Оригинал нэр: Prison Valley
Нэр : Шоронжсон хөндий
Гарсан он: 2013
Жанр: Баримтат кино
Найруулагч: David Dufresne & Philippe Brault
Албан ёсны сайт нь: http://prisonvalley.arte.tv/?lang=en (you can watch online on it)
Тайлбар: Энэ жилээс анх удаа World Press Photo уралдаант шалгаруулалтанд "Мультимедиа" номинациар шалгаруулах болсон бөгөөд энэ баримтат киног 2013 оны хамгийн шилдэг бүтээлээр шалгаруулсан байна.
Энэ баримтат киноны тухай товчхон:
Энэ баримтат киноны албан ёсны сайтан дээр нь "Энэ бол одоо гүн гүнзгий хямралд орсон байгаа АНУ дахь шоронгийн аж үйлдвэрлэлийн тухай баримтат кино юм. Америкийн баруун дунд хэсэгт орших 36 000 оршин суугчидтай бас 13 шоронтой Каньон Сити гэдэг жижигхээн хот байдаг. Энэ хотод байдаг, америкийн шинэ Алькатрас болох - Холбооны улсын "Supermax" гянданд тавтай морилно уу. Каньон Сити бол шоронгийн гадна талд амьдардаг оршин суугчид нь хүртэл мөн чанартаа шоронгийн систем дотор нь амьдардаг шоронжсон хот юм" гэж бичсэн байгаа.
"Колорадо мужийн нэг сонинд "Каньон Сити бол жинхэнэ тамын хот, тэнд оршин суугчдынх нь 16% нь шоронд суудаг, хамгийн сүүлийн үеийн техникээр тоноглогдсон ирээдүйн шорон гэж ямар байхыг үзэхийг хүсэх юм бол үлгэр жишээ болж чадна" гэж бичсэн байсан нь бидний анхаарлыг татсан, тэнд очсон цагаас хойш хар дарсан зүүдэнд орох болсон" гэж энэ баримтат киног бүтээгчид киногоо эхэлж байна.
Денверийн оршин суугч Кристи Доннар: "Энэ шоронгуудыг алс хол, хүний нүднээс цаана, олон нийтийн анхаарлаас хол барьж байгуулсан нь нийгмээс тусгаарлаж шийтгэдэг байсан тэр уламжлалтай холбоотой. Энэ байдал нь биднийг боолчлолын үе үрүү буцаан оруулж байгаа. Ер нь үүний хажуугаар манай түүхэнд дөнгөнд орсон хүмүүсээс ашиг хонжоо унагадаг баялаг туршлага бий. Бид хяналт тавьж хүч хэрэглэх дуртай. Шүүхийн системийнх нь хамгийн гол хэрэгсэл бол хүнийг шоронд хорих шийтгэл байгаа нь энэ бүхний хамгийн сайн хөрс нь болж байгаа юм. Америкт ямар ч асуудлуудыг хамгийн том "саваа модоор" шийддэг уламжлалттай, иймээс эрүүгийн салбарт үүний үүргийг шорон гүйцэтгэдэг. Бид лав 20 гаруй жилийн турш тэднийг хорьж түгжиж гэр бүлээс нь, найз нөхдөөс нь хэвийн амьдралын орчноос салгаж цааш нь далд хийж байгаа. Энэ бол хамгийн гол асуудал болчихоод байгаа. Энд афроамерикчууд, латинчууд л хамгийн их байдаг нь бүр гайхалтай юм шүү..." гэж ярьж байна.
Колорадо мужийн хэмжээнд энэ асуудлыг сөхөж бичдэг цөөхөн сэтгүүлчдийн нэг Эрин Роуз: "Америкийн энэ шийтгэлийн системийн хамгийн гол асуудал нь хоригдлуудын тоо болчихоод байгаа. АНУ-д хүн амынх нь 1% (!) шоронд сууж байна. Одоогийн хоригдлуудын тоо хүн амдаа эзлэх хувь нь бүр Хятадынхаас ч өндөр гээч..." гэж ярьж байна. Түүний баталж байгаагаар бол Каньон Сити-д ганцхан хууль л бүрэн үйлчилдэг, тэр нь бүгд чимээгүй, таг дуугүй байцгаах хууль ба хоригдлуудтай ажилладаг хүмүүс сэтгүүлчидтэй харьцах эрхгүй, хэрэв ингэвэл тэд ажилгүй хоцрох шийтгэлтэй ажээ!
Шоронгийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Аллен Рэксфорд: СуперМах бол холбооны улсын асар том гяндан шорон, хагас нь газар доогуур байрладаг гурвалжин байгууламж юм. Тэнд 6 метрийн өндөр ханатай, хоригдлуудыг нь гадна орчинтой ямар нэг контакттай байлгахгүй бүх зүйлийг хийсэн, тэд зүг чигээ ч мэддэггүй, иймээс тэд оргох төлөвлөгөө зохиох ч боломжгүй гэж ярьдаг" гэж ярьж байна.
