Ураныг буруутгах нь харгис үзэл суртал уу, эсвэл...

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 21

Дэлхий дахинд атомын цахилгаан станцаас, цөмийн хэрэглээнээс татгалзаж байхад манайх л том гүрнүүдийн бодлогын золиос болох гээд байна гэсэн сэрэмжлүүлгийг ТББ-уудын зүгээс өгч буй. Түүнчлэн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны туршилтын олборлолт хийж, шар нунтаг гарган авахаар үйл ажиллагаа явуулж байгаа Францын Аревагийн охин компани “Кожеговь” ХХК-тай холбоотой анхаарал татсан  мэдээлэл  ч хэдэн сарын турш хэвлэлээр гарч байгаа. Кожеговь компанийн уран олборлох үйл ажиллагааны улмаас 19  тугал үхсэн байж болзошгүй байгаа. Холбогдох байгууллагуудын зүгээс нягталж, шалгаад байгаа боловч нэгдсэн байдлаар дүгнэлт гарахгүй хойшилсоор байгаа юм. Ерөнхий сайд энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “Сонгуулийн өмнө Цөмийн энергийн газрынхан цацраг идэвхит бодисоос болсон юм байхгүй гэж дүгнэлт гаргасан юм билээ. Арваннэгдүгээр сарын үед дахин хэдэн тугал үхсэн, цөмийн энергийнхэн бас л ийм зүйл байхгүй гэсэн дүгнэлт гаргасан. Мал эмнэлгийнхнийг явуулсан. Энэ хоёр газрын дүгнэлт зөрүүтэй гарч байгаа нь үнэн. Тийм учраас би  Дорноговьд ажиллахдаа энэ хоёр байгууллагынхныг хамт суулгаж Д.Норсүрэн гуайтай ярьсан. Улаанбаатарт ирээд хамтарсан ажлын хэсэг гаргаж, хамтдаа ажилла гээд явуулсан. Бид сургаар ажил хийхгүй, нотолгоотой хөдөлгөөнгүй баримтад тулгаарлан ажиллана. Хүч чадал чинь хүрэхгүй бол сорьцийг нь гадаадад явуулж шинжлүүл гэсэн” гэх зүйлийг ярьсан хэмээн өгүүлж байлаа. Тэрнээс нь хойш ч багагүй хугацаа өнгөрч. Тугалуудын үхлийн үнэн шалтгаан балархай хэвээрээ л байна.

Энэ нь уран гэдэг юмыг зоосны нүхээр харах шаардлага монголчуудад бидэнд байна уу гэдэг асуултыг тавихад хүргэж буй. Гэтэл мэргэжилтнүүд арай өөр зүйлийг ярьж хэлж байна. Тухайлбал, МУИС-ийн профессор Г.Хүүхэнхүү Монгол дахь цөмийн технологийн үүсэл, хөгжил, ирээдүйн чиг хандлагын талаар өгүүлсэн байгаа юм. Тэрдундаа монгол дахь цөмийн технологийн ирээдүйн чиг хандлагын талаар сонирхвол:

Өндөр хөгжилтэй орнуудад цөмийн эрчим хүчний ба эрчим хүчний бус технологи ашиглагдаж, хөгжиж байгаа жишээн дээр үндэслэн манай улс ямар зорилго тавьж, түүндээ хэрхэн хүрч болох талаар төсөөлөгдөж буй зарим ерөнхий чиг хандлагыг авч үзье. Манайх ураны ихээхэн нөөцтэй тул түүндээ түшиглэн орчинд хаягдал багатай, харьцангуй цэвэр эх үүсвэрт тооцогддог цөмийн эрчим хүчийг зүй зохистой ашиглах явдал бидний хэтийн зорилго байх нь зөв болов уу. Үүндээ хүрэхийн тулд нарийн мэргэжлийн эрдэмтэн багш нар, инженер техникийн ажилтнуудаа тодорхой үе шаттайгаар өндөр хөгжилтэй гадаад орнуудад болон дотооддоо бэлтгэх ажлаа улам эрчимжүүлэх хэрэгтэй.

