уурхай дэлхийд брэнд хэвээрээ

 -Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт хумигдсан гэх хандлага давамгайлж байгаа үед энэ удаагийн арга хэмжээ болж байна л даа. Салбарын эрхмийн хувиар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт буурлаа гэх хандлагыг Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажил дуусч байгаатай холбон ойлгох нь зөв болов уу. Мөн нөгөө талд хууль эрхзүйн орчны нөхцөл байдалтай холбоотойгоор уул уурхайн компаниудад харзнасан байдал байгаа. Гэхдээ өнөөдрийн үзэсгэлэнг харахад Монголын уул уурхайд хөрөнгө оруулагчдын сонирхол буураагүй гэж үзэж байна. Энэ үзэсгэлэн 3 дахь удаагаа болж байгаа. Өмнөх жилүүдийнхээс илүү өргөн хүрээнд явагдаж байна. Өнөөдөр Монголын уул уурхайн салбар дэлхийд брэнд хэвээрээ байгаа.

-Өмнө нь манайд уул уурхай эрхлэгч компаниуд гаднаас хуучин, хямд техник, технологи оруулж ирдэг байсан. Тэр нь нэг талаас байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байдгийг үгүйсгэж боломгүй  байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

Тийм ээ. Өмнө нь Орос, Хятадын хуучин техникүүд хэрэглэдэг байсан. Харин өнөөдөр бол шинэ техник, шинэ технологиудаас сонголт хийж байна. Томоохон уурхайнууд Герман, Украйн, Америкийн том техникүүдийг хэрэглэж байгаа бол дунд зэргийн уурхайнуудад Хятад,  Солонгосын  техникийг илүү их хэрэглэж байгаа.

Үзэсгэлэнгээ гаргасан гадны компаниудын дийлэнхи нь Хятадынх байна шүү?

Хятадын сүүлийн үеийн техникүүд  бусад хөгжилтэй орнуудын түвшинд хүрч байна шүү дээ. Ер нь энд танилцуулагдаж байгаа техникүүд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байгаа. Тийм учраас Хятадаас цэрвэх шаардлага хэрэггүй. Мэдээж Германы техникүүд сайн. Гэхдээ үнэтэй. Хятадынх тэдний түвшинээс нэг их муудаад байхгүй мөртлөө хямд.

 

“Бороо гоулд” компанийн Орон нутагтай харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Р.Нямсүрэн: Сонирхолтой зүйлс асар их байна

 “Бороо Гоулд” компани техник, тоног төхөөрөмжөө Австрали, Америк, Канадаас оруулж ирдэг. Тэгэхдээ энэ үзэсгэлэнд сонирхолтой зүйлс асар их байна. Ялангуяа хөдөлмөр хамгааллын чиглэлийн  багаж, төхөөрөмж, тоноглолууд анхаарал татаж байна. Манай Кат-ын техникүүд ашигладаг. Харин энд өшөө боловсронгуй болгосон,  шинэчилсэн зүйлс харагдлаа.

 

АМГ-ын Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүх: Нүүрсний уурхай бол 1-2 жил ашиглаад дуусдаг эд  биш

Энэ арга хэмжээ их ач холбогдолтой. Хөрөнгө оруулалт, уул уурхайн бүтээгдхүүн олборлолт буурч байгаа энэ үед бас л цаг үеэ олсон үзэсгэлэн болж байна. Ер нь Монгол Улсад орж ирж  байгаа хөрөнгө оруулалтыг чанаржуулах хэрэгтэй байгаа. Өмнө нь бол  ямар л хуучин, хоцрогдсон техник сэлт орж ирнэ, тэр бүгдийг хөрөнгө оруулалт гээд дэмжээд байсан. Тэгвэл таарч тохирохгүй, шаардлага хангахгүй зүйлс нь одоо шахагдаж байна.

Сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж байгаа сайн компаниуд байна. Бас богинохон боломжтой үеийг ашиглаад ашигт малтмал зөөгөөд хөрөнгөжөөд, жаахан таагүй үеийг далимдуулаад бушуухан гараад явчихаж байгаа муу техник, технологитой компани ч байна. Бидний хувьд урт хугацаанд найдвартай үйл ажиллагаа явуулах шинэ технологитой компани хэрэгтэй. Тэрдундаа нүүрсний салбарт хэрэгтэй. Нүүрсний уурхай бол 1-2 жил ашиглаад дуусдаг эд  биш.

 

МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Н.Алгаа: Хариуцлагатай байхыг л шаардана

 Компанийн сайн засаглал,  Нийгмийн хариуцлага гэдэг юм бүх компанид байх ёстой. Уул уурхайн салбарт олон улсын стандартад нийцсэн ханган нийлүүлэгчид хэрэгтэй. Эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй ажиллагаанд нийцсэн ажлын хувцас, хоол хүнс байх ёстой. Ерөөсөө ханган нийлүүлэлт хийж байгаа компанийн хариуцлагын асуудал шүү дээ.

Оюутолгой ч юм уу, Энержи ресурстай харилцаж, нийлүүлэлт хийж байгаа компаниуд бол тэдний тавьсан шаардлагыг хангаж байгаа юм. Хариуцлагатай компаниуд хариуцлагатай байхыг л хамтрагчдаасаа шаардана. Тэгэхээр үүнийг манай үндэсний компаниуд ойлгох хэрэгтэй.

Э.Болор

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зарна(202.179.26.75) 2013 оны 04 сарын 20

БУГАТЫН АРМАТУР ИХ ХЭМЖЭЭГЭЭР ЗАРНАСорьцын нэр марк: Төмөрбетон бүтээцийнган арматурD20SD (//) (4Ex20)... D22SD (//)D25SD(//) (4Ex25)D28SD(//) (4Ex28)D16SD(//) (4Ex16)D18SD(//) (4Ex18)D10SD (//) (..)D12SD (//) (4x12)Сорьц хүлээн авсан огноо: 2013 оны 03 сарТуршилтанд мөрдсөн стандарт: MNS JIS 4856 1999Утас: 96098429

0  |  0
Top