Хувийн шоронгууд
Колорадо мужийн шоронгуудын хэвлэлийн төлөөлөгчтэй ярьж байх үед тэрбээр хувийн шоронгууд гэдэг үг бас унагасан байна. Иймд энэ талаар бас байдлыг газар дээр судалсан ажээ.
Энэ баримтат киног бүтээж байсан хүмүүстэй уулзахаар 800 км газар туулж ирсэн, нийгмийн төлөө зүтгэлтэн Фрэнк Смит: "Бид нар үүнийг хувийн шоронгууд гэж биш ээ, харин "арилжааны шоронгууд" гэж нэрлэдэг, ингэх нь хүмүүст илүү ойлгомжтой, ийм шоронгуудын цаад мөн чанарыг нь харуулж байгаа юм. Ийм хувийн шоронгууд багахан хугацаагаар яллагдсан хоригдлуудыг хорьж байгаагийнхаа төлөө л гэхэд мужийн төсвөөс асар их мөнгө авдаг. Хүн хичнээн удаан шоронд суух тусам хувийн шорон төдийчинээн их мөнгө төсвөөс авдаг гэсэн үг юм. Ийм учраас энэ хувийн шоронгууд хууль тогтоогчдод нөлөөлж ялихгүй зүйлээр ч хамаагүй аль болох олон хүмүүсийг, аль болох удаан хугацаагаар шоронд суулгахыг сонирхдог" гэж өөрийн доторхи шаналал зовиураа хүмүүстэй хуваалцаж байна.
Киног бүтээгчид хувийн шоронгуудаас ярилцлага авах, зураг авах зөвшөөрөл хүсч удаа дараа хандаж байсан боловч тэдний зүгээс дандаа л "өөрсөддөө итгэлтэй" тэгээд бас "нэг хэвэнд хийж цутгасан төмөр" мэт яв цав хариултуудыг авч байсан байна:
............Харамсалтай байна, бид та бүхний хүсэлтийг хүлээн авч чадахгүй............
............Харамсалтай байна, бид та нарт ийм зөвшөөрөл өгч чадахгүй..................
АНУ-д төр - хувийн салбарууд нь гар гараасаа хөтлөлцөн өөрсдийн энэ бизнесийг амжилттай хийсээр байгаа ажээ. Фрэнк Смит: "Хувийн шоронгуудын лобби манай төрд асар хүчтэй нөлөөтэй. Тэдний хамгийн том лоббич болох "Засан хүмүүжүүлэх корпораци" гэхэд л ийм зорилгоо зүтгүүлэхийн тулд нэг жилд 3 сая гаруй доллар, мөн мужууд болон хотуудын түвшинд ч ийм хэмжээний мөнгө жилд зарцуулж байна. Хувийн шоронгууд бол капиталист мөрөөдлийн биелэл юм. Капитализм эцэстээ өөрийн ашиг хонжооны сонирхолд бүх зүйлийг захируулдаг: хүмүүсийн хөдөлмөрийг шулж мөлжиж бас улстөрийг далдуур худалдан авч мөн хүмүүсийг байнга айлган сүрдүүлж хүлцэнгүй барьж байдаг. Хувийн энэ шоронгууд бол цэрэг хүчирхийллийн машин болохынхоо хувьд энэ бүгдийн хамгийн тод нэг жишээ юм " гэж ярьж байна.
Төр - хувийн салбарынх нь энэ хэлцлийн цаад мөн чанар нь их энгийн аж: хувийн том бизнес нь өөрсдийн мөнгөөрөө асар том том шоронгууд байгуулж байгаа ба харин түүний түнш - төрийн салбар нь тийшээ байнга "амьд бараа - хоригдлуудыг" тасралтгүй илгээж мөнгө хийцгээж байгаа ажээ.
Фрэнк Смит өөр нэг мужид болсон нэг хэргийн талаар: "Тэр үед хоёр түшмэл 2,5 сая долларын хахууль авсан болох нь илчлэгдсэн юм. Тэр хоёр жижиг сачиг зөрчлүүд гаргасан хүүхдүүдийг ч ийм арилжааны хувийн шоронгууд уруу илгээж байх явдлыг тэдэнд хангаж өгөх ёстой байсан байна. Энэ төр-хувийн бизнесменүүд хүүхдүүдийг шоронд хорьж байгаагийнхаа төлөө төсвөөс асар их авдаг байна. Ийм учраас л үл ялиг жижиг сачиг зөрчлүүд гаргасан, ердөө л "буланд зогсоочихож" болох байсан хүүхдүүдийг хүртэл арилжааны хувийн шоронгууд уруу хэдэн сараар заримдаа бол жилээр илгээж байсан нь тогтоогдсон юм. Тэр үед энэ талаар том шуугиан дэгдсээн, гэвч тэр дор нь түүнийг дарж унтрааж удалгүй бүх зүйл урьдын адил нам жим, таг чиг болсон доо" гэж ярьж байна.........
Сэтгэгдэл ( 0 )