Боловсон хүчнээ бэлтгэхийн зэрэгцээ материаллаг бааз, багаж тоног төхөөрөмжийн хангамжаа сайжруулах шаардлагатай. Юуны түрүүнд сургалт судалгааны зориулалттай бага чадлын цөмийн реактортой болохыг ойрын зорилтоо болгож хэрэгжүүлэх нь маш чухал. Реактортой болсноор бид ийм төхөөрөмжтэй харьцаж, ажиллуулж сурахаас гадна эрчим хүчний зориулттай реактор дээр ажиллах мэргэжилтнүүдээ дотооддоо сургаж бэлтгэх жинхэнэ баазтай болно гэсэн үг. Түүнээс гадна сургалт судалгааны реактороо ашиглан геологи уул уурхайн болон бусад сорьцонд химийн элементийн найрлагыг шуурхай бөгөөд нарийн тодорхойлох өргөн боломж нээгдэнэ. Ашигт малтмалын асар их нөөцтэй манай орны хувьд эрдэс баялагийхаа химийн найрлагыг шуурхай зөв тодорхойлно гэдэг бол уул уурхайн үйлдвэрлэлтийн үр ашгийг дээшлүүлэх, экспортын орлогоо нэмэгдүүлэхэд маш чухал хүчин зүйл болно гэж байна.

Түүнээс гадна манай улс эмнэлгийн болон бусад зориулалтаар гадаадаас өндөр өртөг, зардалтайгаар авч хэрэглэдэг богино наст цацраг идэвхт изотопуудыг судалгааны реактор ашиглан өөрсдөө үйлдвэрлэх боломжтой гэсэн байна. Үүний тулд цацраг идэвхт элементийн химийн боловсруулалт хийх, сайтар тоноглогдсон радиохимийн лабораторитой болох шаардлагатай. Цөмийн реактортой орнуудын туршлагаас харахад нейтроноор идэвхжүүлэх аргаар 40 орчим, ураны цөмийн хуваагдлаас үүсдэг таван цацраг идэвхт изотопыг ялган авч ашиглаж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 56 оронд судалгааны 240 реактор ажиллаж байна. Цаашид ийм реакторын тоо ба үзүүлэлт улам өсөн нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Уран бол манай стратегийн гэж үзвэл зохих маш чухал байгалийн баялаг бөгөөд нарийн бодож боловсруулсан бодлоготойгоор ашиглах ёстой эрдэс түүхий эд яах аргагүй мөн. Ураныг хэрхэн зөв зохистой олборлож, ашиглах талаар мэргэжилтнүүд санал бодлоо илэрхийлж, түүний үндсэн дээр төр засаг бодлогоо боловсруулан хэрэгжүүлвэл зохистой. Стратегийн ач холбогдолтой цацраг идэвхт ашигт малтмал болох ураны олборлолт ашиглалт нь биеэ даасан онцгой асуудал учир тусд нь тодорхой авч үзэх шаардлагатай. Цөмийн эрчим хүч нь шинжлэх ухаан, техник, технологийн хамгийн тэргүүний ололтуудыг өөртөө шингээсэн байдаг тул тухайн улс хөгжихөд зүтгүүр болж, үйлдвэрлэлийн бусад салбарыг араасаа дагуулж байдаг хөдөлгөгч хүч гэдгийг бид ойлгон хүлээж авах хэрэгтэй. Цөмийн цахилгаан станцын реактор, түүний дэд бүтцийн байгууламжууд нь физик, хими, материал судлал, электроник, автоматик зэрэг шинжлэх ухаан технологийн олон салбар дунд хөгждөг бөгөөд "технологийн хаялага" ихтэй учраас өндөр технологийн бусад чиглэл үүсч, хөгжихөд чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Манай орон уран олборлож, гадагшаа экспортод гаргахын зэрэгцээ, ураны түлшээр ажилладаг цөмийн цахилгаан станц барьж ашиглахын ашиг тусыг төр засгийн удирдлагаас эхлээд нийт ард иргэд хүртэл үнэн зөвөөр ойлгох маш чухал. Генетикийн шинжлэх ухааныг харгис буруу үзэл суртлын нэг хэлбэр гэж үзэн үгүйсгэж байгаад олон жилээр хоцорсоноо ухааран гэмшсэн зарим улсын алдааг бид ураны ашиглалт, цөмийн эрчим хүчний хэрэглээн дээр давтах ёсгүй хэмээн өгүүлж байна.

