Монгол төрийн хуулийг гууль болгох эрх тэдэнд үгүй...

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 22

Хэтэрхий олон үгтэй болохоор нь “Урт нэртэй” гээд товчоор нэрлээд дадчихсан нэг хууль бий. Яаж ч бодсон урт л даа. “Гол мөрний урсац  бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”  гэж байгаа юм чинь. Ер нь бол нэр чухал биш. Гол нь хуулийн хэрэгжилт, үр дүн  чухал. Тэгвэл энэ хууль мэндэлснээс хойш хэдэн он улирчээ. Ашигт малтмалын газрын зүгээс бол хууль гайгүй сайн хэрэгжээд байгаа гэж буй ч, үнэн хэрэгтээ өнгөрөгч 2012 оноос л холбогдох нөхдүүд анхаарал хандуулж ирсэн гэхэд болох юм. Гэсэн ч энэ хуулийн хэрэгжилтэд бодьтой үр дүнг дагуулах учиртай байгууллагуудын нэг болох МХЕГ ер нь юугаа хийж ирсэн юм бэ? гэдэг асуултыг тавих ёстой юм. Учир нь тус газрын  Байгаль орчин, аялал жуулчлал,геологи уул уурхайн хяналтын газрын зүгээс энэ хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллах учиртай. Гэтэл энэ газар хууль хэрэгжиж байгаа эсэхийг мэдэж байгаа гэхэд эргэлзээтэй дүмбийж суухад нь Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч оны  сүүлээр Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий, Архангай аймгийн Цэнхэр, Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Гурванбулаг, Орхон аймгийн Баян-Өндөр сумд, Дундговь аймгийн Говь-Угтаал сумдад  нөхөн сэргээлт, олборлолтын ажил эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд Байгаль орчныг хамгаалах тухай, Гол мөрний урсац  бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал ямар байгааг шалгаад ирсэн юм. Шалгалтаар ч багагүй зөрчлүүд илэрсэн. Энэ нь тодорхой хяналтыг тавих ёстой МХЕГ-ын зүгээс дутуу дулимаг ажиллаж байгааг харуулсан юм.

Ажлын хэсэг хяналт шалгалтын явцдаа илрүүлсэн зөрчлүүдийг хүргэвэл:

“Онолт мөнх”, “Геогоулд” ХХК-иуд нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Буянт, Цагаан гол дээр МҮ-16868А, МҮ-15299 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, холбогдох зөвшөөрөл, бичиг баримтыг бүрдүүлэн алтны шороон орд олборлох үйл ажиллагаа явуулж байсан. Дээрх ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газар нь Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хориглосон хилийн заагт  хамрагдаагүй, газар дээр нь үзэж танилцахад уурхайн ашиглалтын блокийн дундуур Буянт, Цагаан голууд урсаж байлаа. Энэ нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.8 дахь заалтуудыг зөрчсөн байх тул улсын байцаагчийн актаар дээрх компаниудын үйл ажиллагааг бүрэн зогсоожээ. Мөн тухайн орон нутгийн Засаг дарга хамгаалалтын бүс тогтоож захирамжлаагүй, Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор хориглосон хилийн заагт хамрагдаагүй шалтгааныг нягталж, хилийн заагт хамруулах асуудлыг зохион байгуулах, зарим хариуцлагагүй шийдвэр гаргасан албан тушаалтныг Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар тогтсон юм.

“АУМ-алт” ХХК нь Уянга суманд МҮ-000362А  тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай. Энэ нь Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор хориглосон хилийн заагт хамаарч, уурхайн хаалтын төлөвлөгөөг холбогдох төрийн байгууллагуудаар батлуулан зөвхөн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн бөгөөд тусгай зөвшөөрлийн талбайдаа 20 гаруй аж ахуйн нэгжтэй нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан боловч  тэдгээр аж ахуйн нэгжийн зарим нь алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа зөрчил илэрсэн юм. Улмаар Ажлын хэсэг алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий 5 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүрэн зогсоов.

“Буд ундрам” ХХК нь Уянга сумын Өлтийн бүлэг нэртэй газар МҮ016711  тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулж мөрдөж ажиллаагүй нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг зөрчсөн тул зөрчил арилгах талаар хугацаатай албан шаардлага өгөв.

