Луис Энрике “Реал Мадрид”-ыг өрөвдөж энэрээгүй гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 10

Клубүүдийн ДАШТ-ий шөвгийн дөрвийн тоглолтууд өндөрлөж, финалд өрсөлдөх хоёр баг тодорлоо.

Конференц лигийн аварга Английн “Челси” Бразилын “Флуминэнсэ”-г 2:0-ээр хожиж, финалд гарлаа. Тэгвэл хөлбөмбөг сонирхогчдын гол анхаарал шөвгийн дөрвийн “Парис Сэн Жэрмэйн”-“Реал Мадрид”-ын тоглолт дээр төвлөрч байв.

Флорентино Перес энэ тэмцээнд түрүүлбэл багийнхаа тоглогч бүрт нэг сая евро урамшуулалд өгнө гэж хурцалсан ч гэлээ Францын нийслэлийн баг энэ улиралд үнэхээр ялагдашгүй байгаагаа дахин нотолж, 4:0-ээр бут ниргэлээ.
 


Тоглолтын 25 дахь минут гэхэд “Парис Сэн Жэрмэйн” аль хэдийн гурван гоол оруулчихсан, хувь заяагаа финалд гаргаад зурчихсан байлаа. Үүнээс хойш нэмж нэг л гоол оруулсныг зарим хүмүүс “Мадридынхныг өрөвдөж энэрлээ” гэж ярьцгаасан байна.

Тэгвэл “ПСЖ”-ийн дасгалжуулагч Луис Энрике ямар ч энэрэл хайр байгаагүй гэжээ. “Бид энэ өмсгөлийг өмсөөд гарсан бол өөрсдийгөө 100 хувь шавхаж, дайчилж тоглоно. Тэгээд ч “Реал Мадрид” ямар баг билээ, яаж тоглолтыг эргүүлж чаддаг билээ гэдгийг мэднэ. Тиймээс бид биеэ нөөж, өрсөлдөгчөө энэрсэн зүйл огт байхгүй. Харин их халуун байсан болохоор ядарсан, заримынх нь толгой эргэсэн явдал бол гарсан. Гурав хоногийн дараа финал байхад бас хэт ядарч болохгүй. Бидний гол зорилго бол финал байсан. Гэхдээ финалд гарлаа гээд хүчээ нөөж, өрсөлдөгчөө энэрнэ гэсэн үг биш.
 


Тоглолтын дараа “Барселона”-гийн фанатуудаас баяр хүргэсэн маш олон зуун зурвас гар утсанд маань ирлээ. Энэ тоглолтод ийм л чухал байж” хэмээн Луис Энрике өгүүлжээ.

Аваргуудын лигийн финалд Италийн “Интер”-ийг 5:0-ээр хожсон “ПСЖ” энэ тэмцээний хасагдах эхний шатанд АНУ-ын “Интер Майами”-г 4:0-ээр тэргүүлж эхний үеийг өндөрлүүлээд хоёрдугаар үед гол тоглогчдоо суулгасан. Энэ мэтээр Парисын клуб үнэхээр хүчтэй, тоглолт нь гайхамшигтай сайн байгаа билээ.
 


Харин “Реал Мадрид”-ын шинэхэн дасгалжуулагч Шаби Алонсо “хүнд цохилт орсон”-ыг нуусангүй. Гэхдээ энэ зургаан тоглолт маш чухал бэлтгэл болсныг ярьжээ.

“Ирэх улиралд бүх зүйл тэс өөр байх болно гэсэн бат итгэлтэйгээр би эндээс явж байна. Одоо ингэж хэлэхэд хэцүү ч гэлээ бид энд ирснээсээ илүү хүчтэй болоод явлаа. Юугаа сайжруулах ёстойг маш сайн ойлгууллаа. Мөн ямар өөрчлөлтүүд хийх ёстойгоо ч мэдэрлээ. Энэ бол 2024/25 оны улирлын төгсгөлийн тоглолт болохоос 2025/26 оны улирлын эхний тоглолт биш шүү дээ” хэмээн Шаби Алонсо өгүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.154) 2025 оны 07 сарын 10

Одоо Челсиг бол бүүр аймаар машиндах байх даа, яанаа

0  |  0
Close menu