Тэгэхээр манай мэргэжилтнүүд дотооддоо ийм байдлаар байр сууриа илэрхийлж байхад гадны эрдэмтэд уран олборлох нь орон нутагт, байгальд ихээхэн халтай талаар бичсээр байна. Тодруулбал, Байгаль дахь ураны хүдрийн агууламж нь дунджаар 0,2 хувь орчим байдаг гэвэл 1 тонн ураны хүдрийг уусгах аргаар боловсруулахад 2 кг уран, 998 кг хорт шавар ялгарч, бохир нуур үүсгэдэг. Ийм шавран нууранд хүдрийн 85 хувийг эзлэх цацраг идэвхт бодис, хүнцэл зэрэг олон хорт бодис тунадаг. Цацраг идэвхт бодис гүний ус, агаарыг олон мянган жилийн турш хордуулахаас гадна хөрс гулсах, далан нурах үед хальж, орчныг сүйтгэдэг. Казахстаны Актау хотын 150 мянган иргэд яг ийм хатсан шавран нуурын хорт тоосонцорт хордсоор байна.Киргизийн хөндийд уран олборлосны дараа хоцорсон үй олон шавран нуурын үлдэгдэл улс дамнасан сүйрлийн гамшиг дагуулна гэж Нэгдсэн Үндэсний Байгууллагаас (НҮБ) дүгнэсэн байна.

Мөн Атомын цахилгаан станц орчин үеийн технологи мөн үү? гэдэг асуултад үгүй гэсэн хариултыг албан ёсоор өгч байх юм. АЦС-ыг дунджаар 40-60 жил ашиглах боломжтой гэдэг. Гэвч ердөө 10-20 жил өнгөрөхөд л технологи нь хоцрогддог. Хэчнээн сайн машин техник гээд, яндан, тоормосыг нь сольсон ч 1992 оны машиныг аюулгүйн баталгаатай, орчин үеийн стандарт шаардлагыг бүрэн хангасан техник гэж хэлж болно гэж үү? Өнөөдөр 1990-ээд оны үеийн Бэйзик программаар ажилладаг, уян диск уншдаг компьютертоо багахан засвар хийгээд, орчин үеийн стандартад нийцүүлнэ гэвэл хэн гуайн ч хөх инээд хүрэх биш үү? АЦС хуучрахад тохирсон сэлбэг запасны олдоц муудаж, зарим эд анги нь олдох оо больдог. Иймд засвар үйлчилгээний явцад олдоц муутай эд ангиудыг засах, бусдаар орлуулах шаардлага гардаг бөгөөд шинэчилсэн эд анги нь өчүүхэн төдий таараагүйнөхцөлд АЦС дэлбэрэх аюултай гэж үздэг аж.

Тэгэхээр ураны олборлолт болоод ашиглалтыг тойрсон асуудлууд ийм маягаар их байна. Манай тухайд Франц, Орос, Япон гэхчлэн орнуудтай энэ салбарт түншилж байгаа нь нэгэнтээ тодорхой болсон. Харин хэнд нь илүү ашиг тусч, хэн нь хохирол үзээд үлдэхийг одоогоор тооцоход бэрх л байна даа...

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gambaa(202.55.191.35) 2013 оны 06 сарын 16

ashigtai bj blnoo .gantshan aldaa garwal suirne shuu dee.chirnobiliig sanaj bnuu tuuh bgaa shuu ur udmaaraa tahir tutuu humuus torj bgaa .bidend hereggu shuu .

0  |  0
mglhuu(182.160.36.195) 2013 оны 05 сарын 22

bayalgaa tushiglen hugjii tsumiin erchim huch bidend mash ih heregtei

0  |  0
xaxa(122.201.18.42) 2013 оны 05 сарын 22

uran hereggui ee

0  |  0
Huh mongol(122.201.18.29) 2013 оны 05 сарын 21

Mongold urany salbaryg hugjuulehgui gesen umhii orosuudyn uhuulga surtalchilgaa..

0  |  0
Top