Монгол газар” ХХК нь Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ашигт малтмалын ашиглалтын 2427А, 7207А тоот тусгай зөвшөөрөлтэй. Уг компанийн Шийртийн салаа дахь талбайд Ф.Дорж нарын 10 гаруй иргэн, Улаан чулуутын ам нэртэй газарт Л.Алтанбагана нарын иргэд нөхөн сэргээлт хийх нэрийн дор эфель угаах үйл ажиллагаа явуулсан нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4,1 дэх хэсэг, Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудыг зөрчсөн байна. Мөн уурхайн хаалтын ажлын төлөвлөгөө боловсруулж холбогдох төрийн байгууллагаар батлуулж ажиллаагүй  байгаа нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 45 дугаар зүйлийн 45,1 дэх хэсгийг, Голын гольдролыг сэргээх арга хэмжээ авахгүйгээс борооны ус үйлдвэрлэлийн явцад бий болгосон нууруудын устай нийлж гол бохирдуулж байгаа нь “Усны тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн нь тогтоогдож байв.

“Жи энд Юу гоулд” ХХК нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт 12806А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, алтны шороон орд олборлох үйл ажиллагаа эхлүүлэхээр холбогдох зөвшөөрөл, бичиг баримтыг хуулийн дагуу бүрдүүлсэн байна. Ашиглалтын 12806А тусгай зөвшөөрөл нь Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор баталсан ашигт малтмал хайх ашиглахыг хориглосон газруудын хилийн заагт хамаарахгүй байгаа нь итгэмжлэгдсэн маркшейдерийн хэмжилтийн ажлын тайлангаар тогтоогдсон байна.

Дээрх тусгай зөвшөөрөл бүхий газрыг Баянхонгор аймгийн ИТХ-ын 2012 оны 02-р сарын 16-ны өдрийн 16/2 дугаар тогтоолоор Аймгийн тусгай хамгаалалтад авсан тул  Гурванбулаг сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2011 оны 12-р сарын 08-ны өдрийн 31/30/02 тоот актаар “Жи энд Юу гоулд” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон байна.

Нутгийн иргэдийн зүгээс уг тусгай зөвшөөрлийн талбайг гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамруулах талаарх хүсэлтээ холбогдох байгууллагуудад гаргасан байна.

“Жи энд Юу гоулд” ХХК-ийн Өвөр хөшөөтийн уурхайн асуудлаар Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын удирдлага, иргэдтэй уулзаж, уг асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхээр тогтсон аж.

“Том шижир” ХХК нь тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна буюу голын хамгаалалтын бүсэд алт угаах төхөөрөмжөө байрлуулан үйл ажиллагаа явуулж байсан нь “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг зөрчсөн байна.

Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 62 дугаар тогтоолоор баталсан аймгийн хэмжээнд уул уурхайн болон хувиараа алт олборлогч иргэдийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газруудыг нөхөн сэргээх хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор “Эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам” нь Монгол улсын хууль, тогтоомжоос давсан шийдвэр байх тул хүчингүй болгох тухай асуудлыг аймгийн ИТХ-д тавьж шийдвэрлүүлжээ.

Аймгийн ИТХ, Засаг даргаас нөхөн сэргээлт хийх нэрээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн нь хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг Улсын мөрдөн байцаах газар болон аймгийн Цагдаагийн хэлтсээр шалгуулахаар шийдвэрлэсэн.

 “Шанжин орд” ХХК-ийн Хараатын уурхайн асуудлаар Дундговь аймгийн Говь-Угтаал сумын иргэдтэй уулзаж, газар дээр нь хяналт шалгалт хийхэд зохих зөвшөөрөлгүйгээр худаг гаргаж ашигласан, ус ашиглах дүгнэлтийг холбогдох газраар гаргуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тусгагдсан сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллаагүй, Бетон зуурмагын үйлдвэр нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, Ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай болох 79 га-д газар ашиглах эрхийн гэрчилгээгүй зэрэг  зөрчлүүд илэрсэн нь Усны тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Ашигт малтмалын тухай болон Газрын тухай хуулиудыг зөрчсөн нь тогтоогдсон тул  үйл ажиллагааг нь хэсэгчлэн зогсоожээ.

Тэгэхээр эдгээр баримтуудад тулгуурлан харахад хуулийг зөрчиж байгаа үйлдлүүдийг илрүүлэхийн тулд заавал УИХ-ын зүгээс элдэв тогтоол сэлт үйлдэж, зардал, мөнгө гарган олноороо явж байж илрүүлэх ёстой бололтой. Уг нь мэргэжлийн хяналтын байгууллага гэдэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжийг сахиулан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэх нөхцөлийг хангах, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх үндсэн чиг үүргээ гүйцэтгэх учиртай. Үүнд нь Урт нэртэй хуулийн хэрэгжилт ч хамаатай л баймаар юм. Түүнчлэн иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс  МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүньбазарт хандан шаардлага хүргүүлсэн аж. Тэдний зүгээс байр сууриа илэрхийлэхдээ:

““Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай“ Монгол Улсын хууль батлагдсанаас хойш даруй 4 жил өнгөрч байгаа ч, МХЕГ, тэрдундаа Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналтын газар, тус газрын дарга Н.Батбаярын тухайд байгууллага татан буугдаж удахгүй бүтцийн өөрчлөлт хийгдэнэ гэсэн сургаар эрхэлсэн ажилдаа хоноцын сэтгэлээр хандаж байна. Өнгөрсөн 2012 онд Орхон гол улаанаараа эргэн шавраар урсаж байхад хүн бүр энэ хууль хичнээн ач холбогдолтой чухал хууль болохыг ам уралдан ярьж та бүхэнд ажлаа эрчимжүүлэхийг сануулж байсан. Гэвч байдал өөрчлөгдсөнгүй, Дархан уул аймгийн Хонгор, Сэлэнгийн Ерөө сумдын нутаг дахь Өлөнт, Цамхаг, Хүйтэн, Харганат, Могойн голууд сүүлийн 10 гаруй жил шар шавраар урсаж байхад та бүхэн ямар ч ажил хийсэнгүй. Дээрх байдал энэ жил ч давтагдаж нэр дурдсан голуудын гольдиролд алт угааж буй хүмүүс хууль зөрчсөн ажлаа аль хэдийнэ эхлүүлээд байхад танай агентлагийн болон орон нутгийн байцаагч нар нүд анин хуйвалдаж энэхүү хууль бус ажиллагааг өөгшүүлсээр байна.” Гэжээ.

Мөн Налайхын нүүрсний уурхайд өнгөрсөн 20 жилийн хугацаанд 200 гаруй амь насаа алдсаны гурав нь энэ он гарсны дараа осолджээ.  Гэтэл та бүхэн энэ газарт хууль бусаар нүүрс олборлож байгаа үйл ажиллагааг нь таслан зогсоож чаддаггүй юмаа гэхэд, яагаад  ямар ч шаардлага хангаагүй “Уулын ажлын тайлан, төлөвлөгөөг нь” хүлээн авч батлаад байдгийг үнэхээр ойлгохгүй байна. Яг энэ байдал Хан уул дүүргийн нутаг дэвсгэр дэх хайрганы карьерууд дээр бас давтагдаж байгааг МХЕГ  таслан зогсоож чадахгүй байна.” хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол төрийн хуулийг дээдлэн ажиллах зарчмаа баримтлаж чадахгүй байгаа МХЕГ-ын Байгал орчин, аялал жуулчлал,геологи уул уурхайн хяналтын газрыг ажилдаа сэтгэл, зүтгэлтэй ханддаг болгох тал дээр арга хэмжээ авах, Дархан уул аймгийн Хонгор, Сэлэнгийн Ерөө, Зүүн хараа сумдын байгаль орчны байцаагч нарын ажилд шалгалт хийж арга хэмжээ авах шаардлагатай байгааг ярьж байна. Хэрэв хариуцлагагүй  нөхдүүдтэй хариуцлага тооцож чадахгүй бол хариуцлага тооцож чаддаг хүнд суудлаа тавьж өгөх ёстой гэдгийг ч сануулсан байгаа юм.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
indra(122.201.18.47) 2013 оны 05 сарын 22

Mongoliin huuliig guuli bolgoh erh edend baihgui harin AN bolon Elbegdorjid bol baigaa

0  |  